Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 73 дугаар барилга, өөрийн байранд байрлах “Силк Рөүт Трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Дэлгэрэх жаран” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн  оролцов.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Силк Рөүт Трейдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А.Гудков шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Дэлгэрэх жаран” ХХК-нд холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн билээ. Шүүхээс 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 202/ШЗ2016/17266 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч “Дэлгэрэх жаран” ХХК-ийн ерөнхий захирал А.Дэлгэрмаагийн гэрийн хаяг буюу Хан-Уул дүүргийн 10-р хороо, 62 дугаар байр, 2 тоот хаягаар шүүхийн зарлан дуудах хуудас хүргүүлэхэд тус компаны захирал А.Дэлгэрмаа нь дээрхи хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суугаагүй болох нь тус хорооны Засаг даргын гаргасан тодорхойлолтоор тогтоогдож байх тул манай компаны нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан болно. Иймд хариуцагч “Дэлгэрэх Жаран” ХХК-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяр шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

            “Силк Рөүт Трейдинг” ХХК-иас 2016 оны 06 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Дэлгэрэх жаран” ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан билээ. Шүүх хуралдаан 2016 оны 7 сарын 04-ний өдөр 13 цаг 30 минутад хурал товлогдсон боловч тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяр миний бие 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа чөлөө авч, хөдөө явж байгаа тул шүүх хуралдааныг миний эзгүйд буюу нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                      

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Силк Рөүт Трейдинг” ХХК нь хариуцагч “Дэлгэрэх жаран” ХХК-ийг  эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

“Дэлгэрэх жаран” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч “Силк Рөүт Трейдинг” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 1, 5-6-р хуудас/

 

“Дэлгэрэх жаран” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаяг буюу ерөнхий захирал А.Дэлгэрмаагийн Хан-Уул, дүүргийн 10 дугаар хороо, 62 дугаар байр, 2 тоот хаягт байрладаггүй, А.Дэлгэрмаа нь уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №102/ШЗ2016/17266 дугаар  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

“Дэлгэрэх жаран” ХХК-ийн ажил хэргээ явуулдаг буюу удирдах байгууллага нь байгаа газрын хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурьдвал,

Ерөнхий захирал А.Дэлгэрмаа, оршин суугаа хаяг нь Хан-Уул, дүүргийн 10 дугаар хороо, 62 дугаар байр, 2 тоот болно. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон   

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Дэлгэрэх жаран” ХХК-ийг  эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “Дэлгэрэх жаран” ХХК-ийг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН