| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/05353/И |
| Дугаар | 159 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, 32 дугаар байранд байрлах, “Амгалан Өргөө” Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, 32 байрны 238 тоотод оршин суугч, Боржигон овогт Цэенрэгзэнгийн Халиунаад /РД:ЧЗ82091473/ холбогдох
Дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардалд 1 004 186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Амгалан Өргөө” СӨХ-ны гүйцэтгэх захирал Р.Тулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Амгалан-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Тулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “Амгалан Өргөө” СӨХ нь МУ-ын Иргэний хууль болон Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу 2013 оны 11 сард түлхүүрээ хүлээн авч, орон сууцаа хүлээн авсан сууц өмчлөгчдийн 70 гаруй хувийн саналаар байгуулагдаж, ХУД-ийн засаг даргын 13/17 дугаарын гэрчилгээрээр СӨХ-ны бүртгэлд бүртгэгдэж, хууль ёсны үйл ажиллагаа явуулж байна.
Тус СӨХ нь 32 дугаар байрны сууц өмчлөгчдийн дундын өмчийн эд хөрөнгийн ашиглалтын зардал СӨХ-ны орон тоо, цалингийн төсвийн төслийг боловсруулсны үндсэнд сууц өмчлөгчдөөс сард авах СӨХ-ны төлбөрийн төслийг боловсруулан тухайн үед орон сууцандаа орсон сууц өмчлөгчдийн 90 хувийн дэмжсэн саналыг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар батлуулан мөрдөж байгаа бөгөөд одоо манай СӨХ-ны гишүүдийн 90 гаруй хувь нь СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь ухамсартайгаар төлж СӨХ-ныхоо үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
Манай СӨХ-ны гишүүн ХУД-ийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, 32 дугаар байрны 238 тоот орон сууцны өмчлөгч, оршин суугч Ц.Халиунаа нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 3 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан төсвийн дагуу СӨХ-ны буюу дундын өмчийн эд хөрөнгийн засвар ашиглалтын зардалд 9 600 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээний 4 000 төгрөг, хог хаягдлын 3 000 төгрөг, лифтний үйлчилгээний 6 000 төгрөг, сард нийт 22 600 төгрөгийг МУ-ын Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дах заалт болон МУ-ын Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан үүрэгтэй болно.
Гэвч байрандаа орсноос хойш өнөөдрийг хүртэл 31 сар СӨХ-ны төлбөрөө төлөөгүйгээс СӨХ нь манай сууц өмчлөгч нарт үйлчилдэг ОСНААКомпани, ЦТСКомпани, Лифтний компани, Дүүргийн тохижилт үйлчилгээний компани, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад ихээхэн хэмжээний хуримтлагдсан өртэй болсон.
Ийнхүү манай СӨХ-д үйлчилдэг дээр компани, байгууллагууд нь өөрсдийн үйлчилгээг хязгаарлах болсноор манай төлбөрөө хугацаанд нь төлдөг 200 гаруй сууц өмчлөгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчихөд хүргээд байна.
Иймд 200 гаруй сууц өмчлөгчдийн эрх ашгийн үүднээс хуульд заасны дагуу хариуцагч Ц.Халиунаагаас 31/2013 оны 12 сар, 2014, 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-6 сар /СӨХ-ны төлбөр 700 600 /сарын төлбөр 22 600 төгрөг, алданги 275 607 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 27 979 төгрөг, 1 004 186 төгрөгийг гаргуулан тус СӨХ-г хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Ц.Халиунаа нь 31 сарын СӨХ-ны төлбөрөө төлөөгүй, хэлэхээр тоодоггүй. СӨХ-ны хуралд ирдэггүй, зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцдоггүй юм. Манай Хан-Уул дүүрэг, Шаравын гудамжид байрлах 32-р байр 2013 оны 11 дүгээр сард ашиглалтад орж 12 сард айлууд орж эхэлсэн. 2013 оны 11 сарын 23-ны өдөр тухайн үед байрандаа орсон байсан 73 айлаас 53 айлын хүмүүс оролцсон бүх гишүүдийн хурал хуралдаж “Амгалан-Өргөө” СӨХ байгуулагдсан. Тэр хурлаас 13 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл сонгогдсон. Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж СӨХ-ны дүрмийг баталж, захирлыг сонгосон. Удирдах зөвлөлөөс намайг нэр дэвшүүлэхийг санал болгосон тул би нэр дэвшсэн. Би хуралд оролцон хүмүүсийн 100 хувийн саналаар СӨХ-ны гүйцэтгэх захирал болсон. “Амгалан-Өргөө” СӨХ нь Иргэний хуулийн дагуу дүүргийн татварын алба, дүүргийн дэд бүтцийн хяналтын албаар материалаа оруулж батлуулсан. СӨХ-ны дундын өмчлөлийн ашиглалтын зардлын төлбөрийн хэмжээг тогтоохдоо бүх гишүүдийн хурлаар тогтоосон. Сар бүрийн зардлыг липт ашиглалт 6 000 төгрөг, хог 3 000 төгрөг, цэвэрлэгээ 4 000 төгрөг, засварын зардалд нэг өрөө байртай айл 5 000 төгрөг, 2 өрөө байртай айл 8 000 төгрөг гэх мэтээр нэг м.квадратыг 200 төгрөгөөр бодож тооцсон. Үүнийг оршин суугчид бүгд зөвшөөрсөн. Ц.Халиунаа байранд орсон цагаасаа хойш СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой, төлбөр өндөр гэж байгаа бол энэ тухайгаа хүсэлтээ тавьдаггүй, хуралд оролцдоггүй мөртлөө оршин суугчдыг СӨХ-ны эсрэг турхирдаг.
СӨХ-ны дүрмийн 7 е-д алдангийн тухай заасан байгаа тул төлбөрөө хугацаандаа төлөөгүй айлуудаас алданги нэхэмжилсэн. Төрийн банкинд алданги програмаар тооцогддог. Ингээд Ц.Халиунаагаас сар бүрийг СӨХ-ны төлбөрийг 22 600 төгрөгөөр бодож тооцоод 700 600 төгрөг, алдангид 275 607 төгрөг, нийт 976 207 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ц.Халиунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ц.Халиунаа ХУД-ийн 3 хороо, С.Шаравын 32 байрны 238 тоотод оршин суудаг. Миний нэр дээр ирсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1 004 186 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Нэхэмжлэгч болох “Амгалан Өргөө” СӨХ нь тус орон сууцыг ашиглалтанд орохоос өмнө миний бие Орчлон конскракшн ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийж, худалдан авсан бөгөөд 2013 оны 11 сард ашиглалтад ороход нүүж орсон. Нүүж орох үеэс байрны коридор, давхарын тус байрны 2 дугаар орцны 11 давхарын айлын хамт өөрсдөө цэвэрлэдэг байсан. Мөн СӨХ байгуулах 3 удаагийн хурал зарлагдаж, миний бие өөрийн биеэр очсон боловч ирц бүрдээгүй шалтгаанаар цуцлагдаж байсан.
Гэвч “Амгалан Өргөө” гэх нэртэй СӨХ байгуулагдсан гэж гарч ирсэн байдаг бөгөөд Тулга гэгч этгээд өөрийн дураар үнэ тогтоож, СӨХ-ны ашиглалтын зардал хэмээн сар бүр 22 600 төгрөг нэхэмжилсэн байдаг. Энэхүү ашиглалтын зардлын үнэ тогтоосон арга нь Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-.9.5 дах заасан заалтуудыг зөрчиж тогтоосон тул миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин ашиглалтын зардлаа бодит зардлаар аудит болон хууль ёсны баримтаар төлөх хүсэлтэй байна. Энэ талаар шаардлага бичгээр өгөхөд хүлээж авдаггүй тул үнийг хуульд заасан арга хэлбэрээр батлуулах хүртэл ашиглалтын зардлыг төлөх боломжгүй. Мөн алданги тооцож байгаа нь хууль бус юм.
Мөн сүүлд зарлагдсан СӨХ-ны хурал ирц нь бүрдээгүй, танилцуулсан зардал нь будилаантай, ойлгомжгүй, зарим зардлыг худал мэдүүлсэн. СӨХ-ны харилцах данснаас мөнгө гаргахдаа ТУЗ-ын гишүүний шаардлагыг зөрчиж гаргадаг, тайлан тооцоо огт гаргаагүй, тайлангийн хурал хийдэггүй гэсэн зөрчлүүд гарсан байдаг. Энэ тухай мэдээллийн тухай хурлын протолоос харах боломжтой. Мөн тухайн СӨХ-ны дарга гэгч этгээд нь өөрийн дураар шаардлагагүй албан тушаалууд дээр ажилтан авч ашиглалтын зардлыг үндэслэлгүй өсгөсөн, тус байрны 3 жилийн баталгаат хугацаанд зардлыг мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Миний хувьд тус байрны подвальд машинаа тавидаггүй бөгөөд тухайн подвалыг 24 цагийн жижүүрээр ханган цалин хөлсийг СӨХ-ны төлбөрт оруулан нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өр төлбөрөөс миний биеийг чөлөөлөх, СӨХ-ны ашиглалтын зардлыг хуульд заасан арга хэлбэр, замаар тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ц.Халиунаагийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Ц.Халиунаа нь тус орон сууцыг баригдахаас өмнө Орчлон ХХК-иас хөрөнгө оруулалт хийж тус орон сууцыг худалдаж авсан байдаг бөгөөд ашиглалтад орсноос хойш СӨХ байгуулах 3 удаагийн хуралд оролцохоор очсон байдаг боловч СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар тухай бүрт тарсан байдаг. Гэвч хүчин төгөлдөр гэж тооцсон хурал болоогүй байхад Тулга гэгч этгээд “Амгалан-Өргөө” гэх СӨХ байгуулж даргаар нь томилогдсон байдаг бөгөөд өөрийн саналыг төлөөлүүлж ямар нэгэн этгээдийг төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлд сонгоогүй болно.
Тус СӨХ-ны дарга Тулга гэгч этгээд нь дур мэдэн өөрөө үнэ тогтоон тус СӨХ-ны удирдах зөвлөлөөр батлуулсан гэдэг ба энэхүү яриа нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг 00 минутад болсон хурлын тэмдэглэлд СӨХ-ны дарга Тулга нь өөрөө тус үнийг судлан тогтоож, СӨХ-ны удирдах зөвлөлөөр батлуулсан гэдгийг хэлсэн байдаг. Энэхүү үйлдэл нь СӨХ-ны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсгийг зөрчсөн байдаг. Мөн миний бие тус байрны хэдэн гишүүдийн хамтаар тус байрны талаас илүү орон сууц эзэмшигч буюу нийт 140 айлаас санал асуулга авсан байдаг бөгөөд тус санал асуулгаар үнэ тогтоох хурал болон хүчин төгөлдөр хурал болсон талаар мэдээллийг мэдэхгүй гэсэн ба одоо тогтоосон үнийг өндөр тогтоосон гэж санал асуулгад оролцогчдын талаас илүү нь бичсэн байдаг. Миний бие Шаравын 32 дугаар байрны СӨХ-д санал өгөх эрхтэй, тус СӨХ-ны гишүүн бөгөөд СӨХ-ны үйл ажиллагааг шалгах шаардлага тавих, СӨХ-д тавьсан хүсэлтийг албан ёсоор хүлээж авахгүйгээр надад Монгол Улсын Иргэний хуулийн 143.3.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.6 дах заасан эрхэнд бүдүүлгээр халддаг. СӨХ-ны үйл ажиллагааг хянах тус СӨХ-ны даргад хариуцлага тооцох, хурал хийж үнийг хуулийн дагуу тогтоох гэсэн эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэхэд үйлдэл болон эс үйлдлээрээ байнга зөрчиж тавьсан асуудал хүсэлтийг албан ёсоор хүлээж авдаггүй байдал хэрээс хэтэрч байна. Байр ашиглалтанд орсон цагаас хойш албан ёсны хурлыг 2016 оны 5 дугаар сард хийсэн өмнө нь хийж байгаагүй болно. Гэвч тус хурлаар тус байранд амьдардаг үйлчлэгч хийдэг иргэний авдаг цалин нь тайланд тусгасан цалингаас бага байдаг бөгөөд төлбөр төлөхдөө СӨХ-ны хяналтаар батлуулах ёстой гэсэн тогтоолыг зөрчдөг талаар удаа дараа сануулаад цаашдаа ийм худал тайлан гаргасан алдаагаа засаж зөвөөр ахин тайлагнахыг сануулаад хурлыг хаяж явсан байдаг ба Тулга гэгчийн эхнэр намайг элдэвээр доромжлон хүлээж аваагүй. Мөн тус хурал дээр тус СӨХ-ны ТУЗ-ийн дарга гэх Оюундуламсүрэн гэх эмэгтэй ТУЗ болон Хяналтын гишүүдийн талаас илүү нь тус байранд амьдардаггүй гэдгийг хурлын үеэр хэлсэн байдаг ба энэ тухай протоколд байгаа болно.
Миний бие удаа дараа хууль бус аргаар одоо шаардаж байгаа СӨХ-ны ашиглалтын зардал, нэг айлын сарын хураамжийг хуулийн дагуу хурал хийж тогтоох хүртэл төлөхгүй гэдгээ албан ёсоор хурлын үеэр хэлсэн байдаг ба надтай адилхан айл тус байранд 50 орчим хувьд хүртэл байгаа хуулинд байхгүй аргаар тогтоосон алданги гэх зүйлээр далайлган хүмүүсийг шүүхэд өгнө гэх зэргээр дарамталж мөнгө хураадаг болно. Тус байр буюу 32 дугаар байрны 238 тоотын хаалганд сар бүр мэдэгдэл наадаг бөгөөд тус мэдэгдлээр манай байранд тооцсон алданги байхгүй “та 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор СӨХ-ны төлбөр 632 800 төгрөг төлөхийг мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг авчирсан. Энэхүү нэхэж буй алданги нь хуулийн дагуу шаардлага тавьдаг миний байдалд хувийн өш хонзонгоор хандаж асуудлыг хүндрүүлж байгааг харуулж байна. Мөн манай 11-р давхарын нилээд олон айл олон сараар мөнгөө төлөөгүй байдаг ч алданги тооцдоггүй нь тус байрын оршин суугчдаас асуувал тодорхой болно. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15 дугаар сургуулийн хурлын зааланд болсон СӨХ-ны хурлын үеэр оршин суугчдаас Банкан дээр очихоор 2-3 хоног өнгөрөнгүүт маш өндөр алданги тооцож байна. Хаанаас энэ алдангийг тогтоосон бэ? гэхэд Тулга “манай СӨХ алданги тооцдог юм байхгүй. Тэр бол банкнаас авч байгаа мөнгө гэсэн тайлбарыг өгсөн нь тус хурлын протоколд тэмдэглэгдсэн. Миний бие шударгаар буюу баримтаар нотлогдсон төлбөрийг төлөх эсвэл хурал хийж албан ёсоор тогтоосон сар бүрийн үнэ хураамжийг төлнө гэдгээ удаа дараа мэдэгдсэн ба энэхүү шаардлагыг биелүүлж хариу өгөхгүй байж алдангийг тооцож байгаа нь надтай хурлаар хэлэлцэж тогтоогүй үнээр нэхэмжилж мөн адил миний өмчлөх эрхэнд халдаж байна.
Тус СӨХ-ны дарга нь зардлыг үндэслэлгүй өсгөдөг. Манай орцонд жижүүр байдаггүй бөгөөд жижүүрийн цалин гэж СӨХ-ны зардалд оруулсан, өөрөө хувийн барилгын компанитай гээд СӨХ дээр уулзах гээд ирэхэд байдаггүй, элдэв албан тушаалтнууд авч ажиллуулдаг, хувийн компаний шинжтэй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй бөгөөд миний бие байрандаа ороод давхарын айлуудын хамтаар орцоо цэвэрлэж, шалаа угаадаг. Мөн ашиглалтанд ороод 3 жил болоход нэг ч удаа засвар хийгээгүй эзэнгүй байр шиг л байдаг байж сар бүр 22 000 төгрөг нэхэж байна. Мөн тус байрны лифтийн зардлыг тооцохдоо 3 давхрын айлуудаас зардал гаргадаггүй байдал нь хэрэглэх боломжтой айлын тоонд хуваана гэж заасныг зөрчдөг. Тулга өөрөө энэ байрны 3 давхарт амьдардаг бөгөөд лифтийг 3 давхарт зогсоодог. Энэ байдал одоог хүртэл үргэлжилж байгааг тус байрны лифтчин болон оршин суугчдын фэйсбүүкт бичсэн сэтгэгдлээс харж болно. Энэхүү байдал нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт заасан ашиглаагүй гэх айлаас төлбөрийг гаргуулахад хүндэтгэн үзэх шалтгаан биш болохыг харуулж байна. Эсвэл энэхүү шийдвэрийг гаргасан СӨХ-ны дарга энэхүү зардлаа 10 айлаар бодож төлөх эсвэл миний төлөх зардлаас бууруулж дээрх зардлаар тооцож бууруулах.
Миний бие тус байрны ашиглалтын зардлыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дах хэсэгт заасан баримтаар нотлогдох зардалд өөрийн оролцох хувь хэмжээгээр төлөх хүсэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 147.5 дах хэсэгт тус байрны подвальд 3 жижүүр ажиллуулан машины зогсоол ажиллуулж байгааг миний бие зөвшөөрдөггүй. Би ч тус подвольд машин тавих эрхгүй тул дээрх ажилчдын цалингийн зардал, байцаагч гэх ажилчдын цалинг үүргээс чөлөөлж өгөхийг хүсч байна.
Дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоож тус СӨХ-ны хурлыг зохион байгуулж ашиглалтын зардлын үнэ тогтоолгох, тус СӨХ-ны нэхэмжилж байгаа үнийн дүнг хэрэгсэхгүй болгож холбогдох алданги төлбөрийг хүчингүй болгож өгнө үү. Миний бие шударгаар орон сууцны ашиглалтын мөнгөө төлөх хүсэлтэй бөгөөд ямар ч үндэслэлгүй хууль зөрчин тогтоосон үнийг, мөн бусад ижил төстэй байрнаас илүү ашиглалтын үнэ нэхэж байгаа энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй болно. Иймэрхүү хууль бус юм хийж байгаа нөхдүүдийг тэжээхээс илүү өөрийнхөө өвчтэй байнгын арчилгаа шаарддаг хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулсан нь дээр гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Амгалан-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Халиунаад холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 976 207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “Амгалан-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Халиунаагаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 2013 оны 12 сар, 2014 оны 1-12 сар, 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-6 сарын төлбөр, нийт 700 600 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 275 607 төгрөг, нийт 976 207 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Халиунаа нь “Амгалан-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо нь хууль бусаар байгуулагдсан, Сууц өмчлөгчдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал нь хууль бусаар томилогдсон, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг өндөр тогтоосон, алдангийг зөвшөөрөхгүй тул төлөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, зорилгоор сууц өмчлөгдийн холбоо байгуулна гэж заасан байна.
“Амгалан-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №13/17 тоот гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэхээр Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн болох нь Хан-Уул дүүргийн Засаг даргаас олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 3-р хуудас/
Мөн 2013 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн №02 дугаар Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлаар Р.Тулгыг томилсон байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар тус холбооны гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /хэргийн 2-р хуудас/
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй болно.
Хариуцагч Ц.Халиунаа нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороолол, С.Шаравын гудамж, 32 дугаар байр, 238 тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэх, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000306206 тоот гэрчилгээ, түүний шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2013 оны 12 сарын төлбөр 22 600 төгрөг, 2014 оны 1 сараас 12 сарыг дуусталх хугацааны төлбөр 271 200 төгрөг, 2015 оны 1 сараас 12 сар дуусталх хугацааны төлбөр 271 200 төгрөг, 2016 оны 1 сараас 6 сарыг дуусталх хугацааны төлбөр 135 600 төгрөг, нийт 700 600 төгрөгийг төлөөгүй байгаа тул нэхэмжилж, төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. /хэргийн 9-р хуудас/
Хариуцагч нь СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой, хууль бусаар байгуулагдсан, СӨХ-ны зардлыг хэт өндрөөр үндэслэлгүй тогтоосон тул төлбөр төлөөгүй гэж тайлбарлаад оршин суугчдаас авсан санал асуулга гэсэн баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн. /хэргийн 51-180-р хуудас/
Мөн СӨХ-ны Бүх гишүүдийн хурал нь хууль бус, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-9.5-д заасныг зөрчсөн гэж мэтгэлцсэн.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 9.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зарлыг хувиарлах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Амгалан Өргөө” СӨХ-ны Оршин суугчдийн бүх гишүүдийн хурлын №01 тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүд, удирдах зөвлөлийн дарга болон хяналтын зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийн даргыг сонгож, мөн “Амгалан-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Удирдах зөвлөлийн №03 тогтоолоор 1.”Амгалан Өргөө” СӨХ-ны 1 сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын зардлын төсвийг 1 дүгээр хавсралтаар, 2.”Амгалан Өргөө” СӨХ-ны ажлын байр, цалингийн сан болон орон сууц, авто зогсоол, өмчлөгчдийн дундын өмчлөлийн ашиглалтын зардлын төлбөрийн 1 сарын төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, тогтоолын хавсралтад “...в/2 өрөө 48 м.кв 22 600 төгрөг” гэсэн байна. /хэргийн 4-6-р хуудас/
Хариуцагч нь Бүх гишүүдийн хурал нь хууль бус болсон гэсэн боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан “сууц өмчлөгч нь хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах” эрхээ эдлээгүй, 13.1.4-т “заасан засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.
Хариуцагч Ц.Халиунаа нь СӨХ-ны 2013 оны 12 сар, 2014 оны 1-12 сар, 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-6 сарын засвар, үйлчилгээний зардлаа СӨХ-нд төлөөгүй болох нь түүний тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан эрхийнхээ дагуу засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх талаар мөн СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдлоо дээд шатны байгууллагад гаргаагүй байх тул түүний оршин суугчдаас санал асуулга авсан, зардлыг хэт өндөр тогтоосон, хууль бусаар тооцсон гэх тайлбар нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас СӨХ-ны зардалд 2013 оны 12 сарын 22 600 төгрөг, 2014 оны 1-12 сарын 271 200 төгрөг, 2015 оны 1-12 сарын 271 200 төгрөг, 2016 оны 1-6 сарын 135 600 төгрөг, нийт 700 600 төгрөгийг нэхэмжилсэн боловч “Амгалан Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №13/17 тоот гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн, мөн нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 12 сарын 22 600 төгрөг, мөн 2016 оны 1-6 сарын төлбөр 135 600 төгрөгнөөс 5,6 сарын төлбөр 45 200 төгрөг, нийт 67 800 төгрөгийг хасч, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 632 800 төгрөгийг /2014 оны 1-12 сарын төлбөр 271 200+2015 оны 1-12 сарын төлбөр 271 200+2016 оны 1-4 сарын төлбөр 90 400 төгрөг=632 800/ гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлаа хугацаанд нь төлөөгүй тул алдангид 275 607 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч нь алданги төлөхөөр харилцан тохиролцоогүй тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийг Төрийн банктай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ болон СӨХ-ны дүрмээр тооцохоор оршин суугчидтай харилцан тохиролцсон тул хариуцагч нь төлөх үүрэгтэй гэсэн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан боловч нэхэмжлэгч “Амгалан Өргөө” СӨХ нь Төрийн банктай байгуулсан гэрээгээр оршин суугчдад алданги тооцох үндэслэлгүй юм.
Мөн Сууц Өмчлөгчдийн холбооны дүрмээр оршин суугчидтай дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр 7.е-д харилцан тохиролцсон гэсэн боловч 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлын №03 тоот тогтоолыг хэрэгт ирүүлээгүй, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын №03 тоот тогтоолд энэ талаар дурьдаагүй байх тул оршин суугчидтай харилцан тохиролцсон гэж үзэж алдангийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Ц.Халиунаагаас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд нийт 632 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 343 407 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Ц.Халиунаагаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 632 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Амгалан Өргөө” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 343 407 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27 979 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19 634 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН