Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхантын 16 дугаар гудамж 247-1 тоотод оршин суух, Алаг адуу овогт Мягмаржавын Жаргалсайханы /РД:ЧЙ61050605 / нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                        

                                                                                                     

Нэхэмжлэгч М.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мягмаржавын Жаргалсайхан миний бие 1961 оны 5 сарын 06-ны өдөр төрсөн. Монгол улсад 15 жил 7 сар ажилласан. Нийгэм ахуйн барилга трейстэд 1980 оноос 2000 оны хооронд ажиллаж байсан. Монгол улсаас шинэ хөдөлмөрийн хуулийн тогтоолоор 3 жил 5 сар нэмэгдэж тогтоож өгсөн. Тэтгэвэрт гарах нас хүрсэн учраас тэтгэвэрээ тогтоолгохоор нийгмийн даатгалд хандахад ажилд орсон тушаал нь байгаад ажлаас гарсан тушаал нь байхгүй байгаа улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд намайг 1980 оноос 2000 оны хүртэл Нийгэм Ахуйн Барилга Трейстэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Миний бие улсад 15 жил 7 сар ажилласан. 1979 онд Барилгын техникум төгсөөд Нийгэм ахуйн барилга трестэд 1980 оноос бетон арматурчнаар ороод 2000 оны 4 сарыг дуустал ажилласан. Монгол Улсаас шинэ хөдөлмөрийн хуулийн тогтоолоор 3 жил 5 сарыг нэмж тогтоож өгсөн. Тэтгэвэр гарах нас хүрсэн учраас тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалд хандахад ажилд орсон тушаал нь байгаад ажлаас гарсан тушаал нь байхгүй байгаа учир тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Миний хөдөлмөрийн дэвтрийг хүүхдээ гаргасан жил надад өгсөн боловч би алга болгосон байна.

Иймд намайг 1980 оноос 2000 он хүртэл Нийгэм ахуйн барилга трестэд бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч М.Жаргалсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

М.Жаргалсайханы ажлаас халагдсан тушаал нь үрэгдсэн, уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь Үндэсний төв архивын тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна. /хэргийн 6-р хуудас/

 

  Нэхэмжлэгч М.Жаргалсайхан нь 1980 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2000 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны Нийгэм ахуйн барилга трестэд бетон арматурчнаар ажиллаж байсан болох нь:

Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны нийгэм ахуйн барилга трестийн даргын 1980 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №77 дугаар “...Үндсэн ажилчин элсүүлэн авах тухай Угсармал барилга үйлдвэрийн нэгдлээс шилжин ирсэн 21 хүүхдийг 1980 оны 4 дүгээр сарын 21-нээс эхлэн бетон арматурчнаар авч ажиллуулсугай” гэх тушаал,

Трестийн даргын 1980 оны 4 дүгээр сарын 24-ний 77 тоот тушаалын хавсралтын “7-д Мягмаржавын Жаргалсайхан” гэх бичилт /хэргийн 6-р хуудас/,

Улсын барилгын хорооны харьяа нийтийн аж ахуйн техник туслалцааны барилгын удирдах ерөнхий газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №177 дугаар “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалын “Орон сууцны барилга конкорт ЦББУК-с дор дурдсан ажилчдыг шилжүүлэх тухай Тушаах нь, ДШСБУК-оос дор дурдсан ажилчдыг барилгын түр сууц барих, суурийн буюу дулааны пунктын ажлыг хийж дуустал 5/10 өдрөөс эхлэн шилжүүлэн ажиллуулсугай. д/Мягмаржавын Жаргалсайхан бетон арматурчин, 3” гэсэн гэсэн бичилт /хэргийн 13-р хуудас/,

нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Г.Долгорсүрэнгийн “...би Жаргалсайхантай 1979 оноос 2002 он хүртэл Нийгэм ахуйн барилга трестэд хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/,

түүний 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрийн бичилтүүд /хэргийн 9-10-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар,

            гэрч Б.Цэцэгсүрэнгийн “...Жаргалсайхан 1980 оноос 1986 он хүртэл Нийтийн аж ахуйн техник туслалцааны Барилга угсралтын конторт ажиллаж байсан бөгөөд бетон арматурчинаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/,

            түүний 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүд /хэргийн 12-13-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

 

Иймд Алаг Адуут овогт Мягмаржавын Жаргалсайханыг 1980 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2000 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны нийгэм ахуйн барилга трестэд бетон арматурчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

 

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Алаг адуу овогт Мягмаржавын Жаргалсайханыг 1980 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2000 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны нийгэм ахуйн барилга трестэд бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Д.ХУЛАН