Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн,

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 15-5 тоотод оршин суух Боржигон овогт Баастын Уламбаярыг /РД:ШБ73091815/ архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонтөгс, гуравдагч этгээд Б.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.                                                                                                                                    

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 15-5 тоотод оршин суух Боржигон овогт Баастын Уламбаярыг /РД:ШБ73091815/ байнга архидан согтуурдаг байх тул архины албадан эмчилгээнд явуулахаар материалыг шилжүүлсэн тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлстийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Отгонтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Уламбаяр нь Нэхмэлийн шар орчмоор буюу Дайчдын хөшөөний хавиар явж байнга архидан согтуурдаг, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг. Тийм тухайн хорооны Засаг дарга болон иргэдээс байнга амгалан тайван байдал алдагдуулдаг, зөрчил гаргаж байгаа талаар хүсэл ирүүлсэн. Мөн Б.Уламбаяр өөрөө архины албадан эмчилгээнд явуулахад татгалзахгүй гэсэн тул архины албадан эмчилгээнд явуулахаар хүсэлт гаргасан. Өмнө нь 3 удаа архины албадан эмчилгээнд явж байсан боловч дахин архидан согтуураад 2016 оны 6 дугаар сарын 27-нд согтуугаар жижгээр танхайрсан тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд  Б.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Архины албадан эмчилгээнд явахад татгалзахгүй, архидан согтуурч согтохоороо агсам тавьдаг нь үнэн. Одоо эмчилгээнд яваад архинаас гарна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь Б.Уламбаярыг  архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Б.Уламбаяр нь согтуурах, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн дүгнэлтээр /хэргийн 7-р хуудас/ тогтоогдож байх бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчин танхайрдаг, архидан согтуурч ар гэрийнхэндээ түгшүүр төрүүлдэг, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр жижгээр танхайрч, эрүүлжүүлэгдсэн болох нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, /хэргийн 4, 8-9-р хуудас/, Б.Уламбаярыг асуусан тайлбар /хэргийн 5-р хуудас/, зөрчил гаргасан этгээдийг албадан саатуулах тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

Мөн Б.Уламбаяр нь урьд архины эмчилгээнд явж байсан боловч албадан эмчлүүлсний дараа согтууруулах ундаа дахин хэрэглэсэн байна.

 

Иймд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хүлээн авч, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Уламбаярыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-д зааснаар Боржигон овогт Баастын Уламбаярыг албадан эмчлүүлсүгэй.

 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэгт зааснаар Б.Уламбаярыг архины эмчилгээний газарт хүргэх ажиллагааг гүйцэтгүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн  нэгдүгээр хэлтэст даалгасугай.

        

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.4-т зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус тус Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.ХУЛАН