Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

2020        01          29                                       2020/ШЦТ/162

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Ж.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт Ж.гийн Б.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06652 0099 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Харуул-Алтай” хотхоны 104-136 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РМ78102314 регистрийн дугаартай, Т. овогт Ж.гийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б. нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Харуул-Алтай” хотхоны хашааны хаалган дээр иргэн Б.Т.той үл ялих зүйлээс маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа  цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Т.ын өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө эхнэр Б.Мөнхсаруул болон 2 хүүхдийнхээ хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Харуул-Алтай” хотхон руу орох гээд хотхон руу ордог машины хаалтан дээр ирсэн. Тухайн үед миний машиныг манай эхнэр Б.Мөнхсаруул бариад явж байсан юм. Хашааны хаалтан дээр хаалга онгойлгох чипгүй машин зогсч байсан. Тэгэхээр нь би тэр машины жолооч ахад хандаж, “ах аа, та чипгүй юм чинь би урдуур чинь ороод хаалгыг онгойлгочихъё” гэж хэлтэл тэр ах “Үгүй, хаалга онгойчихсон байна. Би урдуур чинь дайраад орлоо” гэж хэлсэн. Тэгээд тэр машины жолооч ах бид хоёр маргалдаад, тэр ах машинаасаа бууж ирээд, намайг заамдаж аваад, миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Миний уруул, хамарнаас цус гарсан. Тэгээд нөгөө намайг цохисон ахын хүүхэд гээд 20-23 насны нэг залуу гэнэт хаанаас ч юм гарч ирээд миний мөрөн тус газар гараараа 1 удаа түлхсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

- Гэрч Б.Батдаваагийн өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харуул-Алтай” хотхоны 104 дүгээр байрны 136 тоотод гэртээ байж байхад аав Ж.Б. над руу залгаад, нэг согтуу хүн таарчихаад байрны хаалтан дээр зам хаагаад “явуулахгүй” гээд байна гэж хэлсэн. Би гараад очиход аав Ж.Б. руу 27-28 орчим настай залуу согтуу орилоод, үг хэлээр дайрсан байдалтай байсан. Тухайн залуугийн хамраас нь цус гарсан, эхнэрийнхээ хамт явж байсан. Удалгүй цагдаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13267 дугаартай шинжээчийн:

1. Б.Т.ын биед зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч М.Аригунтөгс” гэх дүгнэлт /хх-ийн 14/,

 

- Яллагдагч Ж.Б.н өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө ажлаа тараад Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харуул-Алтай” хотхоны машин ордог хаалган дээр өөрийн 07-42 УБЗ улсын дугаартай “Соната-7” маркийн машинтай орох гээд ирсэн. Чипгүй байсан учир зогсч байтал араас 2 машин ирсэн. Тэгээд тэрний ард талд чиптэй машинтай Б.Т. гэх залуу ирсэн. Б.Т.ын машин хажуугаар орж ирээд хаалга онгойсон. Орох гэхэд Б.Т. машины урд талд согтуу зогсчихоод “чиптэй нь эхэлж ордог юм” гээд оруулахгүй байсан. Б.Т.ын эхнэр машин барьж байхад “би орчихъё” гэхэд Б.Т. оруулахгүй байсан. Машины ард талаас жолоочийн талын хаалга савахаар нь би уур хүрээд буусан. “Чи яаж байгаа юм?” гээд маргалдсан. Барьцалдаж аваад би Б.Т.ын хамар луу нь 1 удаа цохисон. Тэгээд Б.Т. цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Б. нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Харуул-Алтай” хотхоны хашааны хаалган дээр иргэн Б.Т.той үл ялих зүйлээс маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа  цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Ж.Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Б.Т. нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол, саналгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ж.Б.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Ж.Б. нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Харуул-Алтай” хотхоны хашааны хаалган дээр иргэн Б.Т.той үл ялих зүйлээс маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа  цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Т.ын мэдүүлэг, гэрч Б.Батдаваагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13267 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Ж.Б.н мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Б.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол, саналгүй, баримтаар  нэхэмжилсэн төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Б.г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 40 дүгээр тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: шүүгдэгч Ж.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ж.Б. нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Б.Т. гомдол, саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Ж.Б.д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б. нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т. овогт Ж.гийн Б.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б.г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б.д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Б. нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА