Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 201

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

            Шүүгдэгч: Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Я-ын Э-д холбогдох  1935004580237 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 04-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух Б овогт Я-ын Э /РД:............./.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Я.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт хохирогч Ц.П-ын толгойн тус газарт зуухны тагаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Я.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Я.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт хохирогч Ц.П-тай маргалдаж, түүнийг толгой тус газарт зуухны тагаар цохьсон болох нь хохирогч Ц.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед байх аймгийн хүнсний захын хажуугийн гурил зардаг хэсэгт Т буюу /Я.Э/-тэй таарсан. Би тухайн үед урьд нь ажиллаж байсан махны үйлдвэрээс цалингаа авах гээд явж байгаад таарсан тул Ттай цуг захын урд талд байх махны үйлдвэр лүү очиж 80.000 төгрөг авсан. Т бид хоёр тэндээсээ “Их өргөө” төв орж 1 цаг караоке авч дуулангаа 0.5 литрийн хэмжээтэй нэг шил архи хувааж уусан. Караокений цаг дуусч бид гараад миний ажлын найз болох О.М гэх залуугийн гэрт очихоор болж замдаа дэлгүүрээс 2 литрийн хэмжээтэй 1 том пиво, 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи авч очсон. О.М-ын гэрт хоол идэнгээ авч архи, пивыг Т бид хоёр хувааж уусан. Харин О.М архи, пивоноос уугаагүй. Т надаас 10.000 төгрөг зээлдэж 4-н замд байрлах “Гэрэлтэй цонх” гэх нэртэй дэлгүүрээс 2 литрийн 1 том пиво авч манай гэрт очсон. Манай гэрт эхнэр маань байсан ба Т бид хоёрт цай хийж өгсөн. Цай уусны дараа Т бид хоёр авч ирсэн ганц пивыг хувааж уугаад савны талд орж байхад нь би “одоо боллоо өглөө ажилтай” гэдгээ хэлээд орондоо орж хэвтсэн. Т үлдэгдэл пиво уух гэсэн суусан байсан ба надад пивоноос хийж өгөхөөр нь би уусан. Дахиад пивоноос хийж өгөхөөр нь миний дотор муухайрахаар нь гэрээс гараад бөөлжөөд орж ирээд хэвтсэн. Тэр үед эхнэр маань бие засахаар гэрээс гарсан байсан ба замдаа миний бөөлжис цэвэрлэж байх шиг байсан. Тэгтэл Т надад “чи эхнэрээрээ бөөлжис цэвэрлүүлдэг ямар том болчихсон юм” гэж хэлээд гэнэт санамсаргүй намайг хальт нэг удаа алгадаж цохихоор, би “яаж байна” гэсэн чинь “зун намайг хальт 1 цохисон, дахиад цохих уу” гэхээр нь би юу ч хариулахгүй чимээгүй байгаад Тг харж сууж байтал босч ирээд миний үснээс үстэж бариад дахиад алгадаж цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалаад Т-гийн хацарны хэсэгрүү гараараа цохисон боловч миний үснээс үстэж барьсан хэвэндээ байгаад байхаар нь би Т-гийн гарыг өөрөөсөө салгах гээд ноцолдсон. Ингэж ноцолдож байхдаа би Т-гийн гарыг өөрөөсөө салгах гэж байхдаа хүзүүний хэсэгт маажигдах шиг болсон. Т бид хоёр манай зуухны дээд талд газар дээр ноцолдож байсан ба Т зуухны дээрээс жижиг тагийг нь аваад миний толгой руу нэг удаа цохитол, цохигдсон хэсгээс цус гарсан хэсэг хугацаандаа манарч ухаанаа алдсан. Тэр үед гаднаас манай эхнэр орж ирээд “хүний толгой хагалчихлаа гэсэн” зүйл хэлж орилж байгааг сонсоод ухаан арай гайгүй сэргэтэл эхнэр буцаад гэрээс гараад явсан. Удалгүй эхнэр манай хажууд байх Н.Н эгчийг дагуулж орж иртэл Т зөрөөд зугтаагаад хөл нүцгэн явсан. Тухайн үед эгч маань эмнэлэгт дуудлага өгсөн байсан ба эмч нар ирж үзчхээдэмнэлэгрүү авч явж толгойн хэсэгт оёдол тавьсан. Тэр орой ямар шалтгааны улмаас Я.Э намайг цохих болсныг нь би мэдээгүй. Т миний толгойг зуухны тагаар цохиж хагалж гэмтээсэнд гомдолтой байна...Би тухайн үед эмнэлэг дээр очиж толгойдоо гурван оёдол тавиулсан. Үүнээс хойш өвчин намдаах эм уусан. Надад Т-гаар зодуулсны улмаас нэг сая төгрөгийн хохирол учраад байна. Хохирлын талаарх баримт байхгүй. Гэхдээ Я.Э бид хоёр төрөл садангийн холбоотой тул хоорондоо ярилцаж би Я.Э-тэй сайн дураараа эвлэрч учраа олсон ба хохирлын 200.000 төгрөг авахаар тохиролцож бэлэн мөнгөөр 200.000 төгрөгийг Я.Э-өөс авч и хохиролгүй болсон...ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-24-р тал/,

Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр Ц.П-ын гэртэй нэг хашаанд байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 02-03 цагийн үед байх, унтаж байтал манай хаалгыг хүн цохих шиг болсон чинь Ц.П-ын эхнэр нь байсан ба “Ц.Пыг нэг залуу цохиод байна, та ороод салгаад өгөөч” гэхээр би босоод Ц.П-ын гэр лүү ороход нэг залуу Ц.П-ыг орон дээр дарчихсан цохисон байдалтай байсан Ц.П-ын нүүрний хэсэг тэр чигтээ цус болсон байхаар нь би “юу болж байгаа юм та нар” гэж асуутал тэр залуу надтай зөрөөд гэрээс хөл нүцгэн, фудволтктой гараад зугтаасан. Ц.П нүүр нь нэлэнхийдээ цус байхаар нь би айгаад цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн юм. Ц.П-ынх тог тавиулаагүй байгаа ба 12 вольтын аккумуляторын гэрэлтэй тэр шөнө гэрэл муу бүдэг байсан. Тэр гэрлийг нарны самбараар цэнэглэдэг тул тухайн шөнө цэнэг нь дуусаад гэрэл их муу бүдэг харагдаж байсан. Ц.П нь архи согтууруулах ундааны зүйл барагтаа хэрэглээд байдаггүй. Тэр шөнө гэрт нь байсан залуутай пиво уусан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Гэрч Х.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т гэх залуутай хамт бага зэргийн архи үнэртүүлсэн байдалтай гэрт ирсэн ба Т нь 2 литрийн хэмжээтэй байсан байх том пиво барьсан байсан. Ц.П Т 2 авч ирсэн пиво хувааж уугаад савны талд нь хүрч байтал унтаж амрахаар болж тал савтай пивыг хойш нь хураагаад орондоо орцгоосон. Тэр үед Т миний нөхөрт хандан “Би чамайг урьд нь нэг удаа цохиж байсан, одоо дахиад цохиулмаар байна уу” гэсэн зүйл энгийн байдлаар яриан дундаа хэлж ярьж байснаа унтаж амарсан. Нөхөр бид хоёр ч бас унтаж амарсан. Тэгж байтал шөнийн 02-03 цагийн үед Т бие засна гээд гэрээс гарчхаад буцаад орж ирсэн ба нөгөө хойш хийсэн тал савтай пиво уухгүй бол нойр хүрэхгүй байна гэсээр байж ганцаараа ууж эхэлсэн. Т нөгөө тал пиво ууж байхдаа уг пивоноос орондоо хэвтэж байсан нөхөрт маань аяганд хийж өгсөн. Үүнийг нь Ц.П уусан даруйдаа дотор нь муухайрч гэрээс гарч гадна бөөлжиж байгаад буцаж орж ирээд орондоо ороод хэвтсэн. Тэр үед Т манай нөхөрт “бөөлжсөө гарч цэвэрлэлдээ” гэсэн зүйл хэлж байхад би бие засахаар гэрээс гараад буцаад ортол Т Ц.П-ын хувцаснаас заамдаж бариад гараараа нүүр лүү нь цохиж байхаар нь би Тд “чи яагаад Ц.П-ыг цохиод байгаа юм бэ” гэсэн чинь Т асуултад хариулаагүй, чимээгүй байгаад байсан. Тэгэхээр нь гэрээс гараад манай хажууд байх Н.Н эгчийн гэрт орж “Т агсам тавиад Ц.П-ыг цохиод байна” гэж хэлсэн чинь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би буцаад гэрт орсон чинь Т Пын хувцаснаас заамдаж бариад орон дээр дарж байсан ба Ц.П-ын нүүрний хэсэгт нь цус болсон байсан. Т намайг харангуутаа Ц.Пыг дарж байснаа больсон. Миний араас Н.Н эгч манай гэрт орж ирсэн ба Т, Н.Н эгчийг харсан даруйдаа хөл нүцгэн, дан фудволк, өмдтэй манайхаас гараад зугтаагаад явсан. Ц.П, Т-гаар зодуулсны улмаас толгойн хэсгээс цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Эмнэлгийн ажилчид дуудлагаар манайд ирээд Ц.Пыг аваад явсан... Т уусан архи, пивондоо согтоод л миний нөхөр Ц.Пыг цохисон байх гэж бодож байна. Тэр хоёр хоорондоо маргалдаагүй. Харин тэр хоёр манайд ирээд авч ирсэн пиво ууж байгаад талд нь хүргээд унтаж амрахын өмнө Т уурлахгүйгээр энгийн байдлаар яриан дундаа миний нөхөрт “чамайг урьд нь нэг удаа цохиж байсан, одоо дахиад цохиулмаар байна уу” гэсэн зүйл хэлж байснаа унтаж амарсан. Т шөнө босож үлдсэн тал пиво ууж байхдаа гэсэн манай нөхөртэй маргалдсан зүйл болоогүй...Би бие засахаар гэрээс гараад бөөлжис цэвэрлэчхээд буцаад гэрт орсон...Ц.П-ын нүүрний хэсэг нь тэр чигтээ цус болсон, толгой нь хагарч цус гарч байсан. Мөн манайх зуухны таг тэр хажууд орон дээр байсан. Сүүлд нь би нөхрөөсөө зуухны таг яагаад орон дээр байгааг асуусан чинь Т тэр зуухны тагаар Ц.П-ын толгой руу цохиж хагалсан байсан.  Миний нөхөр Тг цохиж байхыг нь би хараагүй. Сүүлд нь нөхрөөсөө Т-г цохисон уу гэдгийг асуухад бас “цохиогүй, Т-д гар хүрээгүй” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

Гэрч О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байтал 19 цагийн үед манайд танил Ц.П хажуудаа миний танихгүй нэг залуугийн хамт дундын хэмжээтэй 1 пиво, 0.5 литрийн хэмжээтэй байсан байх, 1 шил архи авч ирсэн. Тэр хоёр авч ирсэн архи, пиво хувааж ууж, хоол цай идчихээд архи, пиво дуусахаар нь “харьж амарлаа” гээд манайхаас явсан. Тэр хоёр хэвийн л ирсэн. Тэр хоёр архи, согтууруулах ундаа уусан гэж мэдэгдэхээргүй байсан. Тэр хоёр нэг нэгнийгээ “багын найз, ах дүү, төрөл садан” гээд сүртэй байсан. Манайд байхдаа хоорондоо маргалдсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

Гэрч С.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн шөнө 03 цаг өнгөрч байхад эмэгтэй хүнээс хэн гэдгийг нь мэдэхгүй байна. “Ц.П хүнд зодуулчихлаа цус нь тогтохгүй байна” гэсэн дуудлага ирсний дагуу эмч Р.О-г явуулж ажилуулсан хэсэг хугацааны дараа эмч Р.О-г Ц.П гэх хүнийг эмнэлэгт авч ирж духны дээд хэсэгт оёдол тавьсан. Уг хүн нь согтуу байдалтай ирсэн тул оёдол тавьсны дараа шууд гаргаж явуулахгүйгээр эндээ хонуулж маргааш өглөө нь гаргаж явуулсан. Уг хүний биеийн байдлыг Р.О эмч сайн мэднэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

Гэрч Р.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 03 цаг өнгөрч байхад эмэгтэй хүнээс “Ц.П зодуулчихлаа” гэж дуудлага өгөхөөр би гэрт нь очиж үзэхэд Ц.П-ын гэр нь тоггүй харанхуй байсан тул духанд боолт хийгээд тээвэрлэж нэгдсэн эмнэлэгт авч ирж үзлэг хийсэн. Ц.П-ын биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал хөдөлгөөн идэвхтэй, духны баруун дээд хэсэгт шархтай, нүүрний зүүн нүдний доод хэсэгт зулгарсан шархтай байсан тул духны баруун дээд хэсэгт оёдол тавьсан Ц.П нь ингэж үзүүлэх үед архи уусан байдалтай байсан учир яаралтай тусламжийн тасагт хонуулахаар болсон. Эндээ унтаж амраад 07 цагийн үед эмнэлгээс явсан байсан. Ц.П хажуудаа хоёр эмэгтэйн хамт байсан. Анх ирсэн дуудлага нь “хүнд зодууллаа” гэж ирсэн очиж үзэж юу болсныг асуухад “зуухны тагаар хүн цохичихлоо” гэсэн зүйл хэлээд зуухны таг үзүүлсэн боловч тэдний гэр тоггүй харанхуй байсан тул ямархуу таг болох нь харагдаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

Гэрч С.Я-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр бид хоёрын хажууд мал маллах ажилд тусалж гэртээ байх болсон. 2012 онд цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод 1 жилийн цэргийн алба хаасан. Үүний дараа гэртээ ирж байх болсон. 2019 оны хавар цагаан сарын дараа, яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Гэрээс гарч айл хэснэ гэж яваад одоог хүртэл гэртээ ирэхгүй яваад байгаа. Ингэж явахдаа хааяа гэртээ ирж хувцсаа сольж аваад л буцаад гараад явчихдаг байсан. Ийм байдалтай хий дэмий явж байхдаа хэрэгт холбогдсон байна. Миний хүү уг нь шулуун шударга, үнэн ч зантай, аав, ээжийнхээ үгнээс зөрдөггүй хүүхэд байсан. 18 нас хүрснээс хойш л өөрийгөө их том хүн болсон гэж бодож сэтгээд тэнээд байх болсон. Миний хүү гэртээ байнга байж мал маллах нь уйтгартай санагдаад гадуур дотуур яваад байдаг юм болов уу гэж би бодох болсон. Энэ байдлыг нь засах гэж оролдсон боловч миний үгэнд орохгүй байгаа. Миний хүүг бусдын биед халдаж гэмтэл учруулсан хэрэгт нь холбогдуулж хийсэн үйлдлийн хор уршгийг нь сайн ухамсарлуулан ойлгуулж хэлж өгөхийг та бүхнээс хүсч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Я.Э нь миний эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм. Тайван дөлгөөн зантай, байгаа байдал нь ч гэсэн тайван харагддаг. Аав ээжийнхээ хамт Түргэн сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг. Эхнэр авч тусдаа гараагүй байгаа. Хүний үгэнд оромтгой, бусдад уруу татагдах гээд байдаг. Тэрнээс биш өөрөө бол зориг муу, аливаа зүйлийг өөрөө анхлан сэдэж санаачилж хийгээд байдалгүй. Уг нь бол аав, ээж дээрээ хөдөө мал дээр тусалж байдаг боловч хааяа нэг аймаг руу явчхаад байдаг. Аймагт ирсэн үедээ манайхаар ирээд байдаг байж байгаад сүүлийн хэдэн сар ирэхгүй байж байгаад саяхан хэрэгт холбогдоод манайхаар ирж байж байгаа. Хэрэгт холбогдохоос эд хоногийн өмнө манайд ирж эхнэрт тусалж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

Шүүгдэгч Я.Э-ийн /Т/ мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бид хоёр ярилцаад “Их өргөө” караоке орж 1 цаг дуулсан ба 0.5 литрийн хэмжээтэй Улаанбаатар гэх архи 1 шилийг хувааж уусан. Эндээсээ бид хоёр гараад Ц.П-ын найз О.М-ын гэр лүү явсан замаараа дэлгүүрээс хоёр том пиво аваад очиж бид нар хувааж уусан. Пиво хувааж ууж дуусаад Ц.П бид хоёр эдний гэр лүү явахаар болоод гараад явж байгаад замын “гэрэлтэй цонх” гэх дэлгүүрээс нэг том пиво авч Ц.П-ын гэрт очсон. Ц.П-ын гэрт эхнэр нь байсан ба Ц.П бид хоёр авсан пиво авч Ц.П эхнэртэйгээ гэрээс гарч бие засчхбаад орж ирсэн. Дараа нь би бас гэрээс гарч бие зассан. Гэрт орж ирээд ор орондоо ороод байж байгаад үлдсэн пивыг уусан. Уг тал пивыг ууж байхдаа Ц.П бид хоёр хоорондоо маргалдсан. Би уусан архи, пивондоо нэлээн согтсон байсан тул зарим үйлдлээ боон болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ уг маргааны явцад Ц.П намайг “ажлын хөлсний мөнгийг нь үрлээ” гэж хэлээд орноосоо босоод над руу ирэхээр нь би бас өмнөөс бос ч очоод бид хоёр хоорондоо барьцалдаад зодолдсон. Ц.П бид хоёрыг маргалдаж байхад Ц.Пын эхнэр хажуугийн айл руу явсан байсан. Зодооны үед Ц.П зуухны таг аваад миний толгой руу 2-3 удаа цохичхоод газарт хаясан. Би уг газарт хаясан зуухны тагийг аваад Ц.П-ын толгой руу цохитол толгойноос цус гарч байсныг бүдэг санаж байна. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод хоёр тийш салаад явж байтал Ц.П над руу дахин ирж зодолдох гэхээр нь би хөл нүцгэн гэрээс нь гарч зугтаасан. Тэндээс зугтааж яваад хүргэн ахынхаа гэрт очиж хоносон. Бид хоёр маргалдаж байхад Ц.П эхлээд зуухны тагаа авч миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд газарт хаясан тагийг аваад Ц.П-ын толгой руу цохитол цус гараад эхэлсэн. Намайг хүмүүс Я.Э гэж нэрлэхээс илүүтэй Т гэж нэрлэж дууддаг. Т гэдэг нь миний гэрийн ч нэр, хоч ч нэр байгаа юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг барагдуулж хохиролгүй болгосон тул хэргийг маань хурдан шийдэж өгнө үү, өөр нэмж ярих зүйл байхгүй.” /хх-ийн 50-51, 52-53, 54-55-р тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 792 дугаартай шинжээчийн “Ц.П-ын биед духны баруун дээд хэсгийн хуйханд дээрхи хэмжээтэй язарсан шарх, зүүн хацар, нүүрний хэсэгт зулгаралт үүсэж хууларсан байдалтай болсон, дээрх гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь өөр, өөр цаг хугацаанд үүссэн ба духанд үүссэн язарсан шарх нь шинээр үүссэн нүүрний зулгаралт нь уртд үссэн гэмтэл байна. Дээрх духны баруун дээд хэсэгт үүссэн язарсан шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 11-р тал/-ээр хохирогч Ц.П-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Я.Э нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, толгойн тус газарт зуухны тагаар цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.П-ын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Я.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Я.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Я.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Э нь урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р тал/-аар нотлогдсон. 

Хохирогч Ц.П нь “Миний хохирлыг барагдуулж өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тодорхойлолт /хх-ийн 80-р тал/ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэл учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Я.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зуухны тагийг хохирогч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Пд буцаан олгож, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Я-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  Я.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зуухны тагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.П-д буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Я.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ