| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0184/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч:Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,
Шүүгдэгч: С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Сын Ад холбогдох 1935003830195 эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 26-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Т овогт Сын А / РД:............................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух хохирогч Ж.Дын гэрт 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Ж.Дын эд хөрөнгө болох Skyworth загварын 40 инчийн телевизор, гэрийн бүрээс, модон раамтай 50x40 хэмжээтэй жаазны шил, 50x40 хэмжээтэй жаазны толь, 2.5 литрийн цайны халуун сав, бурханы аяга зэрэг эд зүйлсийг хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас, нийт 615.600 /зургаан зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч С.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
I. Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар
Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух хохирогч Ж.Дын гэрт 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орсон болох нь
Хохирогч Ж.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн орчим гэртээ байж байтал манай хашааны арын хаалгаар манай сумын нэг багийн С.А гэх хүн хашаа дамжаад урд хаалгаар гарч байсан. Тухайн үед А согтуу байсан болохоор би урд хаалгаа цоожилчихоод гэртээ байж байтал удалгүй А ирсэн. Хаалганы цоож чанга татахад мултраад уначихсан. Тэгээд манай гэрийн зүг ирж байхаар нь би гэрээсээ гараад хамар айлын хашаа руу ороод зогсож байтал А гэх хүн манай гэр рүү яваад орсон. Аы гэрт ороод орилсон чимээ маш ихээр гарч байсан болохоор би Ааас айгаад гэр рүүгээ орж чадаагүй юм. Би явж цагдаа дуудаад хамт ирэхэд А явчихсан. Гэрт ороход гэрийн эд хогшил, савтай боорцог зэрэг газраар тарчихсан эмх замбараагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р тал/,
Гэрч С.Чы мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ нөхөр Б.Ж, зээ охин Мгийн нарын хамт байж байтал өглөөний 08 цагийн орчим миний төрсөн дүү болох А нь 0.5л Ерөөл гэх нэртэй архи авчихсан ганцаараа орж ирээд би энэ нэг шил архи уучихаад явна гэж орж ирсэн юм. Тэгээд А, Ж хоёр хамт архи уугаад дахин нэг шил архи хувааж ууж дуусгаад А 11 цагийн орчим гэр рүүгээ харилаа гээд манайхаас гараад явсан юм. Оройны 16 цагийн орчим манай зээ хүү 7 дугаар ангийн сурагч Ерөөлт нь хичээлээсээ ирээд А ах айлын гэрт орж эд зүйл эвдэлж агсам тавиад цагдаа ирээд аваад явсан гэж хүмүүс ярьж байна гэж эхнэр Ж бид хоёрт хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Гэрч Б.Жын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өглөөний 08 цагийн орчим манай эхнэрийн төрсөн дүү болох А нь 0.5л Ерөөл гэх нэртэй архи авчихсан ганцаараа орж ирснийг Аы хамт ууж дуусгасан юм. Тэгээд А нь гэрлүүгээ явлаа гээд манайгаас 10 цагийн орчим гараад яваад удалгүй дахин нэг 0.5л Ерөөл гэх нэртэй архи авч орж ирснийг бид 2 тэр архийг хувааж уусан юм. А бид хоёр архиа хувааж ууж дуусгаад А 11 цагийн орчим гэрлүүгээ харилаа гээд манайхаас гараад явсан юм. 16 цагийн орчим манай зээ хүү 7 ангийн сурагч Ерөөлт нь хичээлээсээ ирээд А ах айлын гэрт орж эд зүйл эвдэлж агсам тавиад цагдаа ирээд аваад явчихсан гэж хүмүүс ярьж байна гэж эхнэр Ч бид хоёрт хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
Гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Улаангом суманд айлын найранд орчихоод 2019 оны 9 дүгээр сарын 23-ны орой Наранбулаг суманд гэртээ оройны 20 цагийн үед очиход манай нөхөр А гэртээ байхгүй байсан юм. Тэгээд би нөхрөө хайгаад нөхрийн хүргэн ах болох Жын гэрт яваад очиход Ж эхнэр Чы хамт гэртээ байсан юм. Тэгээд би манай нөхөр А танайхаар ирсэн үү? гэртээ байхгүй байна гэж асуухад Ч эгч танай нөхөр А өглөө манай гэрт ирээд 2 шил Ерөөл гэх нэртэй архи уугаад гарсан юм. Тэгээд Ц гэх айлд очоод агсам тавиад эд хогшилыг нь эвдсэн гээд сумын цагдаа аваад аймаг орсон гэж надад хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22, 23-25-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж хуульчилжээ.
Энэхүү зохицуулалтаас үзэхэд орон байрны халдашгүй байдал нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн салшгүй нэг хэсэг бөгөөд энэхүү эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалж гэмт хэрэгт тооцохоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан байна.
Энэ зүйл, хэсэгт заасан орон байранд нэвтэрснээр хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба тухайн нөхцөл байдалд орон байранд хүн байсан эсэх, түүнийг эрхэд халдсан, хязгаарласан, хүнлэг бус хэрцгий хандсан эсэх нь хэргийн зүйлчлэлд хамаарахгүй болно.
Иймд шүүгдэгч С.Аы Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух хохирогч Ж.Дын гэрт 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжтэй байна.
II. Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар
Шүүгдэгч С.А нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Ж.Дын Skyworth загварын 40 инчийн телевизор, гэрийн бүрээс, модон раамтай 50x40 хэмжээтэй жаазны шил, 50x40 хэмжээтэй жаазны толь, 2.5 литрийн цайны халуун сав, бурханы аяга зэрэг эд зүйлсийг хууль бусаар устгасан, гэмтээсэн болох нь
Хэргийн газарт үзлэг хийсэн “гэрийн хойморт байрлуулсан авдар дээр байх 50х40 см хэмжээтэй модон хүрээтэй жаазны шил, мөн адил хэмжээтэй модон хүрээтэй толь хагарсан байв. Ногоон өнгийн модон ширээн дээр байрлуулсан Skyworth бичигтэй 40 инчийн зурагтын нүүр нэлэнхүйдээ хагарсан, асах боломжгүй байв. 2.5 литрийн цайны халуун сав хагарсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р тал/,
Хохирогч Ж.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн орчим А согтуу хашааны хаалганы цоож чанга татахад мултраад уначихсан. Тэгээд манай гэрийн зүг ирж байхаар нь би айгаад гэрээсээ гараад хамар айлын хашаа руу ороод зогсож байтал А гэх хүн манай гэр рүү яваад орсон. Ороод удалгүй данхны чимээ гарсан, гал пийшингийн чимээ бас гарсан. Би тухайн үед гэр рүүгээ хараад зогсож байтал манай гэрийн яндан доошоо мултраад уначихсан. Аы орилсон чимээ маш ихээр гарч байсан. Хэсэг хугацааны дараа А манай гэрээс гарч ирээд гэрийн бүрээс тасдаад байсан. Би явж цагдаа дуудаад хамт ирэхэд А явчихсан. Гэрт ороход пийшин хажуугаараа уначихсан, гэрийн зурагт орны толгойд өлгөгдөөд хагарчихсан, авдар дээр байсан бурханы дээж хийж тавьсан аяга, толь, жааз, халуун сав хагарсан. Мөн гэрийн эд хогшил, савтай боорцог зэрэг газраар тарчихсан эмх замбараагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р тал/,
Гэрч С.Чы мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 23-ны оройны 16 цагийн орчим манай зээ хүү 7 дугаар ангийн сурагч Ерөөлт нь хичээлээсээ ирээд А ах айлын гэрт орж эд зүйл эвдэлж агсам тавиад цагдаа ирээд аваад явсан гэж хүмүүс ярьж байна гэж нөхөр Ж бид хоёрт хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Гэрч Б.Жын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ эхнэр Ч зээ охин М нарын хамт байж байтал 16 цагийн орчим манай зээ хүү 7 ангийн сурагч Ерөөлт нь хичээлээсээ ирээд А ах айлын гэрт орж эд зүйл эвдэлж агсам тавиад цагдаа ирээд аваад явчихсан гэж хүмүүс ярьж байна гэж эхнэр Ч бид хоёрт хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
Гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд айлын найранд орчихоод 2019 оны 9 дүгээр сарын 23-ны орой Наранбулаг суманд гэртээ оройны 20 цагийн үед очиход манай нөхөр А гэртээ байхгүй байсан юм. Тэгээд би нөхрөө хайгаад нөхрийн хүргэн ах болох Жын гэрт яваад очиход Ж эхнэр Чы хамт гэртээ байсан юм. Тэгээд би манай нөхөр А танайхаар ирсэн уу гэртээ байхгүй байна гэж хэлхэд Ч эгч танай нөхөр А өглөө манай гэрт ирээд 2 шил Ерөөл гэх нэртэй архи уугаад гарсан юм. Тэгээд Ц гэх айлд очоод агсам тавиад эд хогшилыг нь эвдсэн гээд сумын цагдаа аваад аймаг орсон гэж надад хэлсэн юм тухайн үед орой болсон байсан учир би өглөө 8 цагийн үед Цгийнд очоод яасан юу болсон талаар асуухад Цгийн эхнэр Д нь надад танай нөхөр А манай гэрт согтуу орж ирээд манай зурагт, цайны халуун сав толь, жааз гэх зүйлсийг эвдээд би айгаад гэртээ орж чадахгүй гадаа зогсож байгаад цагдаа дуудаад өгчихсөн юм. Цагдаа ирээд аймагруу аваад явчихлаа гэж надад хэлсэн юм. Тухайн үед би эвдэрч хагарсан зурагт толь жааз, цайны халуун сав зэргийг хараад уучлаарай би төлж өгнө хохирол барагдуулан гэж хэлээд толь жаазыг шилэлүүлхээр аваад Улаангомд ирхэд А Улаангомд байсан юм. Тэгээд би яасан юу болсон талаар Ааас асуухад А хүргэн ах Жын гэрт очиж 2 шил архи уусан тэгээд яасан юу болсоноо мэдэхгүй санахгүй байна гэж надад хэлсэн юм. Тэгээд би өөрийн нүдээр харсан эвдэрч гэмтсэн эд зүйлсийн талаар Ад хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22, 23-25-р тал/-үүдээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэгт нь дотроо устгах, гэмтээх гэсэн хоёр өөр агуулгатай байна.
Гэмтээх гэдэгт гэмт үйлдлийн улмаас эд зүйлс /эд хөрөнгө/-ийн ашигтай байдал муудаж, чанар үр дүн нь алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд дээрх гэмтлийг засвар үйлчилгээгээр сэргээн анхны байдалд нь оруулж болно.
Устгах гэдэгт гэмт үйлдэл буюу гадны хүчний үйлчлэлээр эд хөрөнгө биет байдлын хувьд бүрэн устгагдах, өөрөөр хэлбэл дахин зориулалтын дагуу ашиглах бололцоогүй болж, анхны шинж чанараа бүрэн алдахыг ойлгоно.
Шүүгдэгч С.А нь хохирогч Ж.Дын Skyworth загварын 40 инчийн зурагт, 2.5 литрийн цайны халуун сав, бурханы аягыг хагалсан нь дахин ашиглах боломжгүй болсон нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул эдгээр эд хөрөнгийг устгасан гэж үзнэ.
Харин гэрийн бүрээс урсан, модон раамтай 50x40 хэмжээтэй жаазны шил, 50x40 хэмжээтэй жаазны толийг хагалсныг тус тус засварлаж сэргээсэн байх тул эдгээр эд хөрөнгийг гэмтээсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зйүлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заажээ.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний хууль бус үйлдлийн улмаас хохирогчид 300.001 төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.
Увс аймгийн Увс Финанс Аудит ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 355 дугаартай шинжээчийн “2019 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймагт "Sкуwort' загварын зурагт 533,000 /Таван зуун гучин гурван мянган/ төгрөг, 6 ханатын гэрийн бүрээс хуучин 50,000 /Тавин мянган/ төгрөг, 50см х 40 см хэмжээтэй жаазны шил 5,000 /Таван мянган/ төгрөг, 50см х 40 см хэмжээтэй жаазны толь 9,600 /Есөн мянга зургаан зуун/ төгрөг, 2.5 л хэмжээтэй цайны халуун сав 15,000 /Арван таван мянган/ төгрөг, Жижиг шаазан аяга 3000 /Гурван мянган/ төгрөгийн үнэ ханштай болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 36-р тал/-ээр хохирогч Ж.Дд 615.600 төгрөгийн хохирол учирсан нь “бага хэмжээ”-ээс дээш хохиролд хамаарна.
Шүүгдэгч С.А энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж бусдын орон байранд хууль бусаар нэвтрсэн, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийг зориуд хийсэн санаатай үйлдэл тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар 1-т заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, 17.8 дугаар зүйлийн –т заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.А нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 13.6 дугаар 1, 17.8 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р тал/-аар нотлогдсон.
Хохирогч Ж.Д 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр миний эд зүйл, зурагтыг бүрэн барагдуулсан тул гомдол бүрэн барагдуулсан тул гомдол байхгүй /нотариатаар баталгаажуулсан/ гэх тодорхойлолт /хх-ийн 66-р тал/ хохирол төлснийг дурдаж, цаашид шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Лгийн өгсөн: “Би С.Атай Увс аймгийн Наранбулаг суманд бага сургуульд хамт сурч явдаг байсан А нь надаас ах юм. Миний мэдэхээр С.А нь эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн бага наснаасаа Аав, Ээжийхээ малыг маллаж өссөн хүн юм. Одоогоор эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг юм. С.Аы хувийн байдлын талаар хүн чанар сайтай сэтгэлээрээ, гэнэн цайлган хүнд их тусархаг гэр бүлийн хайр халамж сайтай архи согтууруулах ундаааны зүйл хэрэглээд байдаггүй байх би тэгж идэж ууж явсаныг хараад байгаагүй сум орондоо нэр хүнд сайтай хөдөлмөрч тодорхой ажил хөдөлмөр эрхэлсэн зүйл байхгүй одоогоор өөрийн эзэмшлийн малаа эхнэр хүүхдийн хамт маллаж амьдардаг юм. С.А нь 6 настай бага насны хүүхэдтэй мөн дунд сургуулийн насны хүүхдүүдтэй хүн юм. Гэр бүлийн хайр халамж сайтай хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/, Гэрч З.Мын өгсөн: “Би С.Аы ах Б гэх залуутай нэг ангийн найзууд байсан юм. Тухайн үед би Бтай их нөхөрлөж гэрээр нь орж гардаг байсан учир түүний дүү болох С.Аыг 1986 оноос хойш таньдаг болсон юм. С.Атай би 33 жилийн турш дотно сайхан хуурай ах дүүсийн холбоотой явсаар ирж байна. Би С.Атай 33 жил ах дүүсийн холбоотой явсан цагаас хойш С.А нь эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн бага наснаасаа Аав, Ээжийхээ малыг маллаж өссөн хүн юм. Одоогоор эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг юм. С.А нь хүн чанар сайтай сэтгэлээрээ, гэнэн цайлган хүнд их тусархаг гэр бүлийн хайр халамж сайтай хааяа нэг баяр ёслолын үеээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг. Үр хүүхэд хань ижлийнхээ төлөө амьдарч яваа жирийн нэг малчин залуу юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, Гэрч Н.Эын өгсөн: “С.А нь эхээс 8-уулаа С гэх айлын 6 дахь хүү болон А нь мэндэлсэн юм. Төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж өссөн Увс аймгийн Наранбулаг сумыэ сургуульд 4 дүгээр анги хүртлээ сурч байгаад гарчихсан юм. А нь бага наснаасаа аав ээжийнхээ малыг маллаж өссөн юм. Мал маллаж байгаад Цэргийн албанд явж цэргийн албаа хааж ирээд мөн адил аав ээжийнхээ малыг маллаж байсан. Одоогоор А нь 3 хүүхэд эхнэр Эгийн хамт Увс аймгийн Наранбулаг суманд мал маллаж амьдарсаар ирж байгаа малчин айл юм. А нь төлөв түвшин багын дуу цөөтэй даруухан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй амьдралын төлөө хөдөлмөрлөсөн хүн юм. Аы том хүү нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг харин том охин нь одоо Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 6-р ангид суралцдаг Минсэл гэх охин байдаг юм. Харин бага охин одоо 6 настай Наранбулаг суманд аав ээжийнхээ хажууд байдаг Гэрлээ гэх охин байдаг юм. А нь сум орондоо нэр хүнд сайтай хөдөлмөрч гэр бүлдээ хайр халамж сайтай хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, Гэрч Д.Өын өгсөн: “Би 2007 онд Аы эхнэр болох Эгийн төрсөн дүү Өлзийсайхан гэх хүнтэй гэр бүл болсон цагаас А гэх хүнийг таних болсон юм. А нь эхнэр Э 2 хүүхдийн хамт амьдардаг юм. А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй төлөв түвшин даруухан зантай хааяа нэг баяр ёслолын үеээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг жирийн нэг малчин айл юм. Хүн чанар сайтай гэр бүлийн халамж уур амьсгал сайтай илүү дутуу ааш авир гаргаад байдаггүй юм. Би энэ айлд хүргэн болж орж ирсэнээс хойш Аыг болж бүтэхгүй муу зүйл хийж явсан талаар сонсож, харж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/, Гэрч С.Огийн өгсөн: “Манай төрсөн ах С.А нь 1972 оны 7 дугаар сарын 26-нд С гэх айлын 6 дахь хүү болон мэндэлсэн юм. Бид эхээс 6 эмэгтэй 4 эрэгтэй нийт 10 уулаа юм. А нь төосөн цагаасаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж бага наснаасаа мал дээр өсөж малчин болсон юм. Тэгээд 2008 онд гэр бүл зохиож Э гэх хүнтэй хамт айл гэр болсон юм. Одоо эхнэр Э болон Минсэл Гэрлээ гэх 2 охины хамтаар Увс аймгийн Наранбулаг суманд амьдардаг юм. Манай ах А нь ааш зан гэх зүйл байхгүй төлөв түшин олон цөөн үггүй яг л байгаагаараа байдаг гэр бүл эхнэр хүүхэддээ хайр халамж сайтай хүн хааяа нэг баяр ёслолын үеээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хэрэглэсэн үедээ янз бүрийн ааш авир гаргаад байдаггүй унтаад өгдөг ааш зан байдлын үед хүн чанар сайтай амьдарлын төлөө гэсэн сэтгэлтэй хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч С.Ад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овогт Сын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хйилгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ