| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00144/И |
| Дугаар | 186 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 73 дугаар барилга, өөрийн байранд байрлах “Силк Рөүт Трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Гранд мэншн” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Силк Рөүт Трейдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А.Гудков шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Гранд Мэншн ХХК-д холбогдуулан гаргасан Иргэний нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн билээ. Шүүхээс 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 102/ШЗ2016/17245 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 5 сарын 31-ний өдрийн 102/ШЗ2016/19236 дугаартай шүүгчийн захирамжаар, хариуцагч Гранд Мэншн ХХК-ы Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-46 тоот хаягаар Шүүхийн зарлан дуудах хуудас хүргүүлэхэд Гранд Мэншн ХХК нь тус хороонд бүртгэлгүй болох нь тус хорооны засаг даргын гаргасан тодорхойлолтоор тогтоогдож байх тул манай компани нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан болно. Бидэнтэй байгуулсан Худалдааны хамтран ажиллах гэхээнд дээрх хаяг байсан тул бид тэрхүү хаягаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байсан болно. Иймд хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяр шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
“Силк Рөүт Трейдинг” ХХК-иас 2016 оны 06 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Гранд мэншн” ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан билээ. Шүүх хуралдаан 2016 оны 7 сарын 04-ний өдөр 14 цаг 00 минутад хурал товлогдсон боловч тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяр миний бие 2016 оны 7 сарын 04-ний өдөр ажлаасаа чөлөө авч, хөдөө явж байгаа тул шүүх хуралдааныг миний эзгүйд буюу нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Силк Рөүт Трейдинг” ХХК нь хариуцагч “Гранд мэншн” ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
“Гранд мэншн” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч “Силк Рөүт Трейдинг” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1, 5-р хуудас/
“Гранд мэншн” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-46 хаягт бүртгэлгүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №102/ШЗ2016/19236 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд уг компанийн үйл ажиллагаа явуулж байгаа болон удирдах газар нь байгаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
“Гранд мэншн” ХХК-ийн ажил хэргээ явуулдаг буюу удирдах байгууллага нь байгаа газрын хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурьдвал,
“Гранд мэншн” ХХК-ийн захирал Д.Баттөр, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-46 тоот, утас 70119131, 96529990, 91613081 болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Гранд мэншн” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “Гранд мэншн” ХХК-ийг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН