| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0197/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсанж журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Пгийн Бт холбогдох 1935004800235 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар дугаар сарын 17-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн 16-01 тоотод оршин суух Ш овогт Пгийн Б /РД:........................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч Ж.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Улаангом сумын 5 дугаар багийн 16-01 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Ж.Эг зодсон болох нь
Хохирогч Ж.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 26-нд манай төгсөлтийнхөний дунд болсон гар бөмбөгийн тэмцээнд оролцоод 23.00 цагийн гэртээ ирэхэд Б согтуу унтаж байсан. Хүүхдүүд бас унтаж байсан. Би унтаж байтал шөнө 01.00 цагийн үед Б сэрээд хүүхдүүдээс намайг ирсэн эсэхийг асуугаад намайг ирснийг мэдчихээд миний унтаж байсан орон дээр ирж намайг дарж байгаад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохихоор нь би босоод зугатаах гэсэн боловч зүүн гараас барьчихаад явуулахгүй байсан. Би хүүхдүүдээ дуудахад Б, Ц 2 босоод ирэхээр нь би цагдаа дууд гэхэд Б утас аваад цагдаа дуудах гэхэд Б утсыг нь булааж аваад унтраачихсан. Би Цг урд талын колонк /шатахуун түгээх станц/ ороод цагдаа дуудчих гэхэд Ц гэрээс гараад гүйхэд араас нь Б гараад явсан. Удалгүй Ц гүйгээд ирэхээр нь гэрт оруулаад араас нь Б ирснийг гэртээ оруулахгүйгээр хаалгаа цоожлоод авчихсан. Б “хаалгаа тайл” гээд орилж байгаад алга болчихсон. Удалгүй цагдаа нар ирэхэд би цонхоороо болсон явдлын талаар хэлэхэд цагдаа нар Быг хайгаад олохгүй явсан. Маргааш нь 16.00 цагийн үед Б согтуу ирэхээр нь цагдаа дуудаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18, 19-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ций мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 26-нд ээж тэмцээнд явж би аав, ах, дүү нартайгаа гэртээ үлдсэн. Аав арын хашааны Т гэдэг хүнтэй архи уусан байсан. Би нар унтаж байгаад шөнө сэртэл аав ээжийн нүүр лүү гараараа олон удаа цохиж байсан. Ээж Бийг цагдаа дууд гэхэд Бий утсыг аав булааж аваад унтраасан. Ээж намайг урд талын колонк ороод цагдаа дууд гэхээр нь би гэрээс гарч гүйгээд колонк дээр очоод танихгүй ахаас утсыг нь гүйж аваад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “аав, дүү нар унтаад би зурагт үзэж байтал 22-23 цагийн үед ээж ирээд бид хоёр унтаж амарсан. Шөнө 01.00 цагийн үед аав босож гэрэл асаачихаад ээж рүү очоод “Муу авгай” гэж хэлээд ээжийг орон дээр дарж байгаад гараараа нүүр лүү нь олон удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
Шүүгдэгч П.Бын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний эхнэр Ж.Э 2019 оны 11 дүгээр сарын 26-нд төгсөлтийнхөө тэмцээнд явсан. Би тэр өдөр архи уучихсан согтуу унтаж байгаад шөнө 01.00 цагийн үед сэрэхэд эхнэр ирчихсэн байхаар нь “Чи ямар орой ирдэг юм бэ? Утсаа авч явахад яадаг юм бэ?” гээд эхнэртэйгээ маргалдаж байгаад согтуу байсан учраас эхнэрийнхээ биед халдаж зодсон үйлдэл гаргасандаа харамсаж байна. Болсон явдлын талаар эхнэр, хүү, охины өгсөн мэдүүлэг үнэн. ад би аав, ах, дүү нартайгаа гэртээ үлдсэн. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Би одоо архи уухаа болж эмчилгээнд явахаар шийдсэн байгаа” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 825 дугаартай шинжээчийн “Ж.Эгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга,шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан байна. Энэ гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цус хуралт гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү талбайг хамарч байх тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 10-р тал/-ээр хохирогч Ж.Эгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Б энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж толгой, нүд орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Бурмаагийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч П.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч П.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р тал/-аар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь нотлогдсон.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Х.Бийн өгсөн: “Миний багын найз П.Б наргианч хөгжилтэй, ууралдаггүй хүн юм. Эхнэртэйгээ дэлгүүр ажиллуулдаг, заримдаа өөрөө барилгын ажил хийдэг юм. Эхнэртэйгээ маргаж, муудалцаж байгаагүй, эвтэй дотно байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/, Гэрч П.Бын өгсөн: “Миний ах Б багаасаа төлөв даруу зантай, нямбай, ажилсаг хүн юм. Сүүлийн үед хааяа архи уудаг болсон нэг уухаараа 2-3 хоног уудаг. Архи уусан ч, эрүүл байсан ч гэр бүлтэй халамжтай, сайхан уур амьсгалтай байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, -үүд хэрэгт авагдсан байна.
Хохирогч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд “Би Б.Анхбаяртай сайн дураараа эвлэрсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 60-р тал/ гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ялын хүрээнд шүүгдэгч П.Бт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Пгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ