Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 057

 

Х.Айбаршагийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 610 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суух Молхы овогт Хурманханы Айбаршагийн хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай.

 

Х.Айбаршагийн шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1967 онд төрсөн, 49 настай, багаасаа малчин айлд өсөж, туслах малчин, төлчин, саальчнаар ажилласан. Тухайн үед 8 наснаас эхэлж сургуульд орсон боловч манайх олон охинтой айл байсан тул аав маань намайг сургуульд сурч байхад 4 дүгээр ангиас сургуулиас гарган авч, өөртөө туслах малчнаар ажиллуулсан.

Тэд Хурманхан, Хумархан гэх хоёр ах дүү байсан ба хоёр айлын хүүхдийн хэн нь хэний хүүхэд вэ?, хэдэн настай вэ? гэдгийг сумынхан тэр болгон мэддэггүй, аавынхаа хэлснээр бидний нэр, насыг бичдэг байсан тул намайг Хумархан гэх ахынхаа хүүхэд, ажил хийх насанд хүрсэн гэж нэгдлийн дарга нарт танилцуулсан учраас би аавдаа тусалж 1-3 жил ажилласны дараа одоо энэ хүүхдийг нэгдлийн гишүүнээр элсүүлнэ гэснээр 1982 оноос эхэлж хөдөлмөр эрхэлсэн болно.

Би Улаанхус сумын Алтай хөгжил нэгдэлд 1982 оноос эхэлж, нэгдэл тарах хүртэл ажилласан. Одоо хүртэл малчин хэвээрээ байна. Эмэгтэй хүн, тэр тусмаа малчны хөдөлмөрийг төрөөс онцгой анхаарч үзэж байгаа өнөө үед дараа жил тэтгэвэрт гарах болзлыг хангасан учир ажилласан жилийг тооцуулахаар болоход ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул зарим ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлага гарсан. Уг тушаал аймгийн архивын тасгаас ч хайгаад олдоогүй. Тэгээд ч дээрх байдлыг сумын байцаагчид хэлэхэд таны хөдөлмөр эрхэлсэн нас 15 наснаас эхэлж байна. Тухайн үеийн бүртгэл, хүүхдүүдийг туслах малчнаар ажиллуулахын тулд тэдний насыг нуудаг байдлаас болж заримдаа тань шиг 15 наснаас эхэлж хөдөлмөр эрхэлсэн хүмүүс байдаг. Энэхүү байдлыг шүүх тогтоодог учраас шүүхэд хандаарай, зөвхөн та хоёр жилийг шүүхээр тогтоолговол боллоо гэснээр холбогдох материалыг бүрдүүлэн шүүхэд хандаж байна.

Миний ажилласан жилийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх зэрэг нотлох баримтуудыг үндэслэн намайг 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 610 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Айбаршагийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Айбаршагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Х.Хаутай миний бие Х.Айбаршагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 610 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Х.Айбарша нь 1967 онд төрсөн бөгөөд Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд туслах малчнаар 1982 оны 1 дүгээр сараас эхлэн ажилласан гэж үзэх боломжгүй байна гэжээ.

Гэтэл хүсэлт гаргагч Х.Айбарша нь шүүхэд гаргасан хүсэлтдээ 15 настайгаасаа эцгийгээ дагаж мал малласан талаар дэлгэрэнгүй бичсэн бөгөөд үүнийг нь хамт ажиллаж байсан хүмүүс нь бичгийн хэлбэрээр нотолж баталгаажуулсан байгаа.

2. Шүүх Х.Айбаршатай хамт ажиллаж байсан талаар тодорхойлолт өгсөн хүмүүсийг хууль сануулан гэрчээр асууж байж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Эдгээр хүмүүсийг гэрчээр байцаагаагүйд гомдолтой байна.

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Х.Айбаршагийн нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтэр нь нэгдлийн даргын гарын үсэггүй, нэг өнгийн балаар сүүлд нь нөхөж бичсэн байна гэжээ.

Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт нэгдлийн дарга гарын үсэг зураагүйд өвчтэй, малчин эмэгтэй буруугүй. Нөгөө талаар шүүх нэг өнгийн балаар сүүлд нөхөж бичсэн гэдгийг юугаар нотолж байна вэ? Нэгдлийн үед бичиг баримт замбараагүй, нэгдлийн дарга,боловсон хүчин нар өөрсдөө бичиг үсгийн чадвар муутайн улмаас буруу бичиж, засварладаг байсныг нуугаад яах вэ.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: 1982-1983 оны бичилт хийгдсэн боловч 1984-1987 онуудын бичилт хийгдээгүй, мөн 594647 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд бичигдсэн эзэмшигчийн овог, нэр, онууд нь засвартай байх ба нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй гэжээ.

 

Тухайн үед бичиг баримт замбараагүй, ихэнх нь засвартай байдаг байсан явдалд малчин эмэгтэй буруугүй гэж үзэж байна. Малчин хүмүүс голдуу дээр үед насанд хүрээгүй, 4 дүгээр ангиасаа сургуулиас гарч эцэг эхийгээ дагаж мал малладаг байсан бөгөөд манай улсын хэмжээнд ихэнх хүүхдүүд нэгдлийн гишүүн болдог байсныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 610 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан өгч, үнэн зөв үндэслэлтэй шийдвэр гаргуулж өгөхийг хүсье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Х.Айбаршагийн хүсэлттэй иргэний хэргийг давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

Х.Айбарша нь 1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Түүний дээрх хүсэлт бүхий иргэний хэргийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах журам хамаарахгүй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчаас Тайлах овогт Айдаханы Шынарбек, Молхы овогт Спайн Башахан, Найман төртул овогт Тошингийн Ахмарал нарын бичсэн тодорхойлолтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүх ... Т.Ахмарал нарын тодорхойлолт нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул ... гэж үнэлж, хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж зааснаас үзвэл, хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн дээрх тодорхойлолтууд нь нотолгооны хэрэгсэл биш боловч шүүхээс нэхэмжлэгч талаас уг баримтыг гаргаж өгсөн үндэслэл, шалтгаан, зорилгыг тодруулсны эцэст дээрх тодорхойлолтыг үйлдсэн иргэдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэг авах байжээ. Тодорхойлолт бичсэн Т.Ахмарал нарын 3 иргэний оршин суугаа хаягийн талаарх мэдээлэл иргэний хэргийн 8-9, 11 дүгээр талд авагдсан тэдгээрийн иргэний үнэмлэхэд тэмдэглэгдсэн байна. Энэ талаар гаргасан Х.Айбаршагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үүднээс хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг явуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэх юм.

 

Иймд хүсэлт гаргагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан гэрчээс мэдүүлэг авахуулах эрх, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүх бүрдүүлэх журам тус тус зөрчигдсөн байх тул шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Х.Айбаршагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 610 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК