Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Наран хотхоны 21б байр, 25 тоотод оршин суух Жарангийнхан овогт Дондовын Энхбаярын /РД:ЧК60080702/ нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхбаяр , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                         

                                                                                                     

Нэхэмжлэгч Д.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дондов овогтой Энхбаяр миний бие 1991 оны 5 сарын 27-ны өдрийн б/88 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн АХГЗахиргааны цагдаагийн бичиг хэргийн эрхлэгч-бичээчээр томилогдон ажиллаж, байгаад 1994 оны 6 сард хүүхэд төрүүлэх чөлөө авч ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Миний бие одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор тэр үеийн ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, тушаал шийдвэрийг гаргуулахаар ЦЕГ-ын төв архивын газарт өргөдөл өгөөд миний материал олдохгүй, гарч ирэхгүй байгаа  тул намайг 1991 оны 5 сараас 1994 оны  сар хүртэл хугацаанд СБ дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Миний бие 1978 онд Нийгмийн аюулаас хамгаалах яаманд ажилд ороод 1991 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст бичиг хэргийн эрхлэгч хийж байсан. Жирэмсний амралтаа аваад эргэж ажилдаа ороогүй. Бичиг хэрэг нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Би 1994 оны 7 сард жирэмсний амралтаа авсан юм. Гэтэл одоо ажлаас гарсан тушаал байхгүй тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал үүсээд байна. Иймд намайг 1991 оны 5 дугаар сараас 1994 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст бичиг хэргийн эрхлэгч, бичээчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Д.Энхбаярын ажлаас гарсан тушаал нь үрэгдсэн, уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газрын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13/2005 тоот архивын лавлагаа, нэхэмжлэгчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.  

 

Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст бичиг хэргийн эрхлэгч, бичээчээр ажиллаж байсан болох нь:

Д.Энхбаярын 1979 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн “...07.1991.05.20 Ажлаас нь чөлөөлж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв, УАБХЕГ-ын даргын 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5188 дугаар тушаал, 08.1991.05.20 Сүхбаатарын дүүргийн Цагдаагийн хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч бичээч, СБ дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 1991 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/88 тоот тушаал” гэсэн бичилтүүд /хавтас хэргийн 7,8-р хуудас/,

Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын газрын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13/2005 тоот “Д.Энхбаяр нь Сүхбаатар дүүргийн АХГЗахиргааны цагдаагийн хэлтсийн даргын 1991 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн б/88 дугаар тушаалаар 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн АХГЗахиргааны цагдаагийн бичиг хэргийн эрхлэгч, бичээчээр томилогдсон байна” гэсэн архивын лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

 нэхэмжлэгч Д.Энхбаяртай хамт ажиллаж байсан гэрч Т.Түвшинжаргалын “...1992 оны 2 сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагчаар Дундговь аймгаас шилжиж ирж байхад Энхбаяр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан. Тэгэхэд Энхбаяр даргын туслах буюу бичиг хэрийн эрхлэгч хийж байсан. Миний бие 1992 оноос 2011 он хүртэл уг газар ажилласан” гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/,

гэрч Т.Түвшинжаргалын 1977 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүд /хэргийн 11-12-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар,

мөн гэрч Л.Билгээгийн “... 1991 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд даргаар миний бие ажиллаж байсан. Намайг даргаар ажиллаж байхад миний туслах болж ажилласан. Энхбаяр нь 1 жил ажиллаад жирэмсний амралтаа авсан” гэх мэдүүлэг /хэргийн 19-20-р хуудас/,

гэрч Л.Билгээгийн 1969 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүд /хэргийн 13-14-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа,

хүүхдийн төрсний №Г1439 тоот Батжаргалын Цэрэндолгор 1994 оны 8 дугаар сарын 01-нд төрснийг бүртгэв. Эх Дондовын Энхбаяр” гэсэн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

 

Иймд Жарангийнхан овогт Дондовын Энхбаярыг  1991 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1994 оны 7 сарыг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст бичиг хэргийн эрхлэгч, бичээчээр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Жарангийнхан овогт Дондовын  Энхбаярыг 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1994 оны 7 сарыг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст бичиг хэргийн эрхлэгч, бичээчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН