Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

2020         01          29                                   2020/ШЦТ/84       

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “Д” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Солонго

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Г.Н/өөрөө өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Солон овогт Нармандахын Н, Шарууд овогт Гансүхийн Н нарт холбогдох эрүүгийн 2006000400060 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 113-116 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Солон овогт Нармандахын На, /РД: ЕП86061406/,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нүүр амны их эмч мэргэжилтэй, “Цагаан паалан шүдний эмнэлгийн захирал ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баязүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байрны 28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Шарууд овогт Гансүхийн Ноэ, /РД: ЖЯ94051800/,

            1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 60 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жак Хаус” гэх пабд иргэн Г.Ном хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар Г.Но маажих, үснээс зулгаах зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь духны баруун хэсэг, хацрын баруун шонтон, хоёр хацар, зүүн бугалганд зулгаралтууд, хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Ннь 2019 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жак Хаус” гэх пабд иргэн Н.Нтэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар Н.Нийн үснээс зулгаах, толгой, нүүр, хөл хэсэгт өшиглөх, цамцны захаар боох зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн зулай, баруун чамархайнд зулгаралт-үс уналт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2006000400060 дугаартай хэргээс:

Хохирогч, шүүгдэгч Г.Но мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нарангэрэл ширээн дээр байсан аягатай зүйлийг над руу цацчихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд босож ирэн Нарангэрэлийг бариад автал хажуу талаас Ууганцэцэг, Лхагвадорж хоёр салгачихсан. Ингээд Лхагвадорж бид хоёр тэр газраас явахаар гарсан бөгөөд гарахдаа зөвхөн өөрсдийнхөө тооцоог хийсэн ба бид хоёр гадаа гараад машиндаа орсон. Тэгтэл Ууганааг авч явахаа санасан бөгөөд би Лхагваад хандан Ууганцэцэгийг орж авъя гэж хэлсэн. Ингээд тухайн газар буцаад ортол Ууганцэцэг, Нарангэрэл хоёр тооцоогоо хийж чадахгүй текен дээр сууж байсан. Тэгтэл Нарангэрэл манай найз залуу руу хараад чи чаддаг юм бол тооцоо хийчих цагдаа минь гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хажуу талаас нь чи аятайхан байсан бол тооцоог чинь хийчих байсан юм гэж хэлтэл Нарангэрэл шууд намайг үстээд авсан. Би буцаагаад үстсэн. Ингээд бид хоёр хамтдаа газар унасан бөгөөд газар унаад үсдэлцээд байж байтал Лхагвадорж тухайн газрын бармен хоёр Нарангэрэл бид хоёрыг салгасан. ...Миний биед гэмтэл учирсан. Миний нүүрийг газар уначихсан байхад Нарангэрэл гараараа олон маажсан бөгөөд зүүн гарын бугалга руу нэг удаа гараараа цохисон. Мөн үснээс их хэмжээгээр зулгааж унагаасан. Миний нүүрийг олон удаа маажсан бөгөөд 7-8 газар сорви тогтсон. Бас толгой өвдөж байгаа. Тус гзмтлийг Нарангэрэл гэх эмэгтэй үснээс олон удаа зулгааж газар унагаан гараараа олон удаа маажиж учруулсан. ...Би харилцан үснээс нь зулгаасан бөгөөд хамт газар унасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/

Хохирогч, шүүгдэгч Н.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Номин-Эрдэнэд хандан “Чи яагаад намайг ингэж хардаад байгаа юм, би нөхөр хүүхэдтэй намайг нөхөртэйгөө хардах хэрэггүй” гэж хэлтэл Номин-Эрдэнэ надад хандан “Хэн чамайг нөхөртэйгөө хардсан юм гичий минь” гэж хэлээд босож ирээд миний үснээс зулгаасан. Тэгээд би газар уначихсан. Номин-Эрдэнэ үргэлжпүүлээд миний нүүр рүү өшиглөсөн, дахин маш олон удаа цээж хөл гэх газар руу өшиглөсөн. Миний хамрын нуруу зулгарч зүүн нүдний доод зовхи хөхөрсөн. Мөн үс туг тугаараа унаж толгой хавдсан. Номин-Эрдэнэ гэх эмэгтэй үснээс зулгааж унагаасан бөгөөд газар унасны дараа нэг удаа хамар зүүн нүдний доод хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Ингээд үргэлжлүүлэн миний цээжний баруун хэсэгт нэг удаа 2 хөл рүү маш олон удаа өшиглөөд цамцнаас боож миний биед гэмтэл учруулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн  №856 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн  “...Дүгнэлт:        

1. Г.Номин-Эрдэнэд духны баруун хэсэг, хацрын баруун шонтон, хоёрм хацар, зүүн бугалганд зулгаралтууд, хуйханд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 18-19 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн  №686 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн  “...Дүгнэлт:        

1. Н.Нийн биед тархи доргилт, хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зулай, чамархайнд зулгаралт, үс уналт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт, баруун өвдөг шилбэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 23 дугаар хуудас/

5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүд /хх-ийн 49-50 дугаар хуудас /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жак Хаус” гэх пабд иргэн Г.Номин-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар Г.Номин-Эрдэнийг маажих, үснээс зулгаах зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь духны баруун хэсэг, хацрын баруун шонтон, хоёр хацар, зүүн бугалганд зулгаралтууд, хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Г.Ннь 2019 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жак Хаус” гэх пабд иргэн Н.Нтэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар Н.Нийн үснээс зулгаах, толгой, нүүр, хөл хэсэгт өшиглөх, цамцны захаар боох зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн зулай, баруун чамархайнд зулгаралт-үс уналт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №686, №856 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо харилцан маргалдаж, улмаар бие биенийхээ эрх чөлөөнд харилцан хүч хэрэглэсний улмаас тус бүрт хөнгөн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Шүүгдэгч Г.Н, Н.Н нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Г.Н, Н.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Н, Н.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч /хохирогч/ нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас” /хх-46, 48 хуудас/-аар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Иймд Г.Н, Н.Н нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов. Шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд Г.Н, Н.Н нараас бие биедээ харилцан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.        

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Солон овогт Нармандахын Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Шарууд овогт Гансүхийн Но хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар,

    Г.Но 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Г.Ннар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Г.Ннар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Н.Н, Г.Ннар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н, Г.Ннарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН