Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П овогт Бийн Чд холбогдох 1935004720229 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих яд оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй П овогт Бийн Ч /РД:................................./.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт иргэн Д.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

1. Шүүгдэгч Б.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Ч нь Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Дыг зодсон болох нь:

хохирогч Д.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед би М гэж залуутай нэг шил архи хувааж уугаад тэдний гэрт байж байгаад 14 цагийн үед Б.М гэж хүнтэй уулзаж адуу мал асуух гээд гэрийнх гадна очсон чинь гудамжинд Б.М, А, Н даргын хүүхэд, Б.Ч нар хамт согтуу зогсож байсан. Би явж очиход тэнд байсан залуучууд надтай мэндлээд би Б.Мтай уулзаад зогсож байтал Б.Ч гэж залуу намайг заамдаж барьж аваад миний хамар луу нэг удаа толгойгоороо мөргөсөн бөгөөд тэнд байсан хүмүүс Б.Чыг надаас салгаад чи хөгшин хүнийг яаж байгаа юм бэ? гэж хэлсэн чинь чам шиг хөгшин нохойг алахад яадаг юм гэж орилоод байсан. Би Б.Чаас чи намайг яагаад зодож байгаа юм бэ? гэж асуухад та намайг 1991 онд зодоо биз дээ гэсэн. Би тухайн үед Б.Чыг зодож байсан эсэхээ сайн санахгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан. Гэхдээ болсон үйл явдлыг маш сайн санаж байна. Хамар хөндүүрлэж, үүдэн хоёр шүд хөдөлсөн бөгөөд, мөн хиймэл шүдтэй байсан тэр шүд хугарсан байсан. Би Б.Чад зодуулсны улмаас миний хамрын яс хугарсан бөгөөд би хамартаа эмчилгээ хийлгэсэн. Өндөрхангай сумын төвөөс аймгийн төв рүү орж эмчид үзүүлэхэд унааны зардалд нэг талдаа 25.000 /хорин таван мянга/ төгрөг нийт 50.000 /тавин мянга/ төгрөг, хамрын зураг авахуулахад 80.000 /наян мянга/ төгрөг, мөн шинжилгээ хийлгэх, цус тогтоолгох эм авахад 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, нийт 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан. Надад гарсан хохирлыг баримтжуулсан ямар нэгэн баримт байхгүй би эрүүл мэндийн даатгал төлдөггүй учраас бүх хувийн эмнэлгээр үзүүлсэн. Б.Ч надад учирсан 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг бэлнээр барагдуулсан. Надад Б.Чаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга.Бид хоёр учраа ололцож нэгнээсээ уучлал гуйсан. Миний бие сайжирч хэвийн байдалтай болсон тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-р тал/,

Гэрч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед Д.Д ах бид хоёр “Ерөөл” нэртэй 0.5 литртэй архи хувааж уугаад манай гэрт хоол идээд байж байгаад 16 цаг 30 минутын үед айлд очоод буцаж ирж манайд хононо гэж хэлээд гараад явсан. Мөн 17 цаг 30 минутын үед манай гэрт намайг Б.Ч цохиод миний шүдийг хөдөлгөж, хамар гэмтээлээ гэж хэлээд орж ирсэн бөгөөд би дагуулаад эмнэлэгт аваачиж үзүүлсэн юм. Манай гэрт ямар нэгэн маргаан, зодоон болоогүй бид хоёр хоол хийж идээд шил архи хувааж уугаад хол нутгийн сонин зүйл ярьж байгаад ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

Гэрч Г.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.М гэж айлд Нын хүүхэд Н.Б, Б.Ч нарын хамтаар хөзөр тоглож байгаад гараад хашааны гадна гарсан чинь Д.Д ах хүрээд ирсэн. Д.Д ахтай Б.Чтай маргалдаж байгаад нэг удаа хамар луу мөргөчихлөө гэж хэлэхээр нь харсан чинь Д.Дын хамарнаас цус гоожиж байсан. Н.Б бид хоёр ус авч ирээд Д.Дын  хамрыг угааж цэвэрлээд явуулсан. Б.Ч дахин Д.Дыг зодох гэсэн боловч Н.Б бид хоёрын дундуур нь орж салгаад би Б.Чыг гэрийн гадна хүргэж буулгаад гэр лүүгэээ явсан.  Д.Д ах согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Б.Ч нэлээн согтуу байсан юм. Н.Б бид хоёр Б.Мы гэрт ороход Б.Ч, Б.М хоёр архи уучихсан байсан бөгөөд бид нар нэг удаа хөзөр тоглоод гараад явсан юм. Би Б.М ахтай Д.Д уулзаад Б.М ах цаашаа гэр лүүгээ явж байхад Б.Ч Д.Дтай маргалдаж эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

Гэрч Б.Мы мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манайд Б.Ч бид нар архи ууж хөзөр тоглож байсан чинь гаднаас Г.А, Н.Б нар орж ирээд бүгдээрээ нийлээд хөзөр тоглосон. Д.Д ах манай гэрт орж ирээд надад идэшний үхэр авмаар байна чи надад олоод өгөөч гэж бид хоёр ярилцаж байгаад тэнд байсан хүмүүс манай гэрээс гарч би хашааны хаалган дээр хүргэчхээд буцаж гэр лүү орсон. Бөгөөд хашааны гадна чанга дугараад маргалдаад байх шиг болохоор нь би гэрээсээ гараад хашааны үүдэнд очсон чинь Б.Ч, Д.Дийн хамар луу мөргөчихлөө гэж Г.А надад хэлсэн. Д.Дын хамарнаас цус гарчихсан байсан бөгөөд усаар угааж тогтоосон. Д.Д ах халамцуу байсан Б.Ч нэлээн халамцуу байсан. Б.Ч манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ажил дээрээ байж байтал гаднаас Д.Д гэж хүн хамраас цус гараад тогтохгүй байна гэж ирж үзүүлсэн. Д.Дын хамарнаас нь цус гараад тогтохгүй байсныг тогтоох хамарт чихээс хийж, өвчин намдаах, цус тогтоох, хордлого тайлах эмчилгээ хийж биеийн байдлыг тогтворжуулж аймгийн төвд эмчилгээ оношилгоо хийлгэх шаардлагатайг байгаа талаар тайлбарлаж хэлээд явуулсан. Хамар яс нь эмзэглэл ихтэй, хугарсан байж болзошгүй, үүдэн шүд нь хөдөлсөн байсан юм. Д.Д нь надад хүнд зодуулж гэмтэл авсан гэж ярьж байсан бөгөөд би тэр хүний нэрийг одоо санахгүй байна. Д.Дын хамар хэсэгт ил шарх сорвигүй мөртлөө эмзэглэлтэй байсан. Тэрнээс өөр биед нь ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй. Д.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд өөрөө  нь нэлээн архи үнэртэй байсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би 17 цагийн Г.А, Б.Ч нарын хамт Б.М ахын гэрийн гадна байж байтал Д.Д ах ирсэн юм. Д.Д ахтай Б.Ч маргалдаж улмаар Б.Ч Д.Д ахыг зодсон бөгөөд яг цохихыг нь хараагүй юм. Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Д.Д ах чи намайг мөргөчихлөө шдээ гэсэн. Г.А бид хоёр дундуур ороод салгасан бөгөөд Д.Д ахын хамраас цус гоожсон юм. Д.Д ахын хамарнаас гоожсон цусыг цас, усаар угааж тогтоогоод Г.А, Б.Чыг гэрт нь хүргэж амраасан. Б.Ч нэлээн согтуу байсан бөгөөд Д.Дыг дахин зодох гээд байсан юм. Бид хоёр тухайн үед тэр хоёрыг салгаагүй бол Б.Ч дахин зодох байсан байх гэж би бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

Шүүгдэгч Б.Чын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Б.Мы гэрт нэг шил архи, пиво уугаад тэдний гэрээс нь гараад гэр лүүгээ харих гэж байтал Д.Д хүрээд ирсэн бөгөөд би Д.Д ахтай маргалдсан. Д.Д ах намайг 1991 онд хүүхэд байхад нэг удаа зодож байсан бөгөөд би архины халуунаар маргалдаж толгойгоороо нэг удаа хамар луу нь цохиж, мөргөсөн юм. Бид хоёрыг тэнд байсныг Г.А, Н.Б, нар хоёр тийшээ салгасан юм. Намайг манай гэрт Г.А, Н.Б, хоёрын нэг нь хүргэж өгсөн бөгөөд ба яг хэн нь хүргэж өгснийг сайн санахгүй байна. Би Д.Д ахын биед учирсан гэмтэлд гарсан, хохирол болох 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг бэлнээр барагдуулсан. Д.Д ахаас уучлал гуйж бид хоёр учраа ололцож, эвлэрсэн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 812 дугаартай шинжээчийн “Д.Дын биед хамрын ясны хугарал, дээд 1 шүд хөдөлсөн гэмтэл учирсан. Дээрх гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулна, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-р тал/-ээр хохирогч Д.Дын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Чад нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, ам орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Чын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Чын хувийн байдлын талаар гэрч Х.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Чын төрсөн ээж Ц нь миний төрсөн ээж Цтай төрсөн эгч дүүс бөгөөд Б.Ч миний нагац эгчийн хүүхэд миний нагац ах юм.Миний нагац ах Б.Ч нь архи уучхаараа ширүүн догшин зан араншинтай, эрүүл байхдаа тайван дөлгөөн, хүнтэй яриа хөөрөөтэй, гэр бүлдээ халамжтай байдаг юм. Б.Ч нь архи уугаад байдаг болсон. Би архи ууж болохгүй гэдэг талаар нь хэлдэг боловч миний үгийг авч хэд хоногтоо уудаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/, гэрч С.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Ч ах манайх гэр бүлийн найзууд бөгөөд нэгэндээ байнга орж гарч найзалдаг. Хөдөө, болсон ахуйн ажилд нэгэндээ тусалдаг юм. Б.Ч нь их найрсаг, нөхөрсөг, зан араншинтай, хүнтэй ялгаварлаж харьцдаггүй хүнд тусархуу, бөгөөд архи уучхаараа догшин, ширүүн араншинтай, эрүүл үедээ ямар ч тийм гаргадаггүй юм.” /хх-ийн 16-17-р тал/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

Хохирогч Д.Д нь хохирол нэхэмжлэхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П овогт Бийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чад 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ч өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ