Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 18

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.О,

Шүүгдэгч: Д.Ш,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Д-ийн Ш-т холбогдох 1928002810183 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сары-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, Витафит ХХК-д манаач ажилтай, ам бүл 7, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Д-н Ш, регистрийн дугаар .........................................,

Шүүгдэгч Д.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 35-87 ӨМГ улсын дугаартай Иж планета-5 маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн зүүн урд талын засмал зам дээр Д.М-гийн жолоодож явсан 49-61 ӨМА улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган, мотоцикльд сундалж явсан 11 настай Ш.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ш-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ш шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Насанд хүрээгүй хохирогч Ш.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Намайг хичээлдээ явахад манай аав мотоциклиор хүргэж өгдөг, хичээл тарахаар ирж авдаг. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би хичээл тараад ээж рүүгээ залгаад би тарчихлаа аавыг ирж ав гэж хэл гэсэн. Тэгээд би 5-р сургуулийн гадаа аавыгаа хүлээж байхад манай аав мотоцикльтой хүрээд ирсэн. Тэгээд би аавын араар суугаад сургуулийн зүүн талын засмал замаар урагшаа явсан. Урд байдаг засмал замд нийлэх гэж байхад зүүн талаас Приус-10 маркийн саарал өнгийн машин ирээд аав бид хоёрын хажуунаас мөргөсөн. Би засмал зам дээр унаад толгойгоороо цемент мөргөсөн. Би босоод ирэхэд аав замын гол дээр хэвтэж байсан. Тэгсэн тэнд байсан ах нар эмнэлэг дуудсан. Тэр үед аав над дээр ирээд намайг гайгүй юу гэсэн. Аавыг харахад толгой нь хагараад цус гараад аймар болчихсон байсан. Бид хоёрыг мөргөсөн машин зөөлөн явж байгаад замын хашлага даваад урагшаа яваад өгсөн. Тэгээд удаагүй түргэний машин ирээд аав бид  хоёрыг үзээд аавд тариа хийсэн. Надад эм өгөөд машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд миний хөлийг оёсон, мөн толгойг оёсон. Аавыг нөгөө өрөөнд оруулж нүүр амыг нь цэвэрлээд дээш нь гаргаж зургийг нь аваад эмнэлэгт хэвтүүлсэн. Толгой хагарсан. Зүүн хөл шагайгаараа хугарсан, зүүн хөлийн гуянд чулуу шаасан байсныг авсан. Нүүрийн зүүн хэсэгт шалбарсан, зүүн нүд хавдсан. Одоо биеийн байдал гайгүй болсон. Санал хүсэлт байхгүй. /хх-ийн 24-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай хүү Ж над руу залгаад хичээл тарчихлаа намайг ирээд ав гэж аавд хэл гэсэн. Би аавд нь хэлсэн. Тэгээд манай хүн мотоциклио унаад гэрээс гарсан. Би хамт яваад эмнэлэг дээр үлдсэн. Тэгээд эмнэлэг дээр байж байхад нэг танихгүй хүн залгаад Ш гэдэг хүн зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би түргэн дуудах гээд очсон чинь түргэн явчихсан байсан. Би такси бариад яваад очиход эмч нар очоод миний нөхөр, хүү хоёрт анхны тусламж үзүүлээд эмнэлэг рүү аваад явах гэж байсан. Тэгээд би хамт яваад эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэгт ирээд манай нөхөр эмнэлэгт хэвтсэн. Хүүг гадуур эмчилгээ хийж байгаад маргааш нь эмнэлэгт хэвтүүлсэн. Манай нөхөр 10 хоног, хүү 9 хоног эмнэлэгт хэвтсэн. Хүүхдийн бие гайгүй сайн болсон. Нөхөр эмнэлэгт хэвтэж байгаа. Хөл нь сайн эдгэж өгөхгүй байна. Гомдол санал байхгүй. /хх-ийн 27-28-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Санамсаргүй байдлаас болж зам тээврийн осол гарсан. Миний машинд учирсан эвдрэлийг би өөрөө янзлуулна. Хохиролтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Тэр хоёр хүний хөл нь хугарсан учраас эмчилгээнд зориулж нийт 2.625.000 төгрөг өгсөн байгаа. Мөнгө өгсөн талаарх баримтыг нотариатаар батлуулан хэргийн материалд өгсөн байгаа. /хх-ийн 30-р хуудас/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 25 дугаар цэцэрлэгт ажилладаг. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед хүүхдүүдээ унтуулчихаад байж байхад дэлгүүр орох ажил гарсан тул цэцэрлэгийн гадаа байсан өөрийн эзэмшлийн 4961 ӨМА улсын дугаартай Приус-11 маркийн авто машиныг өөрөө жолоодоод цэцэрлэгийн гаднаас хөдлөөд засмал зам руу ороод Баянбулаг хорооллын урдуур яваад Минами хорооллын зүүн талаар гараад баруун тийш эргээд төв замаар явж байхад 5 дугаар сургуулийн зүүн урд талын уулзвар дээр хойд талаас мотоцикльтой хүн орж ирээд миний машины буруу талын урд крило хэсэг рүү мөргөсөн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд гудамжинд машин дотроо салгалаад сууж байсан. Тархи толгой их өвдөж байсан. Болсон асуудлыг санах гэж оролдсон боловч хажуунаас мотоцикль орж ирснээс өөр зүйл санагдахгүй байсан. Тэгээд машинаасаа буугаад такси бариад эмнэлэг рүү явсан. Эмнэлгийн хүлээн авах дээр очиж даралтаа үзүүлээд зүрхний эм ууж орон дээр хэвтэж байхад цагдаа хүрээд ирсэн. Би дүү охиноо дуудаад цагдаагийн хамт машин тавьсан газраа очсон. Цагдаа нар миний машины зургийг аваад дараа нь журмын хашаа руу ачуулсан. Миний толгойны баруун хэсэг хавдсан байна. Одоо ч мөн их өвдөж байна. Би айж сандарсны улмаас тэрхэн хугацаанд ухаан мэдрэлээ алдсан байна. Нэг мэдэхэд гудамжинд зогсож байсан. Бусдаар бол санаатай ослын газрыг орхиж явсан зүйл байхгүй. /хх-ийн 31-32-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №675 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Ш.Ж-ийн биед духны баруун дээд хэсэг, баруун гар, зүүн гуяны гадна хэсэг, зүүн шагайн үений зөөлөн эдүүд няцарсан, зүүн шагайн үений дээд талын яс нь хугарсан гэмтэл учирсан байна. 2. Ш.Ж-ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Ш.Ж-ийн биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Ш.Ж-ийн дух, баруун гар, зүүн гуяны гадна хэсэгт учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ш.Ж-ийн биед учирсан зүүн шагайн үений яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 38-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №674 дугаартай дүгнэлтэд: 1. Д.Ш-ийн биед дух, хамар, зүүн гарын сарвууны ар, зүүн өвдөгний гадна талын арьсанд олон шарх, хамрын яс баруун тийш мурийсан, зүүн хөлийн шилбэний том ясны дээд булууны хугарал үүссэн гэмтэлтэй байна. 2. Д.Ш-ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Д.Ш-ийн биед учирсан олон шарх нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй. 3. Д.Шийн биед учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Д.Шийн хамар, зүүн гарын сарвууны ар, Зүүн өвдөгний гадна талын арьсанд олон шарх, хамрын яс баруун тийш мурийсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Шийн зүүн шилбэний яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 40-41-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №673 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Б.М-гийн биед толгойн оройн баруун дээд хэсгийн хуйх хавдсан, толгой өвдөх, эргэх шинж илэрсэн гэмтэлтэй байна. 2. Б.М-гийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Б.М-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 43-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1458 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Паленет 5 маркийн мотоцикль үнэлгээгээр тогтоосон дүн: 635.000 төгрөг гэжээ. /хх-ийн 45-47-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1312 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн: 1.610.000 төгрөг гэжээ. /хх-ийн 49-52-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №62 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-а. Иж планет 5 маркийн 35-87 ӨМГ улсын дугаартай мотоциклийн жолооч Д овогтой Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсгийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон.

Хариулт-б. Тоёота приус маркийн 49-61 ӨМА улсын дугаартай автомашины жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)... ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь зам тээврийн осол болох шалтгаан болохгүй. /Лавлагааг хавсаргав/

Хариулт-в. Иж паланет 5 маркийн 35-87 ӨМГ улсын дугаартай мотоциклийн жолооч Д овогтой Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан “...Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7.-а “...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...” үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 3.4.-в “...Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг зөрчсөн. /Лавлагааг хавсаргав/

Хариулт-г. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон зам тээврийн ослын схем зурагт осолд холбогдсон 35-87 ӨМГ улсын дугаартай Иж паланет-5 маркийн мотоциклоос тормозны мөр үүсээгүй нь харагдаж байна. Иймд зам тээврийн осол болох үед мотоциклийг ямар хурдтай явсныг тогтоох боломжгүй.

Харин Тоёота приус маркийн 49-61 ӨМА улсын дугаартай автомашинаас 5.5 метр тормозны мөр үүссэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, зам тээврийн ослын газрын схем зургаар харагдаж байна. Дээрх тээврийн хэрэгслийн анх мөргөлдөх үеийн 5.5 метр тормозны мөрийг дараах томьёонд оруулахад

            Томьёог тайлбарлав.

  1. St- тухайн тээврийн хэрэгслийн тоормосны мөр /5.5 метр/
  2. 254- тогтмол тоо
  3. Q- барьцалтын коэффициент тогтмол тоо 0.8 /асфальтан зам дээр/
  4. КИ- хурдны удаашралтын коэффициент тогтмол тоо 1.4

       V=

Тоёота приус маркийн 49-61 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 30.5 км/цагийн хурдтай явж байсан нь тогтоогдов.

Хариулт-д. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байх тул жолооч нарын гэм буруутай эсэхийг тогтоох боломжгүй. /хх-ийн 54-р хуудас/

Шүүгдэгч Д.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрт байж байхад манай хүү Ж тарчлаа гэж хэлсэн. Тэгээд би явж хүүгээ авах гээд өөрийн Иж планета-5 мотоциклиор гэрээсээ гарсан. Манай эхнэр О хамт явсан. Эхнэр замдаа эмнэлэг дээр буусан. Би цаашаа яваад 5 дугаар сургууль орж хүүгээ аваад буцаад сургуулийн зүүн талаар явдаг засмал замаар урагшаа явсан. Урагшаа явж байхад урдуур хөндлөн явдаг засмал замаар машин явж байсан учраас хоёр машинд зогсож зам тавьж өгөөд хөдөлсөн. Тэгээд би туслах замаас гол замын уулзварт ороод баруун тийш эргэхэд тас буугаад явчихсан. Нэг мэдэхэд засмал замын голд хэвтэж байсан. Манай хүүхэд засмал замын урд талд хэвтэж байсан. Тэгээд би босоод хүүхэд дээрээ очих гээд алхах гэтэл зүүн хөл хөдөлж чадахгүй байсан. Тэр үед хажууд машинтай хүн ирээд ямар тэнэг явдаг хүн бэ гэж хэлсэн шиг санагдаж байна. Тэгээд би хүүхэд дээрээ мөлхөж очоод миний хүү яаж байна гэхэд би зүгээр байна, та аймар болчихсон байна гээд уйлаад байсан. Тэгээд байж байхад түргэн тусламжийн эмч ирээд надад тариа хийсэн. Манай хүүхдэд эм өгсөн байх. Бас цагдаа ирсэн. Би бас сайн санахгүй байгаа. Орон гаран байгаад байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Зүүн хөл хугарсан. Толгой хагарсан зэрэг гэмтлүүд учирсан. Одоо толгой хааяа өвдөнө, хөл өвдөнө. Тиймэрхүү байдалтай байна. Надад жолооны үнэмлэх байхгүй. /хх-ийн 63-64-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-13-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18-р хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19-22р хуудас/

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 74-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 66-68, 73, 76-109/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон  хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ш нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Д.Ш-ийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 35-87 ӨМГ улсын дугаартай Иж планета-5 маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн зүүн урд талын засмал зам дээр Д.М-гийн жолоодож явсан 4961 ӨМА улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган, мотоцикльд сундалж явсан 11 настай Ш.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мөн дээрх хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ш.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №675 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Ш.Ж-ийн биед духны баруун дээд хэсэг, баруун гар, зүүн гуяны гадна хэсэг, зүүн шагайн үений зөөлөн эдүүд няцарсан, зүүн шагайн үений дээд талын яс нь хугарсан гэмтэл учирсан байна. 2. Ш.Ж-ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Ш.Ж-ийн биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Ш.Ж-ийн дух, баруун гар, зүүн гуяны гадна хэсэгт учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ш.Ж-ийн биед учирсан зүүн шагайн үений яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 38-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Д.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй” /хх-ийн 26-28-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Д.Ш-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Д.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Д.М-гийн тээврийн хэрэгсэлд 635.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн дүн: 635.000 төгрөг /хх-ийн 45-47-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.                  

Иргэний нэхэмжлэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хохиролтой холбоотой санал, гомдол байхгүй” /хх-ийн 30-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Д.Шийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ш, иргэний нэхэмжлэгч Д.М нар нь хохирол төлбөрийн талаар харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулан улмаар нотариатаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх эрхтэй боловч хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэд хоорондын эвлэрлийн гэрээг 2.625.000 төгрөгийг сэжигтэн Д.М нь хохирогч Д.Ш-т төлж барагдуулсан гэх байдлаар байгуулсан ба иргэний нэхэмжлэгч Д.М нь энэхүү төлбөрийг шүүгдэгч Д.Шээс нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ш нь 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, бага боловсролтой, ам бүл 7, эхнэр, хүүхдүүд, ач, зээ нарын хамт амьдардаг, хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлыг нотолсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/, ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р хуудас/, Д-ийн Ш-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 67-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-73-р хуудас/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

Шүүгдэгч Д.Ш-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

   Прокурор шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргав.

Шүүх шүүгдэгч Д.Ш-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар гомдол, саналгүй гэсэн байдал, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн  хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн  хуулийн  тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.Ш нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй боловч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тээврийн хэрэгсэл  жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан байх тул 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу шүүгдэгч Д.Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Шийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.   

Шүүгдэгч Д.Ш нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т овгийн Д-ийн Ш-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ш нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ДЭЛГЭРМАА