| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0207/э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 204
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,
Шүүгдэгч: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Цийн П-д холбогдох 1935004650231 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 03-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн 10-39 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овогт Ц-ийн П / РД:ОО95080339/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 21-ээс 2019 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Я.Оын зүүн долоовор хурууг хазаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Ц.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 2019 оны 11 дүгээр сарын 21-ээс 2019 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Я.О-ын зүүн долоовор хурууг хазсан болох нь
хохирогч Я.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид нар уг кароакенээс гараад Ц.П-ыг хүргэж өгөхөөр такси барьж яваад Буянт хороололд Ц.П-ын гэрт очсон юм тэр үед тэдний гэр эзэнгүй хүн байхгүй байсан юм. Шөнийн 00 цагийн үед Ц.П-ын гэрт Ж.Ө, Ц.П хоёр хоорондоо маргалдаад Ц.П гэрийнхээ нэг сандал аваад Ж.Ө руу шидэж цохих гэж байхад нь би дундуур нь ороод Ц.П-ын гартаа барьж байсан модон сандалаас гараараа бариад автал Ц.П миний зүүн гарын долоовор хуруунаас хазаад авсан. Би тэр үед өөрийнхөө гарыг амнаас суга татаж салгаж авсан. Тухайн үед миний гарнаас цус их гарсан юм тэгэхэд Ц.П нь би таныг гарыг хазаагүй ш дээ гэж надад хэлсэн юм. ...Одоо миний зүүн гарын долоовор хуруу бага зэргийн өвдөж байна. Би одоо Ц.Паас ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал/,
Гэрч Ж.Ө-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Я.О нь Ц.П миний хуруу хазчихлаа цус гарч байна, боолт хийх юм байна уу? гэж надаас асуусан би боодог юм байхгүй гэж хэлсэн. Тэр үед хажуу айлын Нямгэрэл гэх эмэгтэй гарч ирээд та нар хүн амраахгүй байна, хоорондоо зодолдлоо, та нар явж болохгүй би цагдаад дуудлага өгчихсөн байна. Одоо удахгүй цагдаа нар ирнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
Шүүгдэгч Ц.П-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд би Ж.Ө ахыг 80.000 төгрөг байвал надад өгчийт мөнгөний хэрэг байна, миний бог мал хөдөө миний аав Ц-ийн гэрт байгаа тэднийх Ж.Ө-гийн гэртээ ойролцоо байдаг юм. Тэгээд би Ж.Ө ахыг надад мөнгө төгрөг өгчих байх гэж бодоод би Ө д хэлж уурласан юм. Би хурдан ууртай учраас нэг мэдэхэд өөрийнхөө гэрийн модон сандалыг гартаа барьчихсан байсан. Тэр үед Я.О Ж.Ө бид хоёрыг салгах гээд пундуур ороод ирэхэд би уурандаа нэг мэдэхэд Я.О-ын гарыг огцом уурандаа хазчихсан юм. ...Би Я.О-аас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Я.О-ын гарын хуруунд боолт, хөдсөн дугуй хийлгэж өгсөн, бас эмчилгээний зардалд сэтгэлээрээ туслаж болгож 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 814 дугаартай шинжээчийн “Я.О-н биед зүүн долоовор хуруунд хазагдсан шархтай хумс хөндийрч суларсан гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөдөөрийнх нь хэлж байгаа тухайн хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/-ээр хохирогч Я.О-ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.П-ын энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж 2 хөл орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.П-ын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.П урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р тал/-аар нотлогдсон.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Х.Э-ийн өгсөн: “Би 2017 онд Ц.П-тай гэр бүл болсон, манайх 1 хүүхэдтэй айл юм. Миний нөхөр Ц.П нь ааш зан сайтай, зөөлөн, даруухан зантай, өөрт таарсан ажлаа хийгээд ар гэрээ тэжээгээд явдаг хүн юм. Архи дарсыг хааяа нэг хэрэглэдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/, Гэрч Д.Ж-ийн өгсөн: “Ц.П нь миний том хүүгийн хүүхэд юм. Миний ач хүү Ц.П нь зөөлөн, даруухан төлөв зантай, хүний үгнээс огт гардаггүй, үг дуу цөөнтэй ажилсаг хөдөлмөрч зантай хүүхэд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Пд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нуруу үрэгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц-ийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ