Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 169

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч О.Одгэрэл, Дэ.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 25 байр, 22 тоотод оршин суух Казыбай овогт Авдилын Адалбекын /РД:ЧС76101536/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо,  Их монгол улсын гудамж маршал виллажд байрлах “Маршал комфорт” ХХК-д холбогдох

            Гэм хорын хохиролд 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Адалбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсуурь, нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Адалбек  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа:

Иргэн А.Адалбек миний бие 2015 оны 11 сард Маршал таун хотхоны 11 байрны 119 тоотод нүүж орсон. 2015 оны 12 сард коридорт байрлах 1*1 харанхуй өрөөнд төмөр бүргэд  хаалга хийж хүүхдийн тэрэг, ахуйн багаж, барилгын материал, хэрэглээгүй эд хогшил, телевизор зэрэг зүйлээ түр хадгалж байсан. Гэтэл 2016 оны 1 сарын сүүлээр манай төмөр хаалгыг онгойлгохыг оролдож хөшсөн байсан. Ингээд хамгаалалтын албанаас асуухад Орон сууцны контор хаалга хөшиж  эвдсэн байсан. Ингээд Маршал комфорт компанид хандахад уучлаарай манай ажилтан танай хаалгыг мэдэхгүй хөшсөн байна. Та бүхэн мөнгөө авах уу, шинэ хаалга авах уу гэхэд дараа сарын байрны төлбөрөөс хасуулаад тооцуулья, хаалгаа танайх авчихгүй юу гэхэд тэгнэ, тэгнэ манайд хаалганы хэрэг их байгаа бид авчихна гэж хэлсэн. Удалгүй компаний менежер Батсуурь та өргөдөл өгчих, би санхүүд баримт болгож өгөх хэрэгтэй байна гэсэн. Манайх өргөдөл бичиж өгсөн. Цагаан сарын дараа мөнгийг чинь тооцьё, би зав муутай байна гээд яваад байсан. Ингэж байгаад 4 сард гэнэт зан нь өөрчлөгдөж танайд мөнгө өгөхгүй. Наад хаалгыг чинь бүүр эвдэж хаяна шүү гээд бичиг өгч бүр хоёр ажилтны хамт багажтай ирж  манай хаалгыг хүүхэд байхад баахан балбаж дарамталсан байгаа юм. Мөн хажуу айлын хүнтэй нийлж, бидний коридорт байрлуулсан хогийн савыг хүртэл коридорт юм байлгахгүй гээд хогонд хаясан байсныг хамгаалалтын ажилчид олсон байдаг. Хэдий бидний мэдлэг дутуу, бидний буруу байсан ч гэлээ бидэнд ганц ч удаа утсаар ярихгүй, мэдэгдэлгүй ямар нэгэн сануулга, шаардлага өгөлгүйгээр зүгээр байсан хаалгыг маань эвдчихээд та нарын буруу гэх юм. Хаалгыг маань эвдээд хаячихсан учир надад гомдолтой байна.

Хулгай хийсэн хүний гэрээс хулгай хийж болдог гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Хүний юмыг эвдэж хаячихаад хариуцахгүй байж болно гэдэгтэй санал нийлэхгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчтай ярилцаад эвлэрэх саналтай байна. Хэрвээ хаалганы мөнгийг 6 болон 7 сарын байрны төлбөрөөс суутгах юм бол эвлэрэхэд татгалзах зүйлгүй. Би коридорт хийсэн хаалгаа бас удахгүй авчихна гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсуурь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хаалганы үнийг төлөх ёстой байрны төлбөрт суутган тооцож болно. Байрны төлбөрийн задаргааг харж байгаад төлөгдөөгүй байрны үнийн дүнгээс хаалганы төлбөрийг хасаад тооцож болно. Нэхэмжлэгчтэй ярилцаад 6, 7 сарын байрны төлбөрөөс хасаад тооцоход татгалзахгүй гэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...А.Адалбекийн нэхэмжилсэн 250 000 төгрөгийг 2016 оны 6, 7 сарын байрны төлбөрөөс суутгаж хохиролгүй болгохоор  эвлэрэв. А.Аделбек нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны дотор дундын өмчлөлд хийсэн хувийн зүйлсээ авч, чөлөөлж өгөхөөр болов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Адалбек нь хариуцагч “Маршал комфорт” ХХК-д холбогдуулан  гэм хорын хохиролд 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч А.Адалбекийн нэхэмжлэлийн шаардлага болох 250 000 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 250 000 төгрөгийг 2016 оны 6, 7 дугаар сарын байрны төлбөрөөс суутгахаар харилцан тохиролцож, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэжээ.    

Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч А.Аделбек нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 150 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэж тайлбарласан тул улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                                 

                      ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч А.Адалбекын хариуцагч “Маршал комфорт” ХХК-нд холбогдох гэм хорын хохиролд 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч “Маршал комфорт” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 250 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 250 000 төгрөгийг 2016 оны 6, 7 дугаар сарын байрны төлбөрөөс суутгахаар харилцан тохиролцож, зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Нэхэмжлэгч А.Аделбекийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

  4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН

 

                                                            ШҮҮГЧ                                 О.ОДГЭРЭЛ

 

                                                            ШҮҮГЧ                         Д.ЭНХЦЭЦЭГ