Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0026

 

2021.01.06-ны өдөр 221/МА2021/0026

 

 

 

 

 

 

 

 

 

  Ж.Д, Б.М нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Д, Б.М нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Д, Б.М нараас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “...Монгол Улсын иргэн Ж.Д хууль ёсоор эзэмшиж байсан Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзайн гудамж, гэрчилгээний дугаар 000520759, 18641332170804 нэгж талбарын дугаартай зуслангийн газрыг эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн ба шаардагдах захиргааны акт /Ж.Д-ын 18641332170804 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг сунгах, түүний дараа 18641332170804 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Б.М-ийн нэр дээр шилжүүлэх/ гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, түүний эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, улмаар Ж.Д-ын төрсөн охин Б.М-тай хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Газрын тухай хуулийг үндэслэн тус газрын эзэмших эрхийг Ж.Д-аас Б.М-гийн нэр лүү сольж, Б.М-д 18641332170804 нэгж талбарын дугаартай газар дээр шинээр гэрчилгээ гаргуулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын 2.1.3-т тусгасан газар дайчлан авч чөлөөлөхөөр төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Ж.Д-ын газрын эрхийг хүчингүй болгож, газрыг дайчлан авч Газрын тухай хуулиар олгогдсон хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь үгүйсгэж, ноцтой хохирол учруулсан тул тус актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ж.Д нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “холбогдох хуулиуд болон газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж байсан 18641332170804 нэгж талбарын дугаартай зуслангийн газрынхаа эзэмших эрхийн хугацааг сунгах болон охин Б.М-гийн нэр дээр газрын гэрчилгээг сольж өгөх” хүсэлтээ шаардагдах бүх бүрдүүлбэрийн хамт бүрэн хангаж газрын эзэмших эрхийн хугацаа дуусахаас 1 жилийн өмнө хуулийн дагуу гаргаж №8495 дугаартай өргөдөл гомдол бүртгэл хяналтын карт нээлгэсэн боловч өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд албан ёсны шийдвэр гаргаж, хариу өгөөгүй байгааг анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 20.1.2, 37.1-д заасныг тус тус дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс шунахайн сэдлээр асуудалд хандан нэхэмжлэгчийн уламжилсан хүсэлтийг хүлээн авсан мөртлөө шийдвэрлээгүй өнөөдрийг хүргэсэн, анх газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг гардуулж өгсөний үндсэн дээр №8495 дугаартай өргөдөл годмол бүртгэл хяналтын карт нээлгэсэн байхад уг хүсэлтийг өгөөгүй мэтээр гүтгэн үндэслэлгүйгээр буруутгасан үндэслэлийг шүүх үндэслэлгүй дүгнэсэн.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” бүрэн эрхтэй гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах бүрэн эрхтэй эсэх дээр огт маргаагүй харин тус 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолоор батлагдсан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан зохицуулалтыг илэрхий зөрчсөн болохыг удаа дараа тайлбарлаж, үүнийг шүүхээр тогтоолгохыг хүссэн. Учир нь 5 дугаар тогтоолын 2.1.3.1 болон 2.1.3.2-т 2018 онд хууль ёсны дагуу эзэмшиж байсаан Ж.Д болон 40 гаруй айлийн газрыг хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад хүчээр төрийн нэрийн өмнөөс газрыг нь чөлөөлүүлэхээр төлөвлөж, улмаар энэ үйл ажиллагаа бүрэн хэрэгжиж одоо Ж.Д болон бусад 40 гаруй иргэн газраа алдаж хохирсон болно.

“...Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл холбогдох бусад баримтаар Сүхбаатар дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.1.3-т заасан аялал жуулчлал, мод үржүүлэгийн зориулалтаар төлөвлөсөн төлөвлөлт нь бодитоор хэн нэгний газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн эрхийн эсрэг чиглээгүй, тухайлан зураг төсөл боловсруулж, дээрх зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид олгохоор тодорхойлсон зүйлгүй, зөвхөн тухайн байршилд иргэн аж ахуйн нэгжид олгох боломжтой газар байгаа тохиолдолд аялал жуулчлал болон мод үржүүлэх гэсэн хоёр зориулалтаар олгох асуудлыг судлаж, шийдвэрлэхийг үүрэг болгосон шинжтэй байх бөгөөд...” гэх үндэслэлийн тухайд: Шүүхийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгтэй хоорондоо утга агуулгын хувьд илэрхий зөрчилдөж байна. Учир нь 5 дугаар тогтоолын 2.3.1 дэх хэсэг нь Ж.Д болон бусад 40 айлын газар эзэмших эрхийн эсрэг үнэхээр чиглээгүй юм бол шүүх дээрх дүгнэж тайлбарласанчлан 40 гаруй иргэнд 2018 оны 07 дугаар сарын 31-нд 400 дугаар албан бичгээр хүргүүлсэн хариу тайлбарыг хүргүүлж, газар эзэмших эрхийг сунгахгүй, газрын гэрчилгээг бусдад шилжүүлж өгөхгүй байгаа хууль бус үйлдлийнхээ үндэслэл, шалтгааныг хариуцагч нар тайлбарлахгүй байсан.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно хэмээн тус тус заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн хугацааг сунгах болон мөн газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхий бүхий хуулийн этгээд болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын зүгээс хүсэлт анх өгсөнөөс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад энэ 2 нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотой ямар нэгэн шийдвэр огт гаргаагүй, энэ талаар баримт шүүхэд огт ирүүлдэггүй. Дээрх шүүгчийн тайлбарлаж дүгнэсэн дүгнэлт нь дотоод газар хоорондын бичиг байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын байр суурийг илэрхийлж, түүний албан ёсны шийдвэрийг ямарваа нэг хэлбэрээр орлож чадахгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг хаацайлж чадахгүй.

Хэрэгт авагдсан №8495 дугаартай өргөдөл гомдол бүртгэл хяналтын карт нээсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгчийг хүсэлт гаргаагүй гэж гүтгэх үндэслэлгүйг нотлоно. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.1, 32.2.2, 32.2.3, 32.4, 32.5-д заасан зохицуулалтаас үзвэл, газрын эрх сунгах хүсэлт гаргахад хуулийн дагуу зайлшгүй өргөдөл гомдол бүртгэл хяналтын карт нээж, хүсэлт гаргасан иргэнд мөн тодорхойлолт заавал өгөхийг шаардсан байна.

Харин тус хуулийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай харилцааг зохицуулсан 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх гэсэн хэсэгт өргөдөл гомдол бүртгэл хяналтын карт нээнэ гэсэн зохицуулалт байхгүй. Энэ тухай шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч мөн адил батлан тайлбарладаг. Нэхэмжлэгч анх 2018 оны 10 дугаар сарын 17-нд хариуцагч нарт хандаж газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах болон газрын эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийнхээ өөрт байсан нэг хувийг шүүхэд хүргүүлж, хэрэгт хавсаргуулсан. Тиймээс зөвхөн газрын эзэмших эрх сунгах туахй хүсэлт дээр л өргөдөл гомдлын хяналтын карт нээдэг болох нь тогтоогдох боломжтой. Нэхэмжлэгч газрын эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлт өгсөн болоод л өргөдөл гомдлын бүртгэл хяналтын №8495 дугаартай карт нээгдсэн болох нь илэрхий байна. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн нэгж талбарын хувийн хэрэгт нэхэмжлэгчийн анх гаргасан хүсэлтүүдийг санаатай бөгөөд санамсаргүй гаргаж өгөхгүй, зөвхөн түүний бүрдүүлбэрүүдийг л өгч байгаа нь хувийн шунахай санаа сэдэл зорилготой байхыг үгүйсгэхгүй. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулагч Н.Ч авилгал, албан тушаалын хэргээр Авилгатай тэмцэх газарт шалгагдаж ажлаас халагдсан бөгөөд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №А/169 дугаар тушаалаар “Нэгж талбарын хувийн хэргийг хөтлөх журам”-нд Газрын тухай хуулийн 23.2.23-д зохицуулсаны дагуу газрын нэгж талбарын хувийн хэрэгт анх хүсэлт гаргагч ямар ч хүсэлт, агуулга бүхий баримт бичгийг хэдэн хуудас өгсөн болохыг бүртгэж, баталгаажуулдаг хамгийн чухал “нотлох баримтын жагсаалт” гэгчийг үйлдсэн үйлдээгүй нь мэдэхгүй байгаа түүнийг шүүхэд гаргаж өгөхгүй байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татаж, эгдүү хүргэсэн хариуцлагагүй үйлдэл нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тайлбарладаг нэхэмжлэгч анх хүсэлт өгөөгүй гэдэг тайлбарыг тогтоож, нотолж чадахгүй бөгөөд мөн хууль бус шунахайн сэдэлтэй уваагүй үйлдлийг нь ч илчилдэг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хуулиар ногдуулсан үүрэг даалгавраа биелүүлж ажлаагүйн үүрэг хариуцлагыг жирийн иргэнд үүрүүлж хуулиар олгосон хууль ёсны эрх ашгийг нь зөрчиж, хохироож, эрх зүйн байдлыг нь доройтуулж хэрхэвч болохгүй.

Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 38 дугаар зүйлийн 38.4-д заасан зохицуулсанаас үзвэл, өнөөг хүртэл нэхэмжлэгчин газрын эзэмших эрхийг сунгуулах болон газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтүүдийн аль алинд нь холбогдох шийдвэрийг гаргаагүй, эсвэл эдгээр хүсэлт болон түүний материалууд нь шаардлага хангаагүй буцааж, бүртгэлээс хассан тухай барит байдаггүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтийг “...анх шаардлага хангаж байна гэж хүлээж авч, өргөдөл гомдлын бүртгэлийн карт нээчихээд, шийдэхгүй 2 жил болсны дараа асуудал нь шүүх дээр ирсний дараа анх бол хүсэлт өгөөгүй байсан юм билээ, тэгэхдээ бол түүний бүрдүүлбэр материалуудыг бол өгсөн л дөө, бүрдүүлбэр материалууд дээр нь өргөдөл гомдлын бүртгэлийн хяналт карт нээсэн юм, анх хүсэлт болон бүрдүүлбэр материалуудаа өгөхөд нь бид нотлох баримтын жагсаалт бол хийж бүртгэлжүүлж авсан тэгэхдээ бол нотлох баримтын жагсаалт байхгүй...” гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.

Дээрхийг нэгтгэн дүгнэж үзвэл хариуцагчид нь хуульд заасны дагуу ноогдсон эрхээ хэрэгжүүлэх эрхтэй боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хууль ёсны эрхээ хангуулахаар гаргасан хүсэлт шаардлагыг хүндэтгэн үзэхгүйгээр, 18641332170804 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг сунгах болон бусдад шилжүүлэх хүсэлтийг хангахгүй байх үндэслэл шалтгааныг нотлохгүйгээр шунахайн сэдэлдээ тулгуурлаж, асуудалд бодитой бус субьектив байдлаар хандаж, өдийг хүртэл нэхэмжлэгчийн хүсэлтийг албан ёсоор шийдвэрлэж, хариу өгөөгүй байж шууд газар эзэмших эрхийг нь “Сүхбаатар дүүргийн 2018, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө” гэх хууль бус актыг үндэслэн сунгаж өгөөгүйг онцгой анхаарна уу.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.Д-т тус дүүргийн 19 дүгээр хороо Хандгайт зусланд 500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ гэрчилгээ олгож, улмаар иргэн Ж.Д-аас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд /хуучин нэрээр/ хандан газар эзэмших эрхээ иргэн Б.М-д шилжүүлэх хүсэлт гаргаж байжээ.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д "өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөх гэж, 6 дугаар зүйлд “өргөдөл, гомдол гаргагч”-ийн эрхийг тодорхойлж өгчээ.

Нэхэмжлэгч нарын зүгээс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших эрхээ иргэн Б.М-д шилжүүлэх хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны №8495 дугаартай өргөдөл гомдол бүртгэл хяналтын дэвтэр бүртгэгдсэн, улмаар хариуцагч “Сүхбаатар дүүргийн Газрын албанаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр маргаан бүхий газарт иргэдийн амралт, чөлөөт цагийг өнгөрөөх ногоон байгууламж, мод үржүүлгийн талбай байгуулахаар төлөвлөсний дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны А/309, А/331 дугаарын захирамжуудаар 40 гаруй иргэнд газар олголт хийсэн байсныг ногоон бүсэд хууль зөрчин газар олголт хийсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгох саналыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн байгаа тул одоогоор эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг /холбогдох баримтуудын хамт/ нэхэмжлэгч тухайн газрын албанд гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Ж.Д-н хууль ёсоор эзэмшиж байсан Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзайн гудамж, гэрчилгээний дугаар 000520759, 18641332170804 нэгж талбарын дугаартай зуслангийн газрыг эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч тал газар эзэмших эрхийг Б.М-гийн нэр дээр шилжүүлэхийг шууд даалгах гэж нэхэмжлэлээ тодорхойлсон хэдий ч ийнхүү шийдвэрлэх боломжгүй тул шүүхээс хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзайн гудамж, 18641332170804 нэгж талбарын дугаартай зуслангийн газрыг эзэмших эрхийг /сунгах, шилжүүлэх эсэх/-ийг хууль тогтоомжийн хүрээнд буюу зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох Ж.Д-ын төрсөн охин Б.М-тай хийсэн гэрээ болон Газрын тухай хуулийг үндэслэн тус газрын эзэмших эрхийг Ж.Д-аас Б.М-гийн нэр лүү сольж, Б.М-д 18641332170804 нэгж талбарын дугаартай газар дээр шинээр гэрчилгээ гаргуулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзлээ.

Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах”, 37.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж, 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Сүхбаатар дүүргийн Засаг даргаас ямар шийдвэр гаргахаас үл хамаараад түүнийг биелүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Ж.Д-аас Б.М-гийн нэр лүү сольж, 18641332170804 нэгж талбарын дугаартай газар дээр шинээр гэрчилгээ гаргуулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл нь “захиргааны шүүхийн харьяаллын бус” гэж холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” 5 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн бөгөөд үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж зааснаар тодорхойлсон. Гэвч Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлсэн тухайн Хурлын тогтоолыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүйн зэрэгцээ анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг тус тус баримтлан Ж.Д-ын хууль ёсоор эзэмшиж байсан Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзайн гудамж, гэрчилгээний дугаар 000520759, 18641332170804 нэгж талбарын дугаартай зуслангийн газрыг эзэмших эрхийг сунгах, /Б.М-гийн нэр дээр шилжүүлэх/ шийдвэр гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ж.Д-ын 18641332170804 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг сунгах, /Б.М-гийн нэр дээр шилжүүлэх/ хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэж өөрчилж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-д 18641332170804 нэгж талбарын дугаартай газар дээр шинээр гэрчилгээ гаргуулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д зааснаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дахь заалтыг нэмж, “3” гэж өөрчилсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН