| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0196/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,
Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Гын Гт холбогдох 1935004160211 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р баг, 4-19 тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Тосон овогт Гын Г, регистрийн дугаар: ................................ .
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймаг дахь Цагдаагийн Газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Бийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Гийг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр 1935004160211 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 08 цагт Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчөөр, цагдаагийн дэд ахлагч З.Энх-амар жижүүрийн мэдээлэл хүлэээн авагч цагдаагаар томилгооны дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан. Энэ өдрийн 12 цаг болж цагдаагийн газрын конторын алба хаагчдын ихэнх нь үдийн цайндаа гараад явчихсан байхад 12 цаг 30 минутын үед зүс таних Б.Г гэх залуу гаднаас согтуу орж ирээд жижүүрийн цонхны дэргэд ирээд би байцаалт өгөхөөр ирлээ гэж хэлэхээр нь би түүнийг илт согтуу байхаар нь та согтуу байна гэхэд Б.Г би өөрийгөө мэдэж байна. Байцаалтаа авчих л даа гээд хэлээд байсан. Би түүнийг хэн гэдэг мөрдөгч ямар мэдүүлэг авах талаар дуудсан болохыг мэдэхгүй болохоор түүнээс таныг хэн гэдэг ямар мөрдөгч, байцаагч дуудсан юм вэ? гэж асуухад тэр мэдэхгүй гээд зогсоод байхаар нь эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаад өгөөд ар гэрийн хүмүүст нь явуулъя гэж бодоод Б.Гийг эрүүлжүүлэх саатуулах баривчлах байр руу дагуулж оруулаад цагдаа Л Гийг хүлээлгэж өгөөд ар гэрийн хүмүүсийг нь дуудаж өгч явуул гэж хэлээд гарч жижүүрийн өрөөнд байж байхад эрүүлжүүлэхийн эмч С ирж Б.Гийг яах талаар асуухад нь би түүнд Б.Гийг ар гэрээс нь хүн дуудаж хүлээлгэн өгч явуул гэж хэлсэн. Б.Гийг эрүүлжүүлэх байранд оруулж эрүүлжүүлээгүй. Б.Г нь их согтуу байхаар түр оруулж суулгаж байгаад ар гэрт нь хүлээлгэж өгч явуулахаар оруулсан юм. Тэгээд удалгүй Б.Гийн эхнэр нь ирээд эрүүлжүүлэх рүү орж байхыг би харсан. Би жижүүрийн өрөөнд сууж байгаад коридорт гарахад Б.Г эруулжүүлэхээс гараад ирчихсэн хэсгийн байцаагч нарын өрөөний үүдэнд тамхи амандаа зуучихсан зогсож байхаар нь Б.Гийн хажууд очоод чи тамхиа боль, хүлээн авч байгаа хүнтэй хамт гар гээд дагуулаад эрүүлжүүлэхийн өрөө явж байтал Б.Г над руу би эрүүлжүүлэхээс гардаг л байхгүй юу ерөнхий жижүүрээ гэж хэлж байснаа би түүний баруун гар талд явж байтал Б.Г баруун гараараа миний зүүн гар руу нэг цохиод дараа нь ам руу нэг удаа цохиод надыг бариад авахаар нь түүний хувцаснаас бас барьж бид хоёр барьцалдаад зогсож байхад цагдаа Э мөн эрүүлжүүлэхийн цагдаа Л, Б.Гийн эхнэр нар гарч ирсэн. Тэгээд би тэд нар намайг цохьчихлоо гэж хэлэхэд цагдаа нар түүнийг эрүүлжүүлсэн. Б.Г хэсгийн байцаагч нарын өрөөний үүдэнд амандаа тамхи зуучихсан зогсож байхаар нь түүнд чи наад тамхиа татах гэж байгаа боль, хүлээж авч байгаа хүнтэй хамт яв гэж хэлсэн. Гэхдээ Б.Г тамхиа асаагаагүй байсан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
2. Гэрч Ш.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 30 минутын үед утсаараа нөхөр Гийг хаана байгаа талаар асуухад Би цагдаагийн газар дээр байна гэж хэлж байхад Гийн гар утсыг нэг танихгүй хүн авч та Гийн юун болох хүн юм вэ? асуухад би эхнэр нь байна гэж хэлэхэд тэр хүн та Гийг цагдаа дээрээс ирээд аваарай гэж хэлэхээр шууд цагдаа дээр би ганцаараа очиход Г Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байр нь дотор сууж байсан. Гийг хүлээж авах гээд эрүүлжүүлэхийн цагдаатай уулзаж тэмдэглэл дээр гарын үсэг зурах гээд зогсож байхад Г хажууд ирээд эрүүлжүүлэхийн цагдаад янз бүрийн юм хэлэх гээд байхаар нь чи цаашаа байж бай гэж хэлээд эрүүлжүүлэхийн байрнаас Гийг гаргасан. Тэгээд эрүүлжүүлэх цагдаагийн ажилтан надаас манай хаяг нэрийг бүртгэж бичээд удаад байхаар нь түүнд Г гараад явчихлаа. Одоо гараад хүнтэй маргалдаад зодолдчих байх хурдалмаар байна гэж хэлээд би гарын үсгээ зураа эрүүлжүүлэхийн байрнаас гарахад цагдаагийн жижүүрийн өрөөний үүдний коридор Г нэг цагдаагийн ажилтантай маргалдсан хувцаснаас барьцалдсан зогсож байсан. Тэр цагдаа тухайн үед Г намайг зодчихлоо гэж хэлээд амаа дараад байсан. Г тухайн үед согтуу байсан болохоор хариу эрүүлжүүлэх рүү оруулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
3. Гэрч З.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд хошууч Н.Б Б.Гийг эрүүлжүүлэх байранд оруулж эрүүлжүүлэхийн цагдаа нарт Б.Гийг ар гэрийн хүмүүсийг нь дуудаж хүлээлгэж өг гэж хэлсэн байсан. Удалгүй Б.Гийг эхнэр нь авахаар ирэхэд Н.Бтой уулзахад эрүүлжүүлэх байрнаас Б.Гийг хүлээж аваарай гээд түүнийг эрүүлжүүлэх байр руу оруулсны дараа би жижүүрийн амрах байр руу ороод байж байхад жижүүрийн үүдний коридорт хүмүүсийн чанга дуу гарахаар би өрөөнөөс гарахад Б.Г Н.Б хоёр бие биенээ хувцаснаасаа барьчихсан. Н.Б нэг гараараа амаа дарчихсан надад намайг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд Б.Гийг хошууч Н.Б бид хоёр эрүүлжүүлэх байранд оруулж эрүүлжүүлсэн. Б.Г нь согтууруулах ундааг хэрэглэсэн согтуу байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
4. Гэрч С.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Г нь согтуу цагдаагийн газар руу орж хүнтэй уулзах гээд явахгүй байна. Ар гэрийн хүмүүсийг дуудаж хүлээлгэж өг гэж хэлсэн. Тэгээд Б.Гийн гар утаснаас түүний эхнэр гэх хүнтэй холбогдож Б.Г Цагдаагийн газар дээрээс ирж ав гэдгийг хэлсэн. 12 цаг 40 минутын үед өрөөндөө тайлан гаргаад сууж байхад Б.Гийн эхнэр ирээд цагдаа Лхагва-одтой уулзаад ар гэрт хүлээлгэж өгсөн тэмдэглэл хөтөлж байхад Б.Г нь цагдаа Лхагва-одтой маргалдаад байх шиг байхаар нь би өрөөнөөс гарахад эхнэр нь Б.Гийг цаашаа байж бай. Гарч бай гэж хэлэхэд Б.Г эрүүлжүүлэх байрнаас гарсан Б.Г эрүүлжүүлэх байрнаас гараад 2 минут орчим болж байхад эхнэр нь өрөөнөөс дөнгөж гарч байхад урдаас нь Н.Б, З.Энх-амар хоёр Б.Гийг эрүүлжүүлэх байранд оруулж ирээд цагдаагийн биед халдчихлаа. Энэ хүнийг эрүүлжүүл гэж хэлсэн. Тэгээд Б.Гийг 12 цаг 50 минутанд эрүүлжүүлсэн. Эрүүлжүүлэхэд Б.Г 1 хувийн согтолттой байсан. Хошууч Н.Б Б.Гийг дагуулж орж ирэхэд намайг цохьчихлоо гэсэн уруул нь цус болчихсон амаа гараараа дарж байсан. Миний хувьд Б.Г нь Н.Бийг ямар шалтгааны улмаас зодож цохьсон талаар мэдээгүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
5. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Н.Оын “Н.Бийн биед гэмтэл учирсан байна. Дээд уруулын салстад зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаар дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /№705/ нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Б албан үүргээ биелүүлж явсан нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах томилгоо” хийсэн шийдвэр /хх-ийн 62-р тал/, Илтгэх хуудас /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Н.Бийн мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Бийг албан үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хохирогч Н.Б, гэрч Ш.О, З.Э, С.С, М.Л нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск /CD/-нд хураагдсан дүрс бичлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Н.Одбаярын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаар дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Увс аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Б нь хууль сахиулагч гэдэгт хамаарна.
Шүүгдэгч Б.Г нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Б албан үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Б.Гийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулагчийн халдашгүй байдал зөрчигдсөн байна. Хохирогч Н.Б мөрдөн байцаалтын шатанд “надад учирсан 130.000 төгрөгийн хохирлыг Б.Г төлж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Гийн хувийн байдлын талаар гэрч Б.Лын өгсөн: “...Г бол миний төрсөн ах юм. Айлын том нь. Доороо хоёр дүүтэй, бид нар эхээс 3-уулаа юм. Бид нар эцэг эхийн гар дээр өсөж цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн Г ах 10 дугаар анги төгссөн. Бүрэн дунд боловсролтой, цэргийн гаасан. Зан аашийн хувьд даруухан, хүмүүстэй эвсэг харилцаатай, архи дарсыг хааяа нэг найз нартайгаа уучихдаг, архи уусан үедээ нэг их догшин ширœœн зан ааш гаргаад байдаггүй. Хүмүүстэй маргалдаж зодолдоод байдаггүй. Ер нь бол хүмүүстэй эв олоод харьцахыг хүсдэг. Ам бүл 5, эхнэр гурван хүүхдүүдийн хамтаар амьдардаг, хувиараа зах дээр хүнсний бараа зардаг. Гурван хүүхдийн том нь оюутан, бага хүүхэд нь сургуулийн сурагч юм. Г өөрөө хувиараа зах дээрээ наймаа хийдэг. Эд хөрөнгийн хувьд хашаа, гэрт амьдардаг. Өөрийн гэсэн 3 автомашинтай, амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/, Гэрч Б.Жийн өгсөн: “...Г нь зан аашийн хувьд эелдэг зөөлөн, даруухан, хүмүүстэй нийт харилцаатай, хүнд тусархуу зантай, архи дарсыг хааяа нэг найз нартайгаа уучихдаг, архи уусан үедээ маргаан зодоон болон их догшин ширүүн зан ааш гаргаад хүмүүстэй маргалдаж зодолдоод байдаггүй. Ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг, эхнэр нь хувиараа зах дээр хүнсний бараа зардаг. Гурван хүүхдийн том ан, хоёр дахь хүүхэд нь 11 анги, бага нь 2 ангийн сургуулийн сурагч юм. Гантөмөр хувиараа зах дээрээ наймаа эрхэлдэг. Эд хөрөнгийн хувьд хашаа, гэрт амьдардаг өөрийн гэсэн 3 автомашинтай, амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай хүн юм. Г ах 10 дугаар анги төгссөн, цэргийн албыг Улаанбаатар хотод хаасан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогчийн эсрэг үйлдсэн” гэж заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн боловч гэмт зан үйлээ ухамсарлаж ойлгоогүй байх тул эрүүгийн хариуцлагын хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/-ийг хэрэгт үлдээж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ