Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 752

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Л.Б ,

Хариуцагч: Зэвсэгт хүчний Жанжин штаб

Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, одоо ажиллаж байгаа дивизон захирагчийн цалингийн дүнгээр тооцож, одоогийн хуулийн дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Л.Б  нь 1961 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дунд говь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 1969-1979 онд 10 жилийн сургууль, 1979-1983 онд Зөвлөлт холбоот улсын Одесс хотын Цэргийн дээд сургуулийн артиллерийн мэргэжлээр суралцаж дэслэгч цолтой төгссөн. 1983-1986 онд Зүүнбаянд АА-н 207 дугаар ангид салаан захирагч, 1986-1987 онд Зүүнбаянд АА-н 126 дугаар нэгтгэлийн Артиллерийн тагнуулын дарга, 1987-1992 онд АА-н 120 дугаар ангийн Дивизоны штабын дарга, 1992-1996 онд АА-н 120 дугаар ангийн Дивизоны захирагчаар тус тус ажиллаж байсан.

Зэвсэгт хүчинд 17 жил, 1 сар ажиллаж хошууч цолтойгоор Цэргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын комиссын шийдвэрийг дагуу биеийн эрүүл мэндийн улмаас Батлан хамгаалах яамны сайдын 1996 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 472 тоот тушаалаар бэлтгэлээр халагдсан болно. 

Тухайн үед Батлан хамгаалах яамны сайдын тушаал болон АА-н 120 дугаар ангийн удирдлага, боловсон хүчний ажилтны буруутай үйлдлээс өвчний учир бэлтгэлээр халагдсан гэж тушаал гарсан боловч 1994 оны “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтад тэтгэмжийн талаар огт дурдаагүй байсан. 

Дээрх тушаалын дагуу бэлтгэлээр халагдаж өвчний учир 1998-2006 онд гадаадад эмчлүүлж, эмчилгээ, амьжиргааны төлбөрийн төлөө ажиллаж байгаад хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарсан. 

2016 оны 11 дүгээр сарын 30-нд АА-н 120 дугаар ангид хамт ажиллаж байсан одоо Зэвсэгт хүчний Жанжин штабын хүний нөөцийн албанд ажиллаж буй хурандаа Б******* нь цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай ярихад биеийн эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас бэлтгэлээр халагдахад нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан байгааг эрх үүрэг бүхий хүнээс мэдсэн. 

Ингэж мэдсэн өдрөөс 14 хоногийн дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу цэргийн биеийн эрүүл мэндийн улмаас бэлтгэлээр халагдсан бөгөөд тухайн үед гадаадад хэвтэн эмчлүүлж байсан тул 18 сартай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авахыг хүссэн холбогдох материалыг бүрдүүлэн хүсэлт өргөдлөө Зэвсэгт хүчний Жанжин штабт гаргасан болно. 

Одоогийн мөрдөгдөж байгаа 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт хандан нэг удаагийн тэтгэмж олгохыг хүссэн хүсэлтэд 2017 оны 05 дугаар сарын 02-ны 14/1843 тоот татгалзсан хариу ирүүлсэн. 

Мөн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Батлан хамгаалах яамны сайдад энэ тухай гомдол гаргасан боловч 2017 оны 06 дугаар сарын 06-ны Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Б.Алтанхуягаар дамжуулан татгалзсан хариуг авсан болно. 

Л.Б ид 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоос татгалзсан шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан захиргааны байгууллагын татгалзсан үйлдэл байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 1994 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авах нөхцөлийг хангасан. 

Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус. хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Зэвсэгт хүчний хүний нөөцийн даргын албан бичигт дурдсанаар захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалзсан нь хууль бус. 1994 онд батлагдсан хуультай холбогдож гарсан захиргааны хэм хэмжээний акт. Цэргийн албыг 17 жил 1 сарын хугацаанд хаасан хүнд 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох ёстой. Л.Б  Зэвсэгт хүчний жанжин штабт албан хаасан нь үнэн, 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг аваагүй нь үнэн, одоо амьд байгаа, тухайн үед мөрдөгдөж байсан хууль, дүрэм, журмууд одоо ч мөрдөгдөж байгаа нь үнэн. 

Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг баримталж 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох нь хуульд нийцнэ. Л.Б  нь тухайн үед яагаад тэтгэмжээ аваагүй вэ гэхээр 2 жил гаруй хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгээр явж, ажлаа хийгээгүй байж байгаад цэргийн албанаас халагдсан. Хамгийн эхэнд мөрдөгдөж байсан журмын дагуу тайлангаа хэлэлцүүлдэг байсан боловч сүүлийн журмууд дээр энэ шаардлага байхгүй болсон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Зэвсэгт хүчний Жанжин штабын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням шүүх ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Л******* овогтой Б*******ийн Зэвсэгт хүчний Жанжин штабт холбогдуулан гаргасан захиргааны хэргийн нэхэмжлэлтэй танилцаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дараах тайлбарыг хүргүүлж байна. 

Иргэн Л.Б ид одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 18 сарын цалин хөлтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иргэн Л.Б  нь Батлан хамгаалах яамны сайдын 1996 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн н/472 дугаар тушаалаар цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй учир 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бэлтгэлээр халсан. 

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу “Цэргийн албан хаагч биеийн эрүүл мэндээр халагдсан тохиолдолд түүний ажиллаж байсан нөхцөл, ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан алба хаасан 2 жил тутамд 1-2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, “Энэхүү тэтгэмжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 18 сарын цалин хөлсний нийлбэрээс илүүгүй байна” гэж заажээ. 

Биеийн эрүүл мэндээр халагдсан бэлтгэл үүрэгтэнд нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгох эрх зүйн зохицуулалт байхгүй. Учир нь хуулийг буцаан хэрэглэх үндэслэл, журмыг хууль тогтоох байгууллагаас гаргах бөгөөд энэ нь хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль байна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2 удаа гарч байсан бөгөөд тус хуулинд нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг буцаан хэрэглэх зохицуулалт огт тусгагдаагүй. Тиймээс нэг удаагийн тэтгэмжийг зөвхөн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоод тэтгэвэрт гарч байгаа алба хаагчид, эсхүл орон тоо, эрүүл мэнд, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч халагдах үед нь л нэг удаагийн тэтгэмжийг олгоно. 

Иргэн Л.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Б ийг захиргааны хэм хэмжээний акт буюу нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар ажлаас нь халаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн захиргааны байгууллагад гомдлоо гаргах ёстой. Маргаан бүхий захиргааны актыг хэзээ мэдсэн байж болох вэ гэвэл 2005 онд Л.Б  нь хувь тэнцүүлсэн тэтгэврээ тогтоолгосон. 

Тэгэхээр өөрийг нь цэргийн албанаас халсан тушаалыг мэдсэн үеэс эхлэн надад 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоогүй байна гэж захиргааны байгууллагад хандах ёстой. Тухайн үед захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлээгүй байсан боловч иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуульд зааснаар өргөдөл гомдлоо гаргаад, 30 хоногийн дотор шийдвэрлүүлэх боломжтой байсан. Тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй мөртлөө 20 гаруй жилийн дараа одоо ажиллаж байгаа дивизон захирагчийн цалингийн дүнгээр тооцож 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгуулахаар хандсан нь хууль бус. Нэхэмжлэгч Л.Б той хамт эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан хүн Батлан хамгаалахын сайдын хурлаар ороод 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжээ авчихсан. 

Нэхэмжлэгч цэргийн албанаас халагдсанаас хойш 2 жил гаруйн хугацаанд өвчтэй байсан гэж бодоход 3 дахь жилдээ яагаад манайд хандаагүй вэ. Л.Б ид 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоё гээд бодоход төсвийн төвлөрүүлэн захирагчид цэргийн албан хаагчийн тэтгэмжийг нөхөж олгож болохгүй. 2018 онд хэдэн хүнд тэтгэмж олгох ёстой вэ гэдгээр тооцож тухайн жилд төсвийг нь баталдаг. Дээрх төсвийн багцад байхгүй асуудлаар мөнгө гаргана гэвэл төсвийн тухай хуулийг зөрчих сөрөг үр дагавартай. 1996 оны харилцааг зохицуулсан заалт нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт цэргийн алба хаагч эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан тохиолдолд түүний ажиллаж байсан нөхцөл, ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан алба хаасан 2 жил тутамд 1-2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгоно гэж заасан. 

Л.Б  нь 17 жил цэргийн алба хаасан. Тухайн үед 8 жил, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгогдохоор байсан. Нэхэмжлэгчид 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нөхөж олгох хуулийн зохицуулалт байхгүй. 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авахын тулд нэхэмжлэгч цэргийн албанд ажиллаж байх хугацаандаа ямар ажлын үр дүн гаргасан талаараа тайлагнах ёстой. Дээрх тайлангаа гаргаж өгөөгүй нэхэмжлэгчийн буруу. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 зүйлийг буцаан хэрэглэе гэхээр 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нөхөж олгох зохицуулалт байхгүй. Нөхөж олгох асуудал нь зөвхөн тэтгэврийн тухайд яригддаг. 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаартай нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоол байдаг бөгөөд тэтгэмжтэй хамааралгүй. Цэргийн алба хаагч нь цэргийн алба хааж байх хугацаандаа захиргааны байгууллагын болон өөрийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч тэтгэврээ тогтоолгоогүй бол тэтгэврийг тогтоох тухай зохицуулалт цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд байдаг. Өнөөдрийн байдлаар нөхөж олгох боломжтой зүйл нь зөвхөн тэтгэврийн тухайд яригдаж байна. Цэргийн албанаас халагдвал нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэж заасан болохоос нөхөж олгох тухай хуулийн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Л.Б  нь “1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар Л.Б ид биеийн эрүүл мэндээр бэлтгэлээр халагдсан тул 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоогүй Зэвсэгт хүчний Жанжин штабын хариу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан эс үйлдэхүй, хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмж олгохыг Зэвсэгт хүчний Жанжин штабт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  нь шүүх хуралдаанд “18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан Зэвсэгт хүчний жанжин штабын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, одоо ажиллаж байгаа дивизон захирагчийн цалингийн дүнгээр тооцож, одоогийн хуулийн дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх доорх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Л.Б ийг Батлан хамгаалахын сайдын 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн № 472 тоот тушаалаар цэргийн их эмч нарын комиссын магадалгааг үндэслэн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй шалтгаанаар цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халсан байна.

Дээрх 1996 оны № 472 тоот тушаалаар Л.Б ийг цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах үед буюу 1996 онд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-д “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах насны хязгаарт хүрч халагдсан ... тохиолдолд түүний ажиллаж байсан нөхцөл, ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан алба хаасан 2 жил тутамд 1-2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно. Энэхүү тэтгэмжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 18 сарын цалин хөлсний нийлбэрээс илүүгүй байна”, 4-д “Энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгох журмыг Засгийн газар тогтооно” гэсэн зохицуулалт үйлчилж байсан ба дээрх 19 дүгээр зүйлд 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэлт, өөрчлөлт орж, өөрчлөн найруулсан байна. 

Нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой одоогийн хуулийн зохицуулалтуудыг судлан үзвэл: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 7-д “Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэсэн зохицуулалтууд одоо хүчин төгөлдөр үйлчилж байна.  

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг баталсан ба уг журмын 3-д “Тэтгэмжийн хэмжээг тэтгэвэрт гарч байгаа болон халагдсан  офицер, ахлагч нэг бүрээр цэргийн алба хаасан хугацааны тайланг гаргуулан үндсэн анги, байгууллагын санал дүгнэлтийг авч холбогдох сайд, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тогтооно”

Тухайн үед үйлчилж байсан дээрх хууль, журамд ... ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, цэргийн алба хаасан хугацааны тайлан зэргийг гаргуулан авсны үндсэн дээр нэг удаагийн тэтгэмж олгохоор зохицуулснаас үзэхэд уг тайланг гаргах нь цэргийн албанаас халагдаж байгаа алба хаагчийн буюу нэхэмжлэгчийн үүрэг байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон тус хуульд нийцүүлэн гаргасан хуульчилсан актуудыг судлан үзэхэд цэргийн албанаас халагдах үедээ нэг удаагийн тэтгэмж аваагүй албан хаагчид уг нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгохдоо одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу болон одоогийн ажиллаж байгаа дүйцэхүйц албан хаагчийн цалингаар тооцож олгохоор зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг судлан үзэхэд нэг удаагийн тэтгэмж аваагүй албан хаагчид уг нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгохдоо тэтгэмж авах хүсэлт гаргаж байгаа этгээдэд ашигтай нөхцөл байдлыг бий болгосон буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх талаарх хуулийн зохицуулалт байхгүй байна.

Иймд Зэвсэгт хүчний жанжин штабын Л.Б ид нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны ерөнхий хуульд заасан итгэлийг хамгаалах зарчмын дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох ёстой гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байгаа хэдий ч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу болон одоогийн ажиллаж байгаа дүйцэхүйц албан хаагчийн цалингаар тооцож нэг удаагийн тэтгэмжийг олгохоор зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 /2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-т заасныг баримтлан “18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан Зэвсэгт хүчний жанжин штабын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, одоо ажиллаж байгаа дивизон захирагчийн цалингийн дүнгээр тооцож, одоогийн хуулийн дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Л.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                М.БАТЗОРИГ