Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 964

 

 

 

 

 

 

 

  2019           11           05                                      2019/ШЦТ/964

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Н.Түвшинбаяр,

          шинжээч Н.Энхцолмон,

          хохирогч Д.А, түүний өмгөөлөгч О.Билгүүн,

          шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909027030923 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Сод хутагт” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл-2, эхийн хамт, тоотод оршин суудаг,

          2002 оны 12 дугаар сарын 24-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ц.О-г /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ц.О нь 2019 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 310 дугаар байрны 67 тоотод өөрийн гэртээ эхнэр болох Д.Аийг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу "ээж, ах дүү нарт чинь хараал хийлгэнэ харж байгаарай" гэж хэлсэн гэх шалтгааны улмаас зодож улмаар түүний биед цээжний битүү гэмтэл, цээжний баруун хөндийн хий хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих орой би Ховд аймгаас ээжтэйгээ ирсэн. Миний бие өвдөөд байхаар нь ээжтэйгээ түргэн дуудаж үзүүлчхээд гэртээ харьсан чинь Алтанчимэг найзуудтайгаа пиво уугаад сууж байсан. Хөргөгчинд 5, 6 пиво байсан. Тэгээд хоорондоо маргалдаад баруун талын хавирга руу нь өшиглөсөн...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…эхнэр Алтанчимэг нь найзынхаа хамтаар пиво уусан байдалтай согтуу байсан, тэгэхээр нь би хөргөгчинд тал шилтэй архи байхаар нь 100 граммыг архины хундаганд хийгээд уусан юм. Эхнэр найзынхаа хамтаар юм яриад байж байтал эхнэрийн ярьж байгаа яриа нь хэрүүлийн шинж чанартай болоод явчихсан юм. Эхнэр Алтанчимэг танай ах дүү нарыг чинь би Солонгос улс руу яваад мөнгө олоод тэжээсэн биз дээ. Танай дүүг чинь би Солонгос улс руу явуулаагүй бол ээж чинь байргүй байх байсан гэж намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Алтанчимэгт хандаж чиний яриад байгаа мөнгө болон манай гэр бүлийг тэжээсэн мөнгийг чинь би Солонгос улсад ажиллаад чамд буцаагаад өгсөн биз дээ гэсэн чинь эхнэр ээж, ах дүү нарт чинь хараал хийлгэнэ харж байгаарай гэхээр нь миний гэнэт уур хүрээд эхнэр Алтанчимэгийг сууж байсан буйдан дээрээс нь татаж газарт унагаагаад цээжний баруун хавирга хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд гэрээсээ гараад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-5/,

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тухайн үйл явдал болсон. Би өдөр ажил дээрээ байхад Олзбаатар Улаанбаатар хот руу явж байна гэж яриад, ээжийнд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд дуудахад нь Энхмаа найзыгаа замаараа аваад, яваад очсон чинь уурлаад, янз бүрийн авир ааш гаргаж байсан. Тэр хэрүүл гарах эх үүсвэр нь тэрнээс эхэлсэн. Би уурлаад байхаар нь гэр рүүгээ явсан. Би найз, дүүтэйгээ явж байсан тул айлд суугаад байх хэцүү байсан. Гэртээ очоод 2, 2 пиво уусан байхад Олзбаатар орж ирсэн. Хөргөгчинд 5, 6 пиво байгаагүй. Өмнө нь Ховд аймаг руу явахаас өмнө манай найз Энхмаатай явалдсан гэж хэлсэн байсан тул тухайн өдөр би Энхмаа, Олзбаатар нараас хамт байхад нь юу болсон гэж асуусан. Бид хоёр 8 жил амьдарсан, 7 настай охинтой. Хэрүүл үүсээд миний хувьд Олзбаатар руу ойртож чадахгүй, гарч зугтах гэхэд гаргахгүй хашиж, ноцолдсоны үр дүнд эхлээд намайг цохиж, боосон. Би бооход нь амьсгалж чадахгүй байсан чинь намайг тавьчхаад, дахиж намайг буйдан дээрээс хөлөөс татаж унагааж байгаад өшиглөөд гарсан. Би амьсгалж чадахгүй байсан тул түргэн, цагдаа дуудаж, эмнэлэг явж цээжинд их хэмжээний хий хуурсан байсан тул гуурс тавиулсан...”гэв.

түүний мөрдөн хохирогчоор мэдүүлсэн: “…Миний хамтран амьдрагч Ц.О нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны орой Ховд аймгаас ирсэн юм. Тэгээд ээжийндээ байж байгаад шөнийн 01 цагийн үед гэртээ ирсэн. Би Олзбаатарыг ээжийндээ байхад нь бие өвдөөд байна гэхээр нь хүүхдээ аваад гэртээ хүргүүлж ирсэн. Тэгээд би гэрт ирээд найз Энхмаа, дүү Баярцэцэг нартай хамт гэртээ нэг нэг пиво уугаад сууж байтал гаднаас 01 цагийн үед Олзбаатар орж ирсэн. Тухайн үед Олзбаатарт өгөх пиво байхгүй байсан тул Олзбаатар хөргөгчин дотроос хамрын хийдээс авчирсан архийг гарган ирээд ганцаараа уусан. Олзбаатар өмнө нь хүүхэнтэй холбогдож байсан. Тэр нь миний сэтгэхүйд нөлөөлж байсан. Тэр үед тэр асуудлаас болж Олзбаатар бид хоёр маргалдсан юм. Тэгээд тэр маргаан даамжирч Олзбаатар над руу аашлаад их дайрч давшилсан тэгэхэд Энхмаа, Баярцэцэг хоёр намайг Олзбаатараас хамгаалах гээд цаашаа бай яах гэсэн юм гэж хэлж болиулах гэхэд Олзбаатарыг дийлээгүй. Олзбаатар тэр хоёрыг хоёр тийш нь түлхэн холдуулаад над руу дайрсан. Олзбаатар эхлээд намайг боож доош дарсан. Тэр үед Энхмаа Баярцэцэг хоёр Олзбаатарын араас татсан, тэр үед нь би бас Олзбаатарыг холдуулах гэж хөлөөрөө түлхсэн. Тэгсэн чинь Олзбаатар миний хөлөөс татаж чирч үүд рүү аваачихад Баярцэцэг намайг хамгаалж миний дээрээс хэвтэхэд Олзбаатар миний баруун талын цээж рүү өшиглөхөд нь би ёо оё гэж хэлээд амьсгаа гарахгүй болсон. Тэгээд намайг амьсгалж чадахгүй, хөдөлж чадахгүй болоход Олзбаатар гарч явсан. ...Олзбаатар намайг буйдан дээр хэвтэж байхад миний хөлөөс татаж унагаан үүд рүү чирч аваачиж миний цээж рүү ямар ч байсан 1 хөшиглөсөн. Мөн хоолой боосон... Миний дух хавдаж хоёр мөр, гар, хүзүү бүгд өвчтэй байна...өшиглүүлснээс болж миний цээжинд их хий хурж, уушигны байрлал өөрчлөгдөж шахагдсан байна гэсэн цээжиндээ гуурс хийлгэж авахуулсан, эмчилгээ хийлгэж байгаа. …би танай гэр бүлийн ах дүү нарт чинь тусалж байранд оруулаад сайхан амьдруулж, мөнгө төгрөг зээлж байсан биз дээ гэж хэлсэн чинь над руу дайраад буйдан дээр сууж байхад Олзбаатар нь над дээр ирээд миний хоолойноос гараараа бариад доошоо дарсан. ...буйдангаас унагаагаад хөлөөс татаж чирч гал тогооны шалан дээр аваачихад Баярцэцэг нь хамгаалж миний дээрээс хэвтэхэд Олзбаатар нь Баруун талын цээж рүү хөлөөрөө өшиглөхөд нь амьсгаа гарахаа больсон...гэр бүлийн баталгаа байхгүй хамтран амьдраад 8-н жил болж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23, 25/,

 

Гэрч Г.Баярцэцэгийн “...Алтанчимэг Энхмаа 2 хоорондоо юм яриад пиво уугаад сууж байсан, удалгүй Алтанчимэгийн нөхөр Олзбаатар гэртээ ирсэн, хөргөгчинд байсан архийг аваад өөрөө өөртөө хийгээд уугаад байсан...намайг өрөөнд байхад Алтанчимэг эгч, түүний нөхөр Энхмаа нар хоорондоо өндөр дуугаар хэрэлдээд байхаар нь би өрөөнөөс гараад ирсэн чинь эгч Алтанчимэг намайг дуудаад энэ ширээний хажууд суу гэхээр нь очоод суусан. Олзбаатар, Алтанчимэг нар нь хоорондоо гэр бүлийн асуудлаар хэрэлдээд харилцан бие биенийгээ хэл амаар доромжлоод байсан...Алтанчимэг эгч Олзбаатар ахыг танай ээж чинь ямар олигтой хүн биш дээ гээд хэлсэн чинь Олзбаатар ах гэнэт уурлаж сууж байсан газраасаа босож ирэхээр нь Олзбаатарыг Алтанчимэг рүү ойртуулахгүйн тулд Энхмаатай хамт Олзбаатарыг 2 талаас нь бариад зогсож байсан чинь Алтанчимэг нөхрөөсөө айгаад наадахаа аваач ээ гээд буйдан дээрээ суугаад байсан. Олзбаатар нь барьж байсан гарыг тавиулаад Алтанчимэгийн үснээс зулгаагаад, толгой руу гараараа цохиод байсан бараг 30 минут ноцолдож байж байгаад Энхмаа бид 2-г хоёр тийшээ гараараа саваад Алтанчимэг дээр очоод хоолойноос нь боож доошоо дарсан, тэгснээ 2 хөлөөс нь барьж татаад буйдан дээрээс унагаагаад гал тогооны өрөө рүү чирч хөлөөс барьж байснаа биеийг нь савуулаад Алтанчимэгийн толгойг хөргөгч мөргүүлсэн. Тэгэхээр нь би Алтанчимэгийн толгойг бариад суусан чинь Олзбаатар нь Алтанчимэгийг чамайг би алаад өгье гэж хэлээд Алтанчимэгийн цээж хэсэг рүү нэг хүчтэй өшиглөсөн чинь Алтанчимэг нь ёо оё гэж хэлээд амьсгаа авч чадахгүй, босож чадахгүй хэвтсэн тэгэхээр нь цагдаа дуудах гээд гар утсаа аваад дуудлага өгсөн чинь Олзбаатар нь гэрээс гараад явсан. ...Алтанчимэг нь Олзбаатарын биед гар хүрээгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэрч Т.Энхмаагийн “...Алтанчимэг, Олзбаатар нар нь хоорондоо маргалдаад эхэлсэн яг юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. Нэг харсан чинь Олзбаатар Алтанчимэг рүү дайраад явчихсан. Тэгснээ Олзбаатар Алтанчимэгийг хоолойг боогоод эхэлсэн тэгэхээр нь Баярцэцэг бид 2 Олзбаатарыг салгаад Алтанчимэгээс холдуулах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд Алтанчимэгийг хөлөөс бариад газраар чирээд гал тогооны шалан дээр авчирч цээж хэсэг рүү нэг удаа өшиглөөд гэрээсээ гараад явсан юм...Олзбаатарын эхнэр Алтанчимэг рүү яагаад дайрсан гэдгийг санахгүй байна 2 пивондоо нилээд согтсон байсан. Гэхдээ гэмтэл учруулсан үйлдлийг санаж байна” /хх-ийн 36/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹7917 тоот актын “…Д.Аийн биед цээжний битүү гэмтэл, цээжний баруун хөндийн
хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-40/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-49-58/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-61-62/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 310 дугаар байрны 67 тоотод өөрийн гэртээ эхнэр болох Д.Аийг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу "ээж, ах дүү нарт чинь хараал хийлгэнэ харж байгаарай" гэж хэлсэн гэх шалтгааны улмаас зодож улмаар түүний биед цээжний битүү гэмтэл, цээжний баруун хөндийн хий хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Д.А, гэрч Г.Баярцэцэг, Т.Энхмаа нарын мэдүүлгүүд, Хүний биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №7917 дүгнэлт, шүүгдэгч Ц.Оын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.Оын хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Оыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч Ц.Оын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь тус эрүүгийн хэрэгт холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч Ц.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.     

Шүүгдэгч Ц.Оын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10.000 нэгжээр торгох буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.О нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР