| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/04358/И |
| Дугаар | 156 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 156
| 2016 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2016/00156 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 21 дүгээр байр, 8 тоотод оршин суух, Боржигон овогт Төрбатын Доржзодовын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 31/5 байр, 03 тоотод оршин суух, Бангин овогт Амарсайханы Баатархүүд /РД:ТК96112219/ холбогдох
Морин хуурын үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 750 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Доржзодов шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Амарсайханы Баатархүү нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Т.Баатархүү надтай харилцан тохиролцон 2 500 000 төгрөгөөр матмал цартай Мастер морин хуур авсан бөгөөд урьдчилгаанд нь 1 000 000 төгрөг өгч үлдэгдэл төлбөрийг 20 хоногийн дотор төлөхөөр хугацаа зааж мөн өдөр ямар нэгэн барьцаагүйгээр Зээлийн гэрээ байгуулж, зээлж авсан юм.
А.Баатархүү нь тус зээлийн гэрээний хугацаанд Мастер морин хуурын үлдэгдэл төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, төлбөр төлөхийг А.Баатархүүгээс утсаар удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлбөр төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр ирлээ.
А.Баатархүүтэй байгуулсан Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т гэрээний хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан.
Иймд А.Баатархүүгээс Мастер морин хуурын үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 750 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч А.Баатархүү нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Легатус” гэх морин хуурын урлан дээр ээжтэйгээ ирээд буриад улсын иргэний захиалсан морин хуурыг 2 500 000 төгрөгөөр гуйсаар байж худалдаж авсан. А.Баатархүү 1 000 000 төгрөгийг бэлэн өгөөд үлдэгдэл 1 500 000 төгрөгийг 20 хоногийн дотор төлнө гэсэн тул худалдах, худалдан авах гэрээг байгуулаад морин хуурыг шилжүүлсэн. Гэтэл А.Баатархүү нь гэрээний хугацаанд нэг ч төлбөр төлөөгүй. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч утсаа ч авахаа больсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
А.Баатархүү шүүхэд өгсөн тайлбартаа үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ч алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн байсан. А.Баатархүү Т.Доржзодов нарын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-иар алданги бодно гэж заасан. Гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дууссан. 2016 оын 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 246 хоног болж байгаа үүнийг хоногийн 0,5% иар бодоход 1 845 000 төгрөг болж байгаа. А.Баатархүүгийн төлөх ёстой мөнгө нь 1 500 000 төгрөг байгаа боловч Иргэний хуулийн 232.4-т зааснаар алданги төлөх ёстой үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул алдангид 750 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд нийт 2 250 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийн хамт гаргаж өгнө үү. Мастер морин хуур нь жирийн морин хуураас өөр чанартай учраас үнэтэй байдаг юм. Морин хуурыг Т.Доржзодовоос худалдан авч, үлдэгдэл төлбөрийг нь 20 хоногийн хугацаанд өгөхөөр гэрээ хийсэн. Гэрээнд Т.Доржзодов гарын үсгээ зурсан, тиймээс өөрөө шүүхэд нэхэмжилж байгаа юм гэв.
Хариуцагч А.Баатархүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Т.Доржзодовын нэхэмжлэлтэй А.Баатархүүд холбогдох иргэний хэрэгт 2 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 1 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү 750 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Доржзодов нь хариуцагч А.Баатархүүд холбогдуулан мастер морин хуурын үлдэгдэл төлбөрт 1 500 000 төгрөг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алдангид 750 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь зээлээр худалдаж авсан морин хуурын үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрт 1 500 000 төгрөг, алданги 750 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь морин хуурын үлдэгдэл төлбөрт 1 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч алданги 750 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Т.Доржзодов нь хариуцагч А.Баатархүүтэй “Морин хуур худалдан авагчтай хийх зээлийн гэрээ” байгуулж, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 20 өдрийн хугацаатай Мастер морин хуур худалдан авсны үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Морин хуур худалдан авагчтай хийх зээлийн гэрээ”, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарууд зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд зохигч талууд гэрээ байгуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болно.
Зохигч мастер морин хуур худалдан авч, үлдэгдэл төлбөрөө 20 өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл зохигч талууд “Морин хуур худалдан авагчтай хийх зээлийн гэрээ” гэж байгуулсан боловч уг гэрээг агуулгын хувьд зээлийн гэрээ биш морин хуур зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Т.Доржзодов нь хариуцагч А.Баатархүүгээс зээлээр өгсөн морин хуурын үнийг шаардах эрхтэй байна.
Мөн уг гэрээг “Баяраа энд брадерс” ХХК-ийг төлөөлөн Т.Доржзодов байгуулсан гэсэн боловч гэрээг Т.Доржзодов А.Баатархүү нарын хооронд байгуулагдсан гэж Т.Доржзодов нь нэхэмжлэл гаргасныг хариуцагч хариу тайлбартаа үгүйсгээгүй тул Т.Доржзодовыг морин хуурын үнийг шаардаж нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч А.Баатархүү нь зээлээр худалдан авсан морин хуурын үлдэгдэл төлбөрт 1 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул хариуцагчаас 1 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул алданги 750 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нь зээлийн хүү 750 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан “Морин хуур худалдан авагчтай хийх зээлийн гэрээ”-ний 1.2-д “гэрээний хугацаанд төлбөрөө хийгээгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө”, 2.2-д “зээлдэгч төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй” гэж харилцан тохиролцсон байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор буюу 2015 оны 7 дугаар сарын 25-наас 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр буюу 20 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй болно.
Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээнд алданги тооцохоор харилцан тохиролцсон, хариуцагч нь үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй байх тул түүний 750 000 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийг гэрээнд заасны дагуу тооцоход 1 845 000 төгрөг байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 1 500 000 төгрөгний 50 хувиар тооцож 750 000 төгрөгийг нэхэмжилсэн гэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 750 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд хариуцагч А.Баатархүүгээс мастер морин хуурын үлдэгдэл үнэ 1 500 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 750 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөгийг /1 500 000+750 000=2 250 000/ гаргуулж, нэхэмжлэгч Т.Доржзодовт олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч А.Баатархүүд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2016 оны 6 дугаар сарын 22, 24-ний өдөр түүний 99920952 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Баатархүүгээс 2 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Доржзодовт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баатархүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 50 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН