Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 206

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч: М.М,

Шүүгдэгч: Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ч-гийн Д-д холбогдох 1935000000243 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 10-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 12-р баг, 1-44 тоотод оршин суух, урьд нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/132 дугаартайй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийгүүлж байсан, төрөөс авсан гавъяа шагналгүй, Б овогт Ч-гийн Д / РД:ОО93081057/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч Ч.Д нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 25-нд хохирогч С.Ц-гийн өөрийн хас банкны 5000389950 дугаарын данс руу хийсэн алдаатай гүйлгээг завшиж 870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Шүүгдэгч Ч.Д-ыг алдаатай гүйгээгээр хийгдсэн хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Ч.Д нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 25-нд хохирогч С.Ц-гийн өөрийн хас банкны 5000389950 дугаарын данс руу хийсэн алдаатай гүйлгээний 870.000 төгрөгийг завшсан болох нь:

хохирогч С.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн орчим өөрийн эзэмшлийн Хас банкны 5000389950 дугаарын дансанд 940.000 төгрөгийн орлого хийхээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хас банкны автомат мөнгөний машин дээр очоод 940.000 төгрөгийн орлого хийх сонголтоор автомат мөнгөний машинд хийхэд 70.000 төгрөг буцаж гарч ирснийг авсан юм. Үлдсэн мөнгө нь 870.000 уншуулж орхиод гараад явсан юм. Тэгээд 10 минутын дараа дансаа шалгахад мөнгө ороогүй байсан учраас Хас банкны лавлах 1800-1888 дугаар луу залгаад болсон явдлыг ярьсан боловч манай автомат мөнгөний машин хариуцсан ажилтан амарч байгаа таны асуудлыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэрлэж өгнө гэж хэлсэн юм. Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн орчимд Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Хас банкны автомат мөнгөний машин хариуцсан ажилтан Гтай уулзахад таны асуудлыг шалгаж байна гэж хэлсэн юм. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагийн орчимд Хас банкны автомат мөнгөний машин хариуцсан ажилтан Г миний утас руу залгаж манай банк автомат мөнгөний машинаа шалгаж үзэхэд таны мөнгө залгигдаагүй байна та цагдаагийн байгууллагад хандана уу гэсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан Тус аймгийн Улаангом сумын 3-р багийн нутагт байрлах Өгөөмөр төв дотор байрлалтай, байрлуу ороод үүдний хэсэгт байрлах АТМ буюу бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлсэн. Тухайн АТМ-ээр үйлчлүүлэхдээ алдаатай гүйлгээ хийгдсэн байсан. Би АТМ-д мөнгөө хийгээд данс руу мөнгөний орлого хийх үйлчилгээг сонгож 870.000 төгрөг хийсэн боловч яаралтай ажилтай байсан тул гараад явчихсан, тухайн үед би АТМ гүйлгээ амжилттай болсон талаар бичиг гарч ирээгүй, 870.000 төгрөгийг хийж уншуулсаны дараагаар батлах товч гарч ирэхээр нь би батлах товчийг дарахад мөнгө тоологдсон, тэгэхээр нь би гараад явчихсан. Би гарч явсны дараагаар 10 минут болоод өөрийн интернет банкаар орлого орсон эсэхийг шалгахад мөнгө ороогүй байсан, мөн миний Хас банкны виза карт байхгүй байсан тэгэхээр нь би АТМ-нд виза картаа үлдээсэн болохыг мэдээд буцаад очиход мөнгө, виза карт хоёулаа байхгүй байсан. Би тухайн өдөр АТМ-ээр үйлчлүүлж байхад надад 940.000 төгрөг байсан бөгөөд би орлого хийхэд 70.000 төгрөг скочтой шаардлага хангахгүй байгаа учраас буцаж гарч ирсэн юмаа. Би тус аймгийн Улаангом сумын 7-р багийн нутагт байрлах "Содон" автозасварын газар ажиллуулдаг бөгөөд би 1 өдрийн орлого болох 940.000 төгрөгтэй явсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18-р тал/,

гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн үед манай Хас банкны байранд ирээд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр танай Өгөөмөр төвд байрлалтай АТМ-д мөнгө шилжүүлсэн, картаа орхичихсон байна хүн авсан байж магадгүй шалгаад өг би гүйлгээ хийсний дараагаар мөнгө ороогүй, виза карт байхгүй болохоор буцаад очиход мөнгө, виза карт байхгүй байсан гэж хэлсэн. Манай байгууллага АТМ-д гүйлгээ хийхэд маргаан гарах үед болон АТМ-ны мөнгөний үлдэгдэл багассан үед АТМ цэнэглэдэг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Өгөөмөр төвд байрлалтай Хас банкны АТМ-ын мөнгөнөөс гарсан зарлага, орсон орлогыг тухайн АТМ-ын үлдэгдэлтэй тулгасан. Тулгахад АТМ-ийн гарсан зарлага, орлого бланс дахь үлдэгдэлтэй таарч байсан учраас би С.Ц гэгчид гүйлгээ хийсэн мөнгө АТМ-рүү ороогүй талаар мэдэгдэж хуулийн байгууллагаар шалгуулах талаар зөвлөгөө өгсөн. Би АТМ-д хураагдсан бүх картуудыг авч теллерт өгдөг. Теллерүүд тухайн виза картийг бүртгэдэг бөгөөд харилцагч нар ирэх үед зарлагын баримтаар өгдөг. Содном овогтой Цгийн Хас банкны виза картыг шалгаж үзэхэд АТМ-д удаан байсан шалтгаанаар залгигдсан байсан учраас би теллер Б.Ад өгчихсөн байсан.. С.Ц нь Б.А-гаас виза картаа авсан.” /хх-ийн 23-24-р тал/,

шүүгдэгч Ч.Д-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт байрлах өөрийн гэрээсээ гараад Хилийн цэргийн 0245 дугаар ангид ажилтай төрлийн ах Бааст гэгчээс мөнгө авахаар яваад Хас банк дээр хүрээд ир гэж өмнөх орой ярисан болохоор би 9-10 цагийн үед очиход гадна байж байгаад би Өгөөмөр төв рүү ороод АТМ-д байж магадгүй гэж бодоод ороход Хас банкны АТМ-ны мөнгө хийх хэсэгт 870.000 гарч ирсэн. Тухайн үед би мөнгийг тоолохгүйгээр аваад цайвар өнгийн куртикний баруун талын халаасанд хийгээд гараад явчихсан. АТМ-ны өрөө дотор надаас өөр ямар нэг хүн байгаагүй. Би АТМ-ээс гараад өөрийнхөө гэр рүү явчихсан бөгөөд гэрт очоод тоолоход 870.000 төгрөг байсан, манай гэрт хүн байгаагүй. Би Эрдэнэт хотод Нандинцэцэг гэгч хүнээс 1200.000 төгрөг аваад өгөхгүй байж байгаад иргэний хэрэгт шалгагдаж шийтгэгдсэн бөгөөд тухайн хүний хохирол төлөөгүй байсан бөгөөд 200.000 төгрөгийг АТМ-ээс авсан мөнгөнөөс өгсөн. Би тус аймгийн Улаангом сумын нутагт 2019 оны 11 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдаж тус цагдаагийн газарт шалгагдаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400.000 төгрөгөөр торгуулсан бөгөөд тухайн торгуулаас 250.000 төгрөг дутуу байсныг АТМ-ээс авсан мөнгөнөөс өгсөн. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад тухайн хүний автомашиныг хашаа мөргүүлсэн бөгөөд түүний төлбөрт 350.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өөртөө зарцуулчихсан. Би саарал өнгийн куртиктэй, хар өнгийн зузаан майктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн хагас түрийтэй гуталтай явсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Алдаатай гүйлгээ гэдэг нь гүйлгээ хийгч /хохирогч/ өөрийнхөө данс руу, эсхүл бусад хүний данс руу төгрөг шилжүүлэхдээ андуурч өөр хүний данс руу хийх, АТМ-аас гйүлгээ хийсэн тохиолдолд төгрөг шилжсэн /дансанд орсон/ гэж хөнгөмсгөөр найдаж орхих  зэрэг болгоомжгүй үйлдлийн улмаас төгрөгийг бусдын данс руу шилжүүлэх /хийх/, АТМ-нд үлдээх зэрэг байдлуудаар илэрнэ.

            Харин алдаатай гүйлгээг хүлээн авч байгаа этгээд нь уг төгрөгийг өөрийнхөн биш гэдгийг мэдэж байдаг онцлогтой.

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 тал /-ээр хохирогч С.Ц нь ХАС банкны АТМ-аас  өөрийн хас банкны 5000389950 дугаарын данс руу 870.000 төгрөгийг хийхдээ АТМ-нд төгрөгөө хийгээд өөрийнхөө дансанд орсон гэж хөнгөмсгөөр найдаж үлдээгээд гарч явсны дараа шүүгдэгч Ч.Д АТМ дээр ирэхэд уг 870.000 төгрөг гарч ирснийг авсан байна.

Шүүгдэгч Ч.Д нь 870.000 төгрөгийг бусдын хөрөнгө гэдгийг мэдсээр байж мэдсээр байж завшсан тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ч.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдаатай гүйгээгээр хийгдсэн хөрөнгө /төгрөг/ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Ч.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ч.Д нь алдаатай гүйгээгээр хийгдсэн мөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Д нь урьд нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/132 дугаартайй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-72-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн зан байдлын талаар гэрч Ч.С-ын өгсөн: “Манай төрсөн хүүхэд Ч.Д нь 1993 оны 8 дугаар сарын 10-нд Увс аймгийн Тэс суманд манай 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Манай нөхөр Ч бид хоёр тус аймгийн Тэс сумын нутагт оршин сууж амьдарч байхдаа Дыг төрүүлж өсгөсөн. Манай төрсөн хүү Д нь цэцэрлэгээр хүмүүжээгүй, тухайн үед манайх хөдөө мал маллаж амьдардаг байсан бөгөөд сургуулийн нас нь болоод Увс аймгийн Улаангом сумын ахлах 4 дүгээр сургуульд 1 дүгээр ангид элсэн орж суралцсан. Тэр үед манайх гэрээрээ дөнгөж аймагт орж ирж байсан юмаа. Ч.Д нь 1-р ангид суралцаж төгсөөд 2-р ангид хагас жилд суугаад манай төрсөн хүүхэд Ч.Д нь хичээлдээ явахгүй, хичээлдээ явлаа гэж гараад хичээлдээ очиж суухгүйгээр гадуур сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайгаар тоглоод явдаг байсныг нь мэдээд хагас жил хичээлд нь суулгаад сургуулиас гаргаад авчихсан. Ч.Д нь сургуулиас гарсны дараагаар манай төрсөн дүү нар болон бусад хүмүүс төрсөн хүү Ч.Дыг туслах малчингаар ажиллуулж байсан. Ч.Д нь хүүхэд байхдаа их хөнгөн хөдөлгөөнтэй, цовоо сэргэлэн, ажилсаг, тусархуу, хурц догшин ааштай хүүхэд байсан юм. Ч.Д нь 18 нас хүрээд Улаанбаатар хотод цэргийн ангид Цэргийн алба хаасан. Цэргийн алба хаах хугацаа дууссанаар цэргийн албанаас халагдсан бөгөөд цэргээс ирээд хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, хөдөө явж мал малладаг байсан. Ч.Д нь тусдаа гараагүй, гэрлээгүй, одоо аав, дүү, бид нарын хамтаар амьдардаг. Увс аймгийн Улаангом сумын 12дугаар багийн нутагт байрлах 00-46 тоот хашаанд байнга оршин сууж амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй. Манай гэрт сарын тогтмол орлого гэж байдаггүй, өрхийн амжиргааны түвшин доогуур айл өрх бөгөөд улсаас өгч буй хүнсний талонд сар бүр хамрагдаж, сард 88.000 төгрөгний хүнсний эрхийн бичиг авдаг. Ч.Д нь одоо цовоо сэргэлэн зантай, ажилсаг, тусархуу, хүнийг үгэнд сайн ордог, эелдэг зөөлөн зан ааштай, зарим үед хурдан уурлаад, амархан уургүй болчихдог, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, нийтэч зан ааштай. Ч.Д нь урьд өмнө эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлж байгаагүй, бие, эрүүл мэндийн хувьд эрүүл, биеийн хөгжил хэвийн биед нь ямар нэг өвчин эмгэг байхгүй. Ч.Д нь тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, Урьд өмнө гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан. Манай төрсөн хүү Ч.Д нь ямар нэг авъяас байдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/, гэрч Д.Т-ийн өгсөн: “Би Ч.Дыг сүүлийн 5 жилээс хойш мэддэг болсон бөгөөд манай найз Сайнжаргалын 2 дахь хүүхэд 1993 онд төрсөн. Ам бүл 6 бөгөөд манай найз нөхөр 4 хүүхдийн хамт оршин сууж амьдардаг ба тус аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт байнга оршин сууж амьдардаг. Ч.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй, аав, ээж, дүүгийн хамтаар амьдардаг, Сайнжаргал нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нөхөр болох Ч нь мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, том хүү Ч.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 1 дэх хүүхэд нь Болдорж нь Улаанбаатар хотод эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар хувийн хэвшилд ажиллаж амьдардаг, 2 дахь хүүхэд нь Ч.Д эрхэлсэн тодорхой ажилгүй, гэрлээгүй, 3 дахь хүүхэд Мөнтулга нь Баян-Өлгий аймагт цэргийн алба хааж байгаа, 4 дэх хүүхэд Мөнхсайхан нь тус аймгийн Улаангом сумын Хилийн 0245-р ангид цэргийн алба хааж байгаа, 5 дахь хүүхэд Хувь-төгс нь одоо тус аймгийн Улаангом сумын политехник коллежид 1-р курсад суралцдаг. Ч.Д-ын нэр дээр ямар нэг эд хөрөнгө байхгүй, аав ээжийн хамт амьдардаг ба манай найз Сайнжаргал түүний нөхөрт ямар нэг эд хөрөнгө байдаггүй 6 ханатай монгол гэртэй, өөр эд хөрөнгө байхгүй. Ч-гийнх амжиргааны түвшин доогуур, сарын орлого тогтмол орлого байдаггүй, хүнсний талонд хамрагдсан.” /хх-ийн 21-22-р тал/-үүд авагсан байна.

            Шүүгдэгч хохирогчоос завшсан гэх 870.000 төгрөгөө хохирогч С.Ц-гийн 5819056209 дугаар хаан банкны дансанд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн болох Хаан банкны орлогын баримтыг хавсрагасан /хх-ийн 86 тал/ баримтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т  заасан “Учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов. 

Шүүгдэгч Ч.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйгээгээр хийгдсэн хөрөнгө /төгрөг/ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Ч.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ