Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0012

 

2020.12.25-ны өдөр 221/МА2021/0012

 

 

 

 

 

 

 

 

 

  Б.Э-ний нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, М.С, хариуцагч Ц.Э, хариуцагч Ц.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Э-ний нэхэмжлэлтэй, Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, М.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 561 дүгээр шийдвэрээр: Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.9, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Төлбөрийн акт тогтоох тухай” №01/80САГ-2019/17/СТА/ЗГТС дугаар актын Б.Э-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар давж заалдах гомдолдоо: Үндэсний Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Төлбөрийн акт тогтоох тухай” №01/80САГ-2019/17/СТА/ЗГТС дугаар бүхий төлбөрийн акттай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-с 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Акт хянуулж, хүчингүй болгуулах тухай”, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Шалгалтын материал авах тухай” хүсэлтийг тус тус ирүүлж, Үндэсний аудитын газраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/1979 дугаар албан бичгээр “...Үндэсний аудитын газраас гаргасан дээрх акт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй...” талаар хариу өгсөн.

Мөн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан ба Үндэсний аудитын газраас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1174 тоот албан бичгээр “...өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй...” талаар мэдэгдсэн болно. Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацаанд гомдол гаргах эрхээ алдсан гэж хариуцагч талаас үзэж байна. Учир нь захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдол гаргасан талаарх үйл баримт нотлогдоогүй.

Нэхэмжлэгч нь Үндэсний Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Төлбөрийн акт тогтоох тухай” №01/80САГ-2019/17/СТА/ЗГТС дугаар бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дэх хэсгийн аль хэсгийг зөрчсөн талаар тодорхой дурьдаагүй. Мөн нэхэмжлэгчээс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус актын Б.Э-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүх хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8 дахь заалтыг зөрчиж, хуулийн шаардлагад үл нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 1.1-т зааснаас үзэхэд тус хууль зөвхөн Монгол Улсын дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчдын нийгмийн баталгааг хангахтай холбоотой харилцаанд үйлчлэхээр харагдаж буй” гэж зөв дүгнэсэн атлаа тус хуулийн 3.1.5, 8.7, 8.9-д зааснаар сургалтын зээлд сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын аль алийг нь оруулан тооцож буюу багтааж болохоор хуульчилсан байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.2-т заасны дагуу шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хангалттай шалгаан болж байна.

Учир нь Засгийн газраас жил бүр тогтоол гарч хэрэгжсэн байдаг. Үүнээс 2013 онд Засгийн газрын 271 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд тус тогтоолын 2.3-д “Сургалтын зээлд сургалтын төлбөр болон амьжиргааны зардал багтана”, 2.6-д “Сургалтын төлбөрийг суралцагчийн суралцаж буй их сургуулийн дансанд тус тус шилжүүлнэ” гэж заасан байдаг. Харин Засгийн газраас 2014 онд 71 дүгээр тогтоолыг батлан гаргасан бөгөөд тус тогтоолын 2-т “Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-д дараах өөрчлөлтийг оруулсугай” гээд 2.1-т “журмын 2.3 дахь хэсгийг сургалтын зээл нь сургалтын төлбөр байна” гэж өөрчлөх, 2.2-т “журмын 2.6 дахь хэсгийн “...амьжиргааны зардлыг суралцагчийн дансанд тус тус” гэснийг хасах гэж заасан. Мөн Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолын 2.3-д “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна. Энэ журамд заасан гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрт суралцаж байгаа сургуулиас нь нэхэмжилсэн хичээлийн багц цагийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, гадаад суралцагчийн хураамж, номын сангийн үйлчилгээний төлбөр хураамжийг оруулан тооцно гэж заасан ба энэ заалтад Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор нэмэлт орсон байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4-т заасны дагуу хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3.1.5-д “Сургалтын зээл” гэж Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу элсэн суралцаж байгаа иргэний сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу зарим хэсгийг санхүүжүүлэхэд зориулан хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох зээл гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад зарим хэсгийг санхүүжүүлэхэд Засгийн газраас тогтоосон журмыг баримталж ажиллахаар байна.

Улмаар хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл олгож болно” гэж заасан нь Засгийн газраас тогтоосон журмыг баримталж ажиллах талаар тодорхой дурджээ. Гэвч анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх хангалттай шалтгаан болж байна.

Маргаан бүхий актын төслийг Болвсролын зээлийн сангийн удирдлагад танилцуулж, тайлбар санал авсны үндсэн дээр шийдвэрээ гаргасан бөгөөд энэхүү актыг Боловсролын зээлийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.А, Ерөнхий нягтлан бодогчийн түр орлон гүйцэтгэгч Б.Б нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-д 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сонсох ажиллагааг явуулж, тайлбар санал гаргах боломжоор хангаснаар Төрийн аудитын байгууллагаас субъектийн оролцооны бүрэн эрхийг хангасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бид Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд аудит хийж, илэрсэн зөрчлийг тогтоож, түүнийг арилгуулах арга хэмжээ авсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэргэсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий зарим нотлох баримтууд хуулийн шаардлага хангаагүй, давж заалдах шатны шүүх үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Б.Э-нээс “Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Төлбөрийн акт тогтоох тухай” №01/80САГ-2019/17/СТА/ЗГТС дугаар актын Б.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

Маргаан бүхий актын 2 дахь хэсэгт “Б.Э-д 2017-2018 оны сургалтын төлбөрт 24,994 ам.доллар шилжүүлэхээс 13,540.83 ам.доллар /гүйлгээ хийсэн өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 32,823,163.91 төгрөг/-ийн илүү буюу нийт 38,534.83 ам.доллар шилжүүлсэн” гэж холбогдох этгээдээр нөхөн төлүүлэхээр тогтоосон.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “сургалтын зээл” гэж Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу элсэн суралцаж байгаа иргэний сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу зарим хэсгийг санхүүжүүлэхэд зориулан хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох зээл” гэж заасан байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор батлагдсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам-ын 2.3 дахь хэсгийг “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна” гэж өөрчилж, 2.6 дахь хэсгийн “амьжиргааны зардлыг суралцагчийн дансанд” гэснийг тус тус хасаж, сургалтын зээл гэх ойлголтоос амьжиргааны зардлыг хасаж, уг тогтоолыг 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс эхлэж дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэж хуульчилсан байна. Гэтэл хариуцагчаас “Боловсролын зээлийн сангаас 2016-2018 онуудад Дэлхийн шилдэг их сургуулиудад суралцаж буй зарим суралцагчдад сургалтын зээлийг олгохдоо эрүүл мэнд, байр болон холбогдох бусад зардлуудыг сургалтын төлбөрийн хамт илүү олгосон” гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан анхан шатны баримт гэх гадаад хэл дээрх баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, 8.4-д “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна” гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл хэргийн /48-49, 140-142, 145-146, 154-157 талуудад авагдсан баримтууд/-ыг шүүхээс дүгнэх боломжгүй.

Харин нэхэмжлэгч Б.Э нь “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу сургалтын төлбөрт 24,994 ам.доллар шилжүүлэхээс 13,540.83 ам.доллар илүү шилжүүлсэн гэх үйл баримт хэрэг цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс “амьжиргааны зардлыг хувиасаа гаргасан” гэж тайлбарлан маргаж байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодруулж, холбогдох баримтыг цуглуулах байжээ.

Иймд шүүх гадаад хэл дээрх баримтыг үндэслэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН