| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0155/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 184
2020 01 31 2020/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Д.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н. овогт Д.ийн О.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00259 0170 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баянзүрх дүүргийн оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Н. овогт Д.ийн О..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 31 дүгээр байрны 27 тоот гэртээ эхнэр Ч.А.той архи ууж, агсам тавилаа гэх шалтгаанаар маргалдаж, гараараа гарын бугалга тус газар нь цохиж, толгойг нь сэгсчиж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ч.А.ын өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би найз эмэгтэйчүүдийн хамт гадуур гарсан юм. Тэгээд гэртээ 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04:00 цагийн үед орсон. Би нэлээн согтолттой байсан ба унтаж байсан нөхөр Д.О.ыг дуудаж босгож ирээд, хэрүүл маргаан үүсгэсэн. ...Нөхөр тэсгэл алдаад миний зүүн гарын бугалга хэсэг рүү 2 удаа хүчтэй цохисон, тэгээд толгойг сэгсчсэн бөгөөд дотор муухайрч бөөлжсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1124 дугаартай:
1. Ч.А.ын биед тархи доргилт, 2 бугалганд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “хөнгөн” зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,
- Яллагдагч Д.О.ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө би гэртээ унтаж байхад эхнэр Ч.А. шөнийн 04:00 цагийн үед гэртээ согтуу байдалтай орж ирсэн. Миний хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйлгүй. Ч.А. гэртээ орж ирчихээд над руу агсам согтуу тавиад байхаар нь бид хоёр өрөөндөө 1.5 литрийн монгол айраг байхаар нь хувааж уугаад, хоорондоо ярилцаж суусан. Би Ч.А.ыг амьхандаа агсам согтуу тавиулахгүй, тайвшруулах гэж үзсэн боловч огт тэгэхгүй болохоор нь түүний баруун булчингийн хэсэгт баруун гараараа 2 удаа хүчтэй цохисон, тэрнээс өөр цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.О. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 31 дүгээр байрны 27 тоот гэртээ эхнэр Ч.А.той архи ууж, агсам тавилаа гэх шалтгаанаар маргалдаж, гараараа гарын бугалга тус газар нь цохиж, толгойг нь сэгсчиж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Д.О. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Ч.А. нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол, саналгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.О.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Д.О. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 31 дүгээр байрны 27 тоот гэртээ эхнэр Ч.А.той архи ууж, агсам тавилаа гэх шалтгаанаар маргалдаж, гараараа гарын бугалга тус газар нь цохиж, толгойг нь сэгсчиж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.А.ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1124 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Д.О.ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол, саналгүй, баримтаар нэхэмжилсэн төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.О.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 43 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: шүүгдэгч Д.О.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.О. нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Ч.А. гомдол, саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Д.О.т прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О. нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н. овогт Д.ийн О.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О.ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О.т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.О. нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА