| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0154/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 183
2020 01 31 2020/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч С.Х. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.ийн Х.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903 01392 0040 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1956 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт С.баатар дүүргийн 16 дугаар хороо, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, регистрын дугаартай, Б. овогт С.ийн Х..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Х. нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Дотоод Хэргийн Их Сургуулийн урд автобусны буудлын замд Тоёота Приус-20 маркийн, 06-96 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсч зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.А.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Мөрдөгчөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 11-13/,
- Хохирогч Н.А.ын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Дотоод Хэргийн Их Сургуулийн урд автобусны буудлын замд явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй гарч явтал баруунаас зүүн чиглэлтэй явж байсан Тоёота Приус-20, 06-96 УНБ улсын дугаартай автомашин намайг 3 дугаар эгнээнд явж байхад мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаартай:
1. Н.А.ын биед баруун өлмийн 5-р ясанд сэлтэрсэн хугарал, зүүн шууны цууралт, цус хуралт, тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,
- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай:
1. С.Х. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсч зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн...” гэх дүгнэлт /хх-ийн 44/,
- Иргэний хариуцагч Х.Ганцацралын өгсөн: “...Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч манай аав С.Х.ын өөрийнх нь машин. Даатгал, оношлогоог нь хийлгэчихье гээд би өөрийнхөө нэр дээр авчихсан юм. ...Зам тээврийн ослын улмаас машины толь хугарсан байсан. Тэр тал дээр гомдол, саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Тээврийн Прокурорын газраас С.Х. нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Дотоод Хэргийн Их Сургуулийн урд автобусны буудлын замд Тоёота Приус-20 маркийн, 06-96 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсч зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.А.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд С.Х. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Н.А. нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол, саналгүй, С.Х. нь хохиролд 1.347.000 төгрөг төлсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Х.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: С.Х. нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Дотоод Хэргийн Их Сургуулийн урд автобусны буудлын замд Тоёота Приус-20 маркийн, 06-96 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсч зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.А.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.А.ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээичйн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албан техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт, иргэний хариуцагч Х.Ганцацралын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Х.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол, саналгүй, баримтаар нэхэмжилсэн төлбөргүй боловч С.Х. нь хохиролд нийт 1.347.000 төгрөгийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Х.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 67-71 дүгээр тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: шүүгдэгч С.Х.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Х. нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Н.А. гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул С.Х.т прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Х. нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт С.ийн Х.ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х.ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Х.т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Х. нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА