| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0199/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Дгийн Дт холбогдох 1935004450220 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, боловсролгүй, малчин мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Дгийн Д / РД:.................................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Д нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 02-нд хохирогч Б.Цыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Дийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Д.Д нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 02-нд хохирогч Б.Цыг зодсон болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р тал/, эд зүйл хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 7-8-р тал/, эд мөрийн баримт / модон таяаг/-аар хураан авсан тэмдэглэл, модон таягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12-р тал/,
хохирогч Б.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт өөрөө хувиараа мал аж ахуй эрхэлж амьдардаг юм. Би өөрийн гэсэн өвөлжөө бууц байхгүй учраас өвөлд нь хүний мал маллаж айлын өвөлжөөн дээр нь өвөлждөг юм. Би Улаангом суманд байдаг П.Д гэдэг хүний 550 тооны бог малыг авч Улаангом сумын 2 дугаар багийн нутагт байрлах "Хөх нуурын бөөрөг" гэх газарт өвөлжихөөр П.Дгийн эзэмшилийн өвөлжөөн дээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг өвөлжөөнд буугаад байж байтал манай хөрш зэргэлдээ айлын С.Б гэдэг залуу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би малаа хариулаад Улаангом сумын 2-р багийн нутагт байдаг "Барилгын аман" гэх газарт явж байтал өдөр 14 цагийн үед намайг уг залуу та хаана явж байгаа юм бэ? Юу хийж яваа юм бэ гэж надаас асуухад би урдаас нь бэлчээр дээрээ малаа хариулаад явж байна гэж хэлэхэд миний урдаас та нар их даварч байна, хүний өвөлжөөний дээд доод талд өвөлжөөд чи даварч байна гэж надад хэлсэн юм. Би өнгөрсөн жил тэдний доод талд "Бураат" гэх газарт өвөлжсөн байсан би уг өвөлжөөн дээр сүүлийн 7 жил өвөлжсөн юм тэгээд уг С.Б гэдэг залуу намайг газраас чулуу аваад намайг мэндлэхгүйгээр цохих гээд өндөлзөөд босоод ирэхэд би урдаас нь барьж аваад бид хоёр хоорондоо ноцолдоод би эхлээд өөрийгөө цохиулахгүй хамгаалж уг залууг тогтоосон юм. Тэгээд дахиад С.Б нь миний ууланд мал хариулахдаа би гартаа барьж газар тулж явдаг таяг хийж явсан модыг би газарт тавьсан байсан 1 мерт 20 см орчим урттай модыг С.Б газраас аваад намайг далайдаад цохих гэхэд би урдаас нь зүүн гараараа хамгаалж хаахад миний зүүн гарын шууны хэсэгт уг модоор намайг 2 удаа миний зүүн талын гарны шуу хэсэгт цохьсон юм би тэр үед чи миний гар хуга цохьчихлоо гэж би С.Бт хэлхэд С.Б цааш зугтаж 5-6 метр орчим газар явчихаад буцаад курткаа тайлж тавьсан байсаныгаа авахаар миний хажууд ирээд газарт суусан юм. Тэгээд би С.Бт чи миний гар хуга цохьчихлоо гэж хэлхэд май болж, хохьчин гэж надад хэлсэн би тэр үед С.Бт чи миний гар хуга цохьчихлоо би одоо гараа бариачид бариулмаар байна, би ганцаараа байдаг хүн, чи энэ миний малыг хариуц гэж би хэлхэд намайг С.Б хуц,солиор гэж миний урдаас хэлсэн юм. Тэр үед манай зэргэлдээ айлын Г гэдэг хөгжлийн бэрхшээлтэй, хэл муутай хүүхэд ирсэн байхад намайг С.Б нь хэл амаар доромжлоод байхаар нь би босоод С.Б рүү очих гэтэл С.Б намайг дахин цохих гээд газраас хоёр чулуу аваад босоод намайг шидэж цохих гэхэд уг залуу хоёр гарыг нь барьж салгаж авсан юм тэгээд дахиад С.Б нь газраас нэг жижиг чулуу аваад над руу шидхэд би булттал уг жижиг чулуу миний зүүн нүдний хөмсөг орчим газарт хальт цохиод миний хөмсөг орчим газраас цус гарсан юм. Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөрш айлын Д.Д гэдэг залууд зодуулсаны улмаас гар хугарч гэмтсэн байсан юм, би хугарсан гараа Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжын тасагт гийвсдүүлсэн юм бас эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан. Тариалан сумаас аймгийн төв орж ирсэн авто машины зардал бензин тосгүй мөнгө гээд надад учирсан хохиролд 500000 төгрөгөөр миний хохирлыг Д.Д бэлэн мөнгөөр надад бүрэн барагдуулсан юм. Би гараа гэмтээчихээд өөрийнхөө малаа хариулж чадахгүй учраас хөлсний малчин авч малаа түр хугацаагаар хөлсний малчинаар маллуулсан хөлсөнд 450.000 төгрөгийг Д.Д надад бас бүрэн барагдуулж өгсөн юм. Д.Д нь миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Би Д.Дээс нэхэмжлэх зүйл байхгүй, би Д.Дт ямар нэгэн гомдол байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18, 19, 20-р тал/,
Гэрч Р.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “манайтай хамт манай хөрш Ц гэх залуу энэ жил манай хөрш айлын Дгийн хашаанд нүүж ирсэн. Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн тугалаа услаад явж байтал Цо бас малаа услаад уруудаж байсан. Тухайн үед би дурангаараа 14-15 цагийн үед харж байтал Д буюу Эцсээ нь бог малаа туугаад цаанааш нааш ирж байсан. Тэгээд намайг дурангаар харж байтал Эцсээ нь Цын гарыг модоор цохиод гэмтээснийг би хараагүй миний хүү Г тэнд байж харсан. Тухайн үед тэд хамт сууж байгаад Д нь модон таягийг булааж аваад Цыг цохих гээд далайтал Ц гараараа хаатаал гарыг цохиж гэмтээсэн гэж миний хүү надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,
Гэрч С.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн малаа хариулаад барилгын ам гэх газарт явж байтал манай хөрш Ц, Д хоөр хоорондоо маргалдаад газарт сууж байтал Д нь Цын модон таяг газарт байсныг аваад Цыг нэг удаа цохиход тэр зүүн гараараа хаасан. Тэгээд би Дээс тэр модон таягийг нь булааж авсан юм. Д цааш зугатаагаад явчихаад чулуу авч ирээд Ц руу шидтэл Цын зүүн хөмсөг орчим газар цохигдоод цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
шүүгдэгч Д.Дийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Сонгинтын аман гэх газарт өөрийнхөө өвөлжөөн дээр өлөлжих байгаад би өөрөө 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийнхөө бог малыг хариулаад Барилгын аман гэх газарт явж байтал манай дээд талын өвөлжөөнд хүний болон өөрийнхөө бог малтай өвөлжиж байсан Б.Цо гэдэг хүн өөрийнхөө бог малаа хариулаад өдөр 14 цагийн үед ирсэн юм. Тэр үед Б.Цын мал нь миний малын бэлчээрийн зах руу орчихсон байсан юм. Тэгээд Б.Цо өөрөө явган ирсэн тэгээд би Б.Цод та хаана хүрч явантээ гэж би хэлэхэд миний урдаас Б.Цо нь “би өөрийнхөө бэлчээр дээр малаа хариулж явнаа” гэж миний урдаас хэлсэн тэгээд би энэ таны мал явж байгаа газар миний мал иддэг бэлчээрээ гэж би хэлсэн юм. Тэгтэл Б.Цо нь энэ жил Д гэдэг хүний өвөлжөөн дээр тэр хүний мал, өөрийнхөө малтай хамт өвөлжиж байгаа юм тэгээд манай өвөлжөөний эзэн Д надад Барилгын амны хүүшийг манай мал иддэг гэж надад хэлсэн юм гэж хэлсэн юм тэгээд Б.Цо бид хоёр зэргэлдээд сууж байтал Б.Цо нь шууд босож ирээд намайг гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон юм тэгээд миний шанаанаас цус гараад би цааш зугатсан юм би тэр үед зугатаж байхдаа өөрийнхөө өмсөж явсан хар куртикнаас намайг Б.Цо татхад би куртикаа тайлаад тэр газарт хаяад зугтсан юм. Тэр үед Б.Цо намайг таяг хийж явсан модоороо миний баруун зүүн хавирга дээр хэд хэд цохиод байсан юм тэр үед Б.Ц нь гартаа барьж явсан таяг модыг газарт унгаасан байсан. Би уг модыг газраас аваад Б.Цыг цохих гээд далайгаад Б.Цыг цохих үед Б.Цо нь зүүн гараараа нэг удаа хаасан юм тэр үед Б.Цын зүүн гар нь хугарч гэмтсэн юм тэгээд дахиад Б.Цо нь над руу дайраад модоо аваад миний зүүн ташаа орчим газарт нэг удаа цохьсон юм. Тэр үед бид хоёрын хажууд байсан С.Г гэдэг залуу бид хоёрын дундуур ороод Б.Ц бид хоёрыг хоёр тийш салгасан юм тэгээд би тэр үед газраас жижиг чулуу аваад Б.Ц руу чиглүүлээд шидсэн юм тэр үед уг чулуу Б.Цын хөмсөг орчим газарт цохигдсон юм тэгээд бид хоёр тийш мал руугаа явах гэж байтал Р.С гэдэг хүн бас ирсэн юм тэгээд Б.Ц, С бид нар хоорондоо ярилцаад бид нар өөр өөрийнхөө мал руу яваад салцгаасан. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Ц-с уучлалт гуйж эвлэрч хохирлыг нь бүрэн төлж өгсөн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 759 дугаартай шинжээчийн “Б.Цын биед тухайн үед гэмтэл үүссэн байна. Зүүн шууны богтос ясны сэлтэрсэн, далд хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт, хамрын нурууны зүүн талд, зулай зулай хэсгийн хуйханд зулгаралт гэмтэл учирсэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Цын биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/-ээр хохирогч Б.Цын биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Д энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж гар, нүүр орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Цын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
II. Шүүгдэгч Д.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдал болон амьдралынх нь талаар Гэрч Х.Бгийн өгсөн: “Д.Д нь Увс аймгийн Тариалан сумын хөхөө багийн харъяат хөдөө өөрийнхөө мал хариулж амьдардаг хүн юм. Д.Д нь үг дуу цөөнтэй, даруухан төлөв зантай, хүнтэй зөв харьцдаг, зан харилцаа сайнтай, архи дарс хэрэглэдэггүй залуу юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, гэрч Д.Оийн өгсөн “Миний ах Д нь үг дуу цөөнтэй, ширүүн догшин зангүй, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, энгийн нэг малчин хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/ -үүд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.Д урьд ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримт /хх-ийн 67-р тал/ нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд “Б.Ц миний бие мөн сумын иргэн Д.Дээс эрүүл мэндийн улмаас учирсэн хохирол болох 500.000 төгрөг хүлээн авсан болно” гэсэн тодорхойлолт нотариатаар баталгаажуулж өгсөн /хх-ийн 73-р тал/-ийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Дт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саваа мод, рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Цд буцаан олгохоор шийвэрлэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дгийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саваа мод, рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Цод буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ