| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00234/И |
| Дугаар | 191 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1 хэсэг, Зайсан цогцолбор 5-210 тоотод оршин суух, Боржигон овогт Цогтбаатарын Гөлгөөгийн /РД:ЖЯ73072507/ нэхэмжлэлтэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэыхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Гөлгөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гөлгөө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.Гантулгатай 2009 онд танилцаж 2010 онд нэг гэрт амьдарч эхэлсэн. 2011 оны 04 сарын 21-ний өдөр охин Нандин-Итгэл, 2013 оны 11 сарын 13-ны өдөр хүү Ган-Эрдэнийг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр хамтран амьдарч байгаад 2015 оны 11 сарын 29-нд нөхөр маань нас барсан . Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 хэсэг Зайсан цогцолбор 5-210 тоотод үр хүүхдүүдийн хамт амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Охин Нандин-Итгэл хүү Ган-Эрдэнэ нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2010 оноос 2015 оны 11 сарын 29-нийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү .
Бид 2009 онд танилцаад 2010 оноос эхлэн хамтран амьдарсан. 2012 оны 1 сараас эхлэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1 хэсэг, Зайсан цогцолбор 5-210 тоот хаягт амьдарч ирсэн. 2011 онд охин Нандин-Итгэл, 2013 онд хүү Ган-Эрдэнэ нарыг төрүүлсэн. Охиноо төрөхөд нь манай хүн хөдөө явсан байсан тул овоглож чадаагүй, охин маань Гөлгөөгийн Нандин-Итгэл гэж овоглосон. Харин хүүгээ Гантулгын Ган-Эрдэнэ гэж ааваар нь овоглосон. Бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан юм. Гэтэл манай хүн 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан. Иймд хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаардлагатай байгаа тул биднийг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Гөлгөө нь Б.Гантулгатай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Боржигон овогт Батбилэгийн Гантулга нь /РД:УО75110918 / 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан болох нь нас барсны ¹0000175434 тоот гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 5-р хуудас/
Ц.Гөлгөө, Б.Гантулга нар нь 2010 оноос 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ц.Ундармаагийн “...2010 онд Гөлгөө нь Гантулгатай хамт амьдарч эхэлсэн бөгөөд миний бие Зайсан дахь байранд хамт амьдардаг байсан...”, гэрч М.Сарнайгийн “...Гөлгөө Гантулга 2 маань 2009 онд танилцсан бөгөөд 2011 онд хүүхэдтэй болсон байдаг. 2012 онд Зайсан руу нүүсэн бөгөөд 2 хүүхэдтэй амьдардаг байсан” гэх мэдүүллэгүүд, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний №1122003583, №0000620739, Г-1286 тоот гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. /хэргийн 6, 8, 13-14, 16-17-р хуудас/
Иймд Ц.Гөлгөөгийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг Боржигон овогт Батбилэгийн Гантулгатай 2010 оноос 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигон овогт Цогтбаатарын Гөлгөөг Боржигон овогт Батбилэгийн Гантулгатай 2010 оноос 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН