Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0013

 

2020.12.25-ны өдөр 221/МА2021/0013

 

 

  Цэцэрлэгийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Н.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Цэцэрлэгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Дотоод аудитын газрын санхүү Хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.6, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасныг баримтлан “нийслэлийн Дотоод аудитын газрын санхүү хяналтын шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н-гийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38/08-16 дугаар болон 38/08-17 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг санхүүгийн анхан шатны баримт бүрдэлгүйгээр ажил, гүйлгээ хийсэн, ажил гүйлгээ гарсан тухай бүрт анхан шатны баримтыг бүрдүүлэн, баталгаажуулах, анхан шатны баримтгүйгээр ажил, гүйлгээг хийхгүй байх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн.

Харин бодит байдал дээр уг маргаан бүхий 16, 17 тоот актад дурдагдсан асуудал нь огт анхан шатны баримт бүрдэлгүй ажил, гүйлгээ биш бөгөөд бодит байдал дээр бүгд тус цэцэрлэгт бодитоор хийгдсэн байгаа ажил, гүйлгээ, эд зүйлс юм. Хөдөлмөрийн тухай хуулиар байгууллага нь ажилтанаа сургах хөгжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах эрх, үүрэг бий. Үүнийхээ дагуу тус цэцэрлэгийн ажилтан С.М-г туслах багшийн мэргэжил олгох сургалтад сургаж төгссөн байдаг бөгөөд энэ нь 2019 оны Потентиал сургалтын төвөөс С.М-д олгосон цэцэрлэгийн туслах багшийн мэргэжил олгох сургалтад суралцаж төгссөн болохыг нотлох сертификатаар нотлогддог. Мөн маргаан бүхий актуудад дурдагдсан ажил, гүйлгээний зарим нэг дутуу санхүүгийн баримт бүрдлийг нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох байгууллагуудаас гаргуулан авч баримтын бүрдлийг бүрэн хангасан байдаг. Энэ талаарх нотлох баримтууд бүгд хэрэгт авагдсан болно.

Албан байгууллага нь тодорхой сургалтад ажилтанаа суулгаж, шаардлагатай тоног, төхөөрөмж, эд зүйлс худалдан авч төлбөр төлсөн нь төсвийг буруу, үр ашиггүй зарцуулсан асуудал биш юм. Зарим баримт дутуу гэж байгаа ч эдгээр нь бүгд зохих шаардлага хангаж байгаа болно. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагад ажил үйлчилгээ үзүүлсэн холбогдох байгууллагын хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тус гэрч нарын мэдүүлгээр Цэцэрлэг нь ажил, үйлчилгээ авч байсан, мөн зарим ажил, үйлчилгээ үзүүлсэн байгууллагуудын буруугаас болж нэхэмжлэгч байгууллагад санхүүгийн анхан шатны баримт дутуу олгогдсон болох нь тодорхой байдаг.

Мөн маргаан бүхий 38/08-17 дугаар актад “...иргэнээс ном худалдан авсан нийт 249.3 мянган төгрөгийн гүйлгээнээс 24.9 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татвар суутгаж аваагүй байна..” гэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь иргэн Д.Г-оос 2015 онд 201.8 мянган төгрөгөөр, 2016 онд 27.5 мянган төгрөгөөр тус тус байгууллагад ном худалдан авсан. Энэ нь нийт 229.3 мянган төгрөгийн номыг орлогод авсан хувь хүний орлогын албан татвар нь 10 хувь буюу 22.93 мянган төгрөг болж байгаа бөгөөд нэгэнт ном борлуулсан хүнээс мөнгийг нь буцааж авах боломжгүй тул зөвхөн хувь хүний орлогын албан татвар болох 22.93 мянган төгрөгийг цэцэрлэгийн нягтлан Г.У Төрийн банк ХХК дахь 100200051088 дугаар дансанд шилжүүлсэн болно. Нэхэмжлэгч байгууллага уг зөрчлийг арилгаж хувь хүний орлогын албан татвар болох 22.93 мянган төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасан үүргээ огт биелүүлээгүй болно.

Байгууллагын хувьд үндсэн чиг үүргээ биелүүлэх, байгууллагаас үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зардлыг гаргаж ажиллаж ирсэн, зарим анхан шатны баримт дутуу гэсэн зүйл нь үндэслэл муутай дүгнэлт бөгөөд шаардлагатай бол зарим баримтын талаар тодруулга авах, нэмэлт баримт цуглуулах, тайлбар, санал гаргах боломжоор хангаж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл хариуцагч нь бүр анхнаасаа энэ талаарх нэмэлт нотлох баримт материал, тайлбар, санал аваагүй, хэт нэг талыг баримталж үндэслэлгүй акт гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэгч байгууллага дээр бодитоор ажил, үйлчилгээ хийгдсэн, уг ажил үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгчээс холбогдох байгууллага руу шилжүүлсэн, тухайн үед зарим нэг санхүүгийн баримт бүрдэл дутуу байсан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс авсан ажил, үйлчилгээнийхээ зарим нэг дутуу санхүүгийн баримтуудыг нөхөн бүрдүүлэлт хийж, бүх баримт бүрдсэн байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж дүгнээгүй алдаатай шийдвэр гаргасан. Одоо анхан шатны шүүхийн шийдвэрээр бол нэхэмжлэгч нь бусад байгууллагаас авсан ажил, үйлчилгээнийхээ мөнгийг холбогдох байгууллагад нь төлөөд ажил, үйлчилгээ авсан хэрнээ маргаан бүхий улсын байцаагчийн актад дурдсан мөнгөн дүнгээр улсын төсөвт дахин төлөх ёстой болж байгаа юм. Нэг ажил, үйлчилгээн дээр нэг байгууллага хоёр удаа төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Цэцэрлэг нь Нийслэлийн дотоод аудитын газрын санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н-гийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38/08-16, дугаар болон 38/08-17 дугаар актыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд маргаан бүхий актаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийн акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх заалтыг үндэслэн Нийслэлийн дотоод аудитын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 38/18-16 дугаар актаар /360,0 мянган төгрөг/, 38/18-17 дугаар актаар /1,858.9 мянган төгрөг/-өөр тус тус холбогдох албан тушаалтнаар нөхөн төлүүлж, төсөвт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоожээ.

Хариуцагчаас нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан 05 дугаар удирдамжийн дагуу Цэцэрлэгт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 52.3-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулсан байх бөгөөд маргаан бүхий актууд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасан “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасантай нийцсэн байна.

Мөн Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах зарчмыг зааж, 6 дугаар зүйлд “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.1.4-д “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэж тус заажээ.

Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэг нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу хуульд заасан шаардлагуудыг хангаж ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “...ажил, гүйлгээ гарсан тухай бүрт анхан шатны баримтыг бүрдүүлэн, баталгаажуулах, анхан шатны баримтгүйгээр ажил, гүйлгээг хийхгүй байх, анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгахыг хориглох нь аливаа хуулийн этгээдийн үүрэг...” гэх дүгнэлтийг үгүйсгэж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгчээс хариуцагч сонсох ажиллагаа хийгээгүй, манайд тайлбар нотлох баримт гаргаж өгөх боломжийг хариуцагч олгоогүй” гэж маргаж, тайлбарлах боловч, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь шалгасан асуудлаар тухайн этгээдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлын шалтгааныг тогтоон, түүнийг арилгах арга хэмжээг авахуулж, шаардлагатай бол зохих хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу өөрсдийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт бичих, акт, албан шаардлага гаргах зэргээр шийдвэрлэх эрхтэй.

Өөрөөр хэлбэл, улсын ахлах байцаагч нь сонсох ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн хугацаатайгаар хийж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Шалгалтын тэмдэглэл” үйлдэж, хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, хяналт шалгалтын явцад шалгалтын тэмдэглэл үйлдэж, дүгнэлт гаргасан байх тул Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан нийслэлийн Дотоод аудитын газрын санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн актуудыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгч Цэцэрлэг нь төсвийн байгууллага бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуусугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН