| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2017/0118/Э |
| Дугаар | 691 |
| Огноо | 2017-09-26 |
| Зүйл хэсэг | 233.2., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 691
Ц.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Д.Нямсүрэн,
хохирогч Г.Ө, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 275 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Г.Ө, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.А-д холбогдох эрүүгийн 2014250005570 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Харчу овогт Ц-ийн А, 1971 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 51 дүгээр байрны 5 тоотод оршин суух,
1988 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан /РД:ЧД71081378/,
Ц.А нь Г.Ө-тай хамтран барилга барьж түүний ашгийн хуваарилалтад өс санаж буюу өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Ө гүйцэтгэх захиралтай УУСА /UUSA/ нэртэй компанийн тамгатай цаасыг ашиглан 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Г.Ө-т 60.000 ам.долларыг 1 жил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухай “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хуурамчаар үйлдэн иргэний шүүхэд 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, Г.Ө-т 60.000 ам.доллар буюу 70.009.000 төгрөгийн /1 ам.доллар=1250,15 төгрөг/ онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ц.А-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ц.А-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.А-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2014250005570 тоот эрүүгийн хэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.
Прокурор А.Нямсүрэн давж заалдах шатны шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
хохирогч Г.Ө-ын “...2007-2010 он хүртэл хамтарч бизнес хийсэн. …хоосон цаас болон албан бланк дээр гарын үсэг зурж, Ц.А, Б.Хоролбат нарт үлдээдэг байсан. ...Ц.А-ны эхнэр нь Бурмаа гэдэг хүнд өртэй байсан ба уг асуудлаар шалгагдсан. Би тэр үед барилга барих төсөл батлуулж байсан. Ц.А тухайн үед “Lexus 470” загварын автомашин унаж байгаад өрөндөө хүнд өгсөн гэсэн. ...Надад мөнгө зээлэх шаардлага байхгүй, 2010 онд бүх тооцоогоо дуусгаад салсан. ...2013 оны намраас Ц.А надаас 52.000 ам.доллар нэхэх болсон. Нэхсэн талаарх баримт нь байгаа. Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхийн тулд цагаан өнгийн хоосон цаасан дээр гарын үсгээ зурдаг байсан. А5 хэмжээтэй цаасан дээр би гарын үсгээ зурдаг байсан. Учир нь бусад албан байгууллага руу хандахад хэрэгтэй байдаг байсан. ...2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Батлан хамгаалах яамны харъяа “Найман шарга” нэртэй амралтын газар гэр бүлийн хамт амарч байсан. 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр барилгын зураг төслийг 10 сая төгрөгөөр хийлгэсэн. Баримт дээр 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэж тэмдэглэсэн байгаа. Тухайн зураг төслийг “Голомт өргөө” нэртэй байгууллагаар өөрчлөлт хийлгэсэн. ...Манай барилгын тооцооны хуудас надад байгаа ба түүнийг 2013 оны 10 сард Ц.А манай ажил дээр авч ирээд үзүүлсэн. “Энэ ямар учиртай юм” гэхэд Ц.А надад харуулаад “Намайг арай илүү мөнгө авсан байна, харин би бага мөнгө авсан байна” гэж хэлэхээр Ц.А-аас авч үлдсэн юм. Ингээд тооцооны хуудсыг тулгаж үзэхэд барилгаас миний авсан зүйлүүдийг өсгөж бичээд өөрийнхөө авсныг дутуу бичсэн байсан. Тухайлбал өөрийнх нь гараар бичсэн, тооцоон дээр өөрөө 179.308 ам.доллар авсан байна, намайг 284.157 ам.доллар авсан байна, үүний зөрүү 52.424 ам.доллар байна гэдгийг Ц.А надад үзүүлсэн. ...Ц.А-аас би 2011 оны 6 дугаар сард мөнгө зээлсэн юм бол яагаад над руу 2013 онд ирээд энэ баримтыг үзүүлээд тооцоо тулгах гэж явж байсан нь сонин байна. Энэ тооцоог нийлэхдээ компанийн тамга тэмдэг авчирч өгсөн...” /1-р хх-ийн 7-19, 33-34, 2-р хх-ийн 66-67, 198-199/,
гэрч О.Алтансувдын “...2010 онд ажилд орсон. ...барилгын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Тухайн үед Г.Ө Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас “UUSA” ХХК-ийн нэр дээр зээл авч байсан, хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй. 2013 оны 4 дүгээр сарын үед Ц.А ажил дээр өдөр ирээд захирлын өрөө болон тухайн оффисын бүх ширээ, сандлыг аваад явсан байсан. Тухайн ширээний нүдэн дотор компанийн бүхий л бичиг баримт Г.Ө-ын тамга байсан. Тухайн тамга нь миний ширээний шургуулганд байсан. ...Г.Ө нь компанийн зарим нэг бланк дээр гарын үсэг зураад үлдээдэг байсан бөгөөд тухайн бланкууд нь Ц.А-ны хамаатны дүү Батаа гэдэг хүний нэр дээр цуглардаг байсан. Батаа компанийн нягтлангаар ажиллаж байсан. Компанийн санхүүгийн бүхий л баримт бичиг төвлөрдөг байсан. Ц.А-д бэлэн мөнгө байхгүй, хүмүүс /валютын ченж нар/ ирж мөнгө нэхдэг байсан. ...2010 оны 4 дүгээр сард улсын комисс байрыг хүлээж авсан, тэр үед ажлаасаа гарсан. Сүүлийн 3-4 сарын цалингаа авч чадахгүй гарсан. ...харин 2010 онд комисст хүлээлгэн өгөх гэж байхад Г.Ө наадмын бэлтгэлд гараад явсан байсан ба захирлын гарын үсэгтэй бичиг хэрэгтэй гээд 5 ширхэг хоосон цаасан дээр гарын үсэг зурж Б.Хоролбат бид хоёрт тухайн үедээ хариуцаж байсан болохоор үлдээсэн. 2011 онд үл хөдлөх хөрөнгийн газарт бичиг явуулж байсан ба тэгтэл “Авлигатай тэмцэх газар”-аас дуудаж надаас мэдүүлэг авсан ба надаас байцаагч “Улсын комисст барилгаа хүлээлгэн өгөхдөө хахууль өгч байсан уу” гэж асуусан “үгүй” гэтэл тийм албан бичиг хийж ир гэсэн. Тэгээд би тухайн үед Г.Ө-ын гэрт очиж тамга аваад 3 ширхэг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан юм. Ингээд тамга над дээр байсан ба сүүлдээ 2011 оны намар байхаа компанийн оффис нь барьсан барилгын 49 тоотод байрлаж байхад амралтын өдөр Ц.А ширээ, сандал, цоожтой шүүгээ зэрэг бүх зүйлийг аваад явсан байсан ба цоожтой шүүгээнд гарын үсэг зурсан бланк, хоосон цаас, тамга зэрэг байсныг авч явсан. Ц.А бүх зүйл миний өмч гээд л яриад байдаг байсан ба бидний байрлаж байсан 49 тоот байрыг өөрийн найздаа зарчихсан ба энэ зарж болохгүй, компанийн өмч гэж Г.Ө хэлж байсан гэдгийг ч тухайн үедээ Ц.А-д хэлсэн...” /1-р хх-ийн 225-227, 2-р хх-ийн 194-195/,
гэрч Б.Хоролбатын “...Нягтлан бодогчоор 2007-2010 он хүртэл ажиллаж байсан. Г.Ө, Н.Ууганбаяр, Ц.А, Д.Сумъяабазар нар нь хамтран компани байгуулж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын орон сууц барьсан бөгөөд тухайн барилгын санхүүжилт нь банкны зээл, орон сууцны захиалагчдын хөрөнгө зэрэг зүйлсээс эх үүсвэр нь бүрдсэн. Ц.А нь барилгын дэд захирлаар ажиллаж байсан. Г.Ө-аас өөр хүн албан бичигт гарын үсэг зурдаггүй, гадагшаа ажилтай явдаг үед өөрөө албан бичигт гарын үсэг зураад тамга дараад явдаг байсан. ...Тухайн үед миний санаж байгаагаар Ц.А нь барилгад ойролцоогоор 80.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тухайн мөнгийг бусдаас зээлсэн гэж сонсож байсан. ...2014 оны 6 дугаар сард манай ажил болох Нийслэлийн захирагчийн ажлын дотоод аудитын ажил дээр Ц.А ирж уулзаад надад “Г.Ө бид хоёр жоохон асуудалтай байна, чиний байрыг Г.Ө авна гэж байна, тэгэхээр чи надад итгэмжлэл хийгээд өгчих” гэхээр нь би “бодож байгаад хариу хэлнэ, Г.Ө-аас би асууна” гэхэд “асуугаад хэрэггүй, би чамайг гадаад явчихсан гэж хэлсэн” гэсэн. Тэгээд би “уулзаж байгаад хариу хэлнэ” гэхэд яваад өгсөн. ...Над руу гадаадын дугаараас залгаад “чи цагдаад мэдүүлэг өгөхдөө Ц.А-ны талд өгөөрэй” гэж хэлээд 2 удаа залгасан “чи хэн бэ” гэхээр “чамд хамаагүй хохьчин шүү” гэх зэргээр дарамталж байсан. ...Би 2007 онд нягтлангаар орж 2007 оны 5 дугаар сард барилга барьж эхэлсэн, тухайн үед Г.Ө захирлаар ажиллаж гарын үсэг зурж, тамга дардаг байсан, Г.Ө нь зун бэлтгэлтэй, заримдаа гадаад явдаг байсан ба тэр үед нь албан бланк дээр гарын үсэг зурж тамга дарж бланк дуусчихсан үед цагаан цаасан дээр гарын үсэг тамга дарж үлдээдэг байсан. Миний мэдэхээр зун бэлтгэлд гарахдаа үлдээдэг. 2008 онд олимп руу явахдаа бас үлдээсэн, гадаад явах үедээ үлдээж байсан гэдгийг санаж байна. Би дээрх гарын үсэг зурсан бланк цаасыг өөрийн ширээний шургуулганд хадгалж байсан ба хамгийн сүүлд Ц.А манай оффисын ширээ, сандал бүх зүйлийг аваад явсан байсан ба миний шургуулганд албан бланк, гарын үсэгтэй тамга дарсан цаас, санхүүгийн баримт гээд бүх зүйлийг аваад явсан. Энэ талаар О.Алтансувд, Гантулга нар мэднэ, нэг өрөөнд бөөнөөрөө суудаг байсан...” /2-р хх-ийн 70-72, 196-197/,
гэрч Б.Гэрэлмаагийн “...Д.Сумъяабазарыг банкны зээл авч тухайн барилгад хөрөнгө оруулалт хийсэн болохыг мэдэж байна. Ц.А барилга барьж дууссаны дараа 2013 онд манай нөхөр Ууганбаяраас барилгатай холбоотойгоор мөнгө нэхээд байхаар нь би тухайн үед Ц.А-д 9.000 ам.доллар өгөөд оронд нь авах ёстой байсан гурван айлын орон сууцны ордерыг авч өр төлбөргүй гэсэн бичгийг хийлгэж авсан. ...захирал Г.Ө нь хөдөө орон нутгаар явах үедээ тамга тэмдгээ Сувдаа гээд нягтлан бодогчид үлдээдэг гэж байсан. Надаас 9.000 ам.доллар авч байх үедээ “Г.Ө илүү 50 гаран мянган ам.доллар авсан, уулзана” гэж байсан...” /2-р хх-ийн 73-75/,
гэрч Р.Батдэлгэрийн “...Зэвсэгт хүчний жанжин штабын гаргасан тушаалаар ирж байрлаж бэлтгэл хийдэг, тухайн үед 2011 оны 6 дугаар сарын эхээр аварга Г.Ө нь өөрийн гэр бүлийн хамт ирээд байрлах газрын гэр болон байршилыг тохирч байсан... тухайн өдрөө хоноод маргааш нь барилдаантай гэж байсныг санаж байна. Тушаал нь гараагүй байсан...” /2-р хх-ийн 68-69/ гэх мэдүүлгүүд,
Кримналистикийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6385 тоот дүгнэлтдээ “...Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт эх хувиараа байгаа 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн гэх “Зээлийн гэрээ” гэсэн баримт дээр дарагдсан тэмдгийн дардасны тосон дээр “Зээлдэгч” гэсэн үгний “3” үсэг хэвлэгдсэн байна. ...шинжилгээнд ирүүлсэн “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын цаасны хэмжээ 14.6x21см буюу “Word” программ дээрх “А5” хэмжээтэй цаасны урт, өргөний стандарт хэмжээстэй харьцуулахад өргөн нь 0.2 мм-ээр бага байна. ...Шинжилгээнд ирүүлсэн “Зээлийн гэрээ” гэсэн баримтад шинжилж буй тэмдэгний дардасны дээр уг баримтын бичвэр хэвлэгдсэн, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын цаасны өргөний хэмжээ нь 0.2 мм-ээр зөрүүтэй, 2011 оны 6 дугаар сарын 4 гэсэн огноотой “Зээлийн гэрээ”-н дээрх “Зээлдүүлэгч”, “Зээлдэгч” гэсний ард байх шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн будагч бодисын өнгө өөр, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын “Хүлээн авсан”, “Хүлээлгэн өгсөн” гэсэн хэсэгт “Г.Ө”, “Ц.А” гэсний дор зурсан шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн бодисын өнгө өөр, ямар нэгэн тамга, тэмдэг дарагдаагүй байгаа нь нэг цаг хугацаанд үйлдээгүй байх боломжтой...” гэсэн /3-р хх-ийн 15-22/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А-ны үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна. Түүнчлэн гэрч О.Алтансувд, Б.Хоролбат нар нь Г.Ө-ын гарын үсэг, тамга тэмдэгтэй цаасыг Ц.А авч явсан гэдгийг нотолсон, шинжээчийн 6385 дугаартай дүгнэлт нь өмнөх дүгнэлтүүдийг үгүйсгэсэн бус бичилт нь нэг цаг хугацаанд үүссэн эсэхэд хариулт авах зорилготой байсан, түүнийг шинжээч “...тэмдэгний дардасны дээр уг баримтын бичвэр хэвлэгдсэн...” гэж шууд хариулсан байхад шүүх гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт таамаглалд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлт хоёрдмол утгатай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Иймд Ц.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 275 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Хохирогч Г.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ц.А болон бусад хоёр нөхрийн хамт хамтарсан компани байгуулан 2007 оноос Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын сууцны барилга барьсан юм. Барилгын ажил дуусч улсын комисст хүлээлгэж өгөөд хамтарч ажилласан хүмүүс ашиг орлогынхоо тооцоог дуусган, хамтарсан компанийн үйл ажиллагаа ч зогссон юм. Гэтэл 2013 онд Ц.А над дээр барилгын ашгаас дутуу авсан тухай өөрийн гараар бичсэн тооцооны хуудас барьж ирсэн бөгөөд уг тооцооны хуудас дээр бичснээр 52.424 ам.долларыг надаас авна гэж ярьж байсан. Би энэ тооцооны хуудсыг авч үлдээд нягталж үзэхэд өөрийнхөө авсан зүйлүүдийг хасаж, харин миний авсан зүйлийг өсгөж бичсэн байсан тул энэ талаар тайлбарлаж хэлэхэд “хүлээж аваагүй, харин шүүхээр мөнгөө гаргуулж авна, шүүхдэнэ” гэж хэлж байсан юм.
Гэтэл энэ ашиг, орлогын асуудлаараа шүүхэд хандаагүй, харин миний гарын үсэгтэй, хамтарсан компанийн тамгатай цаасыг ашиглан 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр надад 60.000 ам.долларыг 1 жил 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн болгож, зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргийг хуурамчаар үйлдэж иргэний шүүхэд хандсан юм.
Иргэний хэргийн шүүхээс шийдвэр гаргахдаа дээрх баримтууд дээр зурагдсан гарын үсэг Г.Ө мөн үү гэдгийг гол нотлох баримт болгосон бөгөөд би Ц.А-аас ямар ч мөнгө төгрөг зээлээгүй атлаа шүүхийн шийдвэрээр түүнд төлбөр төлөх болоод байгаа билээ.
Миний хувьд Ц.А-ыг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс энэ хүн миний гарын үсэг, компанийн тамга тэмдгийг ашиглан хуурамч баримт бичиг үйлдсэн талаар гомдол гарган цагдаагийн байгууллагаар шалгуулсан бөгөөд энэ хугацаанд Ц.А нь мөнгө зээлүүлсэн гэрээ болон мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргийг хуурамчаар үйлдсэн болохыг мөрдөн байцаах алба, прокурорын байгууллага хангалттай тогтоосон гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Ц.А нь миний гарын үсэгтэй хоосон цаасыг хэзээ хаанаас ямар байдлаар авч явсан, компанийн тамга тэмдэг өөрт нь байсан, надаас ямар ч үндэслэлгүй 52.000 ам.доллар нэхэж байсан, түүнийгээ авах боломжгүй гэдгийг мэдсэн хэрнээ шүүхдэж авна гэдгээ хэлсэн, 2011 онд мөнгө зээлүүлсэн гэх атлаа 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн, энэ хугацаанд өөрөө болон гэр бүл нь санхүүгийн асар хүнд байдалд байж, надад мөнгө төгрөг зээлүүлэх ямар ч боломжгүй байсан, зээлүүлсэн гэх мөнгөний хүү, алданги зээлийн төлбөрийн талаар ямар ч баримт, гүйцэтгэл байхгүй, эхнэрээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж хяналтын шатны шүүхэд очсон хойно нь унаж байсан автомашинаа өгч байсан, хэргийн талаар үнэнийг мэдэх гэрчүүдийг өөрийн талд мэдүүлэг өг хэмээн айлган сүрдүүлж дарамталж байсан, худал үнэн мэдүүлгийг ялгаж тогтоодог “Полиграф”-ийн шинжилгээнээс зугтан зайлж байсан зэрэг нь бусдад тэр их хэмжээний мөнгөө зээлүүлээд авч чадахгүй яваа хүнээс гарах шинж чанар, зан авир биш гэж үзэж байна.
Нөгөө талаар надад мөнгө зээлүүлсэн тухай асуудлыг түүний төрсөн ээжээс өөр ямар ч хүн гэрчилдэггүй бөгөөд ээжийнх нь мэдүүлэг, гаргаж өгсөн баримт нь хэт зохиомол, дээрх бичиг баримтыг үйлдсэн гэх газар, надад мөнгөө хүлээлгэж өгсөн гэх газрууд үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Хамгийн сүүлд хийгдсэн криминалистикийн шинжилгээгээр цаасан дээр дарагдсан тамганы дээрээс зээлийн гэрээ гэх баримтын зээлдэгч гэсэн үгний “З” үсэг хэвлэгдсэн, “А5” хэмжээтэй цаас стандарт бус тухай дүгнэлтүүд нь Ц.А-ыг надаас өмнө нь нэхэж байсан 50 мянган ам.доллараа авахын тулд зориуд миний гарын үсэг, компанийн тамгатай цаасыг ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн болохыг баталж байна.
Ц.А нь дээрх баримт бичгүүд бодитой бөгөөд надад тэр их хэмжээний мөнгийг зээлүүлсэн гэдгээ өөр ямар ч байдлаар нотолж чаддаггүй бөгөөд гэтэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.А-ны буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд таамаглалд үндэслэсэн гэж дүгнэн, Ц.А-ыг цагаатгасанд маш их гомдолтой байна.
Ц.А нь надаас хамтарч барьсан барилгын ашиг гэж үндэсгүйгээр их хэмжээний мөнгө авах гэсэн тооцоо гаргаж, тэр мөнгөө авах боломжгүй болмогц нэхэж байсан үнийн дүндээ тохирсон хэмжээний мөнгийг авах гэж миний гарын үсэг зурж үлдээсэн хоосон цаас, компанийн тамга тэмдгийг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэж, иргэний шүүхийн шийдвэр гаргуулсан нь хангалттай нотлогдсон бөгөөд Ц.А-аас би ямар ч мөнгө зээлж аваагүй, бидний хооронд ямар ч гэрээ хэлцэл хийгдээгүй юм. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогч Г.Ө-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ц.А-ыг гэм буруугүй гэж үзэж цагаатгасан нь үндэслэлгүй, шүүхээс уг тогтоолын үндэслэл болгосон асуудлууд нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд харин Ц.А дээрх гэмт хэргийн үйлдсэн болох нь дараах байдлаар батлагдсан гэж үзнэ. Үүнд:
1. Г.Ө нь Ц.А-тай хамтран барилга барьж байх үедээ ажлын шаардлагаар хоосон цаасан дээр гарын үсгээ зурж орхидог байсан, эдгээр цаас болон компанийн тамга нь Ц.А-ны хамаатан болох компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Хоролбатын ширээний нүдэнд хадгалагдаж байсан тул Ц.А 2011 онд ширээ, сандал, цоожтой шүүгээг авч явах үед түүнд очсон байх бүрэн үндэстэй юм. Компанийн оффис нь барьсан барилгынхаа 49 тоотод байрлаж байхад нэг амралтын өдөр Ц.А ширээ сандал, цоожтой шүүгээ зэрэг бүх зүйлийг аваад явсан байсан ба цоожтой шүүгээнд гарын үсэг зурсан бланк, хоосон цаас, тамга зэрэг зүйл байсныг авч явсан гэж гэрч О.Алтансувд, Б.Хоролбат нар тодорхой мэдүүлсэн байдаг.
2. Ц.А нь хамтарч барьсан барилгын ашгийн хуваарилалтын талаар тооцоо гарган, өөрийн гараар баримт бичиж, Г.Ө-аас 52.000 ам.доллар авахаар нэхэж байсан бөгөөд уг баримт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байдаг. Гэтэл Ц.А авахаар төлөвлөсөн дээрх мөнгөө хуурамч гэрээ үйлдэн шүүхэд нэхэмжилсэн бөгөөд хэн нэгэнд хохирол төлбөр төлөх үндэс болгон уг тооцооны хуудсаа үзүүлсэн, тооцооны хуудсаар гаргасан төлбөр төлөгдөхгүй нөхцөл гармагц энэ хэмжээний мөнгөө Г.Ө-аас авахаар хуурамч бичиг баримт үйлдсэн байж болохоор байдаг. Учир нь “энэ мөнгийг надад өгөхгүй бол би шүүхээр явна, чамаас заавал авна” гэж тухайн үедээ Г.Ө-т хэлж байсан байдаг юм.
З. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зээлийн гэрээ болон мөнгө хүлээлгэн өгсөн баримт дээр зурагдсан гэх Г.Ө-ын гарын үсэгт өмнө нь 2 удаа шинжилгээ хийж түүний гарын үсэг мөн болохыг баталсан бөгөөд шүүх энэ гарын үсгийг үндэслэн зээлийг төлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Гэтэл уг гарын үсэг нь Г.Ө-ын гарын үсэг мөн гэдэг нь нэгэнт тодорхой, өөрөө ч энэ миний гарын үсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хамгийн сүүлд 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийгдсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6385 тоот дүгнэлтээр “2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн гэх “Зээлийн гэрээ” гэсэн баримт дээр дарагдсан тэмдгийн дардасны тосон дээр “Зээлдэгч” гэсэн үгний “3” үсэг хэвлэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын цаасны хэмжээ 14,6x21см буюу “Word” программ дээрх “А5” хэмжээтэй цаасны урт, өргөний стандарт хэмжээстэй харьцуулахад өргөн нь 0,2 мм-ээр бага байна. Шинжилгээнд ирүүлсэн “Зээлийн гэрээ” гэсэн баримтад шинжилж буй тэмдэгний дардасны дээр уг баримтын бичвэр хэвлэгдсэн, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын цаасны өргөний хэмжээ нь 0,2 мм-ээр зөрүүтэй, 2011 оны 6 дугаар сарын 4 гэсэн огноотой “Зээлийн гэрээ”-н дээрх “Зээлдүүлэгч, Зээлдэгч” гэсний ард байх шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн будагч бодисын өнгө өөр, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын “Хүлээн авсан”, “Хүлээлгэн өгсөн” гэсэн хэсэгт “Г.Ө”, “Ц.А” гэсний дор зурсан шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн бодисын өнгө өөр, ямар нэгэн тамга, тэмдэг дарагдаагүй байгаа нь нэг цаг хугацаанд үйлдээгүй байх боломжтой" гэсэн нь Ц.А уг бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн болохыг нотолсон хангалттай баримт гэж үзэж байна.
4. Ц.А нь тухайн үедээ бусдад мөнгө зээлүүлэх нь битгий хэл өөрөө их хэмжээний өртэй, гэр бүлийн хүн нь бусдыг залилж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж шүүхэд шилжсэн боловч хохирол төлбөрөө барагдуулаад хэргээ шийдвэрлүүлсэн гэх зэргээр мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан, эдийн засгийн хувьд хүнд байсан болох нь тогтоогдсон бөгөөд харин Г.Ө-т зээлүүлсэн гэх 60.000 ам.долларын эх сурвалж, зээлийн гэрээ хийсэн болон мөнгө хүлээлгэн өгсөн гэх газар, тэнд байсан хүмүүс, мөнгө зээлүүлснийг гэрчлэх нотлох баримтаа зааж өгч чадаагүй юм. Мөн хэргийн байдлыг үнэн зөвөөр мэдүүлж байгаа зарим нэг гэрчийг өөрийн талд мэдүүлэг өгүүлэхээр ятгах, дарамтлах байдал удаа, дараа гаргаж, мэдүүлгийн үнэн бодитойг ялгаж тогтоох Полиграфийн шинжилгээнээс татгалзаж байсан, болсон хэргийн талаар мэдүүлж байгаа мэдүүлэг нь бусад нотлох баримтаар батлагдахгүй байгаа зэрэг нь Ц.А-ыг хуурамч бичиг баримт үйлдэн шүүхийн шийдвэр гаргуулж Г.Ө-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй. Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, Ц.А-ны үйлдсэн гэмт хэргийг хангалттай нотолсон гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор Д.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр Ц.А нь гэм буруутай эсэх нь хангалттай тогтоогдоогүй гэж дүгнээд түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт авагдсан гэрч О.Алтансувд болон Б.Хоролбат нарын мэдүүлэгт хохирогч Г.Ө нь хоосон цаасан дээр гарын үсэг зурж үлдээдэг байсан, түүнийг нь Ц.А авч явсан талаар мэдүүлдэг. Мөн шинжээчийн 6385 дугаар дүгнэлт нь Зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн гэдгийг нотлож байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр тэмдэгний дардасны дээр байгаа бичвэр нь сүүлд хэвлэгдсэн гэсэн байхад шүүх шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг таамаглалд үндэслэсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтэд Зээлийн гэрээ болон Мөнгө хүлээлгэн өгсөн баримтын цаасны хэмжээ зөрүүтэй, мөн будагч бодис өөр өөр байна гэсэн байхад түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ц.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 275 дугаар цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчдийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ээ тодорхой заагаагүй байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ц.А-ыг зээлийн гэрээ болон мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргийг хуурамчаар үйлдэн, ашиглаж улмаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тус дүүргийн прокурорын газрын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “Ц.А нь Г.Ө-тай хамтран барилга барьж түүний ашгийн хуваарилалтанд өс санаж буюу өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Ө захиралтай УУСА /UUSA/ нэртэй компанийн тамгатай цаасыг ашиглан 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Г.Ө-т 60.000 ам.долларыг 1 жил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухай “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хуурамчаар үйлдэн иргэний шүүхэд 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, Г.Ө-т 60.000 ам.доллар буюу 70.009.000 төгрөгийн /1 ам.доллар=1250,15 төгрөг/ онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж бичжээ. /3-р хх-ийн 83/
Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 275 дугаар цагаатгах тогтоолын удиртгал хэсэгт УУСА /UUSA/ нэртэй компанийн тамгатай цаасыг ашиглан гэж, дүгнэлт хэсэгтээ мөн л дээрх компанийн тамгатай цаасыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж дүгнэжээ.
Түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр прокурорын эсэргүүцлийн хянавал хэсэгт мөн л дээрх байдлаар УУСА /UUSA/ нэртэй компанийн тамгатай цаасыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн хэмээн тус тус бичжээ.
Гэтэл хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад:
1. Хохирогч Г.Ө-ын “...2007-2010 он хүртэл хамтарч бизнес хийсэн. ...хоосон цаас болон албан бланкан дээр гарын үсэг зурсан цаасыг Амарсайхан болон Хоролбат нарт хоёуланд нь үлдээдэг байсан. ...Байгууллагын хоосон бланкан дээр болон иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхийн тулд цагаан өнгийн хоосон цаасан дээр гарын үсгээ зурдаг байсан. А5 хэмжээтэй цаасан дээр би гарын үсгээ зурдаг байсан. Учир нь бусад албан байгууллага руу хандахад хэрэгтэй байдаг байсан...” /1-р хх-ийн 18-20, 2-р хх-ийн 64-65, 232-233/,
гэрч О.Алтансувдын “...Г.Ө нь компанийн зарим нэг бланкан дээр гарын үсэг зураад үлдээдэг байсан бөгөөд тухайн бланкууд нь Ц.А-ны хамаатны дүү Батаа гэдэг хүний нэр дээр цуглардаг байсан. ...харин 2010 онд комисст хүлээлгэн өгөх гэж байхад Г.Ө наадмын бэлтгэлд гараад явсан байсан бөгөөд захирлын гарын үсэгтэй бичиг хэрэгтэй гээд 5 ширхэг хоосон цаасан дээр гарын үсэг зурж Хоролбат бид хоёрт тухайн үедээ хариуцаж байсан болохоор үлдээсэн. ...тэгээд би тухайн үед Г.Ө-ын гэрт очиж тамга аваад 3 ширхэг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, 3 ширхэг бланкан дээр гарын үсэг зуруулсан юм. Ингээд тамга над дээр байсан ба сүүлдээ 2011 оны намар байхаа компанийн оффис нь барьсан барилгын 49 тоотод байрлаж байхад амралтын өдөр Ц.А ширээ, сандал цоожтой шүүгээ зэрэг бүх зүйлийг аваад явсан байсан ба цоожтой шүүгээнд гарын үсэг зурсан бланк, хоосон цаас, тамга зэрэг байсныг авч явсан...” /2-р хх-ийн 6-9, 228-229/,
гэрч Б.Хоролбатын “...Г.Ө-аас өөр хүн албан бичигт гарын үсэг зурдаггүй, гадагшаа ажилтай явдаг үед өөрөө албан бичигт гарын үсэг зураад тамга дараад явдаг байсан. ...Г.Ө нь зун бэлтгэлтэй, заримдаа гадаад явдаг байсан ба тэр үед нь албан бланк дээр гарын үсэг зурж тамга дарж, бланк дуусчихсан үед цагаан цаасан дээр гарын үсэг тамга дарж үлдээдэг байсан. Миний мэдэхээр зун бэлтгэлд гарахдаа үлдээдэг, 2008 онд бас олимп руу явахдаа бас үлдээсэн, гадаад явах үедээ үлдээж байсан гэдгийг санаж байна. Би дээрх гарын үсэг зурсан бланк цаасыг өөрийн ширээний шургуулганд хадгалж цоожилж байсан ба хамгийн сүүлд Ц.А манай оффисын ширээ, сандал бүх зүйлийг аваад явсан байсан ба миний шургуулганд албан бланк, гарын үсэгтэй тамга дарсан цаас, санхүүгийн баримт гээд бүх зүйлийг аваад явсан. Энэ талаар О.Алтансувд, Гантулга нар мэднэ, нэг өрөөнд бөөнөөрөө суудаг байсан...” /1-р хх-ийн 13, 2-р хх-ийн 101-103, 230-231/ зэрэг мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1614 тоот дүгнэлтдээ “...Шинжилгээнд ирүүлсэн 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-д зурсан гарын үсгүүдийг хуулбарлаагүй байна. Шинжилж буй 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын цаасны хэлбэр, хэмжээг өөрчлөөгүй байна. Шинжилж буй баримтууд нь хоёр тусдаа цаасан дээр үйлдэгдсэн учир нэг цаг хугацаанд буюу үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Шинжилж буй 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-д зурсан гарын үсгүүдийн бэхний найрлага, ямар бэхээр бичигдсэнийг химийн шинжилгээгээр тогтоох боломжтой...” /2-р хх-ийн 67-71/,
Кримналистикийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6385 тоот дүгнэлтдээ “...Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт эх хувиараа байгаа 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн гэх “Зээлийн гэрээ” гэсэн баримт дээр дарагдсан тэмдгийн дардасны тосон дээр “Зээлдэгч” гэсэн үгний “3” үсэг хэвлэгдсэн байна. ...шинжилгээнд ирүүлсэн “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын цаасны хэмжээ 14.6x21см буюу “Word” программ дээрх “А5” хэмжээтэй цаасны урт, өргөний стандарт хэмжээстэй харьцуулахад өргөн нь 0.2 мм-ээр бага байна. ...Шинжилгээнд ирүүлсэн “Зээлийн гэрээ” гэсэн баримтад шинжилж буй тэмдэгний дардасны дээр уг баримтын бичвэр хэвлэгдсэн, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын цаасны өргөний хэмжээ нь 0.2 мм-ээр зөрүүтэй, 2011 оны 6 дугаар сарын 4 гэсэн огноотой “Зээлийн гэрээ”-н дээрх “Зээлдүүлэгч”, “Зээлдэгч” гэсний ард байх шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн будагч бодисын өнгө өөр, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын “Хүлээн авсан”, “Хүлээлгэн өгсөн” гэсэн хэсэгт “Г.Ө”, “Ц.А” гэсний дор зурсан шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн бодисын өнгө өөр, ямар нэгэн тамга, тэмдэг дарагдаагүй байгаа нь нэг цаг хугацаанд үйлдээгүй байх боломжтой...” гэсэн дүгнэлтүүд /3-р хх-ийн 15-22/ хэрэгт тус тус авагджээ.
Дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулан дүгнэвэл хохирогч Г.Ө нь УУСА /UUSA/ компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд эзгүй байх хугацаандаа ажлын шаардлагаар тус компанийн бланк болон хоосон цаасан дээр өөрийн гарын үсгийг зурж үлдээдэг байсан талаар гэрч, хохирогч нар удаа, дараа мэдүүлсэн байхад прокурор, анхан шатны шүүхээс “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-д зурсан гарын үсэг зурсан үйл баримтын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Хэрэгт авагдсан “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-аас үзэхэд цаасны хэмжээ, түүнд зурсан Г.Ө-ын гарын үсэгний байрлалын хувьд өөр өөр байх бөгөөд тэдгээрт ямар хэрэгцээ, шаардлагын улмаас гарын үсэг зурсан болохыг тогтоосон баримт хэрэгт алга.
Иймээс дээрх нэр бүхий гэрч нараас хохирогч Г.Ө нь УУСА /UUSA/ компанийн бланк болон хоосон цаасан дээр гарын үсэг зурж үлдээхдээ ямар хэмжээтэй цаас /А5, А4 аль нь болох/ болон цаасны аль хэсэгт гарын үсгээ зурж үлдээдэг байсан, тухайн цаасан дахь гарын үсэг зурсан байрлал тус бүрийг чухам юунд, ямар хэрэгцээ шаадлагын улмаас зуруулдаг талаар дахин тодруулах, түүнчлэн гарын үсгийн байрлал тус бүртэй адил албан бичгийг өмнө нь УУСА /UUSA/ компаниас үйлдсэн эсэхийг нарийвчлан шалган тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх юм.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 7419 дүгээр шийдвэртэй Ц.А-ны нэхэмжлэлтэй, Г.Ө-т холбогдох, 157.500 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргээс 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр үйлдсэн Зээлийн гэрээ болон Мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргийг эх хувиар нь авч эрүүгийн 2014250005570 тоот хэрэгт хавсаргаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлах шаардлагатай.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлүүдээр Ц.А-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх Ц.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор прокурор А.Нямсүрэнгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Г.Ө, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлийг энэ удаад хянан шийдвэрлэх боломжгүй дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: