Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 203

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Ж-ын Б-д холбогдох  1935004810238 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын   18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 07-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиар хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом  сумын 1 дүгээр багийн 3-4 тоотод  оршин суух Х овогт Ж-ын Б. РД:ОЭ85060713.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт  хохирогч Б.Б-ыг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Шүүгдэгч Ж.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт  хохирогч Б.Б-ыг   зодсон болох нь:

 хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  Ц.М-ын  гэрт Ж.Б, Ж.Г, Ц.М бид нар архи ууж байтал Б “Та нар намайг Морьтын гуанзан дээр хаяад ирсэн” гэж надад хэлээд уурлаж байгаад надад “Чамайг 3 үеэр чинь дарамтална” гэж хэлэхээр нь би уурлаад жижиг савтай цэвэр ус аваад Бгийн нүүр лүү цацчихсан юм. Тэгтэл Ж.Б босож ирээд намайг барьж аваад хөмрөөд шалан дээр баруун мөрөөр унагахад миний баруун мөр өвдөөд сонин болчихсон. Б намайг гэрээс гараад ир гэж хэлчихээд гараад явахаар нь би араас гартал намайг барьж аваад тонгорч унагаад баруун шанаа руу нэг удаа цохиход нь М ирж салгасан юм. Урьд нь Ж.Б-тэй хамт Зүүнхангай сум яваад буцаж явахдаа Б-г Морьтыг гуанзан дээр хаячихаад ирсэнд уурлаад Б намайг зодсон байх гэж бодож байна”  гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-р тал/,

гэрч Ж.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “М-ын гэрт архи ууж байгаад би гар утсаа гэрт хүргэж өгчихөөд ирэхэд М-ын гэр дотор Б Б-ын унагаад дээр нь дарчихсан “Чиний хаана чинь цохих юм бэ?” гээд сууж байсныг би салгахад тэр хоёр маргалдаж байгаад гарч зодолхоор болоод гэрээс гарсан. Гэрийн гадна Б Б-ын хавирч унагахад нь би салгаад Б гэртээ харь гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би худагнаас ус авна гэсэн хүнд ус өгчихөөд ороод ирэхэд Б Б-ын шалан дээр унагаад дарчихсан хэрэлдэж байсныг Г гэрээсээ ирчихсэн салгаж байхад би салгалцсан юм. Тэр хоёр гэрт маргалдаж байгаад гадна гарч зодолдоно гээд гэрээс гарсан. Гэрийн гадна Б Б-ыг хавирахад баруун мөр хэсгээрээ газарт унахад нь Г бид хоёр салгаад Г Б-г дагуулаад явсан” /хх-ийн 10-11-р тал/,

шүүгдэгч Ж.Б-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би Ц.М-ын гэрт намайг урьд нь Морьтын гуанзан дээр хаяж явсан талаар хэлээд Б.Б ахтай маргалдаж байгаад ууж байсан савтай усаа миний нүүр лүү цацахаар нь би уурлаад Б ахыг барьж аваад дэгээдэж шалан дээр унагахад Г, М хоёр салгасан. Дахин гэрийн гадна маргалдаж байгаад Б  ахыг би нэг удаа дарж унахад мөн Г, М хоёр салгасан. Өөрөөр цохиж зодоогүй, унагах үед мөр нь гэмтсэн байх гэж бодож байна.  Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б.Б ахаас уучлалт гуйж, хохирлыг төлж барагдуулсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Б.Б-ын зодсоны улмаас хохирогчийн бие махбодид “Баруун мөрний холбоосын урагдал, суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан.  Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 836 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж 2 хөл орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч А.Анхбаярын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд “Ж.Б хохиролд 600.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэр зүйл байхгүй” гэж мэдүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т  заасан “Учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов. 

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн мөрнийрентген зургийг хэргийн худгалах хугцаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Х овогт Ж-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг хэргийн худгалах хугцаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Ж.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ