Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00586

 

“Г” БГБХ-нөхөрлөлийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02369 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0018 дугаар магадлалтай

“Г” БГБХ-нөхөрлөлийн нэхэмжлэлтэй

Ч.Ч-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

1 492 000 төгрөгийг “Г” БГБХ-нөхөрлөл болон Л.Цэвэлмаа нараас гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” БГБХ-нөхөрлөл нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах, “Орхон” худалдааны төвийн 2 дугаар давхарт ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг бөгөөд манай ломбард нь Ч.Ч-тай 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 425а тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй /сарын 180 000 төгрөг/ зээлдүүлсэн. Ингээд 8 сарын хүү буюу нийт 1 440 000 төгрөгийг төлсөн. Улмаар Ч.Ч-тай дахин 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 552 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй /сарын 120 000 төгрөг/ зээлж, эхний сарын хүү төлөх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн тул 16 000 төгрөгийг, 1 сарын хүү болох 120 000 төгрөг дээр нэмж нийт 136 000 төгрөгийг хүүнд төлсөн байдаг. Нийт хоёр зээлийн гэрээний хүүд 1 576 000 төгрөгийг төлсөн. Уг хоёр зээлийн гэрээг нэгтгээд, хугацааг 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 05 дугаар cap хүртэл 3 сарын хугацаатай байхаар тохиролцсон. Гэтэл хариуцагч Ч.Ч- өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөр 5 000 000 төгрөгийг, 3 cap, 10 хоногийн хугацааны хүү 1 000 000 төгрөгийн хамт төлөхгүй алга болсон тул нийт 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Ч- нь тус ломбарданд өөрийн их гарын хөөргийг барьцаанд тавьж 5 сая төгрөгийг нэг сарын хугацаатай зээл авсан нь үнэн. Гэхдээ зээлж авсан мөнгийг төлөөд барьцааны эд хөрөнгийг буцаан авсан. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр Ч.Ч-аас илүү мөнгө авсан байх тул хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж илүү төлсөн мөнгийг буцаан шаардах болно.

Хоёр зээлийн гэрээг тус бүр 1 сарын хугацаатай байгуулаад гэрээний хугацааг сунгаагүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд зээлийн гэрээг бичгээр сунгаагүй тул илүү хүү төлөхгүй.

2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ч.Ч- нь Голомт банкны данснаасаа 5 216 000 төгрөгийг аваад шууд Л.Цэвэлмаад бэлнээр өгөөд барьцаалсан хөөргөө авсан. Энэ хүмүүс мөнгө өгсөн, авсан талаар баримт огт өгдөггүй учир 5 216 000 төгрөгийг Л.Цэвэлмаад өгсөн баримт байхгүй нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.Цэвэлмаагаас 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 3 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 2 000 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг өөрийн их гарын манан хөөргийг барьцаалан зээлж авсан бөгөөд 1 440 000 төгрөг, 136 000 төгрөг, 5 216 000 төгрөг, нийт 6 792 000 төгрөгийг төлөөд барьцаанд тавьсан их гарын манан хөөргөө буцаан авсан болно.

Л.Цэвэлмаа нь Ч.Ч-тай зээлийн гэрээ байгуулахдаа ямар нэгэн хуулийн этгээдийг төлөөлөөгүй бөгөөд тус зээлийн гэрээнд байгууллагын тамга байхгүй. Ч.Ч- нь хэлэлцэн тохиролцсон хугацаандаа зээлээ төлж чадаагүй боловч Л.Цэвэлмаагийн шаардсаны дагуу 6 792 000 төгрөгийг түүнд бэлнээр төлсөн болно. Зээлдүүлэгч нар нь ямар нэгэн дансанд мөнгийг шилжүүлж авдаггүй, бэлнээр өгөхийг шаарддаг байсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Л.Цэвэлмаагаас зээлж авсан 5 000 000 төгрөгөө хүүгийн хамт төлж барагдуулсан бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын хүү төлөхөөр тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу 1 сараас илүү хугацаанд хүү бодогдох үндэслэлгүй байтал Л.Цэвэлмаа нь илүү хүү бодож авсан. Ч.Ч- нь зээлсэн мөнгөө төлж дуусгасан бөгөөд барьцаанд хадгалуулсан их гарын хөөргөө буцаан авснаар нотлогддог. Гэтэл Л.Цэвэлмаа нь “Г” БГБХ-нөхөрлөл гэсэн хуулийн этгээдийн нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд Л.Цэвэлмаа болон “Г” БГБХ-нөхөрлөлөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн 1 492 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Г” БГБХ-нөхөрлөл нь 1998 оны 09 дүгээр сард албан ёсоор байгуулагдаж, нөхөрлөлийн дүрэмд итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрхтэй этгээд нь Л.Цэвэлмаа болон Ч.Цэрэндулам нар байдаг бөгөөд тус 2 хүний хамтарч байгуулсан ломбард юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нөхөрлөлийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогддог. Ч.Ч- нь сөрөг нэхэмжлэлдээ Л.Цэвэлмааг ямар нэгэн төлөөлөх эрхгүй гэсэн нь үндэслэлгүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Д.Туяагийн үндсэн зээл болон хүүг нэхэмжлэгч талд бүрэн төлж, зээлийг дуусгасан гэсэн тайлбар үндэслэлгүй. Хөөргөө буцаан авсан учраас зээл төлөгдсөн гэжээ. Хөөрөгтэй холбоотой асуудал нь бидний нэхэмжилсэн 425а тоот болон 552 тоот гэрээтэй холбоогүй, түүнээс өмнө биднээс авсан зээлдээ тус хөөргийг барьцаалсан байсан.

Ч.Ч- нь 425а тоот зээлийн гэрээний 8 сарын хүүд 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 180 000 төгрөг, 08 дугаар сарын 16-ны өдөр 180 000 төгрөг, 09 дүгээр сарын 01-ний өдөр 180 000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 360 000 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 180 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 360 000 төгрөг, нийт 1 440 000 төгрөгийг төлсөн. Мөн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлж, зээлийн хүүд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 136 000 төгрөг төлсөн. 5 216 000 төгрөг Ч.Ч-ын данснаас гарсан байгаа боловч манайд төлөөгүй бөгөөд төлсөн болохоо нотлоогүй. Тэгээд ч Ч.Ч- өөрөө зөвшөөрөөд хүүгээ төлөөд байсан. Иймд үндсэн зээл 5 000 000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгөөс татгалзаж байна.

Хоёр болон гурав дахь зээлийг авахад Ч.Ч-ын хадам ээж болон эхнэр Г.Хишгээ нар нь ирж гуйсан тул бид найз нөхдийн холбоо, олон жилийн нөхөрлөлдөө итгэн тус 2 зээлд барьцаа аваагүй, итгэлцлээр зээл олгосон. Хөөрөг барьцаалсан тэмдэглэл байхгүй. Энэ талын баримт хавтаст хэрэгт байдаг. “Г” БГБХ-нөхөрлөл нь олон жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаагийн хувьд гэрээ байгуулах болон зээл дуусахад зээлдэгчийн гарын үсгийг заавал зуруулан авч үлддэг бөгөөд баримт дээр гарын үсэг байхгүй байгаа нь Ч.Ч- бидэнд зээлээ төлөөгүй гэдгийг нотлох баталгаа юм. Ч.Ч- зээлээ төлөөгүй гэдгийг түүний эхнэр болон хадам ээж Б.Сорогжоо нар нотолно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02369 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-аас зээлийн гэрээний үүрэгт 1 740 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” БГБХ-нөхөрлөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 260 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-ын нэхэмжлэгч “Г” БГБХ-нөхөрлөл болон Л.Цэвэлмаад холбогдох 1 492 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дугаар зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ”“Г”” БГБХ-нөхөрлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид 42 790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”“Г”” БГБХ-нөхөрлөлд олгож, хариуцагч Ч.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 662 төгрөгийг улсын орлогоос гаргуулан түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0018 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25 өдрийн 0018 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дүгээр зүйлийн 166.4-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30 өдрийн 184/ШШ2017/02369  дүгээр шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгох бүрэн боломжтой байсан.

Учир нь нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна.” хэмээн заажээ.

Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болжээ. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн үзсэн нь үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарласан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол...” хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ гэж заажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ тогтоосон журмын дагуу бүрдүүлээгүй нь өөрийнх нь хариуцлага тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй юм. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг өмнө нь 5 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан учир хөөн хэлэлцэх хугацаа тухайн үедээ тасалдсан гэж хуулийг буруу тайлбарласан байна.

Мөн шүүх хэргийн бодит үнэнийг тогтоох үүргээ биелүүлсэнгүй. Учир нь хариуцагч Ч.Ч- нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1 /нэг/ сарын хугацаатай 3 000 000 /гурван сая/ төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулсан болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч 1 440 000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй хэмээн маргадаг. Гэтэл хавтаст хэрэгт зээлийн төлбөрийг хэрхэн барагдуулсан талаар нэг ч баримт байдаггүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгийг дандаа бэлнээр авдаг байсан учир хариуцагчид гартаа барьсан баримт үлдээгүй болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байна хэмээн үзсэн нь тодорхойгүй буюу хэргийн бодит үнэнийг тогтоох тусгай зарчим зөрчигдлөө.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02369 дүгээр шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0018 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Г” БГБХ-нөхөрлөл Ч.Ч-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч болон Л.Цэвэлмаа нараас илүү төлсөн 1 492 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 740 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

1.    Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 425а тоот гэрээгээр шилжүүлсэн 3 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 552 тоот гэрээгээр шилжүүлсэн 2 000 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 425а дугаартай Барьцаат зээлийн гэрээ нь “Г” БГБХ-нөхөрлөл, иргэн Ч.Ч- нарын хооронд байгуулагдсан, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2 000 000 төгрөгийн үнэ бүхий 552 дугаар зээлийн гэрээ нь иргэн Л.Цэвэлмаа, Ч.Ч- нарын хооронд байгуулагдсан байх тул шүүх эхний гэрээнд холбогдох шаардлагыг шийдвэрлэж, хоёр дахь гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

“Г” БГБХ-нөхөрлөл нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий этгээд, талуудын хооронд байгуулагдсан гэрээ Барьцаат зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн байх боловч нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлд ямар нэг хөрөнгө барьцаалаагүй, барьцааг итгэлцлээр олгосон талаар гэрээнд тусгагдсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр зээлдүүлэгч 3 000 000 төгрөгийг зээлдэгчид нэг сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн байх бөгөөд гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна, гэрээний дагуу зээлдүүлэгч үүргээ биелүүлж 3 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 281.2.-т зааснаар зээлдэгч Ч.Ч- үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүүд /3 000 000 х 6%/ 180 000 төгрөг, нийт 3 180 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Гэрээний үүрэгт зээлдэгч 2014 оны 07 дугаар сарын 03-наас 2015 оны 02 дугаар сарын 03-ны хооронд нийт 1 440 000 төгрөгийг буцаан төлсөн нь баримтаар нотлогдсон байх бөгөөд дээрх төлбөрийг гэрээний хугацааг сунгасан тул зээлийн хүүд тооцож авсан гэх үндэслэлээр үндсэн зээл 3 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан байх талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зохицуулсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг сунгасан тухай бичгээр үйлдээгүй тул хариуцагчаас төлбөрт авсан төлбөрийг бүгдийг зээлийн хүүд суутган авах боломжгүй юм.

Иймд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгчийн зөвшөөрсөн, хариуцагчаас тус зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж, нэхэмжлэгчид төлсөн 1 440 000 төгрөгийг төлөх ёстой 3 180 000 төгрөгөөс хасч үлдэх 1 740 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч нь зээлийн төлбөрт нийт 6 792 000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлах боловч хариу тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, хэрэгт хариуцагчийн тайлбарыг нотлосон баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гурван жил” гэж, 79 дүгээр зүйлийн 79.1.-д “...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, ...буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, 79.7.-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж зохицуулсан байна.

Хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 03 хүртэл гэрээний үүргийг гүйцэтгэж байсан тул түүнийг үүргээ хүлээн зөвшөөрч төлбөр төлж байсан гэж үзэх тул энэ хүртэлх хугацааг тасалдсанд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны 02 дугаар сараас эхлэн шинээр тоолно, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа 2018 оны 02 дугаар сарын 03-нд дуусахаар байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

2.    Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Ч.Ч- нь “Г” БГБХ-нөхөрлөл, Л.Цэвэлмаа нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн 1 492 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэл гаргаагүй Л.Цэвэлмаад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх  үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамтруулан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцжээ.

Нэгэнт шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, хариу тайлбар авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бус холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учиртай.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгохыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0018 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02369 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар “Г” БГБХ-нөхөрлөл, Л.Цэвэлмаа нарт холбогдох 1 492 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ч.Ч-ын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 790 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД