Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 14

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-ийн Б-д холбогдох 1935004970004 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 23-ны Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн  хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, О овогт Б-ийн Б, регистрийн дугаар:............

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн бэргэн эгч С.Б-ийг хашааныхаа гадна үхрээ саагаад сууж байхад хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935004970004 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С.Б-ийн “...Энэ үед Б руу харсан чинь хэвтээд байхаар нь би Быг согтуу байгаа юм байна гэж бодоод Бод “гудамжинд унасан байна, бос, бос” гэж хэлсэн чинь уурласан байдалтай босож ирээд над руу уурлаж “хараалч авгай, Мокорыг хараасан, миний эцгийг хараасан, миний хүүхдүүдийг одоо чи ид, хараа хөгшин гичий минь эндээс зайл, одоо зайлаадах” гэх зэргээр хэлж, хэл амаар доромжлоод байхаар нь би сандал дээрээс босоод “эгчийн дүү чи согтуу байна, эрүүлдээ юм ярь гэж хэлсэн. Тэгтэл Б үхрийн тэжээл өгдөг тогоо газарт байсныг авч над руу шидэхээр нь би шидсэн тогооноос бултаж өөрийгөө хамгаалаад цохиулаагүй. Тэгтэл Б миний сууж байсан сандлыг аваад намайг цохих гэхээр нь би эргээд цохиулахгүй гэж бодоод зугтаах гэтэл миний араас толгой руу сандлаар 1 удаа цохисон. Сандлаар цохигдох мөчид би богино хугацаанд ухаан алдсан юм шиг байсан ба газарт унаад боссон. Газраас бостол миний толгой эргээд манараад байхаар нь толгойгоо гараараа барьж үзсэн чинь маш их хэмжээний цус гарч байсан ба гарын салаа болгоноор нь гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

2. Гэрч Ц.С-ын “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байхад Ө.А гэдэг манай хөрш залуу манай мод хөрөөдөөд өгөөч гэхээр би тэдний хашаанд мод хөрөөдөх гээд зогсож байхад арын хашаанд эмэгтэй хүн орилох шиг болохоор нь хашааны зайгаар харахад Б.Б нь ...С.Б-ийг хөөгөөд явж байсан. Тэгээд бид хоёрыг харах шиг болоод Ө.А бид хоёр луу гүйгээд ирэхээр нь би хашаан дээгүүр давуулаад татаж авахад С.Б-ийн толгой хэсэг газраас үсийг нь дагаад цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

3. Гэрч Т.Б-гийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байхад манай хашаан хаалга дуугарахаар нь би босоод харсан чинь С.Б уйлчихсан орж ирж байсан. Тэгээд манайх руу орж ирэхгүй болохоор гараад иртэл манай арын хашаанд уйлчихсан зогсож байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад “манай хадам дүү Б.Б үхрээ саагаад гудамжинд сууж байхад ирчхээд хэрүүл хийж харааж байгаад сандал аваад миний толгой хага цохичихсон тэгээд би арай гэж зугтлаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

4. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...Үзүүлэгч С.Б-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь өөрийнх нь зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт, зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 24 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би Бат-Эрдэнийн гэрээс гараад салхинд уусан архиндаа маш их согтсон байсан ба хадам эгч Бтэй маргалдаж байснаа санаж байгаа уг маргааны үед уурлаад сандлаар Б эгчийг цохисон. ...Архи уусан байхдаа хадам эгч Бтэй маргалдаж ямар нэгэн шалтгаангүйгээр эгчийг сандлаар цохиж биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” /хх-ийн 45-46 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь архидан согтуурсан үедээ урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршигийн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч С-ийн Б-ийн 5806091179 тоот данс руу 4’758’000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 85 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч С.Б-ийн “...Хадам дүү Б-д зодуулсан тул хохирлоо барагдуулж авсан, гомдолгүй байна....” гэх хүсэлт /хх-ийн 86 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хамт хадгалж, 1 ширхэг эвдэрхий модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хамт хадгалж, 1 ширхэг эвдэрхий модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА