Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 766

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “М” ХХК 

Хариуцагч: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Ж” ХХК  

Нэхэмжлэлийн шаардлага: “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн “М” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт даалгах, “Жи” ХХК-ийг шалгаруулсан мөн гэрээ байгуулах эрх олгосон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, Б.С, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хорооны дарга Ч.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай байгууллага нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан **** дугаартай “Улсын болон Олон Улсын чанартай А зэрэглэлийн авто зам дагуу хөдөлгөөнт холбооны тасралтгүй сүлжээ байгуулах, хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт оролцсон. 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ** тоот албан бичгээр манай хүргүүлсэн тендерийн материалаас татгалзан шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдсэн. Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Сангийн яамны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ****дугаартай шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргаан ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг удирдлага болгон дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 

1. Тендерийн материал хүлээн авах хугацаа 

Дээрх тендерийн баримт бичгийн Бүлэг III-ын 20 дугаар зүйлийн 20.1-д “Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад нээнэ” гэсэн байсан. Үүний дагуу 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө “М” ХХК нь тендерийн баримт бичигт дурдсан бүх материалыг бүрдүүлж, цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан шаардлага бүрэн хангуулж цахимаар хүргүүлсэн. 

Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “М” ХХК-ийн төлөөлөгчид болон “Ж” ХХК-ийн төлөөлөгч 11 цаг 00 минутад тендер нээхэд оролцохоор очсон боловч “Ю” ХХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасны дагуу тус газраас тендерийн материал авах, нээлт хийх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн гэсэн хариу утсаар хэлсэн, одоо албан бичиг нь факсаар ирнэ гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно” гэж заасан хугацаанд тендерийг нээгээгүй бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ***тоот албан бичиг нь 11 цаг 25 минутын үед факсаар ирсэн. Харин Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ***тоот албан бичгээр тендерийн материал хүлээн авах, нээлт хийх үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн болохыг мэдэгдсэн. 

2. Тендер нээх 

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас “М” ХХК-д утсаар тендерийн материал хүлээн авах хугацаа 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут болж хойшлогдсон, мөн тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ гэж мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана” гэсэн заалтыг зөрчсөн. 

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад дээрх тендерийг нээхэд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө материалаа цахимаар хүргүүлсэн байсан “М” ХХК, “Ж” ХХК дээр сүүлд нь “Ю” ХХК материал нэмж ирүүлсэн байсан. 

Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тендерийн баримт бичгийн 20 дугаар зүйлийн 20.1, 23 дугаар зүйлийн 23.1-д тус тус заасан тендер хүлээн авах, нээх хугацааг албан ёсоор өөрчлөөгүй, өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д заасан хэлбэрээр тендер хүлээн авах, нээх хугацааг сунгаагүй байж “Ю” ХХК-иас тендерийн материал нэмж авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана” гэсэн заалтыг зөрчсөн. 

3. Тендер шалгаруулалтын явцад эрх бүхий байгууллагаас тогтоогдсон зөрчлийг арилгаагүй.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот албан бичгээр “... тендерийн урилгыг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тараасан бөгөөд тендерийн материал хүлээн авах хугацааг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэж тогтоосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг зөрчсөн. Иймд  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн дээрх зөрчлийг арилган Тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэн боловсруулах арга хэмжээ авч тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдэж байна” гэсэн. 

Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэн боловсруулах шаардлагыг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл тендерийн урилга, тендерийн материал хүлээн авах хугацааг хуульд нийцүүлэн засах байдлаар тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэн дахин боловсруулаагүй буюу тендерийн урилгыг дахин зарлалгүйгээр зөвхөн тендерийн материал хүлээн авах, нээх хугацааг л 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болгож өөрчилсөн нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон зөрчлийг арилгаагүй байна. 

Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан **** тоот төслийн дугаартай “Улсын болон Олон Улсын чанартай А зэрэглэлийн авто зам дагуу хөдөлгөөнт холбооны тасралтгүй сүлжээ байгуулах, хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” тендерт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан нээлттэй тендер байсан тул Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан 15 буюу түүнээс дээш хоногоор биш тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно” гэж заасан хугацаагаар тооцон тендерийн материал хүлээн авах ёстой байсан. 

Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот албан бичигт “... цахим хэлбэрээр 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийтлүүлсэн ... захиалагчийн зүгээс хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т ... хугацаанд нь мэдэгдсэн болно” гэжээ. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг нь Тендерийн урилга нийтлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт бөгөөд тус албан бичгийн агуулгаас тендерийн урилгыг 2017 оны 06 дугаар сараас 02-ны өдөр тарааж, тендерийн материалыг 7 хоногийн дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагт авсан болох нь тогтоогдож байна. 

Иймд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн “М” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “Ж” ХХК-ийг шалгаруулсан мөн гэрээ байгуулах эрх олгосон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлагаар нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1/451 тоот албан бичгээр тендерийн үнэлгээг хүлээн авах, нээлттэй хийх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн талаар мэдэгдсэн. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “М” ХХК-д утсаар тендерийн материал хүлээн авах хугацаа 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг болж хойшлогдсон. 

Иймд тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагт нээнэ гэж мэдэгдсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасан Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагт тухайн тендерийг нээхэд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагаас өмнө материалаа цахимаар хүргүүлсэн байсан “М” ХХК, “Ж” ХХК нар дээр “Ю” ХХК-гэрч нэмж ирүүлснээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байгаа. Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас Тендерийн баримт бичгийн 20 дугаар зүйлийн 20.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасан тендер хүлээн авах хугацааг албан ёсоор өөрчлөөгүй байж “Ю” ХХК-ийн материалыг нэмж авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 

Мөн харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас зарласан **** тоот олон улсын чанартай А зэрэглэлийн замын дагуу хөдөлгөөнт холбооны тасралтгүй сүлжээ байгуулах тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй тендер байсан тул мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Энэхүү тендер нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ хүрээгүй алслагдсан орон нутаг, хүн ам олноор суурьшсан цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ шинээр байгуулан үйлчилгээг хүргэх зорилтот төсөл хөтөлбөр юм. 

1. Тендерийн материал хүлээн авах хугацаа 

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь “Улсын болон Олон Улсын чанартай А зэрэглэлийн авто зам дагуу хөдөлгөөнт холбооны тасралтгүй сүлжээ байгуулах, хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх **** дугаартай /3 багц/ тендерийн баримт бичгийг боловсруулахад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 09-ний  өдрийн 02/579 тоот албан бичгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн жагсаалт /М ХХК, С ХХК, Ж ХХК, Ю ХХК/, Монгол Улсын нутаг дэвсгэрт Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн жагсаалтыг гаргуулан авч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт “мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан нарийн төвөгтэй бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал”-ыг баримтлан тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулахаар тендерийн баримт бичгийг боловсруулж мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь “Хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулахдаа захиалагч энэ хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.12-т заасан веб хуудсанд тендерийн урилгыг нийтэлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтанд оролцох тэгш боломжоор хангана” гэж заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны цахим www.tender.gov.mn системд цахим хэлбэрээр цахим тендер шалгаруулалтын журмаар зарласан. 

Мөн тендерийн урилгыг Өдрийн сонины 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаарт худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын www.cita.gov.mn, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн www.usof.gov.mn цахим хуудсуудад тус тус нийтлүүлсэн. 

Цахим системд дээрх тендерийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад нээхээр тендерийн баримт бичигт заасан боловч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ю” ХХК-аас тус тендерийн баримт бичигтэй холбоотой гомдлыг ирүүлсэн тул тендер шалгаруулалттай холбоотой аливаа үйл ажиллагааг гомдлын дагуу шалгаж дуустал түр түдгэлзүүлэх тухай” 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 40 минутад утсан холбоогоор болон факсаар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ***тоот албан бичгийг ирүүлсэн. Тус газар нь факсын доголдлын улмаас албан бичгийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад хүлээн авсан байдаг. 

Дээрх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шаардлагын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсгийг үндэслэн тендерийн нээлтийг түр түдгэлзүүлсэн тухай тус газрын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ***тоот албан бичгээр “М” ХХК, “Ю” ХХК, “Ж” ХХК тус тус мэдэгдсэн. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Үнэлгээний хорооны тайлан болон тендер шалгаруулалттай холбогдох материалыг татан авч хянан үзээд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот албан бичгээр, мөн Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсээс утсан холбоогоор холбогдон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтын дагуу холбогдох зөрчлийг арилган тендерийг хүлээж авах эцсийн хугацаанд өөрчлөлт оруулан, сунган явуулахыг мэдэгдсэний дагуу Тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэн боловсруулж дараах өөрчлөлтийг оруулан тендерийг цаашид үргэлжлүүлэн явуулсан. Үүнд: 

• Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 15 дугаар зүйлийн 15.1 Тендерийн хүчинтэй байх хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуустал гэж. 

• Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 16 дугаар зүйлийн 16.1 Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг дуустал гэж 

• Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 23 дугаар зүйлийн 23.1 Тендерийг нээх хугацаа: Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутанд гэж тус тус өөрчлөлт оруулсныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны цахим систем  www.tender.gov.mn-д 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийтлүүлсэн.

Тендерийн баримт бичигтэй холбоотой зөрчлийг арилгаж, тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэн боловсруулан тендерийн нээлт хийх хугацааг 2017 оны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болгон өөрчилсөн тухай 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ***тоот албан бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. Мөн дээрх өөрчлөлтүүдийг “М” ХХК, “Ю” ХХК, “Ж” ХХК нарын хариуцсан менежерүүдэд утсаар мэдэгдсэн. 

Тендерийн нээлт хийх хугацаа хойшилсонтой холбогдуулан тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан тухай Тендерийн баримт бичгийн Бүлэг II-ийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 10-т тус тус заасны дагуу сонирхсон этгээдэд мэдэгдсэн болно. 

2. Тендер нээх 

“М” ХХК нь нэхэмжлэлдээ “2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад дээрх тендерийг нээхэд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас материалаа цахимаар хүргүүлсэн байсан “М” ХХК, “Ж” ХХК дээр сүүлд нь “Ю” ХХК материал нэмж ирүүлсэн байсан. Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тендерийн баримт бичгийн ... хугацааг сунгаагүй байж “Ю” ХХК-аас тендерийн материал нэмж авч ... хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д заасныг зөрчсөн” гэсэн байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно” гэж зааснаар тус тендерийн хүлээн авах эцсийн хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даалгаснаар тендерийн баримт бичигт хууль тогтоомжийн дагуу зохих өөрчлөлтийг оруулсан тул тендер хүлээн авах эцсийн хугацаа 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байна. Иймд “Ю” ХХК нь тендер хүлээн авах хүчинтэй байх хугацаанд багтаан саналаа ирүүлсэн гэж үзэж байна. 

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад нээхэд Худалдан авах ажиллагааны цахим системд “Ж” ХХК, “Ю” ХХК, “М” ХХК тендерийн үнийн санал болон тендерийн баталгааны хамт ирүүлснийг нээлтийн тэмдэглэлд тэмдэглэн нээлтэнд оролцогч тендерт оролцох санал гаргасан байгууллагуудын төлөөллөөс тендерийн нээлтийн явцад гарсан асуудал байхгүй талаар гарын үсгийг авч баталгаажуулсан. 

Үнэлгээний хороо нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тендерт оролцогч “М” ХХК-ийн цахим системд ирүүлсэн 3 файлыг хянан үзэхэд (20170524_-01-17-1.part1.rar) өргөтгөлтэй файл нь нээгдээгүй тул “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.4 “Цахим тендерт оролцохыг хүссэн этгээд нь тендерийн баримт бичигт заасны дагуу өөрийн тендерийг боловсруулан бусад шаардлагатай материалын хамт электрон хэлбэрээр буюу “pdf” форматад хөрвүүлэн илгээснээр цахим тендер шалгаруулалтад оролцоно”, 4.2-т “Цахим тендерт оролцогчийн илгээсэн баримт бичиг нууц үгтэйн улмаас нээгдэхгүй буюу уншигдахгүй тохиолдолд үнэлгээнд харгалзан үзэхгүй”, 8 дугаар зүйлийн 8.3 “Тендерт оролцогч цахим системийн шаардлагад нийцүүлэн тендерийн баримт бичгийг бэлтгэн ирүүлэх бөгөөд тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлага худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага болон захиалагч хариуцахгүй” гэснийг тус тус үндэслэн “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах шийдвэрийг гаргасан. 

“Улсын болон Олон Улсын чанартай А зэрэглэлийн авто зам дагуу хөдөлгөөнт холбооны тасралтгүй сүлжээ байгуулах, хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” **** дугаартай /3 багц/ төслийн Багц-2 Төвийн бүсийн нутаг, Багц-3 Баруун бүсийн нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх тендер шалгаруулалтад оролцсон “М” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан дагуу Сангийн яамнаас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/3920 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу тендер шалгаруулалтын гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж байгааг тус газарт мэдэгдсэн. 

Сангийн яамнаас “М” ХХК-ийн гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хянан үзэж “М” ХХК-ийн ирүүлсэн саналаас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ****тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр мэдэгдэж, тендерийг хуулийн дагуу цаашид үргэлжлүүлэн тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Ж” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан төслийн ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байсан. 

Иймд тус газрын эсрэг “М” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан асуудал нь үндэслэлгүй бөгөөд Үнэлгээний хорооны шийдвэр болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Энэхүү тендер нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ хүрээгүй алслагдсан орон нутаг, хүн ам олноор суурьшсан цэгт хөдөлгөөнт холбооны  сүлжээ шинээр байгуулан үйлчилгээг хүргэх зорилтот төсөл хөтөлбөр юм. 

1. Тус газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд “Хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” **** дугаар /3 багц/ тендерийг газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу боловсруулан хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын худалдан авах ажиллагааны сайтад www.tender.gov.mn –д цахим хэлбэрээр цахим тендер шалгаруулалтын журмаар зарласан. Тендерийн урилгыг мөн Өдрийн сонины 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн. 

2. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь жил бүр тус тендерийг зарлан, зохион байгуулж үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулдаг бөгөөд Харилцаа холбооны Зохицуулах хорооноос Монгол Улсын нутаг дэвсгэрт “Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл эзэмшигч 4 оператор компаний жагсаалт, мэдээллийг ирүүлснийг үндэслэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 32 дугаар зүйлд хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аргыг хэрэглэх Үнэлгээний хорооноос гарсан шийдвэрээр тендерийг зохион байгуулсан. Урьд онуудад хэрэгжүүлсэн тендерүүд нь Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аргыг хэрэглэсэн болно. 

3. Цахим системд тендерийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад товлосон хугацаанд нээх байсан боловч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тендерийн нээлт болохоос өмнө буюу тухайн өдрийн 10 цаг 40 минутад утсан холбоогоор тендерийн баримт бичигтэй холбогдох гомдлыг “Ю” ХХК-иас гаргасан тухай мэдэгдсэн мөн факсаар ***тоот албан бичиг ирүүлсний дагуу тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу тендерийн нээлтийг түр түдгэлзүүлсэн. Тендерийн нээлтийг түдгэлзүүлсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ***тоот албан бичгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт “Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “М” ХХК, “Ю” ХХК, “С” ХХК, “Ж” ХХК-д хүргүүлсэн. 

4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үнэлгээний хорооны тайлан болон тендер шалгаруулалттай холбогдох баримт материалыг татан авч хянан үзээд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот албан бичгээр, мөн Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсээс утсан холбоогоор холбогдон хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу холбогдох зөрчлийг арилган Тендерийг хүлээж авах эцсийн хугацаанд өөрчлөлт оруулан, сунган явуулахыг мэдэгдсэний дагуу Тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэн боловсруулж дараахь өөрчлөлтийг оруулан тендерийг цаашид үргэлжлүүлэн явуулсан. Үүнд: 

• Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 15 дугаар зүйлийн 15.1.Тендерийн хүчинтэй байх хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуустал гэж 

• Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 16 дугаар зүйлийн 16.1.Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 

• Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 23 дугаар зүйлийн 23.1.Тендерийг нээх хугацаа: Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад гэж тус тус өөрчлөлт оруулсныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны цахим сайтад www.tender.gov.mn –д цахим хэлбэрээр 2017 оны 06 дугаар сарын 02-ний өдөр нийтлүүлсэн.

-Тендерийн баримт бичигтэй холбоотой зөрчлийг арилгаж, тендерийн баримт бичгийг  хуульд нийцүүлэн боловсруулан тендерийн нээлт хийх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болгон өөрчилсөн тухай 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 6/474 тоот албан бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. 

-Тендерийн нээлт хийх хугацаа хойшилсонтой холбогдуулан тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан тухай Захиалагчийн зүгээс хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Тендерийн баримт бичгийн бүлэг II. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 10-т тус тус заасны дагуу сонирхсон этгээдэд мэдэгдсэн болно. 

5. Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад нээхэд цахим системд “Ж” ХХК, “Ю” ХХК, “С” ХХК, “М” ХХК-иуд тендерийн үнийн санал болон тендерийн баталгааны хамт ирүүлснийг нээлтийн тэмдэглэлд тэмдэглэн нээлтэд оролцогч нараас гарын үсгийг авч баталгаажуулсан. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Үнэлгээний хороо нь тендерт оролцогч “М” ХХК-ийн цахим системд ирүүлсэн файлыг хянан үзээд (20170524_-01-17-1.part1.rar) өргөтгөлтэй файл нь нээгдээгүй тул цахим тендер зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2 болон 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу Үнэлгээний хорооноос “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах шийдвэрийг гаргасан. 

6. “Хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” **** төслийн Багц-2 Төвийн бүсийн нутаг, Багц-3 Баруун бүсийн нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх тендер шалгаруулалтад оролцсон “М” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас манай газарт 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/3920 тоот албан бичгээр хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу тендер шалгаруулалтын гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж байгааг мэдэгдсэн. Ирүүлсэн албан бичигт “Гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэж мэдэгдсэний дагуу 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6/543 тоот албан бичгийн хавсралтаар үнэлгээний хорооны тайлан болон тендер шалгаруулалттай холбогдох баримт материалыг хүргүүлсэн. 

7. Сангийн яамнаас “М” ХХК-ийн гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хянан үзэж “М” ХХК-ийн ирүүлсэн саналаас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг үүгээр мэдэгдье гэж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ****тоот “Гомдол хянасан тухай” албан бичиг ирүүлснээр тендерийг хуулийн дагуу цаашид үргэлжлүүлэн тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Ж” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан төслийн ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Тус газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ** тоот “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан тухай мэдэгдэл нь тендерийн үнэлгээний хороо болон төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын гаргасан шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд “М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй болохыг үүгээр мэдүүлж байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан нарийн төвөгтэй бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал байвал хязгаарлагдмал тендер сонгон шалгаруулалтын аргаар буюу 15 хоногт зарлаж болно гэж заасан байгаа. Үүнийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан бичгээр тодруулга авсан байсан. Зөвшөөрөл дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт 3 дахь үеийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байх гэсэн шаардлагыг тавьсан. Энэ шаардлагын хангасан 4 байгууллага байдаг. 4 байгууллага байгаа учраас бид хязгаарлагдмал тендер зарлах боломжтой гэж үзсэн. “Ю” ХХК-ийн хувьд тендерийн оролцогч биш гэж байна. Үүний тухайд манайхаас тендерийн урилгыг 4 байгууллагад хүргүүлээд үүний үндсэн дээр 4 байгууллага цахим тендерт материалаа өгөх хүсэлтээ ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно гэж заасан. Манайх тендерийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зарласан. Үүний дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “Ю” ХХК 15 хоногийн хугацаа сунгасан гэх гомдлыг гаргасан. Манай зүгээс тендер шалгаруулалтад өөрчлөлт оруулж тендер хүлээн авах эцсийн хугацааг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болгож зарласан. Мөн энэ хугацаанд тендерт оролцогч аль ч байгууллага тендерийн материалд өөрчлөлт оруулж болно гэж заасан байгаа. 

Тендерийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагт нээсэн. Нээлтэнд “Ю” ХХК, “Ж” ХХК, “М” ХХК нар тендерийн үнийн саналыг ирүүлснийг тендерийн саналд оруулж баталгаажуулж авсан. Үүнийг хэрэгт хавсаргасан байгаа” гэжээ.

Гуравдагч этгээд “Ж” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарлсан “Улсын болон Олон Улсын чанартай А зэрэглэлийн авто зам дагуу хөдөлгөөнт холбооны тасралтгүй сүлжээ байгуулах, хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” **** тоот тендерт “Ж” ХХК шалгарч, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3 багц үйлчилгээний гэрээг байгуулсан. 

Гэрээний дагуу “Ж” ХХК нь тендерийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу заагдсан газруудад сүлжээ хүргэх ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийн тайланг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр багц 1, 2, 3 тус бүрээр нь гаргаж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн.

“Ж” ХХК-ийг шалгаруулсан мөн гэрээ байгуулсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн зохион байгуулсан ба “М” ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яам 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянаж, хууль зүйн үндэслэл бүхий албан хариу өгч, тендерийг үргэлжлүүлсэн нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. 

“Ж” ХХК нь Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн дагуу хууль зүйн хүчин төгөлдөр гэрээг байгуулж, холбогдох ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн ба гэрээг хүчингүй болгуулах үндэслэлгүй.

Иймд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хорооны үндэслэл бүхий шийдвэрийг хэвээр үлдээж, “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр багц тус бүрээр нь ажил хүлээлгэх актыг үйлдсэн. Тендер зарлагдсантай холбоотойгоор “Ж” ХХК-иас зөвхөн угсралт, суурилуулалттай холбоотой 272670407 төгрөгийн зардал гарсан. Мөн тухайн тендерт амжилттай оролцоод 2 жи сүлжээг 12 аймгийн сүлжээг оруулсан байгаа. Энэ сүлжээ нь дунджаар 2400 орчим хэрэглэгчтэй болоод байна. Мөн 2 жи сүлжээг оруулсантай холбоотойгоор 16447640000 төгрөгийн зардал гарсан байгаа. Энгээд бодохоор компаниас нийт 288512000 төгрөг бодитоор гарсан. “М” ХХК-ийн гаргасан гомдлын хүрээнд Монгол Улсын сангийн яам үндэслэл бүхий тайлбар гаргаж тендерийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын “Ж“ ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Мөн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр эдгээр нь хангалттай тогтоогддог. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн “М” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан ба 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “... “Жи” ХХК-ийг шалгаруулсан мөн гэрээ байгуулах эрх олгосон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үндэслэлийг тайлбарлавал: 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “М” ХХК-д хүргүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ** тоот албан бичигт “... Танай компанийн цахим системд илгээсэн 3 файлыг нээн үзэхэд (20170524_01-17-1.part1.rar) өргөтгөлтэй файл нээгдээгүй тул Цахим тендер зохион байгуулах журмын 4.2 болон 8.3-т заасны дагуу танай тендерээс татгалзах шийдвэрийг Үнэлгээний хороо гаргасан байна” гэж “М” ХХК-ийг шалгаруулаагүй үндэслэлээ тайлбарлажээ.

Шүүхээс шинжээчээр томилогдсон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “... Дээрх мэдээллээс дүгнэхэд “М” ХХК нь гурван файл илгээсэн бөгөөд 20170524th-01-17-2.pdf, 20170524th-01-17-3.pdf файлууд нь ямар ч асуудалгүй үзэгдэж болж байгаа ба 20170524__-01-17-1 нэртэй файлыг олон хэсэг болгон хуваачаад илгээхдээ зөвхөн эхний хэсгээ илгээсэн нь тухайн файлыг бусад хүмүүс задалж үзэх боломжгүй болгосон байна” гэж дүгнэсэн ба уг шинжээчийн дүгнэлттэй талууд маргаагүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3-д “худалдан авах ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төслийг боловсруулах, хуулиар эрх олгосон бол батлах” гэж төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан, мөн тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж тус тус заасан байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрх зохицуулалтуудад үндэслэн Сангийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 07 тоот тушаалаар “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ыг баталсан байх ба уг журмын 3.1.5-д “Тендерт оролцогч нь цахим системд өөрийн мэдээлэл үнэн зөв бүртгэгдсэн эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд буруу бүртгэгдсэн мэдээллийг залруулах хүсэлтийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад гарган залруулга хийлгэж болно” гэж заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болох хэдий ч Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын 3.1.5-д “Тендерт оролцогч нь цахим системд өөрийн мэдээлэл үнэн зөв бүртгэгдсэн эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд буруу бүртгэгдсэн мэдээллийг залруулах хүсэлтийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад гарган залруулга хийлгэж болно” гэж зааснаас үзэхэд “М” ХХК нь тендер шалгаруулалтын цахим системд өөрийн файлыг бүрэн гүйцэд илгээгдсэн эсэхийг шалгах үүрэгтэй байжээ.

Мөн дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “..... асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж захилагчид эрх олгосон агуулгатай зохицуулалтыг хууль тогтоогч хуульчилсан байх ба уг зохицуулалт нь үүрэг болгосон зохицуулалт биш тул хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

“Жи” ХХК нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан **** дугаартай “Улсын болон Олон Улсын чанартай А зэрэглэлийн авто зам дагуу хөдөлгөөнт холбооны тасралтгүй сүлжээ байгуулах, хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” үйлчилгээ үзүүлэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтад оролцож шалгаран ажлаа 100 хувь хийж гүйцэтгэж дуусгаж, иргэдэд үйлчилгээгээ хүргэж эхэлсэн болох нь болон улсын төсвөөс тодорхой хувийн санхүүжилт авсан болох нь хэрэгт цугларсан “Захиалагч, үйлчилгээ үзүүлэгчийн хооронд байгуулах гэрээ”-нүүд болон уг гэрээнүүдийн хавсралтууд /төлбөрийн хуваарь/, хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ажлын гүйцэтгэлийн тайлангууд, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан ба уг хуулийн зохицуулалтын агуулга нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн буюу бодит байдалд хэрэгжих боломжтой, хэрэгжихүйц, биелэгдэхүйц байх явдал  юм.

Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд “Ж” ХХК нь ажлаа 100 хувь хийж гүйцэтгэж дуусгаж, иргэдэд үйлчилгээгээ хүргэж эхэлсэн болох нь болон улсын төсвөөс тодорхой хувийн санхүүжилт авсан болох нь тодорхой нотлогдож байх тул “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой байх буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь “хуульд заасан заасан хугацаанд тендерийг нээгээгүй, утсаар мэдэгдсэн нь зөвхөн албан бичгээр харилцана” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн,  тендер хүлээн авах, нээх хугацааг сунгаагүй байж заасан хугацаанаас хожимдож ирсэн тендерийг хүлээн авч, хаягаар нь буцаана гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр маргаж байх хэдий ч эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй байх ба дээрх үндэслэлүүдэд хариуцагчийн төлөөлөгчид үндэслэл бүхий тайлбарыг өгсөн болно.

Мөн нэхэмжлэгч нь нээлттэй тендер байсан тул 15 буюу түүнээс дээш хоногоор биш 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно” гэж заасан хуулийн хугацаагаар тооцон тендерийн материал хүлээн авах ёстой байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь тус тендер шалгаруулалт нь хязгаарлагдмал тендер шалгаруулалт байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 –д “Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг тендерийн урилга тараасан өдрөөс хойш 15 буюу түүнээс дээш хоногоор тогтооно”гэж заасан байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3, 52.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн “М” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт даалгах, “Жи” ХХК-ийг шалгаруулсан мөн гэрээ байгуулах эрх олгосон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 68,022.50 /жаран найман мянга хорин хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-аас гаргуулж, ШУТИС-ын Мэдээлэл, холбооны технологийн сургуульд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                М.БАТЗОРИГ