Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 28

 

К.Хайролд холбогдох ялыг дүйцүүлэн хасах тухай

 

            ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, тоо бүртгэлийн туслах Ж.Эрдэнэхишиг, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай ялыг дүйцүүлэн хасах тухай захирамжийг  эс зөвшөөрч ялтан*******ын давж заалдсан гомдлыг үндэслэн*******д холбогдох ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  шүүгч Б.Дамбын илтгэснээр хянан хэлэлцэв.К.Хайрол бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсэн байна.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Шыбарайгыр овогт *******ы Хайролд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ял болгон дүйцүүлэн хассаж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан*******д оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялаас нийт эдэлсэн 7 сар 22 хоногийн хорих ялыг хасаж, эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 8 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлж шийджээ.

Ялтан******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт5-7 жилийн хорих ял оногдуулдаг байсан бөгөөд надад тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур 4 жилээр хорих ял оногдуулсан. Учир нь би үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчид учирсан хохиролд 35 сая төгрөг өгч бүрэн барагдуулсан бөгөөд хохирогч надад ямар нэгэн гомдолгүй билээ. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шинэ Эрүүгийн хуульд дээрх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг 2-8 жилийн хугацаагаар тогтоосон юм. Тодруулбал ялын доод хэмжээ нь 5-2 жил болж 3 жилээр буурсан, дээд хэмжээ нь 7-8 жил болж 1 жилээр нэмэгдсэн бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулах хорич ялын хэмжээ хөнгөрсөн. Эрүүгийн хуулиар оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан байхад шинэ Эрүүгийн хуулиар ядаж 2 жилийн хорих ял болгон дүйцэгдэн хасагдах ёстой.Энэ нь шударга ёс, ххулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчимд нийцнэ. Иймд надад өмнөх хуулиар оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2-оос доош жил болгон дүйцүүлэн хасаж шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар*******д 4 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоожээ.

Шүүгдэгч*******ын ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг / бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /-т заасан гэмт хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн / шинэчилсэн найруулга / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс бага буюу 2 жил болгон хөнгөрүүлэн хуульчилсан байна.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн / шинэчлэн найруулсан / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд “ Оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасах”-аар заасан байх тул шүүгдэгч*******д оногдуулсан хорих ялыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн / шинэчилсэн найруулга / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд дүйцүүлэн хасах үндэслэлтэй байхад анхан шатны шүүх ялыг буруу дүйцүүлэн хассан байна.

Шүүх*******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялаас доогуур буюу 4 жилийн хорих ял оногдуулсан байх тул 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн / шинэчилсэн найруулга / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд дүйцүүлэн 2 жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоох үндэслэлтэй байна.

К.Хайролд оногдуулсан 2 жилийн хорих ялаас биеэр эдэлсэн 009 сар 24 хоног, шагналд 29 хоног бүгд 10 сар 23 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хуулийн зүйл заалтыг буруу баримталсан тул зөвтгөх нь зүйтэй. Иймд шүүгдэгч*******ын давж заалдсан гомдлыг хүлээн авч шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийн удирдлага хэсгийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн / шинэчилсэн найруулга / Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд заасныг гэж, тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Шыбарайгыр овгийн *******ы Хайролд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд дүйцүүлэн 2 жилийн хорих ял болгон  хассугай.

-2.Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг / шинэчилсэн найруулга /  Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар*******ын биечлэн эдлэх 1 жил 1 сар 7 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

-3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ захирамжийг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                  Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                           Б.ДАМБА