| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1275/Э |
| Дугаар | 1298 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 1298
2019 08 15 2019/ШЦТ/1298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ц.Гантулгабат /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б, Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Д.С нарт холбогдох эрүүгийн 1906 03746 1623 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Б.Б,
2. Монгол улсын иргэн, Д.С
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Б.Б, Д.С нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” баарны гадаа хохирогч Б.Төрболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: Хэргийн талаар дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Төрболдын өгсөн: ...Тус өдөр би найз болох Дамдингомбо болон түүний найз охинтой 16 цагийн үед уулзаад такси барин 16-р хороололд байрлах Чингис караокед очсон. Ингээд бид хэд пиво ууж эхэлсэн бөгөөд 19 цаг хүртэл хүний 4 шил пиво уусан. Удалгүй хоол идэхээр гарсан бөгөөд гадаа гараад байж байтал үл таних 2 залуу өдөж хоргоогоод эхэлсэн. Ингээд манай найз Дамдингомбыг тэр 2 залуу барьж аваад зодоод байхаар нь би салгах гэтэл намайг бас зодсон бөгөөд удалгүй цагдаа иртэл үл таних 2 залуугийн нэг нь зугтаагаад нөгөөх нь худлаа ухаан алдаад уначихсан. Ингээд бид хэдийг цагдаагийн газар аваачсан. Миний нүүр хавдаж хамарнаас цус гаран муруйсан байсан. Мөн зүүн хөмсөгний дээд хэсэг язарсан, цээж зулгарч хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,
- Хохирогч Э.Төрболдын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 83 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Наранцэцэгийн өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би ажил дээрээ байж байхад манай ажилладаг байсан Ба буюу бид нар Содоо гэж дууддаг залуу ганцаараа орж ирэн надаас 3 шил “Нийслэл” пиво зээлээд 8-р ширээн дээр ууж байсан бөгөөд ширээнүүд дүүрэн хүнтэй байсан учраас гаднаас орж ирсэн 1 үйлчлүүлэгчийг Содоогийн ширээнд шахаад суулгасан. Мөн 1-р ширээнд үл таних 2 залуу 1 эмэгтэйтэй хамт гурвуулаа пиво ууж суусан. Ингээд тэр гурав 19 цагийн үед гараад явсан бөгөөд удалгүй Содоо болон шахаж суусан залуу 2 хамт араас нь гараад явсан. Ингээд би 1-р ширээн дээр сууж байсан хүмүүсээс 9000 төгрөг аваагүй мартаад гаргасан учраас араас нь гарсан. Тэгээд гадагш гартал 1-р ширээнд сууж байсан 2 залуу нь нүүр ам нь нилээн их цус гарчихсан байж байсан. Харин 8-р ширээн дээр сууж байсан үл таних залуу газар татаад уначихсан байсан бөгөөд Содоо алга болсон байсан. Ингээд би мөнгөө аваад ажил руугаа орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7905 дугаартай шинжээчийн:
1. Э.Төрболдын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг, хоёр зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Бын: ...2019.06.23-ны өдөр би найз Д.Сын хамт 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах “Чингис” караокед хүний 5 шилийг уугаад нилээн согтсон. Ингээд гадаа тамхи татахаар бид 2 гараад байж байтал үл таних 2 ах, 1 эгч явж байгаад зөрөхдөө мөрөөрөө шүргэлцсэн. Тэгэхээр нь Д.С бид 2 тэр хүмүүс рүү яаж яваад байгаа юм бэ эвтэйхэн яваач гэсэн. Тэгтэл өндөр ах нь намайг яасан дүү, яагаад байгаа юм гэхээр нь шууд цохисон бөгөөд Д.С хажуу талд бүдүүн ахыг мөргөөд цохисон. Ингээд бид хэд салаад заа больё, уучлаарай гээд би тэр хүмүүст хэлтэл үгүй цагдаа дуудна гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл дахиад нэг мөсөн зодолдъё гээд дахин зодоон үүссэн бөгөөд би хэсэг зодолдож байгаад болимоор санагдаад тэндээс яваад өгсөн. Харин Д.Саа тэр хоёртой зодолдоод үлдсэн. Би эхлээд өндөр ахыг цохисон, дараа нь намхан Төрболд гэх ахыг араас нь татаад нүүрний баруун хэсэг рүү нь 2, 3 удаа гараараа цохисон. Харин Д.С өндөр ахыг цохиогүй бөгөөд намхан Төрболд гэх ахыг нилээн удаан зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Сын: ...Би 2019.06.23-ны өдөр найз Бын хамт Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах “Чингис” пабад хүний 5 шил пиво уугаад нилээн согтсон. Ингээд бид 2 гадагш гараад тэр газрын хажууханд тамхи татаж байсан. Ингээд байж байтал хажуугаар зөрсөн 2 ах, 1 эгчтэй мөргөлдсөний улмаас марагалдан муудалцсан. Ингээд манай найз Ба өндөр туранхай ахтай муудалцаад би намхан бор ахтай зодолдсон. Удалгүй цагдаа ирэх сургаар би Быг явуулсан бөгөөд цагдаа ирэн үлдсэн хүмүүсийг аваад явсан. Би намхан бор ахтай л зодолдсон. Өндөр ах руу нь ойртоогүй. Намхан ахыг толгойгоороо хамар руу нь 1 удаа мөргөсөн, бусад зүйлсийг их хэмжээгээр согтсон байсан болохоор сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б.Б, Д.С нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45, 47, 51-53, 55-61, 62, 63, 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б, Д.С нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” баарны гадаа хохирогч Б.Төрболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.Төрболд, гэрч Г.Наранцэцэг, яллагдагчаар өгсөн Б.Б, Д.С нарын мэдүүлэг мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7905 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б, Д.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Төрболд нь өөрт учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтээ бичгээр гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгч Д.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Бын хувьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна. /хх-н 55-61 дүгээр тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 473 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Б.Бад мөн хуульд заасан журмын дагуу ял оногдуулж шийдвэрлэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно…гэж, мөн хэсгийн 2.2 дахь заалтад ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино хэмээн хуульчилсан байх тул Б.Бад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногт шилжүүлэн тооцоход 40 хоног буюу 1 /нэг/ сар 10 /арав/ хоног болж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б, Д.С нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Байгалмаагийн Ба, Д.С нарыг тус тус 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ст оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Бад өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон сольж, 40 хоног буюу 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бад 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ