Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 198

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Б-ийн Д-д холбогдох  1935000000222 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 24-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьтерийн операторчин мэргэжилтэй, МАХН-ын нарийн бичиг ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн 31-24 тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан  Я овогт Б-ийн Д / РД:............... /.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Г-ыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Г-ыг зодож зодсон болох нь

            хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 16-нд Д гэх дүүгийн хамт тус аймгийн Зүүнговь сумруу хувийн ажлаар суудлын машинаар хамт явсан. Суманд очоод ажлаа амжуулаад 2019 оны 11 дүгээр 17-нд Д бид хоёр 19 цагийн үед Н гэх айлд машинаа хүргэж үлдээчээд гадуур гарч архи авч хувааж ууж байгаад буцаад 21 цагийн үед Н-ын гэрт очсон. Уг айлд очсон чинь Н 1 шил 0.5 литрий хэмжээтэй “Улаанбаатар” гэх архи гаргаж задалж хувааж уусан. Уг архийг Д бид хувааж уусан ба Н архинаас уугаагүй. Тухайн Н-ын эхнэр нь байсан ба архинаас уугаагүй. Архи ууж байх явцад Д надаас “машины түлхүүрээ өгчих, хүнтэй уулзаад ирье” гэхээр нь “машин авах хэрэггүй, архи уусан байна, хүний машин эвдэж сүйтгэж мэднэ, машин унах хэрэггүй" гэж хориглосон чинь Д уурлаж “би мэдэж байна, миний машин барих нь чамд хамаагүй” гэж хэлснээс болж бид хоорондоо маргалдсан. Уг маргалдааны явцад Д миний нүүрний хэсэгрүү зодож байсан. Би Д-тай маргалдах хүртэлх үйл явдлаа санаж байгаа ба зодуулсан үеийг санахгүй байгаа юм. Учир нь тухайн үед уусан архиндаа хэт согтож зарим үйлдлээ санахгүй байна. Гэнэт ухаан сэрсэн чинь би унтаж байсан ба цаг өглөөний 4 цаг болж байсан. Босоод нүүрээ харсан чинь нүдний хэсэгт хөхөрсөн, хамарны хэсэгт шалба шархалсан зовиуртай байсан. Харин Д уг айлд хоноогүй байсан машин аваад хашаа нь мэдэхгүй явсан байсан. Н эхнэртэй унтаж байхаар нь сэрэхийг хүлээгээд 07 цаг хуртэл хэвтэж байгаад гарч машинаа сумын төвөөр явж байж Г гэх айлын хашаан дотор байсныг олж авсан ба Д уг айлд хоносон юм шиг байсан. Эндээсээ Д бид 2 буцаад хамт аймгийн төв машинаараа орсон ба замдаа намайг “ална шуу” гэсэн утга бүхий зүйл хэлж хэл амаар доромжилсон. Ийм цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Аймагт ирээд Н-тай холбогдож орой юу болсоныг асуусан чинь "Д чамайг машины түлхүүр өгөхгүй гээд байхаар нь зодсон” гэсэн зүйл хэлсэн. .. Нүдний дусаалга 25.000 төгрөгөөр биш 15.000 төгрөгөөр авсан баримт байгаа, 3000 төгрөгөөр витамин С авсан баримт байгаа, 18,000 төгрөгөөр эм авсан баримт байгаа, соривны тос 15.000 төгрөгөөр авсан баримт байхгүй. Өөр би уг нь 2019 оны 11 дүгээр 19-нд Улаанбаатар хот руу явж шалгалт өгч ажилд орох гэж байсан боловч Б.Д-д зодуулсны улмаас уг ажил алдагдаж хойшилсон. Улмаар би 2019 оны 11 дүгээр 27-нд увсаас Улаанбаатар явж шалгалтаа өгөөд буцаж хэргийн материалтай танилцхаар 2019 оны 12 дугаар 05-ны шөнө Увсад ирсэн. Уг нь би шалгалтаа өгчөөд Өмнөговь аймаг руу явах байсан гэтэл хэргийн ажлаар буцаж ирээд байна. Үүнээс болж надад 2 талын унааны зардал болох 130,000 төгрөгийн хохирол учраад байна. Ингээд надад нийт 301,000 төгрөгний хохирол өнөөдрийн байдлаар учирсан. Би Б.Д-д “ярилцаж учраа олъё” гэж хэлсэн боловч надтай уулзахгүй яваад байгаа одоо хүртэл миний хохиролыг барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-10-р тал/,

Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр хоёр манайд орж ирэхдээ согтуу байхаар нь манай гэрт орж ирээгүй болохоор тэр хоёрт 0.5 летрийн “Улаанбаатар” гэх нэртэй архи гаргаж өгсөн. Тэр хоёр архиа хувааж ууж дуусаад манайд Г унтах гэж байдал Д манай найз аймгаас ирж байгаа би тосоод авчихмаар байна гэхээр нь Г ах үгүй чи согтуу байна, даргын машин болохоор хэрэггүй, Д түлхүүрээ өг гэж хэлсэн чинь өгөхгүй байсан. Тэгсэн Д уурлаад тэр хоёр хоорондоо маргалдаад байсан болохоор манай эхнэр тэр хоёрыг гэрээс гарч хэрүүл маргаанаа хий, хүүхэд уйлаад байна гээд гаргасан. Тэгсэн чинь манай эхнэр хаалганы зайгаар тэр хоёрыг хараад би хүүхэд тэвэрч байтал намайг гаргасан. Тэгээд би гараад Г ахыг салгасан чинь Г-ын зүүн нүд хавдчихсан байсан. Тэгж байтал манай эхнэр гарч ирсэн. Д салгасны дараа унаж ирсэн машинаа бариад явсан. Г ах манайд хоносон юм аа.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

          Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгсэн Д уурлаад тэр хоёр хоорондоо маргалдаад байсан болохоор би тэр хоёрыг гэрээс гарч хэрүүл маргаанаа хий, хүүхэд уйлаад байна гээд гаргасан. Тэгсэн манай гэрийн гадна тэр хүмүүс орилоод байхаар нь би хаалганы зайгаар харсан чинь тэр хоёр хоорондоо барьцалдсан байсан болохоор би нөхөр Н-ыг гаргасан. Тэгээд хүмүүс орилоод болохгүй болохоор би гарсан ч манай нөхөр тэр хоёрыг салгасан байсан. Г-ын зүүн нүд хавдчихсан нүдээ дарсан зогссон. Д салгасны дараа унаж ирсэн машинаа бариад явсан. Г ман хоносон юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

           Шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр 16-нд Б.Г-той цуг сургалт, сурталчилгааны ажлаар тус аймгийн Зүүнговь сумруу явахаар болж Б.Г машин барьсан. Маргааш нь ажлаа амжуулааад Н-ын гэрт оройхон очсон, цагийн нь сайн мэдэагүй байна. Н эхнэрийн хамт байсан. Уг айлд нэг шил архи хувааж уусан. Архи ууж байхад тухайн үед найзтайгаа уулзах хэрэг гарсан юм. Учир нь миний найз Улаангом сумаас манайд ирж байсан. Тэгээд би Г-д “би найзтайгаа уулзчаад ирье, Н архи уугаагүй юм чинь машин бариулаад яваад ирье” гэсэн чинь “хүний машин эвдчихвэл яах юм бэ, чи төлөх юм уу, чамд төлөх чадвар байгаа юм уу гуйлгачин минь” гэж хэлэхээр миний уур хүрч, улмаар бид 2 хоорондоо маргалдсан. Г бид 2 маргаанаа уг айлаас гарч үргэлжлүүлсэн ба гэрээс гараад Г бид 2 маргалдаж байгаад зодолдхоор болж нэгнийхээ хувцаснаас барьцалдхаар нь би гараараа Б.Г-ын нүүрний хэсэгт 2-3 удаа цохьсон. Тэр үед Норовжамбал бид 2-ыг салгаж 2 тийш болгосон. Тэр үед Н-ын эхнэр нь намайг “хүүхэд айж байна, чи явчих” гэхээр нь машин аваад явсан. Г Н-ын гэрт үлдсэн. Би тэндээсээ хадам аав Г-ын гэрт ирж хоносон. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 804 дугаартай шинжээчийн “Б.Г-н биед тархины доргилт, хамар дээр зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар хавдартай зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан байна.  Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-р тал/-ээр хохирогч Б.Г-ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Д энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж шүд орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Ч-ийн өгсөн: “Б.Д нь миний аавын эгчийн хүүхэд байгаа юм. Багадаа дуу цөөнтэй хүүхэд байдаг байсан ба одоо бараг л энэ зан хэвээрээ байгаа. Эхнэртэйгээ 2013 онд гэр бүл болсон ба 2 хүүхэдтэй айл байдаг. Далай өөрөө намын нарийн бичиг ажилтай, эхнэр нь дэлгүүрт худалдагч ажилтай, 2 хүүхэд нь цэцэрлэгт байдаг. Хашаанд 6 ханат гэрт амьдардаг, өөр ямар нэгэн хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Дундаж амьдралтай айл байдаг. Би Д-гаас яагаад хүн цохих болсныг асуусан чинь хэл амаар доромжлоод байхаар нь маргалдаж байгаад цохьсон гэж хэлсэн. Би Далайд дахиж ийм асуудал гаргаж болохгүй гэдгийг хэлж зэмлэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/, Гэрч Г.Ц-ийн өгсөн: “Б.Д бид хоёр 2013 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн, 2 хүүхэдтэй. Миний нөхөр Б.Д нь даруухан зантай, ямар ч хүнтэй эвийг нь олоод зөв боловсон харьцаад байх чадвартай. Би дэлгүүрт зогсдог ажилтай болохоор нь Д гэрийн ажлыг авч явж, хүүхдээ байнгын харж асарч байдаг тул сайн аав хүн гэж би дүгнэдэг. Нөхөр маань компьютер засвар ажилуулдаг ажилтай байсан. 2019 оны 11 дүгээр сарын 16-нд аймгийн сумд руу "сургалт, сурталчилгаа"-ны ажлаар явахаар болж Б.Г-той явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/, гэрч Д.Е-гийн өгсөн “..Б.Д бид хар багын найзууд юм. Б.Д миний хувьд хамгийн сайн найз бөгөөд даруу төлөв зантай, аливаа асуудалд нухацтай бодож тунгааж байж шийдвэр гаргадаг залуу байдаг. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг. Эхнэр нь дэлгүүрт худалдагч хийдэг тул ар гэрийн ажлаа өөрөө бүгдийн хариуцаж хийдэг. Миний найзыг хүн өдөж хоргоох, доромжлох, дарамт шахалт үзүүлэх байдал гаргахгүй л бол өөрөө эхлэж хэрүүл маргаан, элдэв үйлдэл гаргаад байдаггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Батбаярт нийтэд тустай ажил хийлгах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Гын 301.000 төгрөгийн нэхэмжлэлээс хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй 145.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 156.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Д-гаас гаргуулан хохирогч Б.Г-д олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Я овогт Б-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хохирогч Б.Г-ын 301.000 төгрөгийн нэхэмжлэлээс 145.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Дгаас 156.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Г-д олгосугай.

5. Шүүгдэгч  Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ