| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0210/Э |
| Дугаар | 207 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Я овогт Нын Бд холбогдох 1935000000253 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 14-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, аавын хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт оршин суух Я овогт Нын Б /РД:........................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт иргэн М.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ
1. Шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт иргэн М.Дг зодсон болох нь:
хохирогч М.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрлийн ах Н.Б бид хоёр гадуур ажил амжуулж өнжсөн. Бид хоёр сумынхаа танил болох М.Нын гэрт очсон. Тухайн үед Н.Б Улаанбаатар хотоос ирэхдээ авч ирсэн бэлэг гэх 0.75 литрийн хэмжээтэй 1 шил “Соёрхол” гэх архи авч явсан. М.Нынд очоод хоол цай идэж уучхаад Н.Бгийн авч явсан нэг шил архийг бид 3 хувааж уусан. М.Н архинаас амсаад бага хэмжээг л уусан ба Н.Б бид хоёр бараг их талыг нь хувааж уусан. Архи дуусч Н.Б бид хоёр М.Нын гэрээс гараад явсан. Гараад явж байгаад 640 гэх сургуулийн хашаагаар дамжаад явах гэж байтал Н.Б гэнэт миний толгой руу чулуугаар 1 удаа цохих шиг болсон. Би толгойгоо дараад суутал толгойны хэсгээс цус гараад хагарсан байсан. Харин Н.Б намайг цохисон даруйдаа зугатаагаад явсан. Тэр газарт Н.Б миний толгойруу цохисон чулуу байхаар нь авсан. Тэгээд ах М луу утсаар ярьж “Н.Б толгой цохиод хагалчихлаа ирээд авчих” гэж дуудсан. Удалгүй Ц.М ах машинтайгаа ирэхээр нь суугаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлж анхан шатны эмчилгээ хийлгүүлсэн чинь толгой хагарч хоёр оёдол тавьсан. Ямар шалтгааны улмаас цохих болсоныг нь мэдэхүй байна...Н.Б бид хоёр хоорондоо ярилцаад учраа олсон...Гэтэл уг 103-ын эмч нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би Н.Бтэй сайн дураараа эвлэрсэн тул надад ямар нэгэн хоирол, гомдол байхгүй. Надад учирсан хохирлын талаар эмчлүүлэгсдийн картад бичигдсэн эмчийн бичилтээс өөр баримт байхгүй. Би Н.Бгийн биед халдаж цохиогүй...Н.Б бид ах дүү нарын хүүхдүүд тул хоорондоо ярилцаад учраа олсон. Надад гомдоод байх зүйл байхгүй тул ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9,10-11-р тал/,
Гэрч Ц.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг гэрт байж байтал М.Д над руу утсаар ярьж “Н.Б толгой хага цохичихлоо, 640 суруулийн эндээс ирээд авчих” гэхээр нь би яваад очсон чинь 640 сургуулийн таксины зогсоол дээр М.Д ганцаараа зогсож байсан ба уулзахад М.Ды нүүр, толгой нь цус болсон байхаар нь авч яваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж үзүүлэхэд толгой нь хагарсан байсан тул хоёр оёдол тавиулаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн .” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдрийн 09 цагийн үед байх би гэрт унтаж байтал М.Д, М.Н 2 манайд ирсэн. Бид 3 хамт гарахаар болж гэрээс гараад гадуур явж байгаад Нгэрэлийн гэрт очсон. Тухайн үед би цүнхэндээ 1 шил 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” гэх архи байсныг авч явсан. М.Нын гэрт оройны хоол цай идчихээд нөгөө авч ирсэн архиа хувааж уусан. 20 цаг өнгөрч байхад архи дуусч М.Д бид хоёр гэрлүүгээ явахаар гарсан. М.Нын гэрээс гараад нэг нэгээ дөхүүлхээр явсан. Уг нь М.Н гэрээс гарахдаа бага зэргийн л согтолттой гарсан боловч гадна агаарт гараад маш их согтож манаралтайн байдалтай болсон. Ингээд явж байтал М.Д намайг хавирч унгаах гээд байгаа юм шиг санагдаад байхаар нь согтуу байсан тул уур хүрээд М.Ды биед халдаж цохичоод тэндээсээ явсан байсан. М.Дыг цохичоод явахдаа яаж явсанаа санахгүй байгаа ба нэг ухаан орсон чинь гэрийнхээ ойролцоо ирж байсан. Уг нь би М.Дыг гараараа цохилоо гэж бодсон. Гэтэл М.Дыг би чулуугаар цохисон байсан. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Бусдын биед халдаж гэмтэл учруулсан нь миний буруу. би М.Даас уучлалт гуйж учраа олж эвлэрч гомдолгүй болгосон надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн “М.Дгийн биед зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарах гэмтэл болно. М.Дгийн биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/-ээр хохирогч М.Дгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Бд нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, ам орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч М.Дгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Бгийн хувийн байдлын талаар гэрч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ах маань даруу төлөв зантай, үг дуу цөөнтэй хүн юм. Ер нь архи уугаад байдаггүй. Баярын үед хааяа нэг архи уудаг боловч согтчихсон ирж байхыг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/, гэрч Ж.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү даруу төлөв зантай, дуу цөөнтэй юм. Урьд нь гэмт хэрэгт орж байгаагүй.” /хх-ийн 16-17-р тал/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.
Хохирогч Н.Б нь хохирол нэхэмжлэхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Н.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Нын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ