Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 26-29 тоотод оршин суух, Хар толгойт овогт Өлзийгийн Нямсүрэнгийн /РД: ХП76010418/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 24-2-15 тоотод оршин суух, Барнууд овогт Рэнцэндагвын Баярмаад /РД: ФЖ81052306/ холбогдох,

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн 2016 оны 3 дугаар сар 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Нямсүрэн, хариуцагч Р.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Миний бие иргэн Р.Баярмаатай 2014 оны 6 сард Бэлхийн аманд зуслангийн газар үзэж  явж байхдаа тааралдаж танилцсан. Тэгээд Баярмаа надад Хадат Велла хотхоны  зүүн талын газрыг үзүүлэн эндээс газар авч болно, 7 хоногийн дараа газрын гэрчилгээ нь гарна гэж хэлсэн. 2014 оны 6 сарын 13-ны өдөр ирж 5 сая төгрөгийн хэрэг байна, гэрчилгээнүүдээ гаргах гэсэн чинь хураамж төлөх болоод байна гэснээр миний бие 5 сая төгрөгийг өгсөн юм. Түүнээс хойш 7 хоногийн дараа одоо яг гарна 10 сая төгрөг дутаад байна. Мөнгөний барьцаа болгож, Чойжил Эрдэнэтуулын газар өмчлөх гэрчилгээг эх хувиар нь 2 ширхэг гэрчилгээг барьцаанд тавин үлдээе гэснээр 10 сая төгрөгийг зээлдүүлсэн юм. Түүний дараа нилээд хэдэн гэрчилгээний хуулбар авчран ийм их газар байна гэж үзүүлээд мөнгөндөө битгий санаа зов гэж гэрчилгээний хуулбараа үлдээн явсан. Түүнээс хойш маргааш маргааш гэж явсаар жил шахам хугацаа болоход хариуцагч нь нэг ч төгрөг буцааж төлөөгүйгээр барахгүй миний бизнесийн үйл ажиллагаанд ч хохирол учирч байна.

Бусдын газар эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэж намайг хуурч мэхлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 15 сая төгрөгийг Р.Баярмаагаас гаргуулан авахыг нэхэмжлэн шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  иргэн миний эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.

Бид маргаанаа эвийн журмаар шийдвэрлэж, эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү. Би бичиг баримтаа бүгдийг газрын албанд өгсөн байгаа учраас мөнгө гаргуулах шаардлагагүй болсон гэв.

 

Хариуцагч Р.Баярмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Р.Баярмаа миний бие нь иргэн Нямсүрэнгээс 10 000 000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд өөрийн мөнгөний хамт “Master shoes” гутлын салоны захирал Зоригтбаатарт газар авахаар өгөн алдаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгөн эрүү үүсгэн шалгуулж байгаа болно. Иргэн Зоригтбаатар нь 5 дугаар сардаа багтааж Нямсүрэнд газрын эзэмших эрхийг нь шилжүүлж өгөн хохиролгүй болгож өгнө гэж тохиролцсон. Иймд иргэн Нямсүрэнг хохиролгүй болохоор болж байна.

Бид эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж өгнө үү. Маргаанаа харилцан тохиролцож эвийн журмаар шийдвэрлэсэн. Би нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн 20 дугаар Сэлбэ зусланд байрлалтай 1400 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр болсон. Нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн, хэрвээ газрын гэрчилгээ ямар нэгэн шалтгааны улмаас гарахгүй байх юм бол 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгнө гэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

“1.1 Нэхэмжлэгч Ө.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Р.Баярмаад холбогдуулан гаргасан 15 сая төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч дараах нөхцлөөр эвлэрч байна.

“2.1. Нэхэмжлэгч Ө.Нямсүрэнгийн нэхэмжилсэн 15 000 000 төгрөгийн оронд тооцуулах нөхцлөөр хариуцагч Р.Баярмаа нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлалтай 1400 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр Сүхбаатар дүүргийн газрын албанд 2016 оны 7 сарын 04-ний өдөр хандсан.

2.2.Энэхүү гэрээний 2.1-д заасан газрын гэрчилгээ Сүхбаатар дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч Ө.Нямсүрэнгийн нэр дээр гарснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсанд тооцно.

2.3.Энэхүү гэрээний 2.1 болон 2.2-т заасан нөхцлөөр дээр дурдсан  газрын гэрчилгээ Ө.Нямсүрэнгийн нэр дээр ямар нэг шалтгаанаар шилжин гарахгүй бол хариуцагч Р.Баярмаа нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр нь хариуцан төлөх болно.

2.4.Энэхүү гэрээний эвлэрлийн хугацаа буюу Газрын гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн газрын албанаас нэхэмжлэгч Ө.Нямсүрэнгийн нэр дээр шилжин гарах хугацааг 45 хоногоор тооцов.

3.1.Гэрээнд шилжүүлэх газрын  кадастрын зургийг хавсаргав.

3.2.Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, гэрээний эрх чөлөө, талуудын тэгш байдлын зарчмыг баримтлан хийв ” гэжээ.

                                                                                                          ҮНДЭСЛЭХ      нь:

 

Нэхэмжлэгч Ө.Нямсүрэн нь хариуцагч Р.Баярмаад холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч Р.Баярмаа нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах 1400 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ө.Нямсүрэнд шилжүүлэхээр харилцан тохиролцож, уг газрын гэрчилгээ нь ямар нэг шалтгаанаар нэхэмжлэгч Ө.Нямсүрэнгийн нэр дээр шилжин гарахгүй бол хариуцагч нь нэхэмжлэгчид 15 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрч, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэжээ.

             Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                            

                                                                                                                   ЗАХИРАМЖЛАХ нь: 

 1.Нэхэмжлэгч Ө.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Баярмаад холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.Баярмаа нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах 1400 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ө.Нямсүрэнд шилжүүлэх, уг газрын гэрчилгээ нь ямар нэг шалтгаанаар нэхэмжлэгч Ө.Нямсүрэнгийн нэр дээр шилжин гарахгүй бол хариуцагч нь нэхэмжлэгчид 15 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Р.Баярмаагаас 232 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Нямсүрэнд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү  захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд  зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХУЛАН