Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 245

 

 

 

 

       

 

 

 

Хэвлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр                           Дугаар 183/ШШ2016/00245                                            Улаанбаатар хот

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж-35, өөрийн байранд байрлах, Тээвэр хөгжлийн банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Эрэл”-ийн 36 дугаар байр, 18 тоотод оршин суух, Дух овогт Рословын Бат-Эрдэнэ /РД:ЧК64050212/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Хос өргөө хотхон, Үйлдвэр гудамж, 29б байр, 31 тоотод оршин суух, Чонос овогт Долгорын Наранжаргал /РД:ЙР83060622/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 26 дугаар байр, 28 тоотод оршин суух, Цэрэндоржийн Чинсанаа /РД:ПЭ83052314/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойрог, 9 дүгээр байр, 46 тоотод оршин суух, Чойжиннямын Отгонбат /РД:ЖН84092679/ нарт холбогдох 11 236 267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхцэцэг, С.Буянхишиг, хариуцагч Р.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Тээвэр хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал С.Баянхангай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 8/100-а тоот тушаалаар хадгаламжийн шинэ бүтээгдэхүүн болох “Хаврын хадгаламжийн тусгай нөхцөлт гэрээ”-ний загварыг баталсан байна.

Иргэн Рослов овогтой Бат-Эрдэнэ нь дээрх гэрээний нөхцөлтэй танилцсаны үндсэн дээр тус банктай 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 229.000.000 /хоёр зуун хорин есөн сая/ төгрөгийг 1.6 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 3 сар тутамд бодуулж, дансандаа нэмэлтээр тооцуулах, хугацаатай хадгаламжаас зарлагын гүйлгээг гэрээний хугацаа дуусаагүй байхад хийвэл хугацаат чанараа алдаж, гэрээ байгуулсан өдрөөс 0.3 хувиар хүү тооцож илүү хуримтлуулсан хүүг банк буцаан авах нөхцөлтэйгээр гэрээ хийж, 221611000958 тоот данс нээлгэж, хадгаламжийн дэвтэр авч улмаар банк, иргэн Р.Бат-Эрдэнэ нарын хооронд хадгаламжийн харилцаа үүссэн юм. Тэрээр хадгаламжийн картан дээрх нөхцлийг тусгасан тоон үзүүлэлтийн ард гарын үсгээ зурж, баталгаажуулсны дараа хадгаламжийн дэвтрээ авсан юм.

Хадгаламж эзэмшигч Р.Бат-Эрдэнэ нь 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус банкин дээр өөрийн биеэр ирж хүү бодуулах хүсэлт гаргасны дагуу оператор ажилтай Л.Саруул дээрх гэрээний “3 сар тутамд хүүгээ бодуулж дансандаа нэмэлтээр тооцуулах” гэсэн заалтын дагуу 3 сарын хүүг бодож 11.236.267 төгрөгийг үндсэн хадгаламжин дээр нэмж хуримтлуулсан байна. Энэ үйлдэл нь Банкны мөнгөн хадгаламжийн журмын 2.9-д “Хугацаатай хадгаламжийн хүүг гэрээт хугацааны эцэст бодогдсон хүүгийн хэмжээгээр хадгаламжийн үлдэгдлийг өсгөн, нэрийн дансны үлдэгдлийг картын үлдэгдэлтэй тулган шалгаж зөрүүгүй тохируулна” гэсэн заалттай бүрэн нийцэж байгаа болно.

Гэтэл иргэн Р.Бат-Эрдэнэ нь 2008 оны 10 дугаар сарын 30-ний өдөр буюу хугацаатай хадгаламжийн гэрээ дуусаагүй байхад банкин дээр ирж, гэрээний 4.2.1-ийн “Хугацаатай хадгаламжаас гэрээнд заасан хугацааны дотор зарлагын гүйлгээ хийхгүй байх” гэсэн заалтыг зөрчин гэрээгээ цуцлах, хүү бодуулах, мөнгөө татах хүсэлт гаргасан байна.

Банкны хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулинд “гэрээнд заасан нөхцлийн дагуу хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч хүү төлөх” гэж заасны дагуу Гүйцэтгэх захирлын 2008 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8/315 тоот тушаалаар Харилцагчийн үйлчилгээний газарт гүйлгээний албаны оператораар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байсан шинэ ажилтан Ч.Отгонбат түүний хүсэлтийг хүлээн авч Банкны мөнгөн хадгаламжийн журмын 2.9-д “Хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалуулагчийн өөрийн хүсэлтээр хугацаанаас нь өмнө цуцалбал уг хадгаламжийн хүүг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хугацаагүй хадгаламжийн хувиар тооцно”, Гүйцэтгэх захирлын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 8/100-а тоот тушаалаар баталсан “Хаврын хадгаламжийн тусгай нөхцөлт гэрээ”-ний “Хугацаатай хадгаламжаас зарлагын гүйлгээг гэрээний хугацаа дуусаагүй байхад хийвэл хугацаат чанараа алдаж гэрээ байгуулсан өдрөөс 0,3 хувиар тооцож, илүү хуримтлуулсан хүүг банк буцаан авна” гэсэн заалтыг, мөн Иргэний хуулийн “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааран мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно” гэснийг тус тус зөрчиж хугацаатай хадгаламжийн хуримтлагдсан хүүг гэрээний дагуу хасч тооцоогүй, хянагч Ц.Чинсанаа нь операторын хийсэн гүйлгээг хянасан атлаа алдааг илрүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Р.Бат-Эрдэнэд 11 236 267 төгрөгийн хүүг илүү өгсөн байна. Энэ нь түүний гарын үсэг зурж, мөнгө хүлээн авсан кассын зарлагын баримтаар нотлогдож байгаа болно.

Дээрх асуудал болсоны дараагаар Р.Бат-Эрдэнийг Тээвэр хөгжлийн банкин дээр урьж ирүүлэн илүү авсан мөнгөө төлөх шаардлагыг тавьсан боловч Р.Бат-Эрдэнэ нь төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаад өдий хүрлээ.

Иймд Р.Бат-Эрдэнээс илүү авсан 11 236 267 төгрөгийг гаргуулан Тээвэр хөгжлийн банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Тус шүүхэд Тээвэр хөгжлийн банкны нэхэмжлэлтэй Р.Бат-Эрдэнэд холбогдох илүү авсан мөнгөн хадгаламжийн хүү болох 11 236 267 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа билээ.

Дээрх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Тээвэр хөгжлийн банкны гүйлгээний албаны даргаар ажиллаж байсан Долгор овогтой Наранжаргал, гүйлгээний албаны хянагчаар ажиллаж байсан Цэрэндорж овогтой Чинсанаа, гүйлгээний албаны операпораар ажиллаж байсан Чойжинням овогтой Отгонбат нарыг хамтрын хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай байна.

Иймд Д.Наранжаргал, Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж хариуцагч Р.Бат-Эрдэнэ, хамтран хариуцагч Д.Наранжаргал, Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нараас илүү олгогдсон мөнгөн хадгаламжийн хүү болох 11 236 267 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Иргэн Рослов овогтой Бат-Эрдэнэ нь Тээвэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 8/100-а тоот тушаалаар хадгаламжийн шинэ бүтээгдэхүүн болох “Хаврын хадгаламжийн тусгай нөхцөлт гэрээ”-ний загвараар батлагдсан гэрээний нөхцөлтэй танилцсаны дагуу тус банктай 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 229 000 000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 3 сар тутамд бодуулж, дансандаа нэмэлтээр тооцуулах, хугацаатай хадгаламжаас зарлагын гүйлгээг гэрээний хугацаа дуусаагүй байхад хийвэл хугацаат чанараа алдаж, гэрээ байгуулсан өдрөөс 0,3 хувиар хүү тооцож илүү хуримтлуулсан хүүг банк буцаан авах нөхцөлтэйгээр гэрээ хийж 22161000958 тоот данс нээлгэж, хадгаламжийн дэвтэр авч улмаар банк, иргэн Р.Бат-Эрдэнэ нарын хооронд хадгаламжийн харилцаа үүссэн юм. Тэрээр хадгаламжийн картан дээрх нөхцлийг тусгасан тоон үзүүлэлтийн ард гарын үсгээ зурж, баталгаажуулсны дараа хадгаламжийн дэвтрээ авсан юм. Хадгаламж эзэмшигч Бат-Эрдэнэ 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус банкан дээр өөрийн биеэр ирж хүү бодуулан гаргасны дагуу оператор ажилтай Л.Саруул дээрх гэрээний “3 сар тутамд хүүгээ бодуулж, дансандаа нэмэлтээр тооцуулах” гэсэн заалтын дагуу 3 сарын хүүг бодож 11 236 267 төгрөгийг үндсэн хадгаламжийн дээр нэмж хуримтлуулсан байна. Энэ үйлдэл нь банкны мөнгөн хадгаламжийн журамд нийцэж байсан болно. Гэтэл иргэн Р.Бат-Эрдэнэ нь 2008 оны 10 дугаар сарын 30-ний өдөр буюу хугацаатай хадгаламжийн гэрээ дуусаагүй байхад банкин дээр ирж, гэрээгээ зөрчиж, гэрээгээ цуцлах, хүү бодуулах, мөнгөө татуулах хүсэлт гаргасан байдаг. Банкны хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулинд “гэрээнд заасан нөхцлийн дагуу хадгалуулагчийн тавьсан анхны шаарлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч хүү төлөх “ гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын 2008 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8/315 тоот тушаалаар харилцагчийн үйлчилгээний газарт гүйлгээний албаны оператороор 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байсан шинэ ажилтан Ч.Отгонбат түүний хүсэлтийг хүлээн авч Банкны  мөнгөн хадгаламжийн журмын 2.9-д “Хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалуулагчийн өөрийн хүсэлтээр хугацаанаас нь өмнө цуцалбал уг хадгаламжийн хүүг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хугацаагүй хадгаламжийн хувиар тооцно”, гүйцэтгэх захирлын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 8/100-а тоот тушаалаар баталсан “Хаврын хадгаламжийн тусгай нөхцөлт гэрээ”-ний “Хугацаатай хадгаламжаас зарлагын гүйлгээг гэрээний хугацаа дуусаагүй байхад хийвэл хугацаат чанараа алдаж гэрээ байгуулагдсан өдрөөс 0,3 хувиар тооцож, илүү хуримтлуулсан хүүг банк буцаан авна” гэсэн заалтыг, мөн Иргэний хуулийн “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааран мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно” гэснийг тус тус зөрчиж, хугацаатай хадгаламжийн хуримтлагдсан хүүг гэрээний дагуу хасч тооцоогүй, хянагч Ц.Чинсанаа нь операторын хийсэн гүйлгээг хянасан атлаа алдааг илрүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Р.Бат-Эрдэнэд 11 236 267 төгрөгийн хүүг илүү өгсөн байна. Энэ нь түүний гарын үсэг зурж, мөнгө хүлээн авсан кассын зарлагын баримтаар нотлогдож байгаа болно. Дээрх асуудал болсны дараа Р.Бат-Эрдэнийг Тээвэр Хөгжлийн банкан дээр урьж ирүүлэн илүү авсан мөнгөө төлөх шаардлагыг тавьсан боловч Р.Бат-Эрдэнэ нь төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаад өдийг хүрсэн. Манай банкны зүгээс уг илүү өгсөн мөнгийг буцаан авахаар 2009 оноос эхлэн шүүхээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл одоог хүртлэх хугацаанд Р.Бат-Эрдэнэ нь илүү авсан 11 236 267 төгрөгийг буцаан өгөхгүй байгаа тул уг 11 236 267 төгрөгийг гаргуулан Тээвэр Хөгжлийн банкинд олгож хохиролгүй болгож өгнө үү.

Мөн бид хамтран хариуцагчаар Д.Наранжаргал, Ч.Отгонбат, Ц.Чинсанаа нарыг татсан боловч Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нарын оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хэрэг хянан шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа учраас Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нараас татгалзаж, байна, дараа нь хаягийг нь тодруулаад шийдвэрлүүлж болно. Харин хариуцагч Д.Наранжаргал нь тус банкны ажилтан бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу буюу ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгээгүйгээс байгууллагад хохирол учруулсан тул түүнээс уг илүү олгогдсон 11 236 267 төгрөгийг мөн хувь тэнцүүлэн гаргуулах шаардлага гаргасан. Иймд хариуцагч Р.Бат-Эрдэнэ, Д.Наранжаргал нараас илүү олгогдсон хадгаламжийн хүү болох 11 236 267 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Р.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тээвэр хөгжлийн банк нь Хан-Уул дүүргийн шүүх болон Дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд 2010 оноос 6 удаа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд бүгд хэрэгсэхгүй болон буцаагдаж байсан гэдгийг юуны түрүүнд дурдмаар байна.

 Иргэн Р.Бат-Эрдэнэ нь хуулийн дагуу тус банкинд мөнгөө хадгалуулж, гэрээний дагуу хүү бодуулан авсан бөгөөд Тээвэр хөгжлийн банкинд ямар нэг хохирол учруулаагүй талаар:

Хуулийн үндэслэл. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд /цаашид "хадгалуулагч" гэх/-ийн мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "хадгалагч" гэх/-д хадгалуулсан үндэсний болон гадаад валютыг мөнгөн хадгаламж /цаашид "мөнгөн хадгаламж" гэх/ гэнэ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”, 4.2-т “Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, хадгалуулах мөнгөн хөрөнгийн дүн, хүү тооцох журам, мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн төлөө талуудын хүлээх хариуцлагыг заана”, 4.3-т “Мөнгөн хадгаламжийн гэрээ нь хадгаламжийн дэвтэр, сертификат зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу түүнийг бичгээр хийнэ” гэж заасан.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.2-т “Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг тусгана”, 454.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон хуульд заасан бусад арга хэрэгслийг ашиглан бичгээр байгуулна”, 454.4-т “Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй” байхаар тус тус заасан байдаг билээ.

Тайлбар нотолгоо. Иргэн Р.Бат-Эрдэнэ би Тээвэр хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу мөнгөө хадгалуулан хүү бодуулан авсан болно. Гэрээгээ хуулийн дагуу хугацаанаас нь өмнө цуцлуулсан бөгөөд үүнийг тус банкны ажилтнууд нь хадгаламжийн дэвтэрт заасан хэмжээгээр Хүүг бодон гэрээг цуцлан хүүний буцаалтыг мөн үйлдсэн болно. Энэ нь хадгаламжийн дэвтэр, цуцлагдсан хадгаламжийн хүүний буцаалт зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа билээ.

Түүнчлэн тухайн үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс Тээвэр хөгжлийн банкны гүйлгээ хийсэн ажилтнуудад эрүү үүсгэн шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж 21040219 тоот хэргийг прокурор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Мөн хохирол төлүүлэх тухай Тээвэр хөгжлийн банкны гомдлыг Нийслэлийн шүүхийн Иргэний танхимын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 207 тоот магадлалаар эд хөрөнгийн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Иймд эдгээр ажилтнууд нь хууль дүрмийнхээ дагуу ажиллаж  гэрээний дагуу иргэн Р.Бат- Эрдэнэ надад хүү бодож мөнгийг нь буцаан олгосон байна.

            Нотлох баримт. Иргэн Р.Бат-Эрдэний хадгаламжийн дэвтэр Дансны хуулга 01.01.08 Кассын зарлагын ордер, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, Нийслэлийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 207 тоот магадлалаар нотлогдоно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж. төлбөр тооцоо зээлийн уйл ажиллагааны тухаи хуулиин 5 дугаар зүйлийн 5.8-д “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно.” гэж заасан байдаг боловч иргэн Р.Бат-Эрдэнэ надтай Тээвэр хөгжлийн банк гэрээ байгуулж миний хадгалуулсан мөнгөнд сарын 1.6 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцож үүнийгээ хадгаламжийн дэвтрийн гэрээний нэмэлт нөхцөл дээр бичсэн байгаа.

Харин хугацаанаасаа өмнө гэрээг цуцлуулсан тохиолдолд хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулахаар хуульд заасан бөгөөд ийм зүйлийг 2 тал харилцан тохиролцоогүй бөгөөд хүүг бууруулах талаар Хадгаламжийн дэвтрийн Хадгалуулагчийн эрх үүргийн 1 дүгээр зүйлд ийм зүйл огт байхгүй болно.

Тээвэр хөгжлийн банк нь тухайн үеийн гүйцэтгэх захирал А.Е.Новожилов гэгчийн гарын үсэг бүхий он сар дугаар байхгүй Мөнгөн хадгаламжийн журам, болон загвар гэрээг үндэслэл болгон илүү хүү бодож олгосон гэдэг хууль бус үндэслэл гаргаж ирдэг билээ.

Гэтэл Монгол улсын иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу загвар гэрээгээр иргэнээс хохирол нэхэмжилж болно гэдэг хуулийн заалт огт байхгүй.

Загвар гэрээндээ заачихсан гэж байгаа бол 1997 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Монгол банкнаас баталсан “Банкны эрх зүйн баримт бичгийг хянаж бүртгэх журам”-ын 10,12 дугаар зүйлд заасны дагуу уг загвар гэрээг Монгол банкны хуулийн хэлтсээр хянуулж бүртгүүлэн хүчин төгөлдөр болсон зүйл байна уу. Тэгээгүй бол энэ загвар гэрээ чинь өөрөө хүчин төгөлдөр бус болж байгаа.  

Р. Бат -Эрдэнэ миний бие Тээвэр хөгжлийн банкинд яаж хохирол учруулаад байгаагаа сүүлийн 6 жилийн хугацаанд огт ойлгохгүй байгаа болно. Яаж хохирол учруулсан гэдгээ нотолж чадахгүй байгаа атлаа 6 жилийн турш намайг шүүхэд хариуцагчаар дуудуулж надад сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулж байгаа болно.

Иймд иргэн Р.Бат-Эрдэнэ би хуулийн дагуу мөнгөө хадгалуулж заасан хэмжээний дагуу хүүгээ бодуулан авсан бөгөөд Тээвэр хөгжлийн банкинд ямар нэг хэмжээгээр хохирол учруулж үнэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч Р.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбарыг дэмжиж байна. 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж Тээвэр Хөгжлийн банкинд 229 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй хадгалуулахаар тохиролцсон. 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр банкнаас гэрээг цуцалж болох уу гээд гэрээг цуцлахыг санал болгоход хүүг 1,6 хувиар бодож 3 сарын хүүг 229 000 000 төгрөг дээр нэмж олгосон байдаг. Бат-Эрдэнэ гэрээг цуцлахдаа банкнаас хүүг 1,6 хувиар бодож гэрээг цуцалж болох уу гэж асуухад банк зөвшөөрсөн учраас гэрээг цуцалсан. Хэрэв банк хүүг 1,6 хувиар тооцож гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөөгүй бол Бат-Эрдэнэ гэрээг цуцалж, хадгаламж дах мөнгийг буцаан  авахгүй байсан. Тухайн үед гүйлгээг хариуцаж ажиллаж байсан Чинсанаа, Наранжаргал, Отгонбат нар мөнгийг шилжүүлсэн тул Бат-Эрдэнийг хариуцагчаар татаж байгааг үндэслэлгүй гэж бодож байна. Мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулиар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тохиолдолд гэрээнд заасан хувь  хэмжээгээр хүүг бууруулах боломжтой тухай зохицуулсан. Гэрээнд хүүг ямар хэмжээгээр бууруулна гэж заасныг судлахад талуудын хооронд байгуулагдсан баримт бичиг, гэрээ хэрэгт байдаггүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдохгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч үүргээ биелүүлж нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хуульд заасан мөнгөн хадгаламжтай холбоотой гэрээний үүргийн асуудлыг хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр хэлбэрээр байгуулж болохыг зохицуулсан байдаг. Хэрэгт Бат-Эрдэнийн нэр дээрх хадгаламжийн дэвтэр авагдсан байдаг. Уг дэвтэрт Р.Бат-Эрдэнийн хадгалуулсан  мөнгөнд 1,6 хувиар бодож хүүг тооцохоор тохиролцсон. Хадгаламжийн дэвтрийг үндэслэвэл Бат-Эрдэнэ авах ёстой мөнгийг авсан. Банкны хувьд шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Банк Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авч бодит үйлдлээр гэрээг цуцалсан. Хэрэв банк Бат-Эрдэнийг илүү мөнгө авсан гэж үзэж байгаа бол хариуцагч Отгонбат, Наранжаргал, Чинсанаа нараас мөнгийг нэхэмжлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Наранжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Миний бие “Тээвэр хөгжлийн банк”-ны нэхэмжлэлтэй иргэн Д.Наранжаргалд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд “Тээвэр хөгжлийн банк”-ны 2015 оны 06 сарын 04-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулсан гэх утга бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

             Д.Наранжаргал нь 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны Харилцагчийн үйлчилгээний газрын Гүйлгээний албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон уг албан тушаалд ажиллаж байсан О.Отгонцэцэгийн ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Тухайн ажил үүргийг гүйцэтгэх үед Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2009 оны 03 сарын 12-ны өдрийн 9/77 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэсэн.

              Дээрх ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 20-д “салбар нэгжид 7 хоног бүр шалгалт хийн, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж гүйлгээний баримтуудыг шалган баталгаажуулан шалгалтын актыг удирдлагад танилцуулна” гэсэн ажил үүргийн хуваарийн дагуу Д.Наранжаргал ажиллаж байсан бөгөөд өдөр тутмын гүйлгээ бүрийг нэгбүрчлэн хянах ажил үүргийн хуваарьгүй байсан байдаг.

              Харилцагчийн үйлчилгээний газрын бүх гүйлгээг хянах үүрэг хүлээсэн “хянагч” гэсэн албан тушаалд ажиллаж байсан Ц.Чинсанаагийн ажлын байрны тодорхойлолтын 2 дах зүйл буюу “албан тушаалын /ажлын байрны/ зорилго” гэсэн хэсэгт “тус банкаар үйлчлүүлж буй нийт харилцагчдын гүйлгээ нь мөрдөгдөж буй хууль, дүрэм, заавар журмын дагуу хийгдэж буй эсэхэд дараалсан давхар хяналт тавих замаар үүсч болзошгүй алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт үүссэн зөрчлийг арилгахад уг ажлын байрны үндсэн зорилго оршино” гэж хянагч Ц.Чинсанаагийн эрхэлж байсан албан тушаалын зорилгыг тодорхойлсон. Мөн дээрх ажлын байрны тодорхойлолтын 3 дах зүйл буюу “албан тушаалын үндсэн үүрэг” гэсэн хэсэгт “Банкны тухай хууль,хадгаламж, гөлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Нябо бүртгэлийн тухай хууль, Монгол банкны Нябо бүртгэлийн үлгэрчилсэн заавар, Тээвэр хөгжлийн банкны нягтлан бодох бүртгэлийн бодлого, Татварын хууль тогтоомжууд, журам зааврыг үндэслэн Төв болон салбар нэгжүүд дээрх операторууд, нярав хийж буй гүйлгээнд хяналт тавих” гэж ажил үүргийн үндсэн чиглэлийг тодорхойлж өгснөөс гадна уг ажлын байрны тодорхойлолтын 11 дэх зүйл буюу “албан тушаалын онцлог” гэсэн  хэсэгт “Тээвэр хөгжлийн банкны харилцагчийн үйлчилгээтэй холбоотой өдөр тутмын бүх гүйлгээнд хяналт тавих, зөрчил дутагдалгүй ажиллуулах” гэж хянагч Ц.Чинсанаагийн эрхэлж байсан албан тушаалын онцлогийг тодорхойлсон. Эндээс дүгнэхэд нэхэмжлэлд дурьдагдсан Р.Бат-Эрдэнэд холбогдох илүү авсан мөнгөн хадгаламжийн хүү болох 11.236.267 тогрөгний гүйлгээг хянаж баталгаажуулах үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтан нь хянагч Ц.Чинсанаа юм.

             Тээвэр хөгжлийн банкны тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм, журам, зааврын дагуу хянагч Ц.Чинсанаагийн хянасан гүйлгээний үдэж цэгцлэгдсэн нийт кассын баримт, мемориалын баримтыг тухайн өдрийн эцэст “Тээвэр хөгжлийн банкны касс, мемориалын баримт бүрдүүлэх,үдэх,цэгцлэх, хяналт тавих журам” -ын дагуу Санхүү, бүртгэлийн газрын захирал.ерөнхий нягтлан бодогч нар шат дараалан хянах ёстой. Эдгээр албан тушаалтны хянасан баримтыг Банкны Дотоод аудиторын газар тодорхой хугацааны дараа давхар хяналт тавих ёстой гэсэн журам үйлчилж байсан.

            Тээврийн хөгжлийн банк нэхэмжлэлд дурьдагдсан гүйлгээтэй холбоотой асуудлаар Д.Наранжаргал нарт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж уг гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж Д.Наранжаргал нарт холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон байдаг бөгөөд Д.Наранжаргал эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа дээрх гүйлгээтэй холбоотой асуудлаар тайлбар, мэдүүлэг өгсөн.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад Д.Наранжаргал нь нэхэмжлэлд дурьдагдсан Р.Бат-Эрдэнэд холбогдох илүү авсан мөнгөн хадгаламжийн хүү болох 11.236.267 төгрөгний гүйлгээг шууд хянаж баталгаажуулах үүрэг хүлээсэн албан тушаалтан бус бөгөөд зөвхөн гүйлгээний албыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан байдаг.

Иймд Д.Наранжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банк нь хариуцагч Р.Бат-Эрдэнэ, Д.Наранжаргал, Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нарт холбогдуулан илүү авсан мөнгөн хадгаламжийн хүү 11 236 267 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Р.Бат-Эрдэнэ, Д.Наранжаргал, Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нараас татгалзаж, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд бичгээр хүсэлтээ гаргасан тул нэхэмжлэлийг хариуцагч Р.Бат-Эрдэнэ, Д.Наранжаргал нарт холбогдуулан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч Р.Бат-Эрдэнийг хадгаламжийн гэрээний нөхцлийг зөрчиж, хугацаатай хадгаламжийн гэрээ дуусаагүй байхад гэрээгээ цуцлаж, хүүгээ бодуулахдаа хугацаатай мөнгөн хадгаламжийн хуримтлагдсан хүүг гэрээний дагуу хасч тооцоогүй, илүү олгосон байхад буцаан өгөөгүй, мөн хариуцагч Д.Наранжаргал нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлж хяналт тавиагүйгээс мөнгөн хадгаламжийн хүү илүү бодогдож банкинд хохирол учирсан тул хариуцагч нараас илүү олгогдсон мөнгөн хадгамжийн хүү болох 11 236 267 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч Р.Бат-Эрдэнэ нь хадгаламжийн дэвтэрт бичигдсэн гэрээний нөхцлийн дагуу хүүгээ бодуулж авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Д.Наранжаргал нь мөнгөн хадгаламжийн гүйлгээг шууд хянаж баталгаажуулах үүрэг хүлээсэн албан тушаалтан биш, зөвхөн гүйлгээний албыг удирдан зохион байгуулах үүрэгтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

 

Нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банк, хариуцагч Р.Бат-Эрдэнэ нар нь 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 229 000 000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар хадгалуулахаар 221611000958 тоот данс нээж, хадгаламжийн дэвтэр олгогдсон болох нь хэрэгт авагдсан Р.Бат-Эрдэнийн хадгаламжийн дэвтэрийн хуулбарууд, Тээвэр хөгжлийн банкны дансны хуулга, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна. /хэргийн 21-26-р хуудас/

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.3-т “мөнгөн хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон хуульд заасан бусад арга хэрэгслийг ашиглан бичгээр байгуулна” гэж зааснаар зохигч талууд данс нээж, хадгаламжийн дэвтэр олгогдсон үйл баримтын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээ хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаатайгаар байгуулсан тул Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 8-д “хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно” гэж зааснаар хариуцагчтай хугацаанаас өмнө цуцласан тул хугацаат чанараа алдаж гэрээ байгуулсан 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 0,3 хувиар хүү тооцож, илүү хуримтлуулсан хүүг банк буцаан авна гэж тохиролцсон гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно гэсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-т “хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцлаж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй” гэж зааснаар хадгалуулсан 229 000 000 төгрөгийг хүүгийн хамт буцаан авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, мөн хугацаанаас өмнө цуцласан тохиолдолд хугацаат чанараа алдаж, хүүг 0,3 хувиар тооцно гэж тохиролцоогүй гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 8/100 тоот Тээвэр хөгжлийн банкны захирлын тушаал, уг тушаалын хавсралтаар батлагдсан Хадгаламжийн бүтээгдэхүүн буюу хаврын хадгаламж, 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/101а тоот Захирлын тушаал, 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 8/100а тоот Захирлын тушаал, уг тушаалын хавсралтад заасан Хадгаламжийн бүтээгдэхүүн буюу хаврын хадгаламжийн тусгай нөхцөлт гэрээний 2.5, Мөнгөн хадгаламжийн гэрээний 2.6, Тээвэр хөгжлийн банкны мөнгөн хадгаламжийн журмын 9-д тус тус хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалуулагчийн өөрийнх нь хүсэлтээр хугацаанаас өмнө цуцалбал уг хадгаламжийн хүүг гэрээ байгуулсан өдрөөр хугацаагүй хадгаламжийн хувиар тооцно гэж заасан байна. /хэргийн 8-20-р хуудас/

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-д “хадгалагч мөнгөн хадгаламжийн хүү, хугацааг нийтэд зарлах бөгөөд уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хадгалуулагч мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгөө хадгалуулна” гэж зааснаар уг гэрээний нөхцлүүдтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг баримтуудтай танилцаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргасан.

 

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д “мөнгөн хадгаламжийн гэрээ нь хадгаламжийн дэвтэр, сертификат зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу түүнийг бичгээр хийнэ” гэж заасан боловч нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банк нь хариуцагч Р.Бат-Эрдэнэтэй бичгээр гэрээ байгуулаагүй, хэрэгт ирүүлсэн Мөнгөн хадгаламжийн гэрээ, Хаврын хадгаламжийн тусгай нөхцөлт гэрээнд хэн аль нь гарын үсэг зураагүй байх тул шүүх талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээ нь хадгаламжийн дэвтэр олгогдсоноор үүссэн гэж дүгнэсэн болно.

Иймд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.2-д хадгаламжийн дэвтэр буюу мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг тусгахаар заасан байна.  

Хэрэгт авагдсан Рословын Бат-Эрдэнийн дансны №221611000958 тоот хадгаламжийн дэвтэрийн гэрээний нөхцөлд “эхлэх хугацаа 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, дуусах хугацаа 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, мөнгөн дүн 229 000 000 төгрөг, сарын хүү 1,6 хувь” гэж заасан /хэргийн 21-р хуудас/ байх тул хариуцагчийн хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалуулагчийн өөрийнх нь хүсэлтээр хугацаанаас өмнө цуцалбал уг хадгаламжийн хүүг гэрээ байгуулсан өдрөөр хугацаагүй хадгаламжийн хувиар тооцно гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 8-д “хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно” гэж заасан боловч талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээ буюу хадгаламжийн дэвтэрт мөнгөн хадгаламжийн хүүг бууруулах талаар заагаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчтэй Хадгаламжийн бүтээгдэхүүн буюу хаврын хадгаламжийн тусгай нөхцөлт гэрээ, Мөнгөн хадгаламжийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан талаараа нотлоогүй тул хариуцагч Р.Бат-Эрдэнийг мөнгөн хадгаламжийн хүү 11 236 267 төгрөгийг илүү авсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаад хариуцагч Д.Наранжаргал нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлж хяналт тавиагүйгээс мөнгөн хадгаламжийн хүү илүү бодогдож банкинд хохирол учирсан  нь түүний хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, мөн Р.Бат-Эрдэнийн хадгаламжийн дэвтрийн хуулбар, банкны дансны хуулгаар тус тус нотлогдоно гэсэн.

Хариуцагч Д.Наранжаргал нь мөнгөн хадгаламжийн гүйлгээг шууд хянаж баталгаажуулах үүрэг хүлээсэн албан тушаалтан биш, зөвхөн гүйлгээний албыг удирдан зохион байгуулах үүрэгтэй ажиллаж байсан, мөн шүүхийн шийдвэрээр буруугүй болохыг тогтоосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Д.Наранжаргал нь нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банкинд Хөдөлмөрийн гэрээ байгуулан гүйлгээний албаны даргаар ажиллаж байсан талаараа маргаагүй боловч хэрэгт 2010 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, мөн 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ажлын байрны тодорхойлолтыг ирүүлжээ. /хэргийн 115-121-р хуудас/

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ”, 135 дугаар зүйлийн 135.3-д “ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэж заасан байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч Д.Наранжаргалыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан гэж тайлбарласан боловч хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг зөрчсөн талаар баримтаар нотлоогүй, 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн хадгаламжийн гүйлгээг алдаатай байсныг илрүүлээгүй, хяналт тавих үүргээ зөрчсөн гэж тайлбарласан боловч хэрэгт 2010 оны Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг ирүүлсэн байх тул түүнийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банкны хариуцагч Р.Бат-Эрдэнэ, Д.Наранжаргал нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нарыг хамтран хариуцагчаар татсан боловч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас тэдэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, татан авах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар хариуцагч Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Д.Наранжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж нь шүүх хуралдаан давхацсаны улмаас шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт ирүүлсэн боловч хүсэлтэд хавсарган ирүүлсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд шүүх хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон, Тээвэр хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, Р.Бат-Эрдэнэ, Д.Наранжаргал, Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 9 цаг 00 минутад товлон зарлагдсан байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                    ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.2, 454.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тээвэр Хөгжлийн банкны хариуцагч Р.Бат-Эрдэнэд холбогдуулан гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Наранжаргалд холбогдуулан гаргасан 11 236 267 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хариуцагч Ц.Чинсанаа, Ч.Отгонбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН