| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0198/Э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н овогт Бын Ат холбогдох 19350046000234 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр дугаар сарын 23-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Сантех Увс” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 1-р багт бүртгэлтэй, Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн Залгамжлагчийн 513 тоотод оршин суух Н овогт Бын Ат /РД:................................/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Улаангом сумын 7 дугаар багийн нутагт өөрийн гэртээ эхнэр Д.Бг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Улаангом сумын 7 дугаар багийн залгамжлагчийн 513 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.Бг зодсон болох нь
Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний нөхөр Б.А 2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үеэс Г.Г, Ч.Б нартай 2.5 литрийн 3 ширхэг пиво уусан. 21 цагийн үед Г.Г, Ч.Б нар манайхаас гарч яваад би унтах гээд ор засаж байтал Б.А утас аваад өг гэхээр нь би “Өөрөө ав. Хажууд чинь байна” гэж хэлчихээд охиноо тэврээд сууж байтал над руу алчуур шидээд “Утас аваад өг гээд байхад яах гээд байгаа юм бэ? Чамайг алчихна шүү. Чи намайг хуурч байна. Араар тавьж байна” гээд миний баруун гарын шуунаас бариад зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсан. Намайг тавчихаал хүүхдийн тоглоомон машин над руу шидэхээр нь би зугатаад оногдоогүй, дахин хатаагчтай хувцас авч над шидчихээд намайг доромжлоод байхаар нь би А луу долоовор хуруугаараа заагаад “Үнэн бодитой зүйл ярья хэрүүл хий” гэж хэлэхэд А “Чи над руу хуруугаараа заадаг хэн бэ? пизда минь” гэж хэлээд миний баруун гарын булчин руу цохихоор нь би уйлаад зугатааж гадна гараад “Хүн аллаа” гэж орилоход А араас гарч ирээд чанга чанга дуугарч хэрэлдэж байгаад гэрт ороход А “Чи яахаараа гэрээс гардаг юм бэ?” гээд намайг түлхэж унагахад би босож ирээд Аыг нэг алгадаж түлхэхэд гутлын тавиур дээр байсан углаашийг авч над руу шидсэн нь миний хэвлий хэсэгт оноход хүчтэй өвдөлт мэдрэгдээд доошоо суухад миний хамраас цус гарсан. Миний хамраас цус гарч байгааг хараад А тайвшраад сууж байтал Цагдаа нар ирээд Аыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 30-р тал/,
Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой гэртээ Б, Г нартай 2.5 литрийн 3 ширхэг пиво уусан. Г, Б нар явсны дараа “Утас аваад өг” гээд эхнэртэйгээ маргалдаж байснаа санаж байна. Би уусан пивондоо согтоод өөрийгөө хянах чадвараа алдсан байсан. Маргааш нь миний эхнэр Б.Б надад өөрийг нь яаж зодсон талаар хэлсэн. Би ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна. Урьд өмнө нь ийм үйлдэл гаргаж байгаагүй. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 806 дугаартай шинжээчийн “Б.Бгийн биед баруун бугалга, зүүн шуу, зүүн тохой, баруун шилбэ, хэвлийн баруун дунд хэсэгт цус хуралт, зүүн хацар, эрүүний зүүн талд, баруун хавирганы нум орчимд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Энэ гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цус хуралт гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1.5 орчим хувийг хамарч байх тул Гэмтлийн үэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 16-р тал/-ээр хохирогч Б.Бгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.А энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж толгой, нүд орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р тал/-аар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь нотлогдсон.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Дгийн өгсөн: “А нь миний нөхрийн төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд Улаангом коллежид сурч байхдаа манайд байж хичээлдээ явдаг байсан. Даруу зантай, зөөлөн ааштай хүүхэд байсан. Ажил хөдөлмөрт сайн. Эхнэртэйгээ эвтэй байдаг. А нь хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/, Гэрч Б.Аын өгсөн: “Б.А нь миний төрсөн дүү Б.Бтай 2015 онд гэр бүл болсон. Б.А даруу төлөв зантай, хүмүүстэй найрсаг, элгэмсэг харьцдаг, ямар нэгэн сөрөг хар буруу зан гаргаад байдаггүй, Б.А, Б.Б хоёрыг урьд нь хэрүүл маргаан гаргасан талаар сонсож байгаагүй. Б.А яагаад Б.Бг цохьсоныг гайхаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 136-37-р тал/, -үүд хэрэгт авагдсан байна.
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд “Би Б.Атай сайн дураараа эвлэрсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 73-р тал/ гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ялын хүрээнд шүүгдэгч Б.Ат торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгөтэй өрөөсөн углааш нь ахуйн хэрэглээний зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Бд буцаан олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Ат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгөтэй өрөөсөн углаашийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Бд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ