Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 791

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Б” ХХК 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга 

Гуравдагч этгээд: “Б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***тоот захирамжаар “Б” ХХК-д олгосон 1120 м.кв талбайгаас *** м.кв орц гарцын хэсэг буюу инженерийн шугам сүлжээ бүхий талбай мөн төмөр замын хамгаалалтын зурвас газар болон үл хөдлөх хөрөнгөтэй давхацсан 177 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар *** тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Ү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, иргэдийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***тоот захирамжаар “Б” ХХК-д олгосон 1120м.кв талбайгаас орц гарц, төмөр замын хэсэг болох 500м.кв давхцуулсан талбайг хасаж хүчингүй болгуулах тухай 

Тус компани нь Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /1600/, Эрчим хүчний гудамж *** тоот хаягаар 84м*24м=2016м.кв үйлдвэрийн байр, 628 тууш метр салаа төмөр замд хамаарах 5602м.кв газар, Эрчим хүчний гудамж 40 тоот хаягт байрлах конторын барилгад хамаарах 505м.кв газар буюу нийт 6107м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны *** тоот захирамж, нэгж талбарын ***тоот газар эзэмшүүлэх гэрээ, *** дугаар гэрчилгээний дугаар эзэмшдэг. Уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссаны улмаас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны *** тоот захирамжаар сунган баталгаажуулж, Нийслэлийн өмчийн харилцааны газраас ***тоот газар эзэмших гэрчилгээ авч, 16***тоот гэрээ байгуулсан боловч эзэмшил газрынхаа кадастрын зургийг авах гэтэл 2008 оноос дангаар эзэмшиж ирсэн эзэмшил манай газрын талбайн хэмжээнд үл ойлгогдох шалтгаанаар өөрчлөлт орж, хэмжээ нь багассан /500м.кв талбай хасагдсан/ байсан.

Энэхүү үл ойлгогдох шалтгааны учрыг олохоор Нийслэлийн архивын газраас 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот лавлагаа /6 нүүр/ гаргуулан авахад “Б” ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зурагт Нийслэлийн газрын албанаас өөрчлөлт оруулан иргэн П.От олгосон болохыг олж мэдсэн. Үүнд залруулга хийж буцаан хуучин байдалд оруулж өгөхийг хүсч Нийслэлийн Өмчийн харилцааны газарт удаа дараалан хандсан боловч 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ***тоотоор “Шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх тухай” хариуг өгсөн юм. 

Иймд зохих журмын дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсэж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

1. Анх 1992 оноос өмнө барилгын модон эдлэлийн үйлдвэр байсан бөгөөд 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 102 дугаар тогтоолоор “Б” ХК, “Х” ХК, “Ц” ХК болон хувьчлагдсан юм. Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар “Үндсэн болон эргэлтийн хөрөнгийг данснаас хасах тухай” тушаалын дагуу эд хөрөнгө тухайн компаниудад шилжсэн. “Б” ХК нь 1996 онд “М” ХК болж нэрээ өөрчлөн үйл ажиллагаагаа явуулж байсан ба 2008 оны 05 дугаар сард үйл ажиллагааныхаа хэлбэрээ өөрчилж цаашид “М” ХК, “Б” ХХК болон эд хөрөнгөө хуваарилан авч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа ууган компани болно. 

2. Манай компани 2008 оноос хойш эзэмшил 6107м.кв газрынхаа төлбөрийг гэрээний дагуу  зохих журмын дагуу төлж ямар нэгэн тооцоо, зөрчилгүй эзэмшиж ашиглаж, жил бүр тодорхой төсөв гарган ахуйн болон үйлчилгээний хог хаягдал, овоолсон шороо, хогийн ургамлыг зайлуулан нийтдээ 30.0 гаруй сая төгрөгийн тохижилтын ажил хийж /тухайн газрыг бүрэн хайргажуулж элдсэн/ үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. 

3. Гэтэл “Б” ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр кадастрын зурагт Нийслэлийн газрын албанаас өөрчлөлт оруулан иргэн П.От манай үйлдвэрийн хашаа, төмөр зам руу ордог автомашины орц, гарцын хэсэг болон төмөр зам дайруулан 500м.кв талбайг шилжүүлсэн байна. 

Иргэн П.О нь 2013 оны 01 дүгээр сард “Б” ХХК-д худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгө, газар эзэмших эрхээ шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот захирамж гарч газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ хүлээн авсан байна. Үүнээс болж хөрш зэргэлдээх объектыг худалдан авсан “Б” ХХК-аас үргэлж маргаан үүсгэдэг, ажил үйлчилгээнд хүндрэл учруулсан бүдүүлэг үйлдэл /манай үйлдвэрийн хашаанд хүмүүс орж гарах, төмөр зам гарам дээгүүр чөлөөтэй холхих, орц гарц хааж хашаа барихаар завдах, гарц хааж чингэлэг байршуулах гэх мэт/ гаргах болсон. Дээрх зөрчил дутагдлуудад холбогдох газруудаас тухай бүр шалгалт хийж холбогдох дүгнэлтийг гаргаж, албан бичгүүдийг хүргүүлж байсан болно. Үүнээс дурдвал: 

А. Онцгой байдлын газраас 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 49 тоот албан бичгээр газар дээр нь шалгалт хийж тээврийн хэрэгслийн зорчих гарцыг хааж вагончиг байршуулж, хашаа барьж байгаа үйлдэл нь Монгол Улсын галын аюулгүй байдлын тухай хууль, Хот суурины төлөвлөлт норм дүрэм зөрчсөн үйлдэл болохыг тодорхойлж улмаар гал унтраах шуурхай албаны автомашины объектод нэвтрэн орж гал унтраах үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч ихээхэн хохирол учирч болзошгүй тул тус орц гарцыг чөлөөлөх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан. 

Б. Улаанбаатар дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаниас 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** албан тоотоор барилгын орц гарцын хэсэгт “Б” ХХК болон “М” ХХК, “А” ХХК, “П” ХХК, “Х” ХХК, “Т” ХХК зэрэг 7 компаниудын дундын эзэмшлийн инженерийн шугам, сүлжээ худаг байрладаг бөгөөд уг орц гарцыг чөлөөтэй байлгаж, техникийн засвар үйлчилгээг саадгүй хийлгэх нөхцөлийг хангаж ажиллах талаар шаардлага хүргүүлсэн. 

С. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот албан бичгээр газар дээр нь шалгалт хийж “Б” ХХК нь “Б” ХХК-ийн орц, гарцыг хааж дамжин өнгөрөх гарцгүй болгож буй нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм /БНбД 30.01.04/ -ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын Галын аюулаас хамгаалах шаардлагын 12 дэх “Явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг, галын саадгүй очих, галын машин чөлөөтэй зорчих боломжтой төлөвлөнө” гэсэн заалтыг хангахгүй байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. 

4. Хасалт хийгдсэн /500м.кв/ хэсэгт: Авто замын газрын 2013 оны 06 дугаар сарын 21-ний 1/12*** тоот тээврийн хэрэгсэл орж гарах гарцын зөвшөөрөл албан ёсоор олгосон газар хамаарах бөгөөд дээр дурдсан 30.0 гаруй сач төгрөгийн тохижилтын ажил багтаж байгаа юм. 

5. Тус орц, гарцын хэсэг дээр манай компани болоод “М” ХХК, “А” ХХК, “П” ХХК, “Х” ХХК, “Т” ХХК зэрэг 7 компаниудын дундын эзэмшлийн инженерийн шугам, сүлжээ болон ашиглалтын худаг байрладаг дундын шугам сүлжээ явсан газар бөгөөд эдгээрийн ашиглалтын хэвийн горимыг хангах, засвар үйлчилгээ хийлгэдэг хариуцагч байгууллага нь “Б” ХХК юм. 

6. Мөн иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх хөрөнгө болох Улаанбаатар өртөөний Б паркаас салбарласан 628 метр урт өөрийн өмчлөлийн салаа төмөр замтай. Гэтэл манай компанийн эзэмшил газрын кадастрын зурагт дур мэдэн өөрчлөлт оруулахдаа төмөр замын трасс дайруулан гаргасан байгаа нь: 

-галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой аюулгүй ажиллагааны журам алдагдуулсан 

-төмөр замын зурвас газраас гадна төмөр замын аюулгүйн болоод аюултай бүсийн газар зохион байгуулалт алдагдуулсан 

-тээврийн хэрэгсэл орж гарах хэсэг /айлын Х дарж газар олгосон/ буюу галт тэрэгнээс ачаа буулгах, зөөх нөхцөлгүй болгосон явдал боллоо. 

Тухайн үеийн газар зохион байгуулагч нь газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, Төмөр замын тээврийн тухай, Газрын тухай, Барилгын тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн буруу үйлдэл хийжээ гэж үзэж байна. 

Иймд бодит байдалд нийцээгүй автомашин орж гардаг орц, гарц, төмөр замыг дагуулан хасалт хийсэн хууль бус буруу үйлдлийг залруулж Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот захирамжаар “Б” ХХК-д олгосон 1120м.кв талбайгаас орц, гарц төмөр замын хэсэг болох 500м.кв давхцуулсан талбайг хасаж хүчингүй болгуулах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***тоот захирамжаар “Б” ХХК-д олгосон 1120 м.кв талбайгаас *** м.кв орц гарцын хэсэг буюу инженерийн шугам сүлжээ бүхий талбай мөн төмөр замын хамгаалалтын зурвас газар болон үл хөдлөх хөрөнгөтэй давхацсан 177 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Манай орц, гарцыг хааснаас болж маргаан үүссэн. Үүнийг хааснаас үүдэж хүн орох зайгүй болж байна. Өөрөөр хэлбэл 4 метр өндөр агуулах саван дээгүүр давж орох ямар ч боломжгүй болоод байна. Энэ маргаантай холбоотойгоор манайх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Мөн үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэргээс дүгнэлт ирсэн байдаг. 

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсэг өөрөөр хэлбэл газраас салбал зориулалтын дагуу хэрэглэж үл болох зүйлийг ойлгодог. Энэ нь өөрөөр 628 метрийн урттай төмөр замаар ирж байдаг зүйл байгаа. Тийм учраас газар зохион байгуулалтын асуудал хөндөгдөж байна. Цаашид тухайн төмөр замыг ашиглах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***тоот захирамжаар “Б” ХХК-д олгосон 1120 м.кв талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500м.кв давхцуулсан талбайг хасаж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хоёр компанийн давхцал бүхий орц гарцын хэсэгт буй “Б” ХХК-ийн орж гарч байгаа 297м.кв талбай, “Б” ХХК-ийн орж гарч байгаа ***м.кв талбайг тус тусын эзэмшлээс хасаж хүчингүй болгон нийтийн эзэмшилд шилжүүлэх, давхцал бүхий 177м.кв талбай төмөр замын хэсгээс хамгаалалтын зурвас газрыг тодруулж “Б” ХХК-ийн эзэмшил талбайгаас хасаж хүчингүй болгуулах.

“Б” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 2 тусдаа газартай, газар тус бүр үл хөдлөх хөрөнгөтэй Нийслэлийн Засаг даргын 2008 оны *** тоот захирамж, нэгж талбарын ***тоот газар эзэмшүүлэх гэрээ, *** дугаар гэрчилгээ бүхий үйлдвэрийн баруун бүс /16100/, Эрчим хүчний гудамж *** тоот хаягт орших 2016м.кв үйлдвэрийн байр 628 тууш метр салаа төмөр замд хамаарах 5602м.кв газар, Эрчим хүчний гудамж 40 тоот хаягт байрлах конторын барилгад хамаарах 505м.кв газар буюу нийт 6107м.кв газрыг зориулалтын дагуу эзэмшдэг байсан. 

Гэтэл Нийслэлийн газрын албанаас 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Б” ХХК-ийн кадастрын зурагт засвар оруулж 5602м.кв талбайн хэмжээг багасгаж 5167м.кв /435м.кв талбай хасагдсан/ болгож өөрчилсөн байсан. Энэхүү өөрчлөлт оруулсан хасагдсан газар нь “Б” ХХК-ийн орц гарцын хэсэг талбай бөгөөд төмөр замын хамгаалалтын зурвас газар болно. 

Нийслэлийн газрын албанаас тухайн өөрчлөлтийг тайлбарлахдаа “Анх 1996 онд “М” ХХК-ийн эзэмшилд 1204м.кв талбайтай байсан бөгөөд 2005 онд Н.Цд шилжүүлсэн. Н.Цд шилжүүлэхдээ газрын хэмжээг 1120м.кв болгон өөрчилсөн. Н.Цгээс 2010 онд П.От шилжүүлсэн. П.Оээс 2013 онд “Б” ХХК-д шилжүүлсэн байна. 2003 оноос хойш эдэлбэр газрын хэмжээ, байршлын зургийг AutoCad программын дэвсгэр зураг дээр хийж тогтоох болсон. Үүнтэй холбоотой П.Оийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй, давхардуулан эзэмшүүлсэн шийдвэрийг залруулсан” гэж ойлгуулдаг. 

Нийслэлийн газрын алба нь дээрх засвар өөрчлөлтийг хийхдээ газар эзэмшигч “Б” ХХК-д мэдэгдээгүй бөгөөд төмөр замын хамгаалалтын зурвас газрын нийтлэг журмыг барилгүй /бусад газарт төмөр зам бүхий газраас 3-5 метрийн хамгаалалтын зурвас татаж эзэмшилд олгодог байтлаа зөвхөн Б ХХК-ийн төмөр замын хамгаалалтын зурвас газрыг орхигдуулсан/ мөн тухайн үедээ төрийн албан хаагч нь орчны газар эзэмшил, ашиглалтанд судалгаа хийлгүй өөрчлөлт оруулсанд байна. 

Үүнээс үүдэлтэй П.Оээс эрх шилжүүлэн авсан “Б” ХХК нь “Б” ХХК-ийн орц гарцын хэсгийг хааж воганчиг байршуулах, хашаа барихаар завдах, хог хаяж эхэлснээр 2 байгууллагын дунд үл ойлголцол маргаан үүсэж, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн. “Б” ХХК нь энэ асуудлаас болж төрийн эрх мэдлийн олон байгууллагуудаар явж шийдвэрлүүлэх арга хэмжээнүүдийг авахуулсан бөгөөд холбогдох шаардлага, дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан болно. 

Шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд зохигчдын газар ашиглах эрх авсан он цагийн дарааллаас үл хамааран талуудын /”Б” ХХК болон “Б” ХХК-ийн/ аль аль нь өөрсдийн ажил үйлчилгээгээ хэвийн явуулж болох орц гарцтай байхад анхаарч Нийслэлийн газрын албыг гаргасан алдаагаа залруулах, маргааны үндэслэл болсон газар олголтын байдалд дүн шинжилгээ хийж засах чиглэл өгөх шийдвэр гаргах нь чухал байна. 

Энэ ч үүднээс “Б” ХХК нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн 2 компаний давхцал бүхий орц гарцын хэсэг /шинжээчийн дүгнэлтэд Б” ХХК-ийн орж гарч байгаа газар 297м.кв, “Б” ХХК-ийн орж гарч байгаа хэсгийн давхцал ***м.кв гэж тодорхойлсон/ газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн, цаашид орц гарцаар ашиглуулахаар, мөн “Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн хэсэг болон төмөр замын хамгаалалтын зурвас газар /давхцал 177м.кв/-ийг үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн мэдэлд буюу “Б” ХХК-ийн эзэмшилд байлгахаар зохицуулалт хийлгэх сонирхолтой байна. Ингэснээр цаашид гарч болох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой Иргэний хэргийн маргаан, Төмөр зам ашиглахтай холбоотой төмөр замын тухай хууль, дүрэм, журам зөрчих, үүнээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн асар их хохирол учрах эрсдэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх болно” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаар захирамжаар “Б” ХХК-д олгосон газраас 500м.кв талбайг хасаж хүчингүй болгуулах шаардлага бүхий Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэхэмжлэлд “...кадастрын зурагт өөрчлөлт оруулан иргэн П.От олгосон” гэж дурджээ. 

“Ц” ХК нь компрессорын байр гэх өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 1992 онд Номин ББХ хоршоонд худалдаж, энэ тухай 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хот байгуулалт, төлөвлөлтийн газар /хуучнаар/-т 5 тоот албан бичиг ирүүлсэн байдаг. 

Хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 1994 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн “Эдэлбэр газрын экспликаци” гэх баримт бичгийг үйлдэж, Н***ны эдэлбэр газрын хэмжээг 1204м.кв болохыг тогтоож, Нийслэлийн Өмчийн газар /хуучнаар/-аас 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н***ны 1204м.кв газарт жилд төлөх газрын төлбөрийг 172 дугаартай, “Газар ашигласны төлбөр тогтоосон акт”-аар тогтоосон байдаг. 

1996 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Н*** нь аж ахуйн нэгжийн шинэчилсэн бүртгэлд “М” ХХК нэрээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан 1204м.кв эзэмшлийн газрыг “М” ХХК-ийн нэрээр бүртгүүлэхээр гаргасан 01 тоот албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ***дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо /хуучнаар/, “Х Ц” ХК-ийн хашаанд байрлах 1204м.кв газрыг “М” ХХК-д 4 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 475 тоот аж ахуйн нэгж байгууллагын нэрээр ашиглах гэрчилгээ олгосон байна. 

Тухайн үед гараар үйлдсэн зурагт 28м*43м хэмжээтэй гэж тогтоосон энэхүү 1204м.кв газарт нэхэмжлэгчийн маргаж буй 500м.кв газар хамаарч байна. 

Иргэн Н***гийн Ц, “М” ХХК-ийн захирал ***гийн *** нарын хүсэлт, тэдгээрийн хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, Н.Цгийн нэр дээр бүртгэлтэй *** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэргийг үндэслэн дээрх газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2005 оны *** дугаар захирамжаар Н.Цд шилжүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон байгуулсан байна. 

2003 оноос эдэлбэр газрын байршлын зургийг AutoCad программын дэвсгэр зураг дээр хийж газрын хэмжээг тогтоох болсон бөгөөд “М” ХХК-ийн газрын хэмжээ нь энэ программын дэвсгэр зургаар 28м*40м.кв буюу 1120м.кв болох нь тогтоогдсон тул газар эзэмших эрхийг Н.Цд шилжүүлэхдээ газрын хэмжээг 1120м.кв болгон өөрчилсөн байдаг.  

Иргэн Н.Цгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2 талын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн П.От, П.Оийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 талын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны ***дугаар захирамжаар “Б” ХХК-д тус тус шилжүүлж 1120м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулан газрын улсын бүртгэлд кадастрын зургийг бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй болно. 

Дээрх газрын хил хязгаарт эрх бүхий этгээдийн шийдвэрээр болон газар дээр 1996 онд “М” ХХК-д эзэмшүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй байна. 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. 

“М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 1996 оны *** дугаар захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 2.8 га газрыг 4 жилийн хугацаагаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2001 оны *** дугаар захирамжаар эзэмших газрыг дахин хэмжиж 7186м.кв, 5056м.кв /маргаж буй хэсэг/, 1920м.кв талбай бүхий 3 нэгж талбарт хуваагдаж 14162м.кв газрыг 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж эзэмшүүлсэн байна. 

Хугацаа сунгах шийдвэр гаргахдаа AutoCad программын дэвсгэр зураг дээр маргаж буй нэгж талбарын талбайн хэмжээ 5221м.кв хэмжээгээр тогтоосон байдаг. 

Өмнө нь “Ц” ХК-ийн эзэмшилд байсан газар дээр байрлах 1 давхар үйлдвэрлэлийн барилгын хойд хэсэг нь “М” ХХК-ийн өмчлөлд, эдэлбэр газрын хэмжээ 1120м.кв, барилгын урд хэсэг нь “М” ХХК-ийн өмчлөлд, эдэлбэр газрын хэмжээ 5221м.кв байсан бөгөөд дээрх компаниудын эзэмшил газар нэхэмжлэгч компани газар эзэмших хүртэл Засаг даргын шийдвэрээр болон газар дээр ямар нэг хэмжээгээр давхцаагүй, газрын маргаангүй байсан болно. 

“М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 115 тоот тогтоолоор хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж ТУЗ-ийн хурлаар зарим үл хөдлөх хөрөнгийг хувьцаа эзэмшигч нарт шилжүүлсэн байх бөгөөд үүний дотор нэхэмжлэгч “Б” ХХК-д “М” ХХК-ийн эзэмшлийн 3 хэсэг нийт 14162м.кв газраас 5221м.кв газрыг, 857м.кв газрын баруун талын зарим хэсгийг тус тус шилжүүлэн өгсөн байна. 

2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжаар “М” ХХК-ийн эзэмшлийн газрын зарим хэсгийг /үйлдвэрлэлийн барилга, конторын барилга/ шилжүүлэхдээ “Б” ХХК-ийн хүсэлт болгосны дагуу газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчин тухайн үед иргэн Н.Цгийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан 2 нэгж талбарын нийт 6107м.кв газрыг эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг мөн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар сунгасан байна. 

Бусдын эзэмшил газартай давхардуулан нэхэмжлэгч компанид талбайн хэмжээг нэмэгдүүлэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны ***, 2014 оны ***6 дугаар захирамжуудаар 6107м.кв газрыг эзэмшүүлсэн үйлдэл нь төрийн албан хаагч тухайн орчны газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэл болсон тул уг зөрчлийг арилгаж, газар давхардуулан эзэмшүүлсэн шийдвэрийг залруулах зорилгоор газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь кадастрын зурагт өөрчлөлт оруулсан нь газрын тухай хууль тогтоомж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаар захирамжаар “Б” ХХК”-д эзэмшүүлсэн газраас хасаж, уг захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бчулуун 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Б” ХХК-ийн орж гарч байгаа ***м.кв талбайг тус тусын эзэмшлээс хасч хүчингүй болгон нийтийн эзэмшилд шилжүүлэх, давхцал бүхий 177м.кв талбай төмөр замын хамгаалалтын зурвас газрыг тодруулж “Б” ХХК-ийн эзэмшил талбайгаас хасч хүчингүй болгуулах гэж өөрчилсөнтэй холбогдуулан доорх тайлбарыг гаргаж байна. 

1. Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын 2016 оны  06 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот шинжээчийн дүгнэлтэд “Б” ХХК нь “Б” ХХК-ийн эзэмшлийн 1120м.кв талбайтай газраас ***м.кв газрыг орж гарах зорилгоор ашиглаж байна” гэж дүгнэсэн байна. “Б” ХХК нь бусад этгээдийн эзэмшлийн газраас хасч нийтийн эдэлбэрт шилжүүлэх хүсэлт гаргах эрхгүй бөгөөд “Б” ХХК нь өөрийн эзэмшил газарт орж гарах орц гарцтай болох нь шүүхийн үзлэгийн явцад тогтоогдсон болно. 

2. Тус маргаан бүхий газарт байрлах салаа төмөр зам нь төрийн өмчийн салаа төмөр зам байх ба уг газарт төмөр замын хамгаалалтын зурвас газрыг тодруулж бусдын эзэмшлээс хасах тохиолдолд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, Т байдлыг хангах” гэж заасны дагуу зөвхөн “Б” ХХК-ийн эзэмшлийн газраас бус тухайн салаа төмөр замын дагуу байрлах газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшлээс хасах боломжтой юм. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх “Б” ХХК газар эзэмшихээс өмнө “Б” ХХК-д газар эзэмших эрх үүссэн. Үүний дагуу удаа дараа хугацаа сунгуулж, нэр шилжүүлэх гэсэн боловч хариу ирээгүй. Түрүүлж эзэмших эрх үүссэн этгээдээс нийтийн эзэмшилд шилжүүлэхийг шаардаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Мөн Авто замын газраас зөвшөөрөлтэй гэж байгаа нь бусдын эзэмшил газар дээр орц гарцыг гаргах үндэслэл болохгүй. Анх газар эзэмших эрх үүссэнээс хойш өөрчлөлт ороогүй. Тэгэхээр энэхүү орц гарцын асуудлыг өөр байдлаар зохицуулах шаардлага гэж үзэж байна. Эхний ээлжид газар эзэмших эрх нь үүссэн байхад ямар нэгэн байдлаар хязгаарлах эрх байхгүй. Мөн үзлэгийн явцад орц гарцтай болох нь тогтоогдож байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Б” ХХК манай компаний эзэмшил газраас хасаж, газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны ***дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Учир нь маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар иргэн Н.Ц эзэмшиж байгаад Нийслэлийн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн П.От эрх шилжүүлэн эзэмших эрх олгосон ба манай компани иргэн П.Оээс тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нь худалдан авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн суурийн болон орчны газрын эзэмших эрхийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. 

Харин “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд ийнхүү газар эзэмших эрх олгохдоо иргэн Н.Цгийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай нь давхардуулан газар эзэмших эрх олгосон нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байсан газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байна. 

Энэ нь тухайн үед “Б” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй, харин Н.Цгийн газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна. Манай компаниас гаргасан иргэн П.Оээс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, эзэмшил газрыг шилжүүлэн авах тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхдээ газрын хэмжээнд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Өөрөөр хэлбэл иргэн Н.Цгийн 2005 оны *** дугаар захирамжаар эзэмшиж байсан 1120м.кв газрыг иргэн П.От, улмаар “Б” ХХК-д шилжүүлэн эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм.

Харин Нийслэлийн Засаг дарга “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтийг нь шийдвэрлэхдээ өмнө гаргасан шийдвэрийнхээ иргэн Н.Цгийн эзэмшил газартай давхцуулж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн алдаагаа засаж давхцалыг арилгасан нь “Б” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй юм. Ийм учраас “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хугацааг сунгаж шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд манай компаний эзэмшил газраас хасах, Нийслэлийн Засаг даргын 2013 оны ****дугаар захирамжийн “Б” ХХК-д газарт эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Мөн “Б” ХХК манай компанид иргэн П.Оээс эрх шилжүүлэн газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа буюу 2013 онд орц гарц хааж газар олгосон гэж маргаан үүсгэж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж хариу авч байсан бөгөөд тухайн үед шүүхэд хандана гэж байсан боловч бараг 1 жил хагасын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Ш.Ү нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт манай компани бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож буй билээ. 

Нэхэмжлэгч “Б” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа “Б” ХХК-ийн орж гарч байгаа ***м.кв талбайг тус тусын эзэмшлээс хасч хүчингүй болгон нийтийн эзэмшилд шилжүүлэх, давхцал бүхий 177м.кв талбай төмөр замын хамгаалалтын зурвас газрыг тодруулж “Б” ХХК-ийн эзэмшил талбайгаас хасч хүчингүй болгуулах гэж өөрчилсөнтэй холбогдуулан доорх хариу тайлбарыг гаргаж байна. 

1. “Б” ХХК нь манай компанийн эзэмшлийн 1120м.кв талбайтай газраас ***м.кв газрыг орж гарах зорилгоор ашиглаж байна гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх явцад шинжээч дүгнэсэн. Мөн “Б” ХХК-ийг өөрийн эзэмшил газартаа орж гарах орц гарцтай болохыг шүүх үзлэгийн явцад тогтоосон байдаг. Нэхэмжлэгч тал бидний хууль ёсоор эзэмшиж ашиглаж буй газраас хасч, нийтийн эдэлбэрт шилжүүлэх хүсэлт гаргах эрхгүй этгээд юм. 

2. Манай компани П.Оээс маргаан бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг, эд хөрөнгийн суурийн болон орчны 1120м.кв газрын эзэмших эрхийн хамтаар хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. Гэтэл “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд газар эзэмших эрх нь манай компанийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхацсан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг “...газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байсан газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байгаа тул 177м.кв талбай бүхий давхцал газрыг /төмөр замын хамгаалалтын зурвас газрыг тодруулж/ манай эзэмшил талбайгаас хасч хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. 

Маргаан бүхий газарт байрлах төмөр зам нь төрийн өмчийн салаа төмөр зам учир уг газарт төмөр замын хамгаалалтын зурвас газрыг тодруулж бусдын эзэмшлээс хасах тохиолдолд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, Т байдлыг хангах” гэж заасны дагуу зөвхөн манай компанийн эзэмшиж, ашиглаж буй газраас бус тухайн салаа зам дагуу байрлах бүх газар эзэмшигч иргэн, хуулийн этгээд бүгдийн эзэмшил газраас мөн хасах ёстой гэж үзэж байна. 

Иймд “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хурал дээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. “Б” ХХК-д олгосон Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** тоот 6107 м.кв газрыг давхцуулан олгосон захирамжаас холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Ү шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...“Б” ХХК нь анх маргаан бүхий байрлалд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжаар 6107 м2 газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд ийнхүү газар эзэмших эрх олгохдоо иргэн Н.Цгийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхардуулан газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн байна. “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс Нийслэлийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн хугацааг 2014 оны 206 дугаар захирамжаар сунгаж шийдвэрлэхдээ газрын давхцалыг нь арилгаж талбайн хэмжээг багасгасан гэж ойлгож хариу тайлбар өгсөн. 

Гэтэл хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй, хуучин хэмжээгээр эзэмшүүлсэн болохыг мэдлээ. Энэ нь Нийслэлийн Засаг дарга алдаатай шийдвэрийнхээ алдааг залруулаагүй, “Б” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 596 дугаар захирамжаар иргэн П.Оээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан газартай давхцуулсан нь манай компанийн хууль ёсны газар эзэмших эрхийг зөрчиж байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн газрын давхцуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

“Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:  “...Тус компани Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж *** тоот хаягаар 84м х 24м= 2016 м.кв үйлдвэрийн байр, Улаанбаатар өртөөний “Б” паркаас салбарласан 628 метр салаа төмөр зам, Эрчим хүчний гудамж 40 тоот хаягт байрлах конторын барилгын өмчлөгч бөгөөд эдгээрийн эдэлбэр газар болох нийт 6107 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болно.

Анх 1984 онд байгуулагдсан барилгын Модон Эдлэлийн үйлдвэрийг 1992 онд Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр “Б” ХК, Х ХК, “Ц” ХК болгон хувьчилсан үеэс уг эдэлбэр газрыг “М” ХК-иас салбарлаж бий болсон компанийхаа хувьд эзэмшиж ирсэн тухай нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. “Б” ХХК Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу газар эзэмших эрх шилжүүлж авсанд хүндэтгэлтэй хандаж буй хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн манай компанид хамаарах хэсгийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг үндэслэн хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж буйг эс зөвшөөрч манай эрх ашгийг хөндсөн хууль бус шаардлага гэж үзэж байна. 

-“Б” ХХК тус газрыг 2013 оноос эрх шилжүүлж эзэмшиж эхэлсэн, харин манай компаний хувьд 2014 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулсан байдаг. (Цаг хугацааны хувьд ч тус газрыг эзэмшигч нь “Б” ХХК-иас өмнө “Б” ХХК байсныг нотолно.) Газрын алба нь газар эзэмшигчид “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт” үйлдэж хүлээлгэн өгөх ёстой бөгөөд “М” ХХК болон иргэн Н.Ц, П.О, “Б” ХХК-иудад тус газрыг актаар хүлээлгэж өгөөгүй байдаг. Харин “Б” ХХК-д Газрын харилцааны мэргэжилтэн Я.Мөнхбаатарын гарын үсэг бүхий газрыг хүлээлгэн өгсөн акт байна. Өмчийн харилцааны газар төмөр зам, түүнд хамаарах газрыг зохих ёсны тусгаагүйгээс үүдэн төмөр замын зурвас газар болон төмөр замыг хамааруулан хууль зөрчин хувь хүн, аж ахуйн нэгжид газрын кадастрын зургийг баталгаажуулан өгч байсан байна.  Хэрвээ бие даасан шаардлага гаргагч “Б” ХХК-ийн шаардлагыг хангана гэж үзвэл:

-Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “...нийтийн эзэмшлийн

газрыг чөлөөтэй ашиглах нөхцлөөр хангасан” байх, Галын аюулгүй байдлын

тухай хуулын 16 дугаар зүйл 16.1.3-т “галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, хэм хэмжээ, стандартыг хангаж ажиллах”, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм /БНбД 30-01-04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад туссан заалтууд зөрчигдөхөөр байна.

-Анх ашиглагдаж байсан орц, гарц одоо байгаагаас 2 дахин том байсан

бөгөөд нийт өргөний хэмжээ 12 метр байсан. Гэтэл тухайн үеийн эзэмшигч

нь орц, гарцын хэсэгт 6 метрийн өргөнтэй өргөтгөл шинээр нэмж барьсан байдаг. 

Энэхүү өргөтгөл нь хууль зүйд яаж нийцэж баригдсан эсэх, “Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авах, барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл, засвар хийх явцад  байгаль орчин, галын хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, дүгнэлтийг биелүүлэх” гэсэнтэй харшилж байна.  Өмчийн харилцааны газар нь тухайн үед ажиллаж байсан төрийн албан хаагч руугаа бурууг тохож “тухайн орчны газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэл болсон тул уг зөрчлийг арилгаж, газар давхардуулан эзэмшүүлсэн шийдвэрийг залруулах зорилгоор газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь кадастрын зурагт өөрчлөлт оруулсан” гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хариуцлагаас мултрах гэсэн ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл юм. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн хүрээнд Нийслэлийн өмчийн газар нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг хуулийн хүрээнд гаргах ёстой байтал нэг талын ашиг сонирхолд үйлчилсэн, маргааныг дэвэргэсэн тайлбар хийж буй нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Төмөр замын тээврийн тухай, Газрын тухай, Барилгын тухай, Галын аюулгүй байдлын тухай болон бусад холбогдох хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх үүднээс манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т*** бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/140 дүгээр захирамжаар “М” ХХК-д маргаж буй газрыг эзэмшүүлэхэд бусдын эзэмшил газартай давхцаагүй, “М” ХХК эзэмшлийн газрын урдаас орц, гарцтай, ямар нэг маргаангүй байсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Н.Цд, Н.Цгээс П.От, П.Оээс “Б” ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хил хязгаар болон хэмжээнд эрх бүхий этгээдийн шийдвэрээр болон газар дээр 1996 онд “М” ХХК-д эзэмшүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 1996 оны *** дугаар захирамжаар “М” ХХК-д эзэмшүүлсэн газрын зарим хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжаар “Б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн үед Н.Цгийн эзэмшилд байсан газартай зарим хэмжээгээр давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж, маргаан гарах үндэслэл болсон байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн “Б” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд харин газрын давхардлыг арилган “Б” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь “Б” ХХК нь эцсийн байдлаар “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***тоот захирамжаар “Б” ХХК-д олгосон 1120 м.кв газраас орц гарцын хэсэг буюу *** м.кв талбай мөн төмөр замын хамгаалалтын зурвас газар болон үл хөдлөх хөрөнгөтэй давхацсан 177 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Гуравдагч этгээд “Б” ХХК нь анх “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн  дугаар 206 тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар *** тоот захирамжийн давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” гэж бие даасан шаардлагаа өөрчилсөн ба улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар *** тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж бие даасан шаардлагаа тодруулсан ба төмөр замын хамгаалалтын зурвас газар болон “Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхацсан 177 м.кв талбайд холбогдох хэсэгтэй маргахгүй, ач холбогдолгүй гэж тайлбарласан болно.

Шүүх: 

• нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн төмөр замын хамгаалалтын зурвас газар болон “Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхацсан хэсгийг буюу 177 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 

• нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг захиргааны шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж буюу “Б” ХХК-ийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 

• гуравдагч этгээд “Б” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар *** тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

“Б” ХХК-д газар эзэмших эрх үүссэн үйл баримтын тухайд:

Анх “М” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2008 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “ХХК” болж өөрчлөн зохион байгуулах болсонтой холбогдуулан хувь нийлүүлэгчдэд ногдох хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар баталсан байх бөгөөд “Б” ХХК-ийн хувь нийлүүлэгчдэд хөрөнгийн 48.8 хувийг хуваарилж, 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Эрх шилжүүлэх” гэрээгээр “М” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжийн дагуу эзэмшиж буй 14162 м.кв газраас 6106.6 м.кв газрын эзэмших эрхийг Т.Г***д буюу “Б” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна. 

Дээрх Эрх шилжүүлэх гэрээнд үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжаар “Б” ХХК-д 5 жилийн хугацаатай 6107 м.кв газар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар *** тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн хугацааг 5 жилээр сунгажээ.

“Б” ХХК-ийн эзэмшлийн газар хаагуур байрлаж байгаа буюу газрын хилийн зааг хаагуур болохыг нотлох баримтуудыг судлан үзэхэд: хэрэгт цугларсан 2001 оны 6 дугаар сард хийгдсэн “М” ХК-ийн эзэмшлийн 14162 м2 газрын баталгаат хэмжээг тогтоосон актаас  үзэхэд 3 тусдаа байрлалтай газрын одоогийн маргаж буй хэсэг буюу 5056 м2 талбайд хамаарах газрын хилийн заагт болон 2003 оны 11 дүгээр сард хийгдсэн баталгаат хэмжээ тогтоосон актаас  үзэхэд актын 4978 м2 талбайд хамаарах газрын хил заагт одоогийн маргаж байгаа газрын орц, гарц болон түүний орчмын газар ороогүй байх ба өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “М” ХХК-ийн эзэмшлийн 14162 м2 газарт маргаан бүхий орц, гарцын хэсэг хамаардаггүй байсан байна.

Мөн тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаар тогтоолоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар хэрхэн давхцаж байгаа, орц гарцын хэсэгт ямар хэмжээтэй газар хамаарах эсэхийг тодруулахаар Газрын харилцаа геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 2016-А/155 тоот Шинжээчийн дүгнэлтээр  “Б” ХХК-ийн нэгж талбарын *** дугаартай газрыг  “Б” ХХК-ийн нэгж талбарын ***1 дугаар бүхий газартай давхцуулж үзэхэд ... “Б” ХХК-ийн эзэмшлийн газартай 177 м.кв талбайгаар давхцаж байгаа ба мөн “Б” ХХК нь *** м.кв газрыг орж гарах зорилгоор ашиглаж байна гэж дүгнэсэн байна.

Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан газрын хувийн хэргээс үзэхэд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаар захирамж нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн, эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамжуудаас цаг хугацааны хувьд хойш гарсан байх боловч орц, гарцаар ашиглагдаж байгаа газар нь нэхэмжлэгчээс өмнө бусдын эзэмшилд олгогдсон болох нь нотлогдож байна. 

Иймд “М” ХХК нь өөрийн эзэмшилд хамааралгүй газрын эзэмших эрхийг “Б” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргах, эрх шилжүүлэх гэрээ байгуулах эрхгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжаар “М” ХХК-ийн эзэмшиж байсан газрын зарим хэсгийг нэхэмжлэгчид шилжүүлэн олгохдоо үндэслэлгүйгээр орц, гарцын хэсгийг нэмж эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

“Б” ХХК-д газар эзэмших эрх үүссэн үйл баримтын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар А/140 тоот захирамжаар “М” ХХК-д 0,12 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, уг захирамжийн дагуу гарсан 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн кадастрын зураг (1 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас)-аас үзэхэд одоогийн орц, гарцын хэсгийг бүхэлд хамруулжээ.                   

“М” ХХК-ийн захирал ***, иргэн Н.Ц нарын хооронд байгуулсан 2005 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ болон холбогдох бусад баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар 1120 м2 газрыг иргэн Н.Цд шилжүүлэн эзэмшүүлснээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ. 

Улмаар иргэн Н.Ц П.О нарын хооронд байгуулагдсан 2009 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ, холбогдох баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжаар П.От, иргэн П.О “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Газрын эрх шилжүүлэх” гэрээ, холбогдох баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаар захирамжаар гуравдагч этгээд “Б” ХХК-д дээрх газрыг тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд дээрх шилжүүлсэн үйл баримтууд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасантай нийцсэн байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд “М” ХХК-иас “Б” ХХК-д дээрх байдлаар газар шилжигдэн ирэх хугацаанд анхны эзэмшүүлсэн газрын хэмжээ болон байршилд ямар ч өөрчлөлт ороогүй байна.  

Тодруулбал “Б” ХХК-ийн эзэмшиж буй газрын баталгаат хэмжээг тогтоосон 2005 оны 9 дүгээр сарын акт (1 дүгээр хх-ийн 86 дугаар хуудас) буюу зургаас үзэхэд одоогийн орц, гарцаар ашиглаж байгаа маргаан бүхий газар “Б” ХХК-ийн эзэмшилд бүрэн хамрагдсан, 1120 м.кв газрын хил заагийг тогтоосон энэхүү актад барилгын доорх газрыг 288 м.кв, бусад эргэн тойрны газрыг 832 м.кв гэж тогтоосон байна. 

Мөн 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн кадастрын зураг (1 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас)-т газрын хэмжээг 28х43 буюу 1204 м.кв гэж тогтоосон байх ба уг зургаас үзэхэд “Б” ХХК-ийн эзэмшлийн газарт мөн маргаан бүхий орц, гарцын хэсгийг хамруулсан байна.

Дээрхээс үзэхэд “Б” ХХК-ийн эзэмшлийн газрын кадастрын зураг болон газар эзэмших эрх олгосон, хугацаа сунгасан захирамжуудад ямар ч өөрчлөлт ороогүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. 

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар *** тоот Шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан холбогдох зургууд, бусад баримтуудаас үзэхэд “Б” ХХК болон “Б” ХХК-ийн газрууд нь хоорондоо орц, гарцын хэсгийн *** м.кв талбай болон төмөр замын хамгаалалтын зурвас, “Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхацсан 177 м.кв талбай гэсэн 2 тусдаа хэсгээр давхацсан болох нь тогтоогдож байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны дугаар 596 тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн орц гарцаар ашиглаж буй *** м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу “төмөр замын хамгаалалтын зурвас газар болон үл хөдлөх хөрөнгөтэй давхацсан 177 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь “Б” ХХК-ийн эзэмшиж буй газрыг анх бусдын эзэмшилд олгохдоо /анхны эх сурвалж нь 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар А/140 тоот захирамжаар “М” ХХК-д/ “Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэгтэй болон төмөр замын хамгаалалтын зурвастай давхцуулан олгосон болох нь бодит байдалд нотлогдож байгаа бөгөөд үүнтэй гуравдагч этгээд маргаагүй тул энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.

Тодруулбал бодит байдалд “Б” ХХК-д газар эзэмшүүлэхдээ “Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн хойд талын (ертөнцийн зүгээр) үзүүрийн нарийхан хэсгийг оруулан давхцуулан эзэмшүүлсэн болох нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 2016-А/155 тоот Шинжээчийн дүгнэлтийн 1-4 дүгээр хавсралт зургуудаар  тодорхой нотлогдож байна.

Иймд “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн төмөр замын хамгаалалтын зурвас газар болон үл хөдлөх хөрөнгөтэй давхацсан 177 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, харин гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар *** тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

  Шүүхийн үзлэгээр одоогийн бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газар руу гуравдагч этгээдийн эзэмшил газраар дамжин орж гарахаас өөр боломжгүй байгаа, энэ талаар Авто замын газрын 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/12***, Онцгой байдлын газрын мөн өдрийн 49, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн *** дүгээр албан бичгүүдэд дурдсан, мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Б” ХХК-д өгсөн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 5/3878 дугаар албан бичигт “...танай компани сервитут тогтоож дундын орц, гарц болгон ашигласаар ирсэн газар дээр бусдын дамжин өнгөрөх эрхийг дараа зөрчиж байгаа нь Газр ын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалт, газар эзэмшүүлэх гэрээний 3.2-т заасныг тус тус зөрчиж байгаа” талаар анхааруулсан зэргээс үзэхэд анх Барилгын модон эдлэлийн үйлдвэр байсан үйлдвэрлэлийн зориулалттай цогцолбор барилга байгууламжийг хэсэгчилэн хувьчилсантай холбогдуулан хамаарах орчны газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд төдийгүй “Х” ХХК, “Т” ХХК, “А” ХХК-д тус тус эзэмшүүлэхдээ орц, гарцын асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй, одоогийн бодит нөхцөл байдлыг хариуцагчаас иргэний эрх зүйн харилцаан дахь “сервитут”-аар зохицуулагдах боломжтой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газартаа орж гарах орц, гарцын асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд “Б” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргаас Б” ХХК-ийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гарах хүртэл  түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь газрын хил заагийг тогтоох, орц, гарцын асуудлыг шийдвэрлэх зэрэг газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх нь шүүхийн биш Засаг даргын бүрэн эрх тул нэхэмжлэгчийн орц, гарцын асуудлыг хуулиар эрх олгогдсон Засаг даргаар буюу хариуцагчаар өөрөөр нь шалгаж, шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг  хуульчилсан тул газар эзэмшүүлэхтэй холбоотой буюу орц, гарцын асуудал Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрх байна. 

Нэхэмжлэгч 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар *** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ,  2014 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар *** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнээс үзэхэд “Б” ХХК-ийн эзэмшлийн газар нь үйлдвэрлэлийн зориулалттай байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж газар эзэмшигчийн эрхийг хуульчилсан ба уг зохицуулалтын дагуу “Б” ХХК нь өөрийн эзэмшил газраа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах эрхтэй бөгөөд ийнхүү зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд өөрийн эзэмшил газартаа нэвтрэх орц, гарцтай байх эрхтэй.

Иймд нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглагдахад шаардагдах орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг Засаг даргаас гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг шүүхээс зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зүй нь хариуцагч маргаан бүхий газрыг анх олгохдоо нэхэмжлэгчийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэх ёстой  байжээ.

Орц, гарцын асуудлыг шалгаж шийдвэрлэх эрх нь Засаг даргын бүрэн эрх тул нэмж шалгаж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй гэж үзэж, энэ асуудлыг хариуцагчаар өөрөөр нь шалгаж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд “Б” ХХК-ийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсэг хүчингүй болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн төмөр замын хамгаалалтын зурвас газар болон “Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхацсан хэсгийг буюу 177 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.   

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг Нийслэлийн Засаг даргаас гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Б” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар *** тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-ийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг Нийслэлийн Засаг даргаас гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг биелүүлсүгэй. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргаас “Б” ХХК-ийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн орц, гарцын хэсэг буюу *** м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д тус тус олгосугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс, тээврийн зардал болох 642,106.74 /зургаан зуун дөчин хоёр мянга нэг зуун зургаан төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч “Б” ХХК болон хариуцагч Нийслэлийн Засаг даргаар тэнцүү хоёр хуваан /тус бүр 321053.37 төгрөг/ төлүүлж, “Геомэп” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

         

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧ                                М.ЦЭЦЭГМАА

                                             ШҮҮГЧ                                Л.ӨЛЗИЙЖАРГ

 

АЛ