| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00403/И |
| Дугаар | 243 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-19 тоотод түр оршин суугч, Булган, 5 дугаар баг, Жаргалант модны үйлдвэр 14-10 тоотод оршин суух Гөрөөчин овогт Цэвэлмаагийн Наранг /РД:ГЮ73091601/ архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлхагва гуравдагч этгээд Ц.Наран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Булган, 5 дугаар баг, Жаргалант модны үйлдвэр 14-10 тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 11 хороо, Соёмботын 1-19 тоотод түр оршин суух Гөрөөчин овогт Цэвэлмаагийн Наран /РД:ГЮ73091601/ байнга архидан согтуурдаг байх тул архины албадан эмчилгээнд явуулахаар материалыг шилжүүлсэн тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлстийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Баярлхагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-19 тоотод хадам эх Даариймаагийн хамт оршин суудаг. Ц.Наран нь байнгын архи уудаг, нөхөр нь болох Энхбаясгалан архины эмчилгээнд явсан байгаа тул хадам эхтэй хамт амьдарч байгаа юм. Хадам эхийнхээ тэтгэврийн мөнгөөр нь архи ууж, агсам согтуу тавиад байгаа учир 70 гарсан эх нь хүсэлт гаргасан, мөн байнга худлаа дуудлага мэдээлэл өгдөг, захиргааны зөрчил гаргадаг тул баривчлагдсан. Иймд архи ууж, агсам согтуу тавиад иргэдийн амгалан тайван байдал алдагдуулж, хамт амьдарч байгаа хүний түгшүүрт оруулж байгаа тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ц.Наран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би архи уудаг нь үнэн, гэхдээ агсам тавьдаггүй. Хадам ээжтэйгээ таардаггүй, өөрөө л гудамжаар орилоод байдаг. Би автобус унааны л мөнгө авдаг. Анх удаа архины эмчилгээнд явах гэж байгаа, уг нь Булган явах гэж байсан юм гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь Ц.Наранг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.Наран нь согтуурах, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмнэлгийн дүгнэлтээр /хэргийн 11-р хуудас/ тогтоогдож байх бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчин байнга архидан согтуурдаг, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр агсам тавьж, амгалан тайван байдал алдагдуулсан, 2016 оны 4 дүгээр сарын 14-нд болон 2016 оны 6 дугаар сарын 20-нд тус тус эрүүлжүүлэгдсэн болох нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн торгуулийн хуудасны бүртгэл /хэргийн 12-13-р хуудас/, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Захиргааны зөрчлийн тэмдэглэл /хэргийн 4-р хуудас/, хэсгийн байцаагч М.Баярлхагвын тэмдэглэл /хэргийн 6-р хуудас/, өндөр настан Г.Даариймаагийн хүсэлт /хэргийн 7-р хуудас/, Ц.Наранг асууж авсан тайлбар, Хан-Уул дүүргийн хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд тэрээр сайн дураар эмчилгээ хийлгэхээс зайлсхийж байна.
Иймд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хүлээн авч, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Ц.Наранг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-д зааснаар Гөрөөчин овогт Цэвэлмаагийн Наранг албадан эмчлүүлсүгэй.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэгт зааснаар Ц.Наранг архины эмчилгээний газарт хүргэх ажиллагааг гүйцэтгүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.4-т зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус тус Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН