Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 12

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т, шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А-ы А-д холбогдох 1913002660190 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт А-ы А, регистрийн дугаар: .............

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.А нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчим Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Бага түргэн гэдэг газарт хамт зугаалж, амарч явсан Н.Б-тэй согтуугаар хэрүүл маргаан хийж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1913002660190 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн  баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Н.Б-ийн “...7 дугаар сарын 16-ны өдрийн өглөө Бага түргэний хүрхрээ гэх зэрэг газруудыг үзсэн. Тэр өдөр өглөө Т гэх залуу айраг, тараг, сүү зэрэг цагаан идээ авч ирсэн бөгөөд өдрийн цагаар би Т-ийн авч ирсэн гүүний айргийг уусан. Тухайн өдөр 10-аад литр айргийг тэнд байсан хүмүүс хувааж уусан. Орой Т тэнд зусаж байсан А гэх эмэгтэйн гэрээс 1 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авч ирж задалсан ба надад өгөхөөр нь би уухгүй гээд амсаад өгч байсан. Т, А нар дахин архи авахаар явсан ба би хүүхдүүдийн хажууд хэсэг унтаад сэрье гэж майхан руу орж унтаж байхад 30-40 минутын дараа А хүрч ирээд миний хөлөөс татаж сэрээсэн. Улмаар тэд дахин архи задлаад суусан. Тэр үед би хүүхдүүдэд хоол хийж эхэлсэн. Ойролцоогоор 1 цаг 20 минут орчимд хоол бэлэн болсон ба хүүхдүүдэд хоол аягалж өгөөд үлдсэн хоолыг таваглаад А, Т нарын сууж байсан ширээнд тавьж тэд нартай хамт суусан. Тэрээр том хүү А-д хийж өгсөн хоолыг халбагадаж өгч байхад А хоол идэж байсан халбагаа таваг руу шидсэн. Тэр үед надад намайг цохиж, зодно гэсэн ямар ч бодол ирээгүй. Буруу хараад хүүхдэд хоол халбагадаж өгч байх үед зүүн шанаа орчимд гараараа нэг удаа хүчтэй цохих үед би газар унасан. Тэр үед би биеэ сул тавьж сууж байсан учир ухаан балартаж босож ирээд А-д би чамд юу ч хэлээгүй, яагаад намайг цохиж байгаа юм бэ? гэхэд гүйж ирээд хавирч усанд унагааж толгойн дагз хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохих үед толгой савж, голын чулуунд зүүн талын хамраар чулуу мөргөж улмаар зүүн талын хамрын яс хугарч их өвдсөн. Тэр үед би босох гэж эргэх үед миний баруун талын нүд рүү 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

2. Гэрч Х.Т-ийн “...Би майхан дотор хэвтэж байсан ба Ж-ийн хашхирсан дуу гарч Тангүл эгч та гараад ирээч гэхээр нь би майхнаас гарсан чинь Б толгойгоороо голын ус руу унасан байдалтай байсан ба дээр нь А үсдэж суучихсан ар дагз руу нь нударгаараа цохиж байсныг хараад гүйж очиж А-г заамдаж барьж авч чи Бийн ар дагз руу цохиж аллаа шүү дээ гэхэд тэгвэл чамайг ална гэсэн. Тухайн үед Ж, Т нар А-г барьж авсан. А дахин дахин Б бид хоёр руу дайрсан бөгөөд би Бийн хажууд очих үед Б-ийн баруун талын нүд нь хавдаж, шүд, хамраас нь болон зүүн талын хамраас нь цус гарсан. Дагз хэсгээр хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

3. Гэрч Ж.Т-ийн “...Тэгээд тэр хоёр нэг нэгэндээ хуцаад бай гэж хэрэлдээд А нэг зүйлийг аваад Б рүү шийдэхэд нөгөө зүйл нь Бээс зөрөөд ус руу орчихсон юм. Тэр шидсэн зүйл нь юу байсныг анзаараагүй. Тэгээд Б босоод ирэхэд А Б-ийг хоёр удаа цохиод авсан юм. Тэгээд тэр хоёрын эхнэр ирээд би очоод салгаж авсан юм. Тэр үед Б миний нүд, хүзүү өвдөөд байна, явна гээд эхнэр хүүхдээ дагуулаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-89 дүгээр хуудас/,

4. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “...Үзүүлэгч Н.Б-ийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун талын нүдний дээд, доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, дагз болон баруун талын эрхий хурууны хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний баруун зүүн талын 1 дүгээр шүднүүд үзүүр хэсгээр үйрч хугарсан гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 305 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар хуудас/, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “...Иргэн Н.Б-ийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний 305 дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт бичигдсэн гэмтлүүдэд нэмэгдэж толгойн КТГ болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээгээр, баруун нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 358 дугаартай дүгнэлт /хх-ийн 112 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 305, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 358 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Шүүгдэгч А.А нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.А нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Бага түргэн гэх газарт хохирогч Н.Б-тэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар түүнийг зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч А.А гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-т учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Н.Б-ийн “...Миний бие 6’600’946 төгрөгийн баримт гаргаж өгч хохирол нэхэмжилсэн А.А 7’500’000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн. Нэмж нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр /хх-ийн 77-78 дугаар хуудас/ тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Хохирогч Н.Б нь “дараа нь эрүүл мэндэд ямар нэгэн зүйл тохиолдвол учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно”, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд хохирогч Н.Б нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэх эрхийг нь хязгаарлаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь тусгайлан дурдах шаардлагагүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.        

Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Агээс орчуулагчийн хөлс 56’547.6 төгрөгийг гаргуулж орчуулагч Ж.Жанибект олгож, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт А-ы А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-гээс орчуулагчийн хөлс 56’547.6 төгрөгийг гаргуулж орчуулагч Ж.Ж-т олгосугай.

5. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

         

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА