| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Пагма |
| Хэргийн индекс | 172/2020/0013/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 19
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи
Улсын яллагч Л.Солонго
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Б-н Г-д холбогдох 1928002770173 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаарУрьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сум “МАК” ХХК-ийн ажилчдын амрах байранд Б.Ш-ын цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой амралтын байрандаа амраад нүцгэн орон дээрээ хэвтэж байхад Б.Г ах ажлаасаа буугаад орж ирсэн. Намайг чи яагаад ажилдаа гарахгүй байгаа юм гэхээр нь ажил хиймээргүй санагдаад гэсэн чинь чи эрхлээд хэвтээд байх юм гээд гөлөг нохойгоор дуудаад байх шиг байсан. Тухайн үед би нэг их юм бодолгүй утсаараа чатлаад хэвтэж байсан. Б.Г ах тоглож байхад уурлаад байгаа юм уу гэхээр нь би уурлаагүй харин та уурлаад байгаа юм уу гэхэд Б.Г ах надад юм хэлэлгүй ойртож ирээд намайг цохиод авах шиг болсон чинь цээжин тус газар жирс гээд л тулах шиг болсон. Цус гараад байхаар нь босож өндийгөөд харахад цээжин тус газар хутгалсан байсан. ...Б.Г ах миний хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал, эм тарианы мөнгийг төлсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/
Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн орчимд ээлжнээс буугаад Б.Г-тай хамт оройн хоолондоо ороод дэлгүүр рүү ахлах Галбадрахын хамт яваад эргэж кемп дээр ирээд өрөөндөө орсон. Тэгэхэд Шинэбаяр 2 давхрын цаад талын орон дээр хувцсаа тайлах гэж байхад Б.Г нь Б.Ш-ыг жаргаж байна аа гэхэд Б.Ш нь юу ч дуугарахгүй байсан. Б.Г гэнэт орноос ойчих шиг болоод пир гээд хажуу тал руугаа хазайхаар нь би очиж Б.Г-ыг тэвэрч авсан. Тэгэхэд баруун гартаа хутга барьчихсан байсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад дүү нар тайван байж бай гээд Батыг ахлахыг дуудахаар явуулсан. Б.Ш нь Б.Г-д хандаж чи намайг ингэж байхаар гараараа цохичихгүй яасан юм бэ гэж хэлж байсан. Тэр хоёр хэрүүл маргаан хийж хоорондоо муудалцаагүй...” гэжээ. /хх-ийн 34-55 тал/
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хувцсаа угаагаад ариун цэврийн өрөөнд сууж байхад гаднаас манайхан орж ирээд хоорондоо ярилцаад байх шиг байсан. ...Гэнэт Энхбаатар ах Бат харуулын даргыг дуудаад ир гэхээр нь би гүйж гараад Галбадрах ахыг дуудаж ирсэн. Тэгсэн чинь Б.Ш-ыг хутгалчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 38 тал/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...11 дүгээр сарын 04-ний өдөр овоотын цэргийн анги дээр ажиллаж байхад эмч Оюун утсаар холбогдож яаралтай ир гэж дуудаад кемп дээр ирэхэд нэг залуу хутгалуулсан гээд хэвтэж байсан. Би тэр хүнд 2 ширхэг уян зүү тавьж, цус тогтоох тариа, шингэн сэлбэж, цээжний шархан дээр даралттай боолт хийсэн. Тухайн хүний цээжний баруун хөхний орчимд 2 шарх, баруун гарын эрхий хурууны орчим нь зүсэгдсэн шархтай байсан...” гэжээ. /хх-ийн 30 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13546 тоот актын дүгнэлтэд
1. Б.Ш-ын биед цээжний баруун доод хэсэг, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 43-44 тал/
Гэрч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12 тал/
Эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-22 тал/
Б.Г-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41, 48-49 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар бор шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, ар талын халаас нь 9х13 см, баруун талаараа 4х5 см хэмжээтэй хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, дөрвөлжин шоотой хөнжлийн даавуу 1 ширхэгийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах “МОНГОЛЫН АЛТ” /МАК/ ХХК-ийн ажилчдын амрах байранд хохирогч Б.Ш-ын цээжин тус газарт хутгалж, түүний биед цээжний баруун доод хэсэг, баруун сарвуунд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би гэнэт ширээн дээр байсан хутгыг аваад Шинэбаярын цээжин тус газар хутгалсан...“ гэх мэдүүлэг, хохирогч Б.Ш гэрч А.Э, П.Бат, Ц.О, Э.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13546 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г-д 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид гэм хорын хохиролд 2500.000 төгрөг төлсөн, одоогоор хохирол төлбөргүй байдал, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж, өөр орон нутагт амьдардаг амьдралын нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Ш-т эмчилгээний зардалд 2500.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, ар талын халаас нь 9х13 см, баруун талаараа 4х5 см хэмжээтэй хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, дөрвөлжин шоотой хөнжлийн даавуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй болно. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баттулгын Гантулгыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, дөрвөлжин шоотой хөнжлийн даавуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА