Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 15

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи

Улсын яллагч Ц.Ариунжаргал

Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ч-д холбогдох 2028000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт,

Шүүгдэгч А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 13-29 тоотод гэртээ эхнэр Б.О-ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ч шүүх хуралдаанд мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны орой байгууллагын ажилчидтайгаа спорт зааланд тэмцээнд оролцсон. Тэмцээн тараад нөхөр А.Ч-ыг Оюунаагийн гэрээс аваад гэрлүүгээ харьсан. Тухайн үед манайд 2 хүүхэд, манай ээж байсан. Бид нар унтацгаах гээд орондоо ороод хэвтэж байсан чинь А.Ч элдвээр доромжлоод бараг 1 цаг гаруй болсон. Тэгээд би өндийгөөд суусан чинь А.Ч намайг “унт пизда минь” гээд миний үснээс зулгаагаад арагш нь газар унагаасан. Тэгэхээр нь би чи яагаад дандаа хүн ингэж тамлаж байдаг юм бэ гээд гараас нь мултраад боссон чинь араас босч ирээд миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохиод авсан. Би ёооё гээд хашгирсан чинь  ээж, хүү хоёр босч ирсэн. Тэгээд хүү аавыгаа хорьж болиулсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 5-6 тал/

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би гэртээ унтаж байтал шөнө 02 цаг өнгөрч байхад гадаа хашаанд хүн хашгирахаар нь гарч харсан чинь А.Ч нэлээн согтуу хашаан дотор агсамнаад хашгичаад байхаар нь би гэр лүүгээ оруулаад одоо унтаж амар гэсэн чинь унтчихсан ...маргааш өглөө нь Одгэрэл эгчийн нүд рүү цохиж хөхрүүлчихсэн байсныг мэдсэн...” гэжээ. /хх-ийн 11-12 тал/

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...байгууллагын тэмцээн 01 цагт дуусаад Одгэрэлийн хамт гэр лүүгээ явсан. Гэрт очиход А.Ч манай нөхөр Батдэлгэртэй 1 шил архи хувааж уугаад дуусч байсан. Ингээд манайхаас 01 цагийн үед А.Ч, Одгэрэл нар гэртээ харина гээд гарч явсан. Маргааш өглөө нь ажилдаа очсон чинь Одгэрэлийн нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Яасныг нь асуухад Чинбат гэрт очоод зодсон гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 13 тал/

А.Ч яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Батдэлгэрийнд архи ууж байтал эхнэр шөнө ирж авсан. Гэртээ очоод орондоо ороод унтсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн чинь баруун талын айлд ороод унтаж байсан. Маргааш нь эхнэрийн дүү намайг та эгчийг зодоод нүүрийг нь хөхрүүлсэн байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 21-22 тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот дүгнэлтэд

1. Б.О-ийн биед тархины доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 16 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 13-29 тоот гэртээ эхнэр Б.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар түүний биед тархины доргилт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.Ч, хохирогч Б.О, гэрч Б.Ө, Д.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч А.Ч-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Адъяагийн Чинбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...Энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна...”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан байх бөгөөд хохирогч Б.О, шүүгдэгч А.Ч нар нь 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж түүнээс хойш хамтран амьдарч байгаа нь 0170845 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 29 тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-42 тал/, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Ч-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ч-ын үйлдлийн улмаас хохирогч Б.О-ийн биед тархины доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 50 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхээс шүүгдэгч А.Ч-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Адъяагийн Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ч нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хохирогч Б.Одгэрэл нь шүүгдэгч А.Ч-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч А.Ч-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Ч-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-ыг 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-д оногдуулсан 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ПАГМА