Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 51

 

“Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01145 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 122/04 тоот тогтоол, Шинжээч томилох тухай 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 37 тоот тогтоол, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 16/65 тоот итгэмжлэлээс хойшх бүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компаниас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3037 дугаар шийдвэрээр 67 349 450 төгрөгийг гаргуулж Ц.Бадрахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6749 дүгээр шийдвэрээр 9 122 857 төгрөгийг С.Батцэнгэлд, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 7251 дүгээр шийдвэрээр 5 094 950 төгрөгийг н.Алтанхуягт, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 7035 дугаар шийдвэрээр 10 371 850 төгрөгийг Ж.Отгонцэцэгт, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 850 дугаар шийдвэрээр 73 440 540 төгрөгийг Б.Доржидмаад, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 874 дүгээр шийдвэрээр 20 741 954 төгрөгийг С.Үнэнтөгсөд, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 903 дугаар шийдвэрээр 78 350 980 төгрөгийг Ж.Зоригтбаатарт, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7746 дугаар шийдвэрээр 8 041 350 төгрөгийг Б.Тунгалагт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1917 дугаар шийдвэрээр 40 978 714 төгрөгийг У.Энхбилгүүнд, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2085 дугаар шийдвэрээр 24 398 550 төгрөгийг Ө.Мягмарсүрэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн.

“Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн төлбөрийг анхнаасаа төлөх хүсэл эрмэлзэлтэй байсан. Энэ нь манай компанийн зүгээс шүүхээс гарсан шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байдлаас харагдаж байгаа гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тус компанийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 2-р хороо, Г-2 дугаар байрны 27 тоот 140 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ төлбөр төлөгч талыг байлцуулалгүй битүүмжилсэн.

Уг байр нь хүн амьдардаггүй компанийн эзэмшлийн орон сууц байсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг битүүмжилсэн гэсэн цаас наасан байсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсний дараа битүүмжилсэн гэсэн албан тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийг хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах эрхтэй гэж заасан байдаг. Үүний дараа битүүмжилсэн дээрх хөрөнгийг “Лэндс” ХХК-иар үнэлүүлсэн нь мөн хууль зөрчсөн үйлдэл болсон.

Битүүмжилсэн байранд хүн амьдардаггүй, түлхүүр нь надад байдаг. Гэтэл өмчлөгч миний байранд зөвшөөрөлгүй нэвтрэн орж байрны дотор талын зургийг авч, үнэлгээ хийж, үнэлгээний тайланд хавсаргасан байна. Мөн дээрх орон сууцыг 241 660 000 төгрөгөөр үнэлснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, манай компани уг байраа 350 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Хотын төвийн дүүрэгт 5 өрөө пентхаус 241 660 000 төгрөгийн үнэтэй байна гэдэг одоогийн зах зээлийн ханштай хол зөрүүтэй үнэлгээ гарсан байна.

Уг байрыг үнэлсэн үнэлгээ хийх тогтоол болон үнэлгээ хийсэн материалтай компанийн гүйцэтгэх захирал миний бие огт танилцаагүй, танилцуулаагүй. “Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК-ийн захирал Ж.Хишигбадрах миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох хуралд өөрийн биеэр оролцож чадаагүй. Учир нь, шийдвэр гүйцэтгэгч нэг ч удаа уулзаж, утсаар ярьж байгаагүй. Тийм учраас компанийн борлуулалт хариуцсан захирал О.Эрдэнэжаргалд 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 16/65 тоот албан тоотоор “Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэрийн асуудалд тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Хишигбадрахыг төлөөлөх итгэмжлэл олгосон. Гэтэл борлуулалт хариуцсан захирал О.Эрдэнэжаргал нь итгэмжлэлээр олгосон эрхийг хэтрүүлэн үнийн санал болгох хуралд оролцож, уг хуралд оролцохдоо тус компанийн өмчлөлийн Ү-2205018178 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг хангуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Миний бие дээрх эрхийг О.Энхжаргалд олгоогүй, итгэмжлэлд дурдаагүй асуудлаар эрхээ хэтрүүлэн шийдвэр гаргаж гарын үсэг зурсан 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох хурлын шийдвэр нь хууль зөрчсөн шийдвэр болсон. Дээрх санал болгох хурлын материалтай танилцъя гэхэд шийдвэр гүйцэтгэгч нь огт танилцуулаагүй. О.Эрдэнэжаргалыг санал болгох хурлын үеэр саналыг зөвшөөрч гарын үсэг зур гэж дарамт шахалт үзүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийг төлөөлөхдөө итгэмжлэлд ямар эрхийг олгох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан байдаг бөгөөд дээрх эрхийн талаар итгэмжлэлд огт дурдаагүй байсан. Иймд эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 122/04 тоот тогтоол, Шинжээч томилох тухай 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 37 тоот тогтоол, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 16/65 тоотоор олгогдсон итгэмжлэлээс хойшхи бүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3037 дугаар шийдвэрээр 67 349 450 төгрөгийг гаргуулж Ц.Бадрахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6749 дүгээр шийдвэрээр 9 122 857 төгрөгийг С.Батцэнгэлд, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 7251 дүгээр шийдвэрээр 5 094 950 төгрөгийг А.Алтанхуягт, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 7035 дугаар шийдвэрээр 10 371 850 төгрөгийг Ж.Отгонцэцэгт, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 850 дугаар шийдвэрээр 73 440 540 төгрөгийг Б.Доржидмаад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч компанид мэдэгдэл өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул “Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК-ийн арилжааны банк дахь дансны хасалт хийж зарлагын хөдөлгөөнийг зогсоосон. Төлбөр төлөгч компанийн өмчлөлд болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад Баянгол дүүрэг, 2-р хороо, Г-2 байрны 27 тоот 5 өрөө орон сууц бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдсон тул 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 122/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр биелүүлэх талаар хугацаатай мэдэгдэл өгөхөд төлөөгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 120/07 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгийг хураасан болно.

Төлбөр төлөгч компаниас битүүмжлэн хураасан үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал авахад 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16/24 тоот албан бичгээр 500 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай үнийн санал ирүүлсэн. Төлбөр төлөгчийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч Ц.Бадрах, Ж.Отгонцэцэг, Б.Доржидмаа, С.Батцэнгэл нарт танилцуулахад хураасан үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлэх боломжгүй, хөндлөнгийн шинжээч томилж өгөх хүсэлтийг ирүүлсэн. Иймд шинжээч томилох тухай 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 37 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-иар зах зээлийн үнийг 241 660 000 төгрөгөөр тогтоосон.

“Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 24-ний 3/10773 албан бичгээр үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэлгээг мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайлантай төлбөр төлөгч компанийн төлөөлөгч В.Мандахад 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулсан болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч компанийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2-р хороо, Г-2-р байрны 27 тоот 5 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 241 660 000 төгрөгийн 70 хувь буюу 169 162 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн үнийн санал ирээгүй.

Иймд 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн албадан дуудлага худалдааны санал болгох комиссын хурлаар төлбөр төлөгч компанийн өмчлөлийн орон сууцыг төлбөр авагч нарт анхны дуудлага худалдааны үнэ болох 169 162 000 төгрөгөөр төлбөрт тооцон шилжүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар “Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК болон О.Эрдэнэжаргалаас 449 400 000 төгрөгийн нэг үл хөдлөх эд хөрөнгө, 90 000 000 төгрөг болон 40 000 000 төгрөгийн 2 тээврийн хэрэгслийг гаргуулах, бүгд 17 төлбөр авагч иргэнд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3, 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх 122/04 тоот тогтоол, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Шинжээч томилох тухай 37 тоот тогтоол, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 16/65 тоотоор олгогдсон итгэмжлэлээс хойшхи бүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай “Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талаас 2016 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл хариуцагч тал 09 дүгээр сард нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбараа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн. Огноо нь 08 дугаар сард байгаа ч ар талд нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн талаар шүүгчийн туслах тэмдэглэгээ хийсэн байдаг. Харин шүүх хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарлагдсан. Хариу тайлбар болон бусад нотлох баримтыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн үдээс хойш өгсөн байсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөөний 10 цагт товлогдсон шүүх хуралдаанд хэргийн материалтай шууд танилцаад нэхэмжлэгчийн төлөөгчийн хувьд шууд оролцох боломжгүй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэж хүсэлт гаргахад маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагт хуралдааныг товлосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөолөгч М.Өлзийцэцэг миний бие тухайн үед буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцаад өмгөөлөгч авах шаардлагатай гэж үзээд өмгөөлөгч Ж.Ариунааг өөрийн өмгөөлөгчөөр сонгон авч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулсан.

Шүүх хуралдаан зарласан уг өдөр Монголын өмгөөлөгчдийн холбооны 16 дугаар их хурал болж Ж.Ариунаа өмгөөлөгч төлөөлөгчөөр сонгогдсон байсан. Өмгөөлөгчдийн холбооны 16 дугаар их хурал болж байгаатай холбоотойгоор хуралд төлөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч нарын нэрсийг бүх шүүхүүдэд албан тоотоор явуулсан байсан. Гэтэл миний бие хэрэг хэлэлцэж эхлэхийн өмнө өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцмоор байна, өмгөөлөгч их хуралдаа оролцож байгаа талаар хэлэхэд шүүгч “би сая хуульчдын холбооноос утасдаж асуулаа ямар ч хурал зөвлөгөөн болоогүй байна” гэхээр нь МУБИС-ийн хойд талд “Танан” төвд болж байгаа талаар хэлэхэд үнэхээр тийм хурал болж байгаа бол баримтаа авчрахгүй яасан юм бэ гээд зөвлөлдөхгүйгээр хүсэлтийг хүлээж авах боломжгүй гээд алхаа цохиод хурлаа үргэлжлүүлсэн. Уг нь процессийн хувьд миний хүсэлтийг хүлээж авах эсэхээ шийдвэрлэхийн тулд завсарладаж, хэргийн оролцогч нар танхимаас гардаг. Гэтэл тийм зүйл болоогүй сургалтын өрөөнд шууд хүсэлт хэлэлцсэн дүр үзүүлээд хурлаа үргэлжлүүлэхээр нь миний бие өмгөөлөгчгүй бол юу ярих, хуралд хэрхэн оролцохоо мэдэхгүй байсан учраас хурлыг орхиж тахимаас гарахад хүрсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, “Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Хишигбадрах нь О.Эрдэнэжаргалд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16/65 тоот албан тоотоор “Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэрийн асуудалд тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Хишигбадрахыг төлөөлөх итгэмжлэл олгосон. Гэтэл борлуулалт хариуцсан захирал О.Эрдэнэжаргал нь итгэмжлэлээр олгосон эрхийг хэтрүүлэн үнийн санал болгох хуралд оролцож, уг хуралд оролцохдоо тус компанийн өмчлөлийн Ү-2205018178 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг хангуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

“Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16/65 тоот албан тоотоор О.Эрдэнэжаргалд үл хөдлөх эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг хангуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуруулах болон бусад итгэмжлэлийг олгоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийг төлөөлөхдөө итгэмжлэлд ямар эрхийг олгох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан байдаг бөгөөд дээрх эрхийн талаар итгэмжлэлд огт дурдаагүй байсан. Харин уг хуулиар төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглосон байдаг тул итгэмжлэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцсон О.Эрдэнжаргалыг төлөөлүүлэн гарын үсэг зуруулж, үнийн санал авсан шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл болсон байтал хэргийг шийдвэрлэхдээ энэ талаарх баримтуудыг үнэлэлгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч талын өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч “Лакшири хаус энд Рийл эстэйт” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан тус албаны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 122/04 дүгээр тогтоол, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Шинжээч томилох тухай” тогтоол, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэр, эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосонтой холбоотой ажиллагааг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр огноологдсон ба тус тайлбарт итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж гарын үсэг зуржээ. /хх-62, 63/

            Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхээр итгэмжлэл /хх-57/ олгож, мөн өдрөөс итгэмжлэл хүчинтэйг заажээ. 

Иймд түүнд итгэмжлэл олгогдохоос өмнө буюу 8 дугаар сарын 21-ний өдөр хариу тайлбар гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд нийцсэн зохигчийн тайлбар гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан шийдвэр гүйцэтгэгчид эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь тэмдэглэлд тусгагджээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг мөн өдрийн 181/ШЗ2016/06505 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, харин цагдаагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, хүсэлтийг хангасан эсхүл хангахгүй орхисон нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг даруй шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгч Ж.Ариунаагаас хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан тухай баримтыг шүүхэд гаргаж, өмгөөлөгчдийн их хуралтай шалтгаанаар хуралд хүрэлцэн ирээгүйг тайлбарласан ба шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх боломжийг талуудад олгоогүй гэж үзэхээр байна.

Дээрх байдлаар зохигч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзэх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХТӨР

                                    ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ