| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00166/И |
| Дугаар | 158 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын говь 16-8 тоотод оршин суух, Боржигон овогт Алтансувдын Мөнхжаргалын /РД:УЗ94010423/ нэхэмжлэлтэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Ганболд овогтой Түвшинтөгстэй 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 2 сар хүртэл хадам аав Ганболдынд хамт амьдарч байсан. Нөхөр болох залуу маань 2016 оны 2 сарын 03-ны өдөр гэртээ нас барсан. Миний бие 5 сартай жирэмсэн үлдсэн. Хадам аавындаа амьдарч байгаад 2016 оны 6 сарын 01-ний өдөр 1 дүгээр төрөхөд 3100 гр охинтой болсон. Иймээс би охиноо эцгээр нь овоглох хүсэлтэй байгаа тул хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.
Г.Түвшинтөгс бид хоёр 10 жилийн нэг сургуульд сурч байсан. Бид 2014 оны 7 сараас хойш хамтран амьдарч байсан юм. Би 2015 оны 9 дүгээр сард жирэмсэн болсон. Бид гэрлэлтээ удахгүй батлуулна гэж байсан боловч амжаагүй, одоо охин маань 1 сар хүрэх гэж байгаа. Талийгаач маань 2016 оны 2 сард нас барсан. Тиймээс ааваар нь овоглож, төрсний гэрчилгээг нь авах хүсэлтэй байгаа. Хамтран амьдрах хугацаандаа Яармагт хадмындаа амьдарч байсан нь үнэн болно. Бидний 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Мөнхжаргал нь Г.Түвшинтөгстэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Цэнд овогт Ганболдын Түвшинтөгс нь /РД:УЗ94080116/ 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэртээ нас барсан болох нь нас барсны ¹0000176940 тоот гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 5-р хуудас/
А.Мөнхжаргал, Г.Түвшинтөгс нар нь 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ю.Баярмаагийн “...А.Мөнхжаргал манай хүүхдийн эхнэр, 2014 оны 7 сараас эхэлж үерхэж эхэлсэн бөгөөд байнга гэрээг орж гардаг байсан, Мөнхжаргал, Түвшинтөгс 2 хамтран амьдарч байсан нь үнэн болно... ”, гэрч Б.Алтансувдын “...манай охин Түвшинтөгстэй 2014 оны 7 сарын 11-нд танилцаад хамт амьдарч байсан бөгөөд ихэнхдээ хадмындаа амьдардаг байсан” гэх мэдүүлэг, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 69 тоот “тус хорооны иргэн А.Мөнхжаргал нь 2014 оны 7 сараас 2016 оны 2 сар хүртэл Жаргалант Говийн 16-8 тоотод Ганболдын Түвшинтөгстэй хамт амьдарч байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. /хэргийн 6, 8, 13-14, 16-17-р хуудас/
Иймд А.Мөнхжаргалын нэхэмжлэлийг хангаж, түүнийг Г.Түвшинтөгстэй 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигон овогт Алтансувдын Мөнхжаргалыг Цэнд овогт Ганболдын Түвшинтөгстэй 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН