Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сургуулийн гудамж, 58-672А тоотод байрлах, “Тэнүүн интерьер дизайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 45 байрлах, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-нд холбогдох 

            Гүйцэтгэсэн ажлын хөлс 15 746 611 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түвшинбаатар, Ш.Баатар, Г.Гомбоцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Тэнүүн интерьер дизайн” ХХК-ийн захирал Ч.Цэрэнбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Тус “Тэнүүн интерьер дизайн” ХХК нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захиалгаар, ажил гүйцэтгэх ам хэлцэл байгуулж, уг компанийн хуучин авто гражийн барилгад засварын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, гадна өнгөлгөө хийхийн хамт ажилчдын амралтын өрөө байгуулан тохижуулсан болно. Засварын ажлын төсөвт өртөг 15 746 611 төгрөг бөгөөд уг төсөвт өртгийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн.

            Бид засварын ажлыг хийж дуусган хүлээлгэн өгөхөд бэлэн болсон боловч Захиалагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь засварын ажлын гэрээг бичгээр байгуулаагүй гэсэн үндэслэлээр ажлын хөлс 15 746 611 төгрөгийг төлөхгүй хохироож байна.

            Иймд гүйцэтгэсэн ажлын хөлс 15 746 611 төгрөгийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас гаргуулан олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гомбоцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2015 оны 4 сарын 8-ны өдөр гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэж дууссан. Гэтэл манай компанид дахин гаражийг засч янзлах, гадна пассад засах, фитнесийг тохижуулах, хаалга солих зэрэг ажлыг гүйцэтгэхийг амаар санал болгосон. Уг ажлыг бид хийж гүйцэтгээд 2015 оны 5 сарын 20-нд хүлээлгэн өгсөн. Уг гэрээнд холбогдох албан тушаалтнууд саналаа өгөх явцад захирал, ерөнхий нягтлан 2 гарын үсэг зурж амжаагүй байж байгаад ажлаа өгч солигдсон. Үүнээс болоод бид хийсэн ажил болоод түүний хөдөлмөрийн хөлсийг авч чадахгүй хохирч байна. Одоогийн дарга удирдлагуудтай уулзсан ч биднийг шүүхэд ханд гэсэн. Шүүхийн шийдвэр гарвал бид төлбөрийг төлөхөд бэлэн байна гэсэн. Хийсэн ажлыг байгууллагын ажилтнууд бүгд мэдэж байгаа. Ажил хийсэн байгаа тухайд маргаагүй. Гагцхүү бичгээр гэрээг хийгээгүй тул төлбөрийг төлөх боломжгүй байна гэсэн. Манай компани хөрөнгө мөнгө болон манай ажилчид цалин хөлсөөрөө хохирч байна.

Нийт 15 746 611 төгрөг нэхэмжилж байна. Хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тэнүүн интерьер дизайн” ХХК-ийн захирал Ч.Цэрэнбаатарын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг өгч байна.

 1.Манай компани ажилтнуудын эрүүл мэндэд анхаарч хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор автомашины гараж болон жолооч нарын амралтын өрөөг ажилтны фитнесс өрөө болгон тохижуулахаар “Ихэр сувд” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14 48 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу “Ихэр сувд” ХХК ажпаа бүрэн гүйцэтгэж дууссаны дараа гэрээний үүргийн үнийн дүн 79 969 600 /далан есен сая есөн зуун жаран есөн мянга зургаан зуу/ төгрөгийг шилжүүлж тооцоо дууссан.

                2. Ажилтны фитнесс өрөөний талбай хүрэлцээ муутай гэсэн үндэслэлээр “Нигун хос дизайн" ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14/95 дугаартай гэрээг байгуулж Автомашины гараж засварлаж фитнессын талбайг томруулсан. Гэрээний дагуу "Нигун хос дизайн” ХХК ажлаа бүрэн гүйцэтгэж дууссаны дараа гэрээ-ий уүргийн үнийн дүн 9 870 000 /есөн сая найман зуун далан мянга/ төгрөгийг шилжүүлж тооцоо дууссан.

            3.Компанийн автомашины гаражын дотор талыг тохижуулж ажилтны фитнессыг байгуулсан учраас уг байрны гадна тал үзэмж муутай гэсэн үндэслэлээр "Тэнүүн интерьер дизайн” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15/11 д\-а дугаартай гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу "Тэнүүн интерьер дизайн” ХХК ажпаа бүрэн гүйцэтгэж дууссаны дараа гэрээний үнийн дүн болох 78 399 000 төгрөгийг шилжүүлж тооцоо дууссан. Гэтэл 2015 оны сүүлээр “Тэнүүн интерьер дизайн” ХХК үлдэгдэл төлбөрийн нэхэмжлэлийг манай компанид ирүүлсэн. Төлбөрийн нэхэмжлэлийн дагуу шалгаж үзэхэд дээр дурьдсан  “Тэнүүн интерьер дизайн” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15/11 дугаартай “Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ”-ний үнийн дүнг шилжүүлж тооцоо дууссан байсан.

Энэ тухай “Тэнүүн интерьер дизайн” ХХК-ийн захирал Ч.Цэрэнбаатарт танилцуулахад тухайн үед ам хэлцэл байгуулсан гэсэн тайлбарыг өгдөг. Манай компани Төрийн өмчит компани учраас аливаа бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд хийгддэг учраас ам хэлцэл байгуулж засварын ажлыг “Тэнүүн интерьер дизайн” ХХК-ийн хөрөнгөөр хийлгэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд 'Тэнүүн интерьер дизайн” ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 Манай компани 2014-2015 онд он дамнаж 3 компаниар дамнуулан засвар хийлгэсэн байдаг. Ажил гүйцэтгэсэн 3 компанид гэрээгээр тохирсон үнийн дүнг шилжүүлж өгсөн. Захирлууд солигдсон нь үнэн ч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огноо тавиагүй байгаа тул захирал солигдох үеэр ажил гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Цэрэнбаатар гуай оны сүүлээр захиралтай ирж уулзаж төлбөр нэхэмжилсэн. “Тэнүүн Интерьер дизайн” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүнг бүрэн шилжүүлсэн. Ам хэлцэл байгуулсан болон үнийн дүнг хэрхэн тохиролцсон нь нотлогддоггүй. Хэдийгээр барилгын материал худалдаж авсан баримт өгч байгаа ч энэ нь гэрээний дагуу ажил гүйцэтгэж байхдаа эдгээр материалыг худалдаж авсан эсэх нь тодорхойгүй байна.

Манайх компаниудтай гэрээ байгуулахдаа харьцуулалтын аргыг ашиглан гэрээ байгуулдаг. Төрийн компанитай харьцуулалтын аргыг алгасаад ам хэлцэл хийсэн ойлгомжгүй байна, тухайн үеийн удирдлагын буруутай үйл ажиллагаа байгаа учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэнүүн Интерьер дизайн” ХХК нь хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-нд холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 15 746 611 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай тус компанийн хуучин авто гражийн барилгад засварын ажил хийж, амралтын өрөөг тохижуулж, нийт 15 476 611 төгрөгний ажил хийж гүйцэтгэсэн боловч удирдлага нь солигдсон гэсэн үндэслэлээр ажлын хөлсийг өгөхгүй байгаа тул хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 15 476 611 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй, мөн байгууллагын гражийн ажил болон амралтын өрөөг тохижуулсан ажлын хөлсийг төлсөн тул дахин 15 476 611 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “Тэнүүн интерьер дизайн” ХХК нь хариуцагч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилчдын амрах өрөө тохижуулах болон гаражийн гадна талын фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаад энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “ЦДҮС” ТӨХК-ийн ажилчдын амрах өрөө тохижуулах болон гаражийн гадна фасадны ажлын гүйцэтгэлийн акт, хийж гүйцэтгэсэн ажлын фото зургууд, мөн хийж гүйцэтгэсэн ажлын төсөв гэсэн баримтуудаар нотлогдоно гэсэн. /хэргийн 3-23-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгч “Тэнүүн интерьер дизайн” ХХК-ийг гаражийн гадны фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн боловч уг ажил нь 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээнд багтсан, мөн харьцуулалтын аргын дагуу гэрээ байгуулаагүй, хууль зөрчсөн учир нэмэлт ажлын хөлсийг нь төлөхгүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч “Тэнүүн интерьер дизайн” ХХК болон хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний хооронд 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Бялдаржуулах төвийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, уг ажлыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 15-ны хооронд нийт 78 399 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн болох нь Бялдаржуулах төвийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 42-44-р хуудас/

Мөн талууд дахин нэмэлт ажил болох гаражийн гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, уг ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хийсэн ажлын гүйцэтгэлийн фото зургуудаар нотлогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Бялдаржуулах төвийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээгээр гаражийн гадна фасадны ажил гүйцэтгэсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч “Тэнүүн интерьер дизайн” ХХК нь хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХХК-ийн гаражийн гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан фото зургууд зэрэг баримтуудаар нотлогдож байна гэж үзэв. /хэргийн  6-13, 54-57-р хуудас /

Харин нэхэмжлэгч нь ажилчдын амралтын өрөө тохижуулсан ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан нь баримтаар нотлогдоогүй, мөн “Бялдаржуулах байрны засварын ажил гүйцэтгэх гэрээг “Ихэр сувд” ХХК-иас хийж гүйцэтгүүлсэн, амралтын өрөөг бялдаржуулах байр гэж хариуцагч тайлбарласныг үгүйсгээгүй учир уг амралтын өрөөг тохижуулах нэмэлт ажлыг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн материалаар гаражийн гадна фасадны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч нь уг ажлыг хүлээн авсан байх тул “Тэнүүн интерьер дизайн” ХХК болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хооронд гаражийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч хариуцагчаас ажлын хөлсийг шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан байх боловч нэхэмжлэгч ажлын хөлсийг төсөвт тусгагдсанаар 15 746 611 төгрөгөөр тохирсон гэж, хариуцагч уг хөлсийг төлсөн, энэ нь 78 399 914 төгрөгт багтсан гэж маргасан.

Хэрэгт авагдсан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн мөнгө шилжүүлсэн журналд 2016 оны 4 сарын 16-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 15-ны хооронд фитнесс төвийн гадна фасадны ажлын төлбөрт 78 399 914 төгрөгийг шилжүүлсэн байх тул гаражийн гадна фасадны хөлсийг төлсөн гэж нотлогдохгүй байна гэж үзэв.

Мөн зохигч талууд нэмэлт ажил болох гаражийн гадна фасадны ажил нь 2015 оны 5 дугаар сарын 20-нд дууссан гэж тайлбарласан болно.

Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн гаражийн ажлын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн хөлсийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс хийж гүйцэтгэсэн ажлын төсөв гэж 15 746 611 төгрөгийг төсвийг шүүхэд ирүүлснийг хариуцагч маргаагүй тул уг төсвийг үндэслэн хөлсийг гаргуулахаар шийдвэрлэв.

Гэвч нэхэмжлэгчээс амрах өрөө тохижуулах болон гаражийн гадна фасадны ажил гүйцэтгэхэд нийт 15 746 611 төгрөгийг зардал гарсан гэсэн боловч амралтын өрөө тохижуулсан болохыг баримтаар нотлоогүй тул хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 50 хувь болох 7 873 305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчээс хийсэн ажлын зарлагын баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримтуудыг үндэслэн гүйцэтгэсэн ажлын төсөв хийгдсэн гэж тайлбарласан тул уг баримтуудыг үндэслэн ажлын хөлсийг гаргуулах боломжгүй байна.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нь харьцуулалтын аргаар гэрээ байгуулаагүй, хууль зөрчсөн гэж тайлбарласан боловч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн удирдлагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгч буюу хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч  байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн буруутай албан тушаалтнаас хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас 7 873 305 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнүүн интерьер дизайн” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 873 305 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 683 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 140 922 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.          

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Д.ХУЛАН