Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1667

 

 

 

 

 

 

 

  2019        11          05                                 2019/ШЦТ/1667

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

          улсын яллагч Н.Гэрэлмаа,

          шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05865 2220 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Б.Б

          Холбогдсон хэргийн талаар:

Б.Бнь 2019 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбар” нэртэй бааранд иргэн Б.Өгөдэйн савхин хүрэм, бичиг баримт, 380.000 төгрөгтэй түрийвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559.700 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: Тэр өдөр найзуудтай уулзаад гарсан. Тэгээд “Бамбар” гээд баарнаас гарахдаа Б.Өгөдэйн савхин куртикийг аваад гарсан. Дараа нь “Шөлөндө” хоолны газар руу орох гээд явж байтал хохирогчийн найзтай таарсан юм. Ингээд постны цагдаа ирээд, бүртгэж аваад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст очсон гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Өгөдэйн өгсөн: …Би өнөөдөр буюу 2019.09.27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбар” нэртэй бааранд найз Цэрэн-Очир, Ганзориг нарын хамт үйлчлүүлэн гурвуулаа дундаа 0,75 литрийн “Соёрхол” архи аваад 2, 2 хундага татаад сууж байтал 02:00 цагийн орчим сандал дээр тохсон байсан миний хар өнгийн савхин хүрэм, халаасанд нь iphone-7 загварын гар утас, түрийвчтэй бэлэн 380.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болохоор нь баарны ажилчдад хэлсэн чинь цагдаад ханд гэхээр нь би баарнаас эд зүйлсээ хайсан олдоогүй. Тэгээд Банцээлийн кабоны цагдаад очиж хэлэх гээд явж байтал Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Шөлөндө” хоолны газрын орчим бүдүүн, хажуу талын ширээн дээр сууж байсан залуусын нэг нь миний савхин куртикийг өмсөөд явж байхаар нь ардаас нь очоод “хөгшөөн юм асууя, наадах чинь миний савхин хүрэм байна” гэж хэлтэл тэд нар бүгд зугтаахаар нь би нэгийг нь бариад цагдаад өгсөн чинь цагдаагийн ажилтан яваад бусдыг нь барьж аваад миний куртикийг аваад намайг тэр хүмүүстэй хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүр дээр очиж өргөдлөөр ханд гээд нэг таксинд суулгаад явуулсан чинь миний эд зүйлсийг авсан хүмүүс “Сүлд” чуулгын тэнд буугаад ардаасаа үл таних хоёр  найзыгаа дуудаад намайг цохиж зодоод зугтаасан. Би савхин хүрмээ 2019.03-р сарын үед хамаатны эгчээр 380.000 төгрөгөөр хийлгэсэн, iphone-7 загварын гар утсыг хавар хувь хүнээс хуучин гар утас 200.000 төгрөгөөр авч байсан, түрийвчинд байсан 380.000 төгрөгийг орой ээжээс зээлдүүлсэн мөнгөө аваад гарсан юм. Миний гар утасны дэлгэц нь хагарсан, ярьж болдоггүй утас байсан юм. Би эд зүйлсээ нийт 960.000 төгрөгөөр үнэлнэ. Миний эд зүйлсийг авсан хүнийг би дахиж харвал танина...

...Би гар утас алдаагүй. Би тухайн үед гэртээ орхисон байсан. Би гар утсаа халаасандаа хийсэн байсан гэж андуурсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Лхагвасүрэнгийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 20:00 цагийн орчимд МУИС-ийн урд найз Батмөнх, Баттулга, Бат-Эрдэнэ нарын хамт “Цэ” пабад орж хүний 0,5 литрийн шилтэй “Сэнгүр” пиво уугаад 21:00 цагийн орчимд гараад Сансар руу яваад 01:00 цагийн орчимд Сансарын Баянцээлд байрлах “Бамбар” баар руу бид 4 ороод нэг шил “Чингис” нэртэй 0,75 литрийн архи аваад тэр архиа хувааж уугаад 02:00 цагийн орчимд баарнаас гарсан. Баарнаас гараад Баянцээлийн гудамжаар явж байтал 2 залуу бид нарыг дуудаад Бат-Эрдэнийг “чи миний савхин куртик өмссөн байна” гэж хэлсэн. Бид 4 тэр 2 залуутай уулзаад цагдаагийн пост ортол пост руу Бат-Эрдэнэ нөгөө залуутай орсон, би гадаа үлдсэн. Тэд нар гарч ирээд цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгч асуудлаа шийд гэж хэлсэн. Бид нар хэлтэс рүү очиж мэдүүлэг өгөхөөр “Сүлд” чуулгын гадаа очтол маргаан болоод нэг залуу нь намайг араас тэврээд өргөөд газар руу унагаасан. Би хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд бид нар салсан. Бид 4 баруун 4 замын тэнд байрлах “Шөлөндө” орж хоол идчихээд тэндээсээ салсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20 дугаар тал/,

- Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Бийн: 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд Батмөнх, Баттулга, Лхагвасүрэн нарын хамт МУИС-н урд талд байдаг “Цэ” пабад намайг дуудсан. Тэгээд бид нар нэг, нэг шилтэй “Сэнгүр” нэртэй пиво уугаад гараад Сансарын тэнд “Ритм” нэртэй караокед шилтэй “Сэнгүр” нэртэй пиво 2, 2-ыг уугаад гарсан. Тэгээд “Бамбар” нэртэй бааранд ороод бид 4 нэг шил 0,5 литрийн “Чингис” архи, ундаа аваад суусан. Тэгээд ууж дуусаад манай 3 найз түрүүлж гарсан, би араас нь гарахдаа хажуугийн сандал дээр байсан хар савхин куртик аваад гарсан. Тэгээд бид 4 дээшлээд тамхи татаад зогсож байгаад “Шөлөндө” орох гээд уруудаж явж байгаад нэг залуу араас дуудаад  наад өмсөж байгаа хар савхин куртик чинь минийх байна гэсэн. Тэгсэн тэр залуугийн найз нь цагдаа дуудсан. Дотор нь бор өнгийн хэтэвч, хэтэвчин дотор бичиг баримт, банкны карт, 380.000 төгрөг байсан. Намайг хүний юм авсан талаар манай найзууд мэдээгүй. Би өөрийнхөө эд зүйлстэй андуурсан зүйл байхгүй. Тэр мөнгийг маргааш бүгдийг нь үрж дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

- Шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32, 33, 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Бнь 2019 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбар” нэртэй бааранд иргэн Б.Өгөдэйн савхин хүрэм, бичиг баримт, 380.000 төгрөгтэй түрийвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559.700 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Өгөдэй, гэрч Г.Лхагвасүрэн, яллагдагчаар өгсөн Б.Бнарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Өгөдэйд хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй гэдгээ хэргийн материал танилцсан тэмдэглэлдээ дурдсан байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 40 дүгээр тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бэд оногдуулсан 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

        5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ