| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/04639/И |
| Дугаар | 185 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 185
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, СББ трейд ХХК-ийн байранд байрлах “СББ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Грийн хаус В10 тоотод байрлах, “Ви Си Эйч трейд” ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, 2 дугаар хэсэг, Лагшири зайсан виллаж, 3 дугаар байр, 4 тоотод байрлах “Ви Си Эйч трейд” ХХК-ний хувьцаа эзэмшигч Батгүжир овогт Дашбалбарын Батсайхан /РД:ЧЗ62102074/ нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 540 797 төгрөг, алданги 2 869 776 төгрөг, нийт 11 410 573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан, хариуцагч Д.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Рэнэ Санчес Валле шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани “Ви Си Эйч трейд” ХХК-тай 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулан хамтран ажилласан юм. Гэрээний хугацаанд буюу 2015 оны 6 сарын байдлаар 8 540 797 төгрөгийн архи шар айргийг тус компанийн Marquee 27 entertainment club-д худалдан авсан.
Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг 2015 оны 6 сарын 30-ны өдөр төлөх ёстой байсан боловч үйлчилгээний тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас цуцалсан байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авна уу гэсэн хүсэлтийг манай компани тавьж төлбөрийг хуваарийн дагуу 2015 оны 12 сарын 31-ний өдөр төлөх болсон юм.
Хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул зээлээр худалдах худалдан авах гэрээний 6 зүйлийн 6.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг манай компани төлөх үүргийг хүлээсэн байна. Гэрээний дагуу алданги 1 хоногийн 25 625 төгрөг болж байгаа тул 2016 оны 1 сарын 01-ний өдрөөс хойш 2016 оны 4 сарын 21-ний өдрийг хүртэл 112 хоногийн алданги 2 869 776 төгрөг, үндсэн төлбөр 8 540 797 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд “Ви Си Эйч трейд” ХХК болон хувьцаа эзэмшигч Батгүжир овогтой Дашбалбарын Батсайхан нараас алданги 2 869 776 төгрөг, үндсэн төлбөр 8 540 797 төгрөг, нийт 11 410 573 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь үлдэгдэл төлбөрөөсөө төлж, тооцоо нийлсэн, мөн эвлэрэх хүсэлтэй байх тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч “Ви Си Эйч трейд” ХХК-ийн ерөнхий захирал Д.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь “Спирт Бал Бурам Трейд” ХХК-ийн шингэн бүтээгдэхүүн болох импортын Нешекеп пиво-г борлуулахаар 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр зээлээр тодорхой хугацаанд графикын дагуу төлөлт хийхээр гэрээ байгуулан хамтран ажилласан билээ. Гэвч 2015 он гарснаар эдийн засгийн хямрал гүнзгийрч иргэдийн худалдан авалт, үйлчлүүлэгчдийн тоо буурч орлого багассан. Мөн тус оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн ажлын албаны даргын А/96 тоот тушаалаар Архи Согтууруулах Ундаагаар Үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Бид зохих шатны төр захиргааны байгууллагуудад удаа дараа хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг үл хүндэтгэн гурван сараар үйл ажиллагааг зогсоосон нь манай компаний хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй дампуурахад хүргэсэн. Учир нь бид тухайн объектэд 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Үүнээс 2012 онд Хаан Банкнаас хөрөнгө оруулалтын зээл болох 2 000 000 ам.долларыг 1.3 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг ба тухайн үеийн төгрөгтэй харьцах ханшийн зөрүүнээс алданги байнга хүлээсээр ирсэн.
2015 оны 6 дугаар сар хүртэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс манай үйл ажиллагааг албан ёсоор зогсоосон. Энэхүү сул зогссон хугацаанд компаний бүхий л ажилчдыг ажлаас нь чөлөөлж, хамтран ажилладаг харилцагч байгууллагууд болон Хаан банкны зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн хэдий ч бид 2015 оны 10 дугаар сард үүд хаалгаа дахин нээн ажилласан боловч иргэдийн худалдан авалт буурсан, байнгын үйлчлүүлэгчдээ алдсан зэрэг нь манай компанийн цаашид хэвийн үйл ажиллагаа явуулахад доголдоход хүргэсэн.
Бид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд тухайн объектыг худалдан борлуулж аж ахуйн нэгж байгууллагуудын өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байна. СББ Трейд ХХК-ийн зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр болох 8 540 797 төгрөгийн нийт төлбөрөөс 2 000 000 төгрөгийг дансаар төлж, 547 764 төгрегний борлуулалтын урамшууллыг үлдэгдэл төлбөрөөс хассан. Тус компаний Худалдааны төлөөлөгч ажилтай Д.Баярсайхантай 2016 оны 05 сарын 13-ны өдөр тооцоо нийлж манай компани нь өнөөдрийн байдлаар СББ ХХК-д нийт 5 993 033 төгрөгийг үлдэгдэлтэй.
СББ Трейд ХХК-аас шүүхэд өгсөн нэхэмжлэлд манайх төлбөр төлөөгүй мэт, мөн худалдааны төлөөгч болон санхүүгийн хэлтэс нь харилцан тооцоо нийлээгүйн улмаас манай байгууллагыг 8 540 797 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр буруу ташаа ойлгон шүүхэд нэхэмжэл гаргасан байна. Мөн гэрээний алданги болох 2 869 700 төгрөгийг нэхэмжилсэн зэрэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бид СББ Трейд ХХК-ийн үлдэгдэл төлбөр болох 5 993 033 төгрөгийг ойрын хугацаанд бүрэн төлж барагдуулах ба эдийн засгийн хүндрэлтэй энэ үед гэрээний алданги хүлээх боломжгүй болно.
Бид нэхэмжлэгчтэй тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрөөсөө төлсөн, одоо үлдэгдэл 2 000 000 төгрөгний төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК нь хариуцагч “Ви Си Эйч трейд” ХХК, түүний хувьцаа эзэмшигч Д.Батсайханд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 8 540 797 төгрөг, алданги 2 869 776 төгрөг, нийт 11 410 573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...Спирт бал бурам ХХК-ийн үлдэгдэл төлбөр болох 2 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 04-нд бүрэн барагдуулахаар нэхэмжлэгч талаас зөвшөөрч эвлэрлийн гэрээ хийж, хариуцагч “Ви Си Эйч трейд” ХХК-ийн ерөнхий захирал Д.Батсайхан миний бие нэхэмжлэгч талын үлдэгдэл төлбөр болох 2 000 000 төгрөгийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах болно” гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “СББ трейд” ХХК болон хариуцагч “Ви Си Эйч трейд” ХХК-ийн ерөнхий захирал Д.Батсайхан нар нь 2 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг 2 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож маргаанаа эвийн журмаар шийдвэрлэжээ.
Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 197 520 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ви Си Эйч трейд” ХХК-иас талуудын эвлэрсэн хэмжээнд буюу 2 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ви Си Эйч трейд” ХХК, түүний хувьцаа эзэмшигч Д.Батсайханд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 410 573 төгрөг гаргуулах тухай иргэний зохигч 2 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч “Ви Си Эйч трейд” ХХК”-ийн ерөнхий захирал Д.Батсайхан нь уг 2 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “СББ трейд” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197 520 төгрөгийг улсын төвсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ви Си Эйч трейд” ХХК-иас 46 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СББ трейд” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН